Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1307

 

2 10 19 2022/ШЦТ/1307

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

 улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж

хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн *******************холбогдох 2208000001504 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар

сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, *****************************

настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,************ хүлээн

авагч ажил хийдэг гэх, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг,

С***************** тоотод оршин суудаг,

Урьд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн

анхан шатны шүүхийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар

шийтгэгдэж байсан, ************************** (РД:*****************)

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******************* нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих

шөнө С*****************************

тоот хашааны гадна иргэн ***************** эхнэртэйгээ хардан сүхээр зүүн хацар, чих

орчимд, зүүн, баруун гарын шуу, бугалга хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хацар

шанааны зүсэгдсэн шарх, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт,

баруун шууны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт,

зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт “....мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх

хуралдааны тэмдэглэл)

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч **************мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 12 дахь тал), шүүхийн

шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний

өдрийн 11848 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал), яллагдагч

************ мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд

заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны

гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************* нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих

шөнө Сонгинохайрхан дүүргийн *********************

тоот хашааны гадна иргэн *************** эхнэртэйгээ хардан сүхээр зүүн хацар, чих

орчимд, зүүн, баруун гарын шуу, бугалга хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хацар

шанааны зүсэгдсэн шарх, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт,

баруун шууны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт,

зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Хохирогч *************: “...Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай хамт

ажилладаг эгчийн төрсөн өдөр болоод манай ажлын хүмүүс болон өмнө хамт ажиллаж

байсан ************эгч ирээд бид нар сууж байгаад 2022 оны 08 дугаар сарын 27-ны 02

цагийн орчим би ************эгчийг гэрт нь хүргэж өгөх гээд өөрийн ****************улсын

дугаартай тоёота приус 30 маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан

дүүргийн 1*****************тоот хашааны гадна

хүргэж өгөхөд түүний нөхөр гэх залуу хашааныхаа хаалга дээр зогсож байсан ба

**************эгчийг машинаас буусны дараа би өөрийнхөө жолооч талын салхины шилийг

буулгасан байхад ************эгчийн нөхөр сүүлд нэрийг нь мэддэг болоход **************

гэх залуу жижиг богино сүхээр машины цонхоор миний баруун гарын шуу хэсэг рүү

сүхээрээ нэг удаа цохисон, дараа нь зүүн гарын бугалга хэсэг дээр сүхний ард ишээр

цохисон, мөн зүүн талын шанаа чихний урд хэсэгт сүхээр цохисон. Тэгээд би сүхийг нь

булааж авах гээд ноцолдож байгаад цагдаа дуудсан, өөр маргаан зодоон болоогүй.

Тухайн үед ************эгч, түүний нөхөр ********** бид гурав байсан, нөхөр нь эхнэрээ

надтай хардаад над руу дайраад улмаар намайг сүхээр цохиж биед гэмтэл шарх

учруулсан. Миний зүүн хацарт зүсэгдэж оёдол тавиулсан, мөн баруун гарын шуунд

зүсэгдсэн шархтай оёдол тавиулсан. Баруун гарын бугалганд хөхөрсөн, уг гэмтлүүдийг

************* жижиг сүхээр намайг цохиж учруулсан. Би тухайн үед хэн нэгнийг цохиж

зодоогүй. Миний тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 толь хагарсан эвдэрч

гэмтсэн, өөр гэмтсэн зүйл байхгүй. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлт болон эд зүйлийн

үнэлгээтэй уншиж танилцсан хүлээн зөвшөөрч байна. Намайг зодсон ******************надаас

уучлалт гуйгаад автомашины засвар болон эмчилгээний зардалд нийт 2.500.000 төгрөг

өгсөн. Надад өөр нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст

хэргийн 9-10, 12 дахь тал),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар

сарын 31-ний өдрийн 11848 дугаартай: “...**************** биед зүүн хацар шанааны

зүсэгдсэн шарх, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун

шууны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт, зулгаралт

гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн

үйлчлэлээр цохих, зүсэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр

хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт гэмтлийн

хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвларыг алдагдуулахгүй.

Дээрх гэмтлүүд нь 1-3хоног доторх хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт (хавтаст

хэргийн 21-22 дахь тал),

3.Шүүгдэгч **************: “...Би ********************* тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 08 дугаар

сарын 27-ны 01-02 цагийн орчим манай эхнэр гэрийн гадна танихгүй залуугаар хүргүүлж

ирэхээр нь би хардаад хашаанд байсан хуванцар иштэй сүхээр машины хоёр талыг

цохиж хагалаад хүргэж ирсэн залуугийн шанаа, гар, дал хэсэг рүү нь цохиж хөнгөн

гэмтэл шарх учруулсан. Би бусдад гэмтэл шарх учруулсандаа маш их гэмшиж байна. Би

уучлалт гуйгаад 2,500,000 төгрөгийг эмчилгээ болон машины засварт өгсөн” гэх

мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох

баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *************** нь эхнэр *************** нь хүргэж ирсэн

******************* эхнэртэйгээ хардаж, сүх хэрэглэн машины 2 толийг цохиж гэмтээснээс

гадна хохирогчийн биед сүх хэрэглэн халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан болох

нь дээрх хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн

мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр харилцан зөрүүгүй тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ***************** Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба

шүүгдэгч************ нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж

мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч ************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай

учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч *************

эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч ************* нь мөрдөн

байцаалтын шатанд хохирогчид 2,500,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн

мэдүүлэг, шүүгдэгчийн гаргаж өгсөн банкны хуулга зэргээр тогтоогдсон байх тул

шүүгдэгч ***********төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор ************ нь

***************** холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол

гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь

хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай

саналыг яллагдагч /шүүгдэгч/ **************танилцуулсан байх ба тэрээр хүлээн

зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн

нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал,

тухайлбал, шүүгдэгч ***************д нь “***************” ХХК-нд Зочин угтах албанд

Bellman ажилтай, сард 1.000.000 төгрөгийн цалин хөлс авдаг буюу түүний орлоготойг

илэрхийлсэн баримт /ажлын газрын тодорхойлолт, дансны хуулга/ хэрэгт авагдсан байх

тул түүний энэхүү байдлыг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд шүүгдэгч

************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял

оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч **************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй

торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож

хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан

сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд

хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч

нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар

зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4,

36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус

удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********************Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

****************500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 (таван

зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

****************оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн

төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч ****************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй

торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож

хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд

хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч

нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,

хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд

шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн

дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол,

эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь

хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын

биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***************** урьд

авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ