Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 181/2018/03081/И |
Дугаар | 00354 |
Огноо | 2019-01-31 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 00354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:, “П” ХХК/РД: /-д холбогдох,
17 238 045 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 7 068 330 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Саруул-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сэмжид, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Саруул-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Т” ХХК нь 2016 оны 07 сарнын 05-ны өдөр “П” ХХК-тай “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ” байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 250 м.куб бетон нийлүүлж, гэрээний үүргээ бүрэн хэрэгжүүлсэн.
Харин захиалагч болох “П” ХХК-ийн зүгээс одоогийн байдлаар 60 814 334 төгрөгийн хариу төлбөр төлсөн бөгөөд бетон зуурмагийн үнийг бүрэн төлж барагдуулалгүй өдийг хүрлээ. Тиймээс бид үлдэгдэл төлбөр болох 11 492 030 төрөгийг гэрээний 4.4-д харилцан тохиролцсон алданги болох 5 746 015 төгрөгийн хамт нийт 17 238 045 төгрөгийг “П” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, нэхэмжлэгч компанийг хохирлгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Гэрээ хоцроосон гэж манай компаниас алданги нэхэмжилж байна.” гэв.
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь “П” ХХК-тай 2016 оны 07 сарын 05-ны өдөр Бетон зуурмаг үйлдвэрлэх гэрээ байгуулан үүний дагуу нийлүүлэгч “Т” ХХК-иас 557 м/куб 250м маркийн бетон зуурмагийг хариуцагч компанид нийлүүлсэн байдаг. Гэрээгээр бол 500 м/куб бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон боловч захиалга ам байдлаар авч нийлүүлсэн байдаг. Үүний хариу төлбөрт 2016 оны 11 сарын 09-ний өдрөөс 2017 оны 11 сарын 06-ны өдрийг хүртэл 10,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 1,800,000 төгрөгийн асфальт зэргээр төлбөрийг төлж, нийт 60,814,334 төгрөгийн төлөлтийг өнөөдрийн байдлаар төлсөн байгаа. Гэрээний нийт үнийн дүн 71,397,273 төгрөг байгаа. Үүнийг төлөгдсөн үнийг хасаад гэрээний үндсэн төлбөрт 11,492,034 төгрөг байна. Үүнийг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу алданги, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийг хоног тутам тооцоход 5,746,015 төгрөг буюу нийт 17,238,045 төгрөгийг хариуцагч “Пи Эм Эф” ХХК-иас нэхэмжилж байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд нэлээд хэдэн удаа уулзаж ярилцаж байсан. Энэ талаар хариуцагч байгууллага мэддэг. Энэ талаар тооцоо нийлсэн актыг үйлдсэн бөгөөд үлдэгдэл байгаа талаараа мэддэг байгаа. Яагаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг ойлгохгүй байна. Мөн 1 м/куб бетон зуурмагийн үнэ 141,000 төгрөг байдаг. Үүнд тээврийн зардал болон НӨАТ шингэсэн байдаг.
НӨАТ-гүй үнээр буюу хямдруулан захиалагчид нийлүүлсэн. Хариуцагч хариу төлбөрөө хийхдээ 1 удаа дансаар 2016 оны 11 сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг төлсөн байдаг. Энэ нь бидэнд үүргийн дагуу 909,091 төгрөгийг НӨАТ-ыг төлөхөөр байгаа. Энэ бол гэрээний үнийн дүнд орсон байгаа. Бусад үнийг НӨАТ-гүй үнээр нэхэмжлэлийн шаардлагад оруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 17,238,045 төгрөгийг хариуцагч “Пи Эм Эф” ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэв.
Хариуцагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сэмжид шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “П” ХХК-тай холбогдох Иргэний хэргийн анхан шатны хэргийн шүүхийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно.
Нэхэмжлэгч “Т” ХХК-тай манай компани 2016 оны 07 сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний явцад бараа бүтээгдэхүүн авсан. Би энэ хугацаанд 557 м/куб бетон зуурмагийг авсан. Бид хамгийн гол нь өөрсдөө тухайн барилгын захиалагч биш гүйцэтгэгчээр оролцож байсан. Тухайн үед “Т” ХХК шинээр байгуулагдсан компани байсан. Энэ тухайд манай эхнэр н.Энхжаргалаар овоглодог Одхүү гэж хүн байдаг. Би тэр хүний итгэлцэл дээр дөнгөж үүд хаалгаа нээгдэж байх үед лабораторийн туршилтын бичиггүй байх үед нь хэлцэл хийж авсан. Энэ талаар яг юу болсон бэ гэхээр бараа бүтээгдэхүүн авах явцад 250 маркийн гэж байна. Тухайн бараа зарим нь 250 гэсэн маркдаа хүрээгүй. Сайн гарч байсан зүйл байдаг. Захиалагч өндөр зэрэглэлийн орон сууц барьж байсан гэтэл гадна талын тохижилт алаг эрээн болсон. Энэ бол тансаг зэрэглэлийн орон сууцад ийм зүйл байж болохгүй гэж манайхтай байгуулсан гэрээгээ цуцлан, төлбөр тооцооны асуудлаар тодорхой хэмжээний 80,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Би та бүхнийг төлбөр тооцоогүй болгоно гэдэг зүйлийг хувьдаа хатуу барьж байсан бөгөөд тооцоог бага багаа дансаар хийж байсан. Удаа дараа маш их доромжлуулж байсан. Эцэст нь бизнес гэдэг бол нэгийгээ мөлжих биш зөв ухамсар соёлтой байх ёстой байдаг. Би захиалагч компаниас төлбөр тооцооны асуудлаар 80,000,000 төгрөгийн алдагдал хүлээж гэрээгээ цуцлуулан хөөгдөж гарч байсан. Ийм төлбөр тооцооны асуудал байсан учраас гэрээнд заасан хугацаа хоцорсон асуудал ийм учиртай байсан юм шүү гэж тайлбар гаргаж байна.” гэв.
Хариуцагч “П” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сэмжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““П” ХХК нь 2016 оны 07 сарнын 05-ны өдөр “Т” ХХК-тай “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ” байгуулсан.
Тус гэрээний 2.1-д зааснаар гэрээний хугацааг 2016.07.05-аас 2016.07.09-ний өдөр хүртэл байгуулсан болно. Энэхүү гэрээгээр М 250 маркийн 500м.куб бетон зуурамгийг 5 хоногийн дотор бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээсэн байна.
Гэвч талуудын тооцоо нийлсэн актын графикаар нийлүүлэгч тал болох “Т” ХХК нь тус гэрээний хугацаагаар хэтрүүлэн 2016 оны 07 дугаар 05-ны өдрөөс 2016 оны 08-р сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд бетон зуурмагаа нийлүүлсэн нь тогтоогдож байна.
Иймд бетон зуурмаг нийлүүлэх хугацааг 20 хоногоор хэтрүүлсэнд тооцож тус гэрээний 6.4-т зааснаар гэрээний үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцож 7068330 төгрөгийг “Т” ХХК-иас нэхэмжилж байгааг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагч “П” ХХК-ийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талын өмгөөлөгч тооцоо нийлсэн актын талаар ярьж байна. Энэ бол явган замын хавтантай холбоотой асуудал байна. Алийг нь нэхэмжилж байгаа вэ гэж асуусан. Огт нэхэмжлээгүй зүйлийнхээ талаар яриад байна. Тооцоо нийлсэн актыг шүүх хүлээн авсан гэж ойлгож байна. Тийм учраас зуурмагтай холбоотой асуудлаар ярих ёстой. Үүнийг салгаж ойлгох хэрэгтэй. Ганцхан зуурмагтай холбоотой асуудлаар маргаж байгаа. Үүнийг шүүх хүлээн авсан. Нийт НӨАТ ороод 78,537,000 төгрөг болсон гэтэл үүнээс 7,853,700 төгрөгийн НӨАТ авах ёстой байтал яагаад 7,139,727 төгрөгийн НӨАТ авч байгаа юм бэ, энэ дутуу байна. Үүн дээр зөрүү гарч байна. Ерөөсөө толгой эргэх юм байхгүй. Гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар НӨАТ болон тээврийн зардал бүгд орсон болно гэж заасан байна. 2-рт нь 07 сар болон 08 сарын мөнгийг өгөөгүй учраас манайх бетон зуурмаг нийлүүлэх хугацаагаа хойшлуулсан. Яг гэрээгээр бол 70,500,000 төгрөгийн график гаргасан байгаа. 2016 оны 07 сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 08 сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөг, 09 сарын 15-ны өдөр 30,500,000 төгрөг төлөхөөр графикийн дагуу хийсэн юм. 70,500,000 төгрөгийн задаргаа манайд байгаа. Тийм учраас шууд сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй юм. Энэ мөнгийг гүйцэтгэх хугацаанд оруулахгүйгээр хийсэн байгаа. Энэ бол 07 сарын 04-ний өдрөөс 07 сарын 09-ний хооронд байгуулсан гэрээ юм. Харилцан тохиролцсоны үндсэн дээр хувааж хийсэн.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Т” ХХК хариуцагч “П” ХХК-д холбогдуулан гэрээний төлбөрт 11 492 030/арван нэгэн сая дөрвөн зуун ерэн хоёр мянга гуч/ төгрөгийг, алдангид 5 746 015/таван сая долоон зуун дөчин зургаан мянга арван тав/ төгрөгийг, нийт 17 238 045/арван долоон сая хоёр зуун гучин найман мянга дөчин тав/ төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч “П” ХХК нэхэмжлэгч “Т” ХХК-д холбогдуулан 7 068 330/долоон сая жаран найман мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “П” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, 1 868 966/нэг сая найман зуун жаран найман мянга есөн зуун жаран зургаа/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж маргасан.
Нэхэмжлэгч “Т” ХХК нь гэрээний үүргээ хариуцагч одоог хүртэл бүрэн биелүүлээгүй, алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ” байгуулсан болох нь зохигчийн тайлбар, “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ий хуулбараар нотлогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Тус гэрээний 1, 2, 4-т зааснаар нэхэмжлэгч нь М250 маркын чанар стандартын шаардлага хангасан бетон зуурмагийг хариуцагчид нийлүүлэх, хариуцагч нь саадгүй хүлээн авах, төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Зохигчийн байгуулсан “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Гэрээний 1-ийн 1.3, 2-ын 2.1, 4-ийн 4.1, 4.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл М250 маркын 1 м3 нь нэмэгдсэн өртгийн албан татварыг оруулан тооцож 141 000/нэг зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийн үнэ бүхий нийт 500 м3, бүгд 70 500 000/далан сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлэх, хариуцагч нь нийт хөлсөд 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 10 000 000/арван сая/ төгрөгийг, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 30 000 000/гучин сая/ төгрөгийг, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 30 500 000/гучин сая таван зуун мянга/ төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн болох нь Гэрээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хариуцагчид нийт 557/таван зуун тавин долоо/ м3 нийт 78 537 000/далан найман сая таван зуун гучин долоон мянга/ төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэн болох нь Тооцоо нийлсэн хуудасны хавсралт, 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх Зарлагын баримтуудаар нотлогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь бетон зуурмагийг хариуцагчид “Бумбод” ХХК-ийн зарлагын баримтаар хүлээлгэж өгсөн талаар зохигчид маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас НӨАТ-ыг оруулж тооцоогүй үнээр бетон зуурмагийн хөлсийг нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 557/таван зуун тавин долоо/ м3 НӨАТ-ыг оруулж тооцохгүйгээр бүгд 70 683 300/78537000х10%=7853700, 78537000-7853700=70683300/ /далан сая зургаан зуун наян гурван мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэн болох нь Тооцоо нийлсэн хуудасны хавсралт, 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх Зарлагын баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т “... гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.” гэж заасан.
Зохигчид ажлын хөлсийг хэсэгчилж төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.
Хариуцагч нь Гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан гэх үндэслэлээр үлдэгдэл хөлсийг төлөхөөс татгалзаж байх боловч тус үгүйсгэл, татгалзлаа баримтаар нотлоогүй болно.
Хариуцагч нь бетон зуурмагийн хөлсөд нэхэмжлэгчид нийт 67 025 520/10000000+1014334+48000000+5011186+3000000=67025520/ /жаран долоон сая хорин таван мянга таван зуун хорь/ төгрөгийг төлсөн болох нь Тооцоо нийлсэн акт, Тооцоо нийлсэн хуудасны хавсралт, Худалдаа хөгжлийн банкин дахь 461007862 тоот ам.долларын дансны хуулга, Хаан банкин дахь 5026488082 тоот төгрөгийн дансны хуулгаар нотлогдож байна.
Худалдаа хөгжлийн банк, Хаан банкууд дахь данс эзэмшигч нь иргэн байх боловч нэхэмжлэгч нь уг дансуудаар төлбөр тооцоо хийсэн талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагч 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 3 000 000/гурван сая/ төгрөгийг явган замын хавтан, авто брожурийн төлбөрт төлсөн гэж маргаж байх боловч авто брожур нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс нийлүүлэгдэж эхэлсэн байх ба нэхэмжлэгчийн тус тайлбар Тооцоо нийлсэн хуудасны хавсралтаар үгүйсгэгдэж байна.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас бетон зуурмагийн үлдэгдэл хөлсөд 3 657 780/70683300-67025520=3657780/ /гурван сая зургаан зуун тавин долоон мянга долоон зуун ная/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 7 834 250/11492030-3657780=7834250/ /долоон сая найман зуун гучин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 5 746 015/таван сая долоон зуун дөчин зургаан мянга арван тав/ төгрөгийг нэхэмжилж байх боловч Гэрээнд заасан хугацаанд буюу 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дотор бетон зуурмаг нийлүүлж дуусгах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь Тооцоо нийлсэн хуудасны хавсралтаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.” гэж заасан.
Хариуцагч нь хөлс төлөх хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдал нь нэхэмжлэгч бетон зуурмаг нийлүүлэх хугацааг хэтрүүлсэнтэй шалтгаант холбоотой болох нь зохигчийн тайлбар, Тооцоо нийлсэн хуудасны хавсралтаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 5 746 015/таван сая долоон зуун дөчин зургаан мянга арван тав/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс 7 068 330/долоон сая жаран найман мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “... хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.
Гэрээний 6-ийн 6.4-т нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээний үнийн дүнгээс хоногийн 0.5/тэг аравны тав/ хувийн алданги тооцохоор заасан байх ба Гэрээний уг заалт нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох хуулийн заалттай нийцээгүй байна.
Гэрээний 6-ийн 6.4 дэх хэсэг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэхгүй байх тул нэхэмжлэгчээс алдангид 7 068 330/долоон сая жаран найман мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 3 657 780/гурван сая зургаан зуун тавин долоон мянга долоон зуун ная/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 13 580 265/7834250+5746015=13580265/ /арван гурван сая таван зуун наян мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 7 068 330/долоон сая жаран найман мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “П” ХХК-иас нийт 3 657 780/гурван сая зургаан зуун тавин долоон мянга долоон зуун ная/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, үлдсэн 13 580 265/арван гурван сая таван зуун наян мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас 7 068 330/долоон сая жаран найман мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулах хариуцагч “П” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ