Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1375

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Г.Лхагвасүрэн, хохирогч Ч.Н, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02293 1313 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овгийн Т.М, 1991 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа машин зардаг ажилтай, ам бүл зургаа, эхнэр 2 хүүхэд, ээж, дүүгийн хамт *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.М нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто худалдааны төв дээр хохирогч Ч.Н-н нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан хурааг авч тархи дарагдлаас чөлөөлөх мэс заслын дараах байдал, аалзавчийн доорх тархмал цус харвалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, *** овгийн Т.М  нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто худалдааны төв дээр хохирогч Ч.Н-н нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан хурааг авч тархи дарагдлаас чөлөөлөх мэс заслын дараах байдал, аалзавчийн доорх тархмал цус харвалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2. Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно.

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-7 дахь тал),

- Хохирогч Ч.Н-н “...дорцовны төмөр толгойг Т.М рүү шидээд өгсөн чинь нуруунд нь оносон юм. Тэгсэн чинь Т.М уурлаад байсан. Тэр үед би бас өмнө манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн дундуур Т.М ороод будилуулаад байдаг болохоор нь би бага зэрэг уусан байсан болохоор уурласандаа Т.М-тэй маргалдсан чинь Т.М цаашаа явж байснаа гэнэт эргэж хараад миний зүүн шанааны тус газар баруун гараараа 1 удаа цохисон бөгөөд би цохиулаад унахдаа ар дагзаараа цементэн дээр унаад гэмтсэн...Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд хагалгаанд яаралтай орсон юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт “..Тэгээд тэрнээс хойш толгой өвдөөд яваад байсан. Зуны ганц орлогын сар байсан тул өвчин намдаах эм уугаад зуныг дуусгасан. Дараа нь уртасгагчийн залгуурт орооцолдоод гараашны хаалга мөргөөд унасан байсан. Нэг сэрээд харахад эмнэлгийн орон дээр хэвтэж байсан. Т.М миний нэхэмжилсэн, 25,000,000 төгрөгийг өгсөн. Т.М нь гэр бүлтэй хүн учраас хохироогоод яах вэ, хүүхэд өнчрүүлэх хүсэл байхгүй байна. Тиймээс миний хувьд Т.М-д холбогдуулан гомдол, саналгүй...” гэв.

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 9698 дугаартай шинжээчийн “...Ч.Н-н биед баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан хурааг авч тархи дарагдлаас чөлөөлөх мэс заслын дараах байдал, аалзавчийн доорх тархмал цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

- Шинжээч эмч Г.Ханхүүгийн “...дээрх гэмтэл нь ...уналтаас үүсэх боломжтой эсхүл юмаар хүчтэй цохих үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

- Гэрч Т.Амаржаргалын “...нэг харсан чинь манай нөхөр Т.М-ий зогсоол дээр оччихсон Т.М-тэй маргалдаад байх шиг харагдахаар нь би манай нөхөр халамцуу байгаа юм чинь очиж салгахгүй бол болохгүй гэж бодоод очиж байтал гэнэт Т.М эргэж хараад манай нөхрийн нүүрэн тус газар нь нэг удаа баруун гараараа нэг удаа цохиод манай нөхөр эгц хойшоогоо саваад цементэн дээр унаж харагдсан. Тэгээд би очиход ойролцоо байсан Ч.Г түрүүлж очоод манай хүнийг түшээд толгойг нь илээд босгох гэж байсан. ...Маргааш нь манай нөхөр босоод толгой өвдөөд нүд бүрэлзээд байна гэсэн боловч 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манай нөхрийн бие улам дордоод хэцүүдэхээр нь түргэн дуудаад гэмтэл дээр очоод үзүүлэхэд яаралтай хагалгаанд ор гээд хагалгаанд ороод эмнэлэгт хэвтсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

- Гэрч Б.Ганпүрэвийн “...Ч.Н манай зогсоол дээр ирээд манай зогсоол дээр машин зардаг Т.М-тэй юм яриад зогсож байсан бөгөөд надаас 20 орчим метрийн цаана байсан болохоор юу ярьж байгааг нь би мэдээгүй. Гэтэл гэнэт намайг харахад Ч.Н үлдээд Т.М цаашаа ганцаараа явах шиг болоод намайг доошоо суугаад ус асгачхаад эргээд 10 секунд орчмын дараа харахад Т.М над руу ирж явсан бөгөөд Ч.Н машины цаана орсон бололтой харагдаагүй. Тэгэхээр нь би Т.М дээр буух тухайгаа хэлэхээр очиход Т.М-ий хажууд Ч.Н газар хагас хэвтчихсэн, 2 хөлөө жийгээд унтаж байгаа юм шиг сонин болчихсон байхаар нь би Ч.Н-гээс юу болсон талаар асуухад Ч.Н үг дуугарах тэнхэлгүй байсан бөгөөд юу болсныг тодруулан Т.М-өөс асуухад Ч.Н миний араас нуруу руу дугуйн дорцовны толгой төмөр шидэхээр нь би Ч.Н-г нэг удаа нүүр рүү нь цохичихсон юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

- Шүүгдэгч Т.М-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...би эргэж хараад алхаж байтал миний араас Ч.Н ах элдвээр хараагаад доромжлоод байснаа май пизда нар минь, энийгээ ав гээд миний нуруу руу юм шидэхээр нь би харсан чинь манайхаас гуйж авсан байсан 17-той дорцовны урт толгойг шидсэн байсан. Тэгэхээр нь би эргэж хараад “Та яагаад одоо давраад байгаа юм бэ, цаашаа зайл” гэсэн чинь Ч.Н ах “Чи чаддаг юм бол цохичих гэхээр нь би уурласандаа Ч.Н ахыг баруун гараараа зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон чинь Ч.Н ах хазайхаар нь би унахдаа хажууд нь байсан машиныг түших гэж байгаад амжилгүй ар дагз хэсгээрээ засмал зам дээр савж унасан. Тэгээд Ч.Н ах босож амжаагүй байх үед Б.Ганпүрэв ах Ч.Н ахыг босгох үед хажууд нь Ч.Н ахын эхнэр ирчихсэн зогсож байсан...Ч.Н ахын толгойны араас нь бага зэргийн хэмжээтэй цус шүүрсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт “...нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Ч.Н ах манайхаас дорцов авсан байснаа буцааж өгөх үед над руу шидсэн нь миний нурууг оносон. Би эргэж хараад нэг удаа л цохисон...” гэсэн мэдүүлэг,

- Шуурхай удирдлагын тасгийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дуудлагын лавлагааны “...80331654 дугаарын утаснаас Нэргүй, 40 настай, эрэгтэй, толгойдоо маш хүнд гэмтэлтэй ирээд Гэмтлийн эмнэлэгт яаралтай хагалгаанд орж байна. Хүнд зодуулсан байдалтай байхаар нь хамт хүргэж ирсэн сэжиг бүхий иргэнээс мэдээлэл авч, машины ченж Т.М гэгчид зодуулсан болохыг илрүүлж ажиллав...” гэсэн хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал) зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байв.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй байх  тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Т.М нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүгдэгч Т.М-ий хохирогч Ч.Н-н нүүр лүү нэг удаа цохиж дагзаар нь цементэн газарт савж унагаасан үйлдэл нь хохирогч Ч.Н-н бие махбодод учирсан баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, цусан хурааг авч тархи дарагдлаас чөлөөлөх мэс заслын дараах байдал, аалзавчийн доорх тархмал цус харвалт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч Г.Ханхүүгийн “...хохирогч Ч.Н-н биед учирсан тархины гэмтэл нь уналтаас үүсэх боломжтой юм...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч Т.М-ий үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.М-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Ч.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Т.М надад 25,000,000 төгрөг төлсөн, одоо гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Т.М-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдлаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт    

Улсын яллагч: “...шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч бол гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын зүйлчилсэн зүйлчлэлийг, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн.  Хохирогчийн зүгээс цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Шүүгдэгчийн хувьд хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг гарсан байх ба хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Хугацааны хувьд 3 жилээр тогтоож өгнө үү гэв...”  гэв.

Хохирогчийн өмгөөлөгч: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч Ч.Н-н хууль ёсны эрх ашгийг хамгаалж, түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрөө очиж Т.М-ийг хоргоогоогүй бол ийм зүйл болохгүй байх байсан. Иймд ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, мөн хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 34-39 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 53-54 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 59-76 дахь тал) зэрэг нотлох баримтад үндэслэн Т.М-ий хувийн байдлыг тус тус тодорхойлов.

Талуудаас санал болгосон ялын төрөл, хэмжээ нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх хийгээд цээрлүүлэх зорилгыг хангаж байх тул шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан уг ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй гэж үзэв.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудал

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Т.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.*** овгийн Т.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д оногдуулсан арван сая төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.М-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байгааг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА