Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/907

 

 

 

 

 

 

 

 

  

2022           12         02                                      2022/ШЦТ/907

 

 

 

******* УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч И.Цэ,

шүүгдэгч Ц.Лха, түүний өмгөөлөгч З.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-ын Лха-д холбогдох эрүүгийн 2205014202144 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* Улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ***** дүүрэг *-р хорооны нутаг дэвсгэр ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******-ын Лха, /РД: **********/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Лха нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******дүүргийн *-р хорооны нутаг дэвсгэрт байрлах **-р байрны В1 давхарт хохирогч И.Цэ-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг хаалгаар цохиж биед нь зүүн 8, 9-р хавирганы хугарал, зүүн бугалганы цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Лха мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр ажлаа хийгээд сууж байхад гаднаас Цэ эгч орж ирээд “манай хүүхдүүдийн хэрүүлийг сонсоод сайхан байна уу” гэж хэлсэн. Тэгээд би түүнийг гар гэж хэлээд хаалгаа хаасан боловч тэр хаалгыг гаднаас нь өшиглөөд байсан. Тэгээд хаалганы завсраар өөрөө чихэж орж ирсэн. Түүнд биед би гэмтэл учруулаагүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч И.Цэ мэдүүлэхдээ: “...Манай хүүхдүүд хааяа архи уудаг нь үнэн. Тухайн өдөр Лха нь өрөөнийхөө хаалгыг онгойлгоод “өдий насалчхаад байрны подвальд амьдардаг” гэж хэл амаар доромжилсон. Бид 2 хоорондоо маргасан. Ц.Лха хаалгаар цохиж миний биед гэмтэл учруулсан. Одоо маш их гомдолтой байна. Гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн боловч одоогоор гаргаж өгөх баримт байхгүй байна...” гэв.   

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч И.Цэгийн:

“...2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн *-р хороо, ***-р байрны доод подвалд гэртээ байсан юм. Тухайн үед манай хүү Батбаатар гаднаас жаахан архи уучихсан орж ирсэн юм. Манай хүү хөл муутай доголон юм, тэгсэн таягаа газар унагачихсан чинь манай урдаас харсан байрны залуу болох Лха хаалгаа шагайж, инээгээд шоолоод байсан. Тэгснээ “балай авгай” энэ тэр гээд намайг шоолоод “өдий насыг насалчхаад байрны подвалд амьдраад” гээд байсан. Тэгэхээр нь би “бага хүн доромжлоорой” гээд хаалгыг нь онгойлгож хэлсэн чинь цаанаасаа шууд хаалгаа хүчтэй түлхэж миний зүүн хавирга хэсгийг оносон. Тэгээд шөнө унтах гэсэн чинь ёолоод, хавирга өвдөөд гүнзгий амьсгаа авч чадахгүй байсан. Тэгээд маргааш өглөө гэмтлийн эмнэлэг орж үзүүлж, томографын зураг авхуулахад зүүн талын 8, 9 дүгээр хавирга хугарчихсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

Гэрч Л.Э-ын:

 “...тэр хооронд ахыг өргөж түшиж гэр рүүгээ оруулж, орон дээр хэвтүүлсэн. Энэ хооронд ээж Лха 2 хэрүүл, маргаан үргэлжлээд байж байхаар нь би ээжийг “юу гэж хэрүүл үүсгээд байгаа юм бэ” гээд өрөөнөөс гарахад ээж Лхаийн хаалгыг онгойлгочихсон 1 хөлөө хаалганы босгыг давуулчихсан байсан. Тэгээд ээж “гэр рүүгээ ор” гэхэд Лха хаалгаа хүчтэй түлхсэн. Ээж унтахдаа миний хажуу тал руу толгойгоо харуулаад унтдаг юм. Тэгээд шөнө 02 цагийн үед байх сэрэхэд ээж амьсгаадаад байж сонсогдсон. Тэгсэн өглөө 07 цагийн үед сэрэхэд улам их амьсгаадаад “унтаж чадсангүй” гээд “гэмтэл явж үзүүлээд ирье” гээд ганцаараа яваад үзүүлээд ирснээ зүүн талын 8, 9 дүгээр хавирга хугарчихсан байна гэсээр ирсэн            . Ээж И.Цэ нь өмнө хавиргаа гэмтээж байгаагүй. Ах Батбаатарыг хөл муутай байж архи уулаа гээд загнасан. Тэрнээс биш бид 2 ээжтэй хэрүүл маргаан үүсгэсэн асуудал огт байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 31-33 дахь тал/,

Гэрч Л.Эр-ын:

 “...Би 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хагалгаанд ороод удаагүй байсан болохоор гэртээ хэвтэрт байсан юм. Орой 20 цагийн орчим Ц.Лха манай өрөөний хаалгыг онгойлгож хараад буцаад яваад өгсөн юм. Тэгэхэд ээж тэр үйлдэлд нь дургүйцээд “Чи хүний амьдралд хошуу дүрлээ” гэж хэлээд ээж өрөөнөөс гарч яваад Ц.Лха-тэй маргалдаад байсан. Удалгүй ээж коридорт “ёооё чи миний хавирга хугалчихлаа шүү” гэж орилсон. Ээж буцаж орж ирээд зүүн талынхаа хавиргыг бариад “энэ Лха өрөөнийхөө хаалгаар намайг хавчаад миний хавиргыг нэг л эвгүй болгочихлоо” гэж хэлж байсан. Тэр шөнөө ээж унтаж чадахгүй хоносон. Маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ээж “гэмтлийн эмнэлэгт үзүүлнэ” гээд гэрээс гараад явсан. Би гэртээ үлдсэн юм. Ээж өдөр нь гэртээ ирэхдээ “Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд ээжийнх нь зүүн 8, 9 дүгээр хавирга хугарсан байна, замаараа цагдаа руу ороод өргөдөл бичиж өгөөд ирлээ” гэж надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 36 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5601 дугаартай:

“...  И.Цэ-гийн биед зүүн 8, 9-р хавирганы хугарал, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн:

“...Биед учирсан 8, 9-р хавирганы хугарал гэмтэл нь хаалганд хавчуулагдах үед үүсэх боломжтой гэмтэл юм...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 48 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ц.Лха нь хохирогч И.Цэ-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдээгүй тул шүүхийн хэлэлцүүлэгт түүнийг цагаатгах байр суурьтай оролцож байна. Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгүүд зөрүүтэй. Мөн хохирогчийн хүүхдүүдийн өгсөн мэдүүлэг нь ээжийгээ хамгаалсан мэдүүлгүүд байдаг. Иймд миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нотлох баримт хангалтгүй байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.  

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Лха-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Лха нь:

2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 81-р байрны В1 давхарт хохирогч И.Цэ-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг хаалгаар цохиж биед нь зүүн 8, 9-р хавирганы хугарал, зүүн бугалганы цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч И.Цэ, гэрч Л.Э, Л.Эр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ц.Лха болон түүний өмгөөлөгч нар “хохирогч И.Цэ-гийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг Ц.Лха учруулаагүй” гэж гэм буруугийн талаар маргасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Лха хохирогч И.Цэ нар нь тухайн өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргасан. Хохирогч И.Цэ шүүгдэгч Ц.Лха-ийн хаалгыг онгойлгож 1 хөлөө хаалганы босгыг давуулсан, хаалганы наана цаана байсан бөгөөд улмаар маргалдах явцад шүүгдэгч Ц.Лха хаалгаа хүчтэй түлхэж хохирогч И.Цэ-гийн биед түүний зүүн 8, 9-р хавирганы хугарал, зүүн бугалганы цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч И.Цэ-гийн мэдүүлгээс гадна гэрч Л.Э, Л.Эр нарын мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Лха-ийн “хохирогчийн биед би гэмтэл учруулаагүй” гэх мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ц.Лха нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Лхаийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч И.Цэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ц.Лха-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч И.Цэ нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ц.Лха-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч оршин суух хаягтай, ажил хөдөлмөр эрхэлдэг, оёдлын газар ажиллуулж тодорхой орлого олдог тул түүний хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ц.Лха нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Лха-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205014202144 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Лха нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******-ынын Лха-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лха-ийг 1500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 /нэг сая, таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лхад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лха нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч И.Цэ нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Лха нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Лхад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Лха-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ