Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 62

 

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2019/00062

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Ховд сум, Баруун салаа багт оршин суух, ......... дугаарын регистртэй, Ө овогт Ш-ийн Мийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дүгээр сарын 14-ний өдөр 153/2018/00843/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.М нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1962 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад Ширчингийн 6 дахь хүү болж төрсөн. Миний бие сургуульд суралцалгүй Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад 1978 оноос 1980 он хүртэл аав Ширчингийн хамт мал маллаж байгаад 1980 оны 6 дугаар сарын 14-ны өдөр цэргийн албанд татагдаж 1983 оны 6 дугаар сарын 03-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1984 оны 11 дүгээр сарын 11-нд Дамдинжамцын Даваанямтай гэр бүл болж тус нэгдлийн 3 дугаар бригадад 1991 он хүртэл мал маллаж амьдарч байсан. Тус нэгдлийг тартал малчнаар ажилласан ба нэгдэл тарж Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 23-нд Сарыбулах ХК болоход мөн малчнаар ажилласан. Би одоог хүртэл мал маллаж байна.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан.

Иймд намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3-р бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ш.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ш.М нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1841 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадын 1978-1980, 1984-1991 оны 70 дугаар дансны хуулбарууд,

- Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 05/4191 дугаартай цэрэгт татагдаж, халагдсан гэх архивын лавлагааны хуулбар,

- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1613000480 дугаартай баталгаажилтын хуудас, нийгмийн даатгалын А1461377 тоот дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 136 тоот лавлагаа,

- Ш.М, Д.Давааням нарын 36/005529 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Гэрч Э.Кабетайгийн “...Би 1973 оноос 1990 оны 12 дугаар сар хүртэл Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1991-1993 он хүртэл Сарбулах компанид малчнаар ажиллаж байсан. Ш.Мийг багаас нь мэднэ. Бидний аав ээж нэг бригадад малчин байсан. Ш.М нь 1978 оноос Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1980 оны 6 дугаар сард цэргийн албанд явсан. 1983 оны 6 дугаар сард халагдаж ирээд уг нэгдэлдээ 1990 оныг дуустал малчнаар ажилласан.... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч З.Хауилаагийн “...Би 1975 оноос 1990 он хүртэл Ховд сумын Тариалан нэгдэлд тэмээчнээр ажилласан. Би багаасаа Ш.Мийг мэднэ. Ш.М нь 1978 оноос 1990 он хүртэл Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.Мийг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Өөлд овогт Ширчингийн Мийг 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ш.Мийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ