Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0655

 

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0655

Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ү ХХК

Хариуцагч: Н дарга

Гуравдагч этгээд: Т ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Н даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1208 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчин итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ү ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Н даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амины орон сууц-ны зориулалтаар 3,5 га талбайг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон ба 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрчилгээгээ авч, үүнээс хойш газраа хуулийн дагуу эзэмшиж ирсэн болно.

Гэтэл тухайн газар давхардуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/27 тоот тушаалаар Т******* ХХК-д газар ашиглах эрх олгосон болохыг олж мэдсэн. Улмаар тухайн тушаалыг хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 9 дүгээр сард нэхэмжлэл гаргасан.

Хэргийг шүүхээр шийдвэрлэх явцад Н даргын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/485 дугаар захирамжаар Ү ХХК-ийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэл болгон хүчингүй болгосон. Бидний зүгээс уг захирамжийг мөн хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 456 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 555 дугаар магадлалаар шийдвэрлэсэн бөгөөд одоогоор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна. Энэ тухайн хэрэгт хариуцагчаар оролцож байгаагийн хувьд Н дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тодорхой мэдэж байгаа.

Гэтэл манай компанийн эзэмшил газрыг шүүхэд гуравдагч этгээдээр оролцож байгаа Т ХХК-д олгосон тухай олж мэдлээ. Н даргын манай газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгосон 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/485 дугаар захирамжтай бид маргаж, улмаар шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад маргаан бүхий газрыг өөр этгээдэд олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг илэрхий зөрчсөн шийдвэр болжээ.

Түүнчлэн шүүхээр шийдвэрлэж байгаа хэргийн нөгөө талын этгээдэд газрыг олгосон шийдвэр гаргасан нь шударга бус гэж үзэх хандлага төрүүлж байна.

Уг асуудлаар Н даргад өргөдөл гаргахад 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03/7186 дугаартай албан бичгээр ... 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1208 дугаар захирамжаар Т ХХК-д үйлчилгээ, орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх олгосон гэсэн ба хууль бус захирамжаа хүчингүй болгоогүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Н даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1208 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө-с шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1208 дугаар захирамжаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл-ийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Т ХХК-д 38683 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар олгосон байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ү ХХК-ийн Т ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын Ү ХХК-ийн эзэмшил газартай давхцах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Н даргын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/485 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэг хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан Н даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03/7186 дугаар албан бичгээр ... Н даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1208 дугаар захирамжаар Т ХХК-д үйлчилгээ, орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх олгосон 38683 м.кв газарт гэрээ байгуулж, гэрчилгээ олгох эрхийг түр түдэглзүүлэхийг мэдэгдсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалын шийдэл зөв боловч анхан болон давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлт буруу байна гэж дүгнээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 456 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 555 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5  дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ү ХХК-ийн Т ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын Ү ХХК-ийн эзэмшил газартай давхцах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Н даргын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/485 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон.

Шүүхээс дараа дүгнэлтүүдийг хийсэн. Үүнд:

1.            Ү ХХК-д маргаан бүхий газрыг эзэмших эрх анх Н даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаар захирамжаар үүссэн, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ авсан, гэвч үүнээс хойш тус компани нь нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд гэрээнд заасан газрын төлбөрийг төлөөгүй, иймээс Н даргын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/485 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн маргаан бүхий акт хууль ёсны талаар давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд зөв дүгнэжээ гэж,

2.         Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр Улсын Их Хурлаас 1995 оны 26 дугаар тогтоолоор баталсан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг буруу оруулсан нь тогтоогдсон, иймд уг тогтоолоор тогтоосон ... Айц уул /1735,2/, түүнээс хойш орших 1624,0, 1338,0 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан замын уулзварын баруун урд талын 1 тоот шон, гэсэн цэгийн дагуу Богдхан уулын дархан цаазат газар нутгийн хилийн заагийг мэдээллийн санд зөвөөр оруулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 130 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 239 дүгээр магадлал хүчин төгөлдөр болсон, эдгээр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт нэхэмжлэгч Ү ХХК болон гуравдагч этгээд Т ХХК-ийн газар нь хамаарахгүй байгаа нь илэрхий байна гэж дүгнэснээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Иймд шат шатны шүүхийн шийдвэр эцэслэн гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Т ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших  3,8 га газрыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/222 дугаар тушаал, 2015/77 дугаар газар ашиглах гэрчилгээ, түүнчлэн газар ашиглах гурвалсан гэрээний дагуу ашиглах эрхтэй болж газраа хуульд заасан журмын дагуу ашигласаар ирсэн. Улмаар тухайн газрын хилийн цэсийн бүсийг эрх бүхий байгууллагаас шинэчлэн тогтоосон тул Н даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1208 дугаар захирамжаар манай компани тухайн газрыг эзэмших эрхтэй болсон.

Гэвч нэхэмжлэгч Ү ХХК нь манай байгууллагад газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь дараах үндэслэлээр хуульд нийцэхгүй байгаа болно.

1.            Энэ тухай маргааныг дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тухайд, Нэхэмжлэгч Ү ХХК нь 2018 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд Т ХХК-д газар эзэмших эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/222 тоот тушаалын Ү ХХК-ийн эзэмшил газартай давхцах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Ү ХХК-ийн газар эзэмших эрхийг хчүингүй болгосон Н даргын захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Гэвч тус нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд манай компанид хуулиар олгогдсон газар эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 456 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 555 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор мөн адил анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Ийнхүү анхан, давах, хяналтын шатны шүүхүүд манай компани болон нэхэмжлэгч Ү ХХК-ийн тус талбайд газар эзэмших, ашиглах эрх, түүнд холбогдох эрх бүхий байгууллагын тушаал шийдвэрүүдэд дүгнэлт хийсэн бөгөөд тус шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар уг үйл баримтыг дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар байхад нэхэмжлэлийг хүлээн авах, дахин нотлох, дүгнэлт өгөх нь хуульд нийцэхгүй болно.

2.    Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тухайд,

Нэхэмжлэгчийн маргаж буй Н даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1208 дугаар захирамжаар гуравдагч этгээд Т ХХК-д газар эзэмших эрх олгож, гэрээ байгуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулахыг даалгаж шийдвэрлэжээ. Тус захирамжийн холбогдох заалт нь гагцхүү Т ХХК-д хандсан, нэг удаагийн шинжтэй, эерэг нөлөөлөл бүхий зохицуулалт байх бөгөөд аливаа байдлаар нэхэмжлэгч Ү ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй байна.

Нэгэнт нэхэмжлэгч Ү ХХК-ийн газар эзэмших эрх нь Н даргын 2020 оны А/485 дугаар захирамжаар дуусгавар болсон, тус шийдвэрийг гурван шатны шүүхээс үндэслэл бүхий гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн хувьд шүүхээр хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзнэ. Иймд манай компанид газар эзэмших эрх олгосон тушаал шийдвэр хууль ёсны эсэх нь нэхэмжлэгчийн хувьд ач холбогдолгүй бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргах эрхгүй, түүнчлэн тус шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн аливаа ашиг сонирхол сэргэхгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д заасан үндэслэлийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тусгах бөгөөд түүнийг нотлох шаардлагатай байдаг. Гэвч дээр дурдсан үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн аливаа эрх ашиг хөндөгдөхгүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ү ХХК-иас Н даргад холбогдуулан гаргасан Н даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1208 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2015 оны А/222 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Нүхтийн задгай гэх газарт аялал жуулчлалын зориулалтаар 3,8 га газрыг 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2015/77 дугаар газар ашиглах гэрчилгээ, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2015/044 дүгээр газар ашиглах тухай гэрээний дагуу Т ХХК-д 5 жилийн хугацаатайгаар олгожээ.

Харин Н даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаар захирамж, газар эзэмших эрхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 000327037 дугаар гэрчилгээгээр Хан-Уул дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны хотхоны зориулалтаар 3,5 га газрыг 15 жилийн хугацаатайгаар Ү ХХК-д эзэмшүүлсэн байна. 

Дээрх хоёр компанийн эзэмших, ашиглах эрх бүхий газрууд нь 2,2 га талбайгаар давхцаж байсан бөгөөд Н даргын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/485 дугаар захирамжаар Ү ХХК-ийн газар эзэмших эрхийг гэрээнд заасан газрын төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр хүчингүй болгосныг Ү ХХК-ийн зүгээс эс зөвшөөрч Т ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын Ү ХХК-ийн эзэмшил газартай давхцах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Н даргын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/485 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 456 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 555 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл-ийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу Н даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1208 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38683 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар Т ХХК-д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасныг Ү ХХК-иас Н даргын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/485 дугаар захирамжтай маргаж, шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад маргаан бүхий газрыг Т ХХК-д олгосон гэж, хариуцагч болон гуравдагч этгээдээс маргаан бүхий газрын эзэмших эрхийн асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгч Ү ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй, зөрчигдсөн эрх байхгүй гэж нэхэмжлэл болон татгалзлын үндэслэлээ тайлбарладаг.

Ү ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Н даргын захирамжийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлээгүй байхад буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болохоос өмнө 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1208 дугаар захирамжаар Т ХХК-д маргаан бүхий газарт газар ашиглах эрх олгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй гэж заасантай нийцээгүй боловч тус захирамжийг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчид сэргэх эрх хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.

Учир нь Ү ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Н даргын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/485 дугаар захирамж хуульд нийцсэн нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар нэхэмжлэгч Ү ХХК-ийн газар эзэмших эрхийн талаар дахин нотлох шаардлагагүй байна.

Нэхэмжлэгч компани маргаан бүхий газрыг эзэмших эрхгүй учир Н даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1208 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38683 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар Т ХХК-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заасныг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн Н даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1208 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.            Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ү ХХК-иас Н даргад холбогдуулан гаргасан Н даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1208 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН