Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2024/0297

 

 

 

      “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

             захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Г

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Н*******” ХХК

Хариуцагч: Сангийн яам

Хариуцагч: “М*******” ТӨХК

Хариуцагч: “М*******” ТӨХК-ийн Зорчигчдын хоол /Катеринг/-ийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “Р*******” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: М*******/202301083 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дугаартай хурлын тэмдэглэлийн “Н*******” ХХК-д холбогдох “Н*******” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

М*******/202301083 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дугаартай хурлын тэмдэглэлийн “Р*******” ХХК-д холбогдох “Р*******” ХХК-ийн тендерийг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

М*******/202301083 дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгуулах,

Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тендерийн хүчинтэй хугацааг сунгасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

“М*******” ТӨХК-ийн “Р***” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах,

М*******/202301083 дугаартай Зорчигчдын хоол /катеринг/-ийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг дахин явуулахыг “М*******” ТӨХК-д даалгах.

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 128/ШШ2024/0212 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б***, Н.О*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******

Хариуцагч “М*******” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*******, Б.Д*******, Ж.Ч*******

Хариуцагч “М*******” ТӨХК-ийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р*******, У.М

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б***

Гуравдагч этгээд “Р*******” ХХК-ийн өмгөөлөгч С.А

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2024/0072/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Н*******” ХХК-иас Сангийн яам, “М*******” ТӨХК, “М*******” ТӨХК-ийн Зорчигчдын хоол /Катеринг/-ийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “М*******/202301083 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дугаартай хурлын тэмдэглэлийн “Н*******” ХХК-д холбогдох “Н*******” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, М*******/202301083 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дугаартай хурлын тэмдэглэлийн “Р*******” ХХК-д холбогдох “Р*******” ХХК-ийн тендерийг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, М*******/202301083 дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгуулах, Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тендерийн хүчинтэй хугацааг сунгасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “М*******” ТӨХК-ийн “Р” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, М*******/202301083 дугаартай Зорчигчдын хоол /катеринг/-ийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг дахин явуулахыг “М*******” ТӨХК-д даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0212 дугаар шийдвэрээр: 

“Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 37 дугаар зүйлийн 37.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.4, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Н*******” ХХК-иас Монгол Улсын Сангийн яам, “М*******” ТӨХК, түүний Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан М*******/202301083 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дугаартай хурлын тэмдэглэлийн “Н*******” ХХК-д холбогдох “Н*******” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, М*******/202301083 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дугаартай хурлын тэмдэглэлийн “Р*******” ХХК-д холбогдох “Р*******” ХХК-ийн тендерийг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, М*******/202301083 дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгуулах, Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тендерийн хүчинтэй хугацааг сунгасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “М*******” ТӨХК-ийн “Р*******” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, М*******/202301083 дугаартай Зорчигчдын хоол /катеринг/-ийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг дахин явуулахыг “М*******” ТӨХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...“Н*******” ХХК-ийн зүгээс М*******/202301083 дугаартай "Зорчигчдын хоол катеринг/-ийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл тендер шалгаруулалтын маргаанд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэрэг үүсгэж 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр анхан шатны журмаар хэлэлцээд №128/ШШ2024/0212 дугаартай шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тус шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол энэ нөхцөлд сэргэхгүй хэмээн үзсэнийг хууль хэрэглээний хувьд алдаатай гэж үзэж гомдлын үндэслэлээ гаргаж байна.

Нэхэмжлэгч нь нийт 7 нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарт холбогдуулан гаргасан бөгөөд тус шүүхээс 1 нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж дараах 6 нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж дүгнэлт гаргасан.

…Эдгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан давж заалдах гомдлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэг. М*******/202301083 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дугаартай хурлын тэмдэглэлийн “Н” ХХК-д холбогдох "Н” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 “Н” ХХК-ийн 2022 оны санхүүгийн тайлангийн мэдээллийг цахим системд бүртгэсэн нь хариуцагч Үнэлгээний хороо хянан үзэх үндэслэл болохгүй тул Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.3-т заасан "оролцогчийн санхүүгийн чадавх"-ийн шаардлага хангаагүй гэж шүүхээс үзсэн байдаг.

Гэтэл Сангийн яамнаас 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03/8619 дугаартай албан бичгээр "“Н” ХХК-ийн 2022 оны санхүүгийн тайлангийн мэдээллийг цахим системээр ирүүлээгүй буюу баталгаажуулаагүй гэж хянаж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй" дүгнэсэн. Сангийн яам нь https://ebalance.mof.gov.mn/ сайтаар дамжуулан цахим санхүүгийн тайланг авдаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Энэхүү ажиллагааг явуулахдаа мэргэжлийн боловсон хүчин ажиллаж, хэн хэзээ ямар мэдээлэл, тайлан явуулсан нь он, сар, өдөр, минутаар логин болж /дижитал ул мөр үлдээж/ үлдэж байдаг. Одоо цагт энэ асуудлыг хянаж үзэх, шалгах нь хялбар болсон. Мөн энэ талаар шүүх хуралдаанд Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч “Н” ХХК нь цагтаа мэдээллээ илгээсэн талаар хэлсэн, харин “М*******” ТӨХК-ийн Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргад та бүхэн программаа ашиглаж сурах хэрэгтэй, үүнээс бол тендерт оролцогч нарын ашиг сонирхол зөрчигдөж болох эрсдэлтэй талаар хэлж байсан.

Үүнээс харвал шүүхээс цахим системээр дамжуулан илгээсэн байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, “Н” ХХК-ийг тендерээс татгалзсаныг буруутгах үндэслэлгүй гэсэн байгаа нь бидний зүгээс энэ асуудлыг Давж заалдах шатны шүүхээс заавал дахин тодруулж, хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулж, мэргэжлийн хүмүүсээс тодруулсны үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг засах үндэслэл болно хэмээн үзэж байна.

Хоёр. М*******/202301083 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дугаартай хурлын тэмдэглэлийн “Р*******” ХХК- д холбогдох "Р*******" ХХК-ийн тендерийг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анхан шатны шүүхээс тендерийн Үнэлгээний хороо хууль бусаар “Р*******” ХХК-ийг шалгаруулсан буюу шаардлага нийцээгүй байхад шалгаруулсан болохыг тогтоосон.

Гэсэн хэдий боловч нэхэмжлэгчид сэргэх субьектив эрх байхгүй гэж үзжээ. Гэтэл бодит байдал дээр тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосноор “Р*******” ХХК-нд гэрээ байгуулах эрх олгох үр дагавар үүсэхгүй. Иймээс Үнэлгээний хорооны шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянуулж, буруу эсхүл зөв болохыг тогтоолгосноор “Н” ХХК нь Үнэлгээний хорооны дараагийн гаргасан шийдвэрийн үндэслэлийг хянах, шалгуулах, гомдол гаргах эрхийг сэргээхгүй болгожээ. Цаашлаад “Н” ХХК-ийн дараагийн тендер шалгаруулалтад оролцох, тендер шударга явагдах учиртайг тогтоолгох буюу тендер шалгаруулалтын үйл ажиллагаa алдаагүй, зөв хэрэгжих, нөхцөл бүрдэж нэхэмжлэгчийн ашиг сонирхол сэргэх учиртайг анзаарсангүй.

Гурав. М*******/202301083 дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 3.5 дахь хэсэгт "нэхэмжлэгч “Н” ХХК-иас захиалагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны 01/1334 дугаартай албан бичигтэй холбогдуулан тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаагүй хэрнээ тендер сонгон шалгаруулалт явагдаж дууссаны дараа энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв." гэсэн утга найруулгын алдаатай, хуулийн буруу тайлбарласан дүгнэлтийг гаргасан гэж үзэж болохоор байна.

Учир нь тендерийн баримт бичгийн хэсэгт "Катерингийн компани нь “М*******” ТӨХК-ийн Улаанбаатараас эхлэлтэй гадаад болон дотоодын нислэгт катерингийн үйлчилгээ үзүүлнэ. Ингэхдээ нислэгт зориулж төвлөрсөн гал тогоонд үйлдвэрлэсэн хоолыг агаарын хөлгийн хаалганд “М*******” ТӨХК-ийн ажилтанд хүлээлгэн өгөх хүртэлх бүх үйл ажиллагааг Монгол Улс болон олон улсад мөрдөгдөж буй холбогдох хууль, дүрэм, журамд нийцүүлэх үүрэгтэй. Тухайлбал, хүнсний болон агаарын тээврийн аюулгүй үйл ажиллагааг бие даан хариуцах чадамжтай байх ёстой. Катерингийн компани нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Агаарын тээврээр зорчигчдын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага" MNS 6875:2020, "Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо (НАССР)" болон Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбооны "Catering Quality Assurance Progrат"-ын аль нэг стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж, стандартад заасан шаардлагуудыг хангаж ажилладаг байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ТЭЗҮ хэсгээс танилцана уу" гэж тодорхой тусгаж өгсөн.

Гэтэл “Р*******” ХХК-ийн тендерт өгсөн баримтуудаас харвал тус компани аль ч шаардлагыг хангаагүй байна. Хоол хийх тендерт оролцож буй хэр нь тухайн салбарт хэрэгжих хүнсний эрүүл ахуйн гол стандартыг өөрөө хангаж чадахгүй, харин туслан гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгч нь тухайн шаардлагыг хангах байдлаар тендерийг зохион байгуулж болдог бол тендерт оролцогчид тавих стандарт, шалгуур гэж урьдчилан боловсруулах шаардлагагүй юм.

Хариуцагчийн зүгээс энэхүү олон улсын стандартыг баримтлаагүй, Монгол Улсын стандартад өөрчлөлт оруулсан асуудлаар хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа нь эрүүгийн журмаар шалгагдаж буй тусдаа асуудал. Харин бидний зүгээс дээрх олон улсын болон дотоодын стандарт, дүрэм, журмыг зөрчсөн тул тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагатай гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, тендерийн баримт бичиг, ТӨХ, ТШЗ нь хуульд нийцээгүй, алдаатай, тендерийн үнэлгээний хороо илт нэг талд ТӨХ-ийг зориулж боловсруулсан, улмаар шалгаруулалтыг хийхдээ Сангийн яамнаас 2 удаа тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон байх атал тухайн хүчингүй болгосон үндэслэлүүдийг дахин нягталж дүгнэлт гаргалгүйгээр "Р*******" ХХК-ийг дахин давтан шалгаруулсан үйлдэл нь илт нэг талыг баримталсан давуу тал үүсгэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11.2-д "Захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхдээ тухайн тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдээс өрсөлдөөнийг хязгаарлахад хүргэж болох зөвлөгөө авахыг хориглоно" гэж заасныг ч зөрсөн байхыг үгүйсгэхгүй нөхцөл үүссэн байна. Гэрээний тусгай нөхцөлөөр тендерийн баримт бичиг, ТӨХ-д заасан шалгуурыг бууруулах, сулруулах ямар ч үндэслэлгүй байна.

Сангийн яамны зүгээс "Р" ХХК-ийн санал болгосон эрүүлч ахуйч нь хүнсний биотехнологич мэргэжилтэй байна, хоол зүйчид санал болгосон боловсон хүчнийг орлох ажилтны мэдээллийг ирүүлээгүй байхад шаардлага хангасан гэж үзэж үнэлсэн, лабораторийн гэрчилгээний хуулбар байхгүй байхад лабораторитой гэж үзэж дүгнэсэн тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгосон 2023 оны 10 сарын 30-ны 03/7983 тоот шийдвэр, 2023 оны 11 сарын 22-ны өдрийн 03/8619 тоот шийдвэр байсаар атал тендерийн үнэлгээний хороо тус асуудлыг дахин дахин үгүйсгэж тодорхой дүгнэлт өгөлгүй “Р” ХХК-г шалгаруулсан.

Шүүх дээр шаардлага хангаагүй хүмүүсийн материал, лабораторийн талаарх мэдээлэл, хамтран ажиллах гэрээг ирүүлээгүй байсаар байтал Үнэлгээний хорооноос Үлэмж катерингийн материал бид нар харсан гэж өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ талаарх шүүхийн хэлэлцүүлгийн бичлэгээс харж болно. Гэтэл шүүхээс гаргасан дүгнэлт нь хэт нэг талыг барьсан хэргийн талаарх нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулаагүй, хууль, дүрэм, журам зөрчсөнийг харсаар байж алдаатай дүгнэлт гаргасан гэж хэлж болохоор байна.

Дөрөв. Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тендерийн хүчинтэй хугацааг сунгасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анхан шатны шүүхээс тус албан бичгийг захиргааны акт гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авсан бөгөөд тус дүгнэлттэй санал нэг байна. Гэвч нэхэмжлэгч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.4-д "Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер, хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно" гэж заасан байх бөгөөд хугацааг сунгах журмын хувьд тус хуулийн 29.5 "Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 29.4-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянаж, захиалагчийн ирүүлсэн баримт бичиг, мэдээлэл болон бусад тодруулгад үндэслэн шийдвэрлэнэ" гэж заасныг үндэслэсэн.

Өөрөөр хэлбэл хуулийн тэр заалтад захиалагчийн ирүүлсэн баримт бичиг, мэдээлэл болон бусад тодруулгад үндэслэнэ гэж тодорхой заасан байх бөгөөд захиалагч “М*******” ТӨХК аливаа баримт бичиг, мэдээллийг өгөөгүй байхад зөвхөн өмнө нь Сангийн яам түдгэлзүүлж ажиллагаа хийж байсан гэсэн явцуу үндэслэлээр хугацааг сунгасан нь үндэслэлтэй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Тав. “М*******” ТӨХК-ийн “Р” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анхан шатны шүүхийн зүгээс тус тендер шалгаруулалтад оролцож шаардлагыг хангасан, “Р*******” ХХК-ийн үнийн саналын ард үнийн саналаараа эрэмбэлэгдсэн “Н” ХХК-иас нэхэмжлэл гаргаагүй нөхцөлд тус тендерийн гэрээг хүчингүй болгох боломжгүй хэмээн дүгнэсэн.

Хууль хэрэглээний хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т "тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно" гэж заасан бөгөөд тендер шалгаруулалтын үйл ажиллагаанаас гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр болон тендерийн гэрээг салгаж ойлгох хууль зүйн үндэслэлгүй. “Р*******” ХХК нь шалгуурт нийцээгүй тендер ирүүлсэн байх бөгөөд Үнэлгээний хорооноос “Р*******” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэж хууль бус болохыг анхан шатны шүүх тогтоосон атлаа түүнийг үндэслэн байгуулсан гэрээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.

Тодруулбал, тендер шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу хийгээгүй буюу шаардлага хангаагүй этгээдийг шалгаруулсан нь тогтоогдож буй, тендер шалгаруулалт хууль бус бол түүнийг дагаж гарсан тендерийн гэрээ хууль бус байх зарчимтай.

Гэтэл тендер шалгаруулалт хууль бус байх нь тендерийн оролцогч нарт хамаагүй, ялангуяа тендерийг үнэлэхээс татгалзсан оролцогч нарт сэргэх эрх байхгүй тул шүүхэд хандах эрхгүй байхаар хуулийг хэрэглэсэн нь алдаатай гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1-д "худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална", 46.1.2-д "үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах;" гэж захиалагчийн үүргийг тус тус хуулиар тогтоож өгсөн байдаг. Дээрх зохицуулалтыг нэхэмжлэгчийн зүгээс агуулгын хувьд захиалагч нь төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулахын тулд шударга тэгш өрсөлдөх боломжийг бүрдүүлсэн байх, хариуцлагатай байх, олон улсын болон дотоодын стандарт шаардлагыг хангасан Үйл ажиллагаа, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлсэн, чанартай, эрүүл аюулгүй хүнсээр хангагдах, зорчигчдын эрхийг хангах өөрөөр хэлбэл нийтийн эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж шийдвэр гаргах үүрэгтэй хэмээн үзэж байна.

Үүнээс гадна өмнө дурдсаны дагуу тус тендерийн хүчинтэй хугацааг сунгасан Сангийн яамны албан бичиг нь үндэслэлгүй бөгөөд Сангийн яам Захиргааны ерөнхий хуулийн 24.1- заасан "захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэсэн зохицуулалтыг тодорхой дагаж мөрдөөгүй. Ийм учраас тендерийн хугацааг сунгасан тус шийдвэр хууль бус, хүчингүй болох үр дагавартай бөгөөд энэ нөхцөлд “Р*******” ХХК-ийг тендерийн хүчинтэй хугацаанд гэрээ байгуулсан гэж үзэхгүй. Энэ нөхцөлд тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэх бодит боломжгүй учир захиалагчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу дахин тендер шалгаруулалтыг явуулах шаардлага үүснэ.

Иймд “Н*******” ХХК нь тендерт оролцох эрхтэй учир Үнэлгээний хорооны шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянуулж, буруу эсхүл зөв болохыг тогтоолгосноор дараагийн тендер шалгаруулалтад оролцох, тендер шударга явагдах учиртайг тогтоолгох буюу тендер шалгаруулалтын үйл ажиллагаа алдаагүй, зөв хэрэгжих, нөхцөл бүрдэж нэхэмжлэгчийн ашиг сонирхол сэргэх учиртай гэж бидний зүгээс үзэж байна.

Тус хууль хэрэглээний нарийн асуудлыг тодорхой дүгнэж магадлалдаа тайлбарлаж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хичээнгүйлэн хүсэж байна.

Зургаа. М*******/202301083 дугаартай Зорчигчдын хоол /катеринг/-ийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг дахин явуулахыг “М*******” ТӨХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрт "Анхан шатны шүүх Үнэлгээний хорооны “Р*******” ХХК-ийн тендерийг сонгон шалгаруулж, үнэлсэн шийдвэр нь хууль бус болохыг тогтоосон” болохоо тодорхой дурдсан байна. Өөрөөр хэлбэл “Р*******” ХХК нь хууль бусаар шалгарсан болохыг тогтоосон.

Гэсэн атлаа энэ нөхцөлд дээрх хууль бус, эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзжээ.

Энэ нөхцөлд анхан шатны шүүхийн гаргаж буй хамгийн том хууль хэрэглээний алдаа бол “Н” ХХК-ийн субьектив эрхийг оновчтой тодорхойлоогүй явдал юм.

Анхан шатны шүүхээс:

Тендер шалгаруулалт оролцсон этгээдүүдийн дундаас Үнэлгээний хороо "Р*******" ХХК болон "Н" ХХК-ийн тендерийг шалгуурт нийцсэн гэж үзэж үнийн саналаар эрэмбэлсэн;

Анхан шатны шүүх тендерийн үнэлгээний хороо эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гаргасан буюу Үнэлгээний хороо хууль зөрчиж “Р*******” ХХК-ийг шалгаруулсан;

 "Р*******" ХХК-ийн ард эрэмбэлэгдсэн "Н" ХХК-ийн эрх зөрчигдсөн гэж дүгнэж байна.

Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч “Н*******” ХХК болон “Н ” ХХК нар нь бие даасан тус тусын ашиг сонирхолтой хуулийн этгээдүүд байна. “Н” ХХК нь Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох замаар тендерт шударгаар өрсөлдөх эрхээ хамгаалуулах сонирхолтой байна. Энэ тохиолдолд Үнэлгээний хорооны хууль бус актыг хүчингүй болгосноор “Р*******” ХХК-тай байгуулсан гэрээ дагалдаж хүчингүй болох бөгөөд тендер нэгэнт шударгаар явах ёстой бол “Н” ХХК, “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх үүсэх, “Н” ХХК-ийн шударгаар өрсөлдөх, тендерээ хууль ёсны дагуу үнэлүүлэх эрх сэргэж хамгаалагдах бөгөөд энэ 2 тендерт оролцогчийн аль аль ашиг сонирхол хамгаалагдах, субьектив эрх сэргэх боломжтой юм.

Энэ “нарийн нюанс” буюу хууль хэрэглээний өндөр ач холбогдолтой асуудлыг Та бүхэн анзаарч, оновчтой жишиг тогтоож, засаж залруулаагүй нөхцөлд цаашид тендерийн Үнэлгээний хороо хууль бус шийдвэр гаргаж, аливаа этгээдийг шалгаруулсан ч гэсэн үнийн хувьд ард нь эрэмбэлэгдсэн этгээд л зөвхөн шүүхэд хандах эрхтэй, бусад оролцогчийн хувьд субьектив эрх сэргэх боломжгүй гэсэн үндэслэлээр гомдол, нэхэмжлэлийг хангуулах боломжгүй болох жишиг практикийг тус шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсын тендерийн харилцаанд жишиг болгон үүсгэх эрсдэлтэй байна. Тендерийн тухай хуулийн үндсэн зарчмыг баримтлан чанартай, стандарт нормыг хангасан, сонгон шалгаруулалтыг үнэнчээр зохион байгуулж, нийтийн эрх ашгийг бүхнээс дээгүүр тавих учиртай. Хямд гэсэн болгоны цаана асуудал, шалгуур шаардлагыг хангаагүй бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ байх нь элбэг байдгийг бидний өнөөгийн нийгэм харуулж байна.

Иймд тендерт оролцогч этгээд тендерийг хууль ёсны дагуу явуулахыг буюу тендер шалгаруулалтыг хууль ёсны дагуу явуулахыг шаардаж, шударгаар өрсөлдөх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан "төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;", "... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах,.., шударга шүүхээр шүүлгэх" гэсэн үндсэн эрхийн баталгаа алдагдах эрсдэлтэй байна.

Тендер гэдэг нэгэнт улсын төсвийн мөнгийг хэмнэж олон нийт, сонирхогч хэн бүхний дунд нээлттэй оролцож өрсөлдөхийг урьсан захиргааны ажиллагаа юм бол Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явах учиртай бөгөөд тендер шалгаруулалтыг хууль бус боллоо, шударга бусаар хасагдаж ялагдсан гэж үзсэн нөхцөлд шударгаар өрсөлдүүлэхийг шаардаж хууль бус ажиллагааг хүчингүй болгохыг шаардах, хүчингүй болгохыг шүүхээс хүсэх эрхтэй юм.

Энэ чухал үндэслэл, хойшид тендерийн харилцаанд үзүүлэх үр нөлөө, нэхэмжлэгчийн субьектив эрхийн ойлголтыг зөв тодорхойлоход давж заалдах шатны шүүхээс онцгой анхаарч хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг засаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Жич: …Гэтэл бодит байдал дээр тус шүүхээс шийдвэрийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан талаараа шүүхээс утсаар мэдэгдсэн бөгөөд “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус өдрөө нэн даруй шийдвэрийг гардан авсан. Анхан шатны шүүх, тус шүүгчээс хуульд хатуу заасан тус хоногийг 12 хоногоор хэтрүүлж хуулийг зөрчсөн болохыг дурдаж байна. Энэхүү асуудал нь Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд хариуцагч нартаа холбоотой асуудлаар хэлэлцүүлэгдэж буй асуудалд хамааралтай байсныг нэмэн дурдаж байна. Үүнээс гадна, шүүх хуралдаан болсон өдрийг андуурч буюу 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэж тавьсан байгаа нь алдаатай байх бөгөөд тус алдаа нь шүүгч шүүхийн шийдвэрт анхаарал, хянамгай байдал гаргаж ач холбогдол өгөлгүй хөнгөн гоомой ажилласныг давхар илэрхийлж байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж гомдолтой байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108.1-д "шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана" гэж заасан байх бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр шүүгч А.Гийн зүгээс тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа (нэхэмжлэгч гомдол гаргах эрхээ алдсан байна) гэж танилцуулсан атлаа шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн (субьектив эрх сэргэх боломжгүй) хэмээн зөрүүтэй агуулгаар шийдвэрээ гаргасан нь хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргалаа гэж үзэж байна” гэжээ.

4.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсгийн 2 дахь заалтын дүгнэлт нь шүүгч шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосон шийдвэрийн үндсэн агуулгыг зөрчсөн. Үүнд:

Анхан шатны шүүх шийдвэрээ танилцуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/ 6.1, 27.1.1, 27.3. 27.4, 28.1 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж сонсгосон. Мөн үргэлжлүүлэн шийдвэрийн үндэслэлийг танилцуулахдаа "Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдааны явцад хийсэн үзлэг, нотлох баримтуудаар Захиалагч “М*******” ТӨХК, түүний Үнэлгээний хороо, Сангийн яамны гаргасан шийдвэрүүд үндэслэлтэй байна гэдэг тогтоогдсон" гэж шийдвэрийг уншиж сонсгон танилцуулсан.

Гэтэл шүүхийн шийдвэр бичгээр гарахдаа үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага буюу "М*******/202301083 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дугаартай хурлын тэмдэглэлийн “Р*******” ХХК-д холбогдох “Р*******” ХХК-ийн тендерийг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага"-ыг дүгнэхдээ Үнэлгээний хороо нь холбогдох хууль, журмыг зөрчсөн, хууль бус тендер шалгаруулалт болсон мэтээр бичсэн нь шүүгч өөрөө танилцуулан сонсгосон шийдвэртэйгээ зөрчилдсөн дүгнэлтийг шийдвэртэй тусгасан байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно." гэж, мөн хуулийн 108.3-т "Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна." гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх хуралдааны бүтэн видео болон аудио бичлэг тус шүүхэд хадгалагдаж байгаа бөгөөд мөн нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллага хүсэлт гарган шүүгчийн зөвшөөрлөөр шүүх хуралдааны эхлэл болон төгсгөлийн хэсгийг видео бичлэгээр буулгасан байсан.

4.2. Шүүх шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ хэсэгт нэхэмжлэгчийн 5 дахь шаардлагыг дүгнэхдээ Үнэлгээний хороо хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр хэмээн дүгнэсэн атлаа шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2 дахь заалтуудад Үнэлгээний хорооны тендер үнэлэх үйл ажиллагааг хууль бус хэмээн хоёрдмол утгатай дүгнэлт хийснийг доорхи үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Үнэлгээний хороо нь “Р*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 12005 оны/-ийн 27 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн гэж үнэлсэн.

"Р*******" ХХК нь хүний нөөцийн шаардлага хангаагүй байхад шалгаруулсан гэх асуудлын тухайд:

            Тендерийн өгөгдлийн хүснэгтийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6.2-д "Үйлчилгээ гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл: шаардана." гэж захиалагчаас тогтоож өгсөн. Үнэлгээний хороо нь "Р*******" ХХК-ийн маягт 4-өөр ирүүлсэн хүний нөөцийн мэдээллийг хянан үзэж, үнэлсэн бөгөөд Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6 2-д: 4. Эрүүл ахуйч нь Хүнсний эрүүл ахуйч мэргэжилтэй, 3 жил ажилласан байхыг шаардсан байдаг. "Р" ХХК-ийн ирүүлсэн материалыг цахимаас татан үзэхэд Эрүүл ахуйчид 3 хүний мэдээлэл ирүүлсэн байдаг. Т.Т гэдэг хүн нь 6 жил мэргэжлээрээ ажилласан байсан ба ажлын туршлагын шаардлагыг хангаж байсан.

Харин Т.Т нь "Хүнсний биотехнологич" гэсэн мэргэжилтэй байсан ба үүнийг Үнэлгээний хороо авч хэлэлцэн холбогдох их сургуулиудын вэб хуудас руу хандаж, мэргэжлийн нэр томьёо, хичээлийн хөтөлбөр гэх мэт мэдээллийг хамт харсан. "Хүнсний биотехнологич" мэргэжил нь "хүнсний эрүүл ахуйч" гэсэн ажлыг хийж болохоор байна, хүнсний чиглэлийн мэргэжлийн дипломтой байна гэж үзсэн бөгөөд мөн 6 жил тус ажлыг хийсэн ажлын туршлагатай байсныг харгалзан үзсэн. Э.Х, Х.Ө нь нар нь 2 жил ажилласан туршлагатай, мэргэжлийн хувьд шаардлага хангаж байсан. Эрүүл ахуйчид 3 хүний мэдээлэл ирүүлэхийг шаардаагүй.

Хүнсний тухай хуулийн 3.1.2-т "Хүнсний аюулгүй байдал" гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг" гэж, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.5-д "Хүнсний эрүүл ахуй" гэж хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүхий л нөхцөл, шаардлагыг" гэж тус тус заасан бөгөөд Т.Тын төгссөн ШУТИС-ийн веб хуудасны "бакалаврын хөтөлбөрүүд" хэсгийн биотехнологийн мэргэжлийн төгсөгчдийн ажиллах гол ажлын байрууд гэсэн хэсэгт "хүнсний үйлдвэрүүдэд лабораторийн шинжээч, эрхлэгч, Хүнсний аюулгүй байдлын хяналтын мэргэжилтэн" гэж заасан нь хангалттай нийцэж байна гэж Үнэлгээний хороо үзсэн." (https://must.edu.mn/mn/tp/70)

Үнэлгээний хороо тендерт оролцогч нарын мэдээллүүдийг үнэлэхдээ тухайн оролцогч нараас цахимаар холбогдох маягтын дагуу ирүүлсэн мэдээлэлд суурилж үнэлдэг. Үүний дагуу "Р*******" ХХК-иас ирүүлсэн "Маягт 4. Тендерт санал болгож байгаа боловсон хүчний мэдээлэл" гэсэн хэсгийг бүхэлд хянан үзэж үнэлсэн. Тус компанийн Маягт 4-т заасан мэдээлэлд "Хоол зүйч" албан тушаалд Ц.Г гэж хүнийг ажиллуулахаар мэдээлэл ирүүлсэн байсан бөгөөд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан байсан.

Харин ажил, албан тушаалыг орлон ажиллах асуудал нь тухайн оролцогч нарын Дотоод зохион байгуулалтын асуудал буюу ажлын байрны тодорхойлолт, ажил, чиг Үүргийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал байдаг тул Үнэлгээний хороо бүх оролцогч нарын хүний нөөцийн мэдээллийг үнэлэхдээ нийт санал болгосон ажилтнуудын мэдээлэл, бие бүрэлдэхүүн, хүний нөөцийн байдал, ажилчдын мэргэжил, ажлын туршлага зэрэгт тулгуурлан үнэлсэн. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6.2-д хүний нөөцийн мэдээлэл шаардана гэсэн байгаа бөгөөд үүний дагуу тендерт оролцогч нар хүний нөөцийн мэдээллээ өөрсдөө бүрдүүлэн гаргаж ирүүлсэн ба Үнэлгээний хороо зөвхөн тухайн мэдээлэлд үндэслэн хянан үзсэн болно.

Гэрээт лабораторийн гэрчилгээний хуулбар байхгүй, лаборатори нь хүнсний микробиологийн шинжилгээ хийдэг байх гэх асуудлын тухайд:

Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6.3-д заасны дагуу "Р*******" ХХК нь "Г" ХХК- тай хүнсний лабораторийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан ба тухайн гэрээгээ ирүүлсэн, лабораторийн итгэмжлэгдсэн гэрчилгээг ирүүлээгүй байсан. Өмнө нь үнэлсэн тендерт оролцогч "Ү" ХХК нь мөн "Г" ХХК-тай гэрээтэй, лабораторийн дэлгэрэнгүй танилцуулга, лабораторийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн байсан.

 "Р*******" ХХК нь хүчин төгөлдөр гэрээтэй, гэрчилгээ нь оролцогч "Ү" ХХК-ийн материалд байна, тодруулга авахгүйгээр тооцох боломжтой эсэх талаар Үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэж үнэлсэн. Үнэлгээний хорооны хурал дээр нарийн бичгийн дарга У.М "Ү" ХХК- ийн материалд байсан "Г" ХХК-ийн танилцуулгыг уншиж танилцуулсан байдаг.

Үнэлгээний хороо тендерийн үнэлгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16.1-д "Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно" гэж заасныг удирдлага болгон үнэлсэн бөгөөд гэрчилгээний хуулбар ирүүлээгүй нь Ерөнхий нөхцөлийн шаардлага биш гуравдагч байгууллагаас гаргаж өгөх материал байх тул хууль зөрчсөн асуудал биш ба тендерээс татгалзах хангалттай үндэслэл болохгүй, зөвлөхийн бус үйлчилгээний чанарт нөлөөлөхгүй жижиг зөрүү гэж, мөн зөрүүтэй зүйл нь үйлчилгээний үр дүнд хэрхэн нөлөөлөх талаар ярилцаж, Үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар шийдсэн байдаг.

Тодруулж хэлбэл, лабораторийн гэрчилгээний хуулбар ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн ТШЗ-ын 29.2.1-д зааснаар "чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхээргүй" жижиг хэмжээний зөрүү гэж үзэж болно.

"Г" ХХК, "Р*******" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 23/24 тоот "Лабораторийн үйлчилгээ үзүүлэх гэрээ"-ний 2.1-д "Талууд нь хүнс үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүний хөндлөнгийн сорилт шинжилгээг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ. Давтамжийн тоо шинжилгээний үр дүнгээс хамаарна." гэж заасан байсан.

Мөн Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаар хурал дээр "Г" ХХК-ийн танилцуулгыг Үнэлгээний хорооны нарийн бичиг У.М уншиж танилцуулсан гэдгийг хурлын тэмдэглэлээр баталгаажуулсан. Үнэлгээний хорооны гишүүдийн зүгээс "Г" ХХК-ийн үйл ажиллагааны танилцуулгатай холбоотой асуулт тодруулга хүртэл хэлэлцэгдэж, Үнэлгээний хорооны гишүүд бүгд танилцсан. Танилцуулгаас нь үзэхэд тус компани нь хүнсний аюулгүй байдал болон лабораторийн аутсорсингоор мэргэшсэн байгууллага байсан. Мөн MNS ISO/IEC 17025:2018 стандартаар итгэмжлэгдсэн лабораториор хүнсний бүтээгдэхүүнд "Микробиологи"-ийн сорилт, шинжилгээг тогтмол хийдэг байсан.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь үндэслэх хэсэгтээ үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Үнэлгээний хорооны нэр бүхий 6 гишүүний эрх зүйн байдлыг дордуулсан, тэдгээрийн гэм буруугийн асуудлыг тогтоох эсэх асуудалд эрх зүйн үр дагавар үүсгэсэн дүгнэлт гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэг, 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.4-2.19 дэх хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээн, давж заалдах гомдлуудын шийдвэрийн үндэслэлд өөрчлөлт оруулах тухай хариуцагч талын гомдлыг хангаж, харин нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэгч талын гомдлыг хангасангүй.

            1. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийг Үнэлгээний хорооноос 2 үндэслэлээр буюу 2022 оны санхүүгийн тайлан цахим системд ороогүй тул ТШЗ-ны 17.3-т заасан санхүүгийн чадавхын, сүүлийн 3 жилийн аль нэг жилд төсөвт өртгийн 10 хувиас багагүй үнийн дүнтэй үйлчилгээ үзүүлсэн байх ижил төстэй гэрээний туршлагын талаарх мэдээллийг дутуу ирүүлсэн тул ТШЗ-ны 17.6-д заасан туршлагын шаардлагыг тус тус хангаагүй гэсэн үндэслэлээр тендерийн үнэлгээнд оруулалгүйгээр хассан, гэвч үүнээс эхний буюу санхүүгийн тайлан цахим системд ороогүй гэсэн нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт буруу болжээ.

            Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.7.3-т “…санхүүгийн тайлан зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг өдөр тутам өөрчлөгддөггүй мэдээллийг захиалагч тендер нээсэн тухайн ажлын өдөр татаж авах” гэж заасан боловч тендер анх нээсэн 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 10.34 цагт нэхэмжлэгчийн 2022 оны санхүүгийн тайлан худалдан авах ажиллагааны цахим системд ороогүй байсан нь нэхэмжлэгчээс шалтгаалсан зөрчил биш, энэ талаар Сангийн яамны “Гомдол хянасан тухай” 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03/8619 дүгээр албан бичигт “…санхүүгийн тайланг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээс үзэхэд “Н” ХХК-ийн 2020, 2021, 2022 онуудын санхүүгийн байдлын тайланг баталгаажуулан ирүүлсэн байхад тус компанийн ирүүлсэн тендерээс 2022 оны санхүүгийн тайлангийн мэдээллийг цахим системээр ирүүлээгүй буюу баталгаажуулаагүй гэсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй…” гэж дүгнэснээр тогтоогдож байна.

Учир нь тендер шалгаруулалт явуулах үед хэрэгжиж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 52 дугаар зүйлийн 52.1.2-т зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам нь худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах бүрэн эрхтэй, мөн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх бөгөөд тухайн шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзахаас гадна гомдлыг хянан хэлэлцээд 55.3.2-т зааснаар “тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах”, 55.3.3-т зааснаар “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” шийдвэр гаргах чиг үүрэгтэй.

Нэг талаас Үнэлгээний хорооны тендерийн анхны үнэлгээ хийсэн 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдөр нэхэмжлэгчийг 2022 оны санхүүгийн тайланг цахимаар ирүүлээгүй гэж дүгнэснийг буруутгахгүй, нөгөөтэйгүүр Сангийн яамнаас гомдлыг хянаж, дээрх шийдвэрийн аль нэгийг гаргаагүй ч нэхэмжлэгчийг тендерээс татгалзсан дээрх үндэслэлийг хууль бус болохыг нэгэнт тогтоосон, түүнчлэн мөн оны санхүүгийн тайланг 2023 оны 6 сард баталгаажуулсан байхад хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тендерийг дахин үнэлэхдээ хуульд заасны дагуу Сангийн яамны шийдвэрийг үл харгалзан нэхэмжлэгчийг 2022 оны санхүүгийн тайлангийн мэдээллийг системээр ирүүлээгүй гэж дахин дүгнэсэн нь хууль бус болно.

Гэтэл шийдвэрт “…хэрэв Үнэлгээний хороо тендер нээсэн өдрөөс хойших цахим системээс татан авсан мэдээллийг хянан үзсэн тохиолдолд хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх бөгөөд …худалдан авах ажиллагааны цахим системд хариуцсан төрийн захиргааны байгууллагын “Н” ХХК-ийн санхүүгийн 2022 оны тайлангийн мэдээллийг нөхөн бүртгэсэн нь Үнэлгээний хороо хянан үзэх үндэслэл болохгүй…” гэж дүгнэсэн нь гомдлыг хянасан Сангийн яамны шийдвэр эцсийн байх зарчимд нийцсэнгүй.

            Тухайлбал Үнэлгээний хороо худалдан авах ажиллагааны цахим системээс 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 10 цаг 34 минутад “Н” ХХК-ийн санхүүгийн тайланг татан авах үед 2022 оны санхүүгийн тайлан ороогүй байсан нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй болох нь Төрийн Худалдан авах ажиллагааны газраас “М*******” ТӨХК-д хүргүүлсэн 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А-1/567 дугаар албан хариунд “…Н ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу мөн оны 10 дугаар сарын 10-ны өдөр санхүүгийн тайлангийн мэдээллийг цахим системд шинэчлэн татах боломжтой болгосон байх бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин татуулсан байна…” гэснээр тогтоогдоно.

Өөрөөр хэлбэл тендерийн баримт бичгийг нээсэн 10 дугаар сарын 9-ний өдрөөс даруй 3 хоногийн өмнө нэхэмжлэгчээс эрх бүхий байгууллагад холбогдох хүсэлтээ гаргасан байна.

             Нэгэнт хуулиар гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Сангийн яамнаас 2022 оны санхүүгийн тайланг цахимаар ирүүлээгүй гэж буруутгасныг үндэслэлгүй гэж үзсээр байхад хариуцагчаас дахин үнэлгээ хийхдээ үүнийг харгалзан үзээгүй нь буруу боловч энэ нь давж заалдах гомдлыг хангах үр дагаварт хүргэхгүй.

            2. Учир нь нэхэмжлэгчийг тендерээс татгалзсан 2 дахь үндэслэл болох “сүүлийн 3 жилийн аль нэг жилд төсөвт өртгийн 10 хувиас багагүй үнийн дүнтэй үйлчилгээ үзүүлсэн байх ижил төстэй гэрээний туршлагын талаарх мэдээллийг дутуу ирүүлснээр ТШЗ-ны 17.6-д заасан туршлагын шаардлагыг хангаагүй” гэсэн Үнэлгээний хорооны дүгнэлтийн талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрт зөв дүгнэсэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******гээс энэхүү шаардлагыг хангасан эсэх талаар “…2 компани олон жил хамтарч ажилласан. Тайлан баланс шилэн байдаг учраас тийм байдал гаргасан үнэн…” гэсэн тайлбар гаргасан болно.

            Дээрх мэдээллийг нотлох зорилгоор “гэрээний хуулбарыг гэрээ дүгнэсэн акт, эсхүл үйлчлүүлэгч байгууллагын тодорхойлолтын хамт ирүүлэх”-ийг шаардсан, гэтэл нэхэмжлэгчийн тендерт ирүүлсэн нийт 6 гэрээ энэхүү шаардлагыг бүрэн хангаагүй байгаа талаар шийдвэрт гэрээ тус бүрт холбогдуулан үндэслэлтэй дүгнэлт өгсөн байна.

            Тухайлбал гэрээнүүдэд үнийн дүн бүхий хавсралт байхгүй, эсхүл гэрээ дүгнэсэн акт, үйлчлүүлэгч байгууллагын тодорхойлолтгүй, тодорхойлолт байсан ч чухам аль онд нь ямар хэмжээний төсөвт өртөг зарцуулсан болох нь тодорхойгүй, хэлбэрийн хувьд “А” ХХК-тай байгуулсан гэрээ, тодорхойлолтыг шаардлага хангасан гэж үзэхэд үнийн дүн нь төсөвт өртгийн 10 хувиас багагүй байх шаардлагыг мөн хангаагүй, нэхэмжлэгчээс “М*******” ТӨХК-тай олон жилийн турш хамтарч ажиллаж байгаа, компаниудын тайлан баланс шилэн хэлбэрээр тодорхой байгаа гэх боловч энэ нь нэхэмжлэгчийг шаардлага хангасан гэж үнэлэх үндэслэл болохгүй.

            Олон жилийн хамтын ажиллагаатай байсныг үгүйсгэхгүй ч тендер шалгаруулалтыг зөвхөн тендерт ирүүлсэн баримт бичгийн хүрээнд хийх тул Үнэлгээний хорооноос нэхэмжлэгчийг энэхүү шаардлагыг бүхэн хангаагүй гэсэн үндэслэлээр тендерээс татгалзсаныг хуульд нийцсэн гэж үзнэ.

            3.Үнэлгээний хороо тендерийн баримт бичигт заасан шаардлага хангахгүй “Р” ХХК-ийг шалгаруулсан талаарх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.4-2.19-т заасан дүгнэлтүүд бүхэлдээ үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүхэлдэхүүн үзэв.

            Шүүхийн хувьд захиргааны акт зөвхөн хууль бус байхаас гадна мөн тэрхүү актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тохиолдолд нэхэмжлэл хангагдах шаардлага тавигддаг ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан тендерийг л шаардлагад нийцсэн гэж үзэх ёстой.

            Түүнээс нэгэнт тендерээс татгалзсан нь хууль ёсны байх тохиолдолд уг тендерт шаардлага хангаагүй этгээдийг ч шалгаруулж болохоор, эсхүл ийнхүү шалгаруулсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй гэсэн агуулга бүхий дүгнэлтийг зөвтгөх боломжгүй.

            “Р” ХХК-ийн тухайд ТШЗ-ийн 17.6.2-т заасан хүний нөөцийн шаардлагыг хангаж, “эрүүл ахуйч”-д 3 хүнийг санал болгосноос Т.Т нь ШУТИС-ийг 2005 онд Хүнсний беотехнологич мэргэжлээр төгсөж, мэргэжлээрээ 6 жил ажилласан, гэвч тендер анх нээсэн 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдөр худалдан авах ажиллагааны цахим системээс зарим мэдээлэл татагдахгүй, систем гацсан талаар Үнэлгээний хорооны мөн өдрийн хурлын тэмдэглэлд тусгагдсанаас гадна тендерт оролцогч “Э” ХХК-ийн гаргасан гомдлыг хянасан Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03/7983 дугаар албан бичигт “…эрүүл ахуйчид санал болгосон Т.Тын дипломын мэдээлэл худалдан авах ажиллагааны цахим системд татагдаагүй…” болохыг нотолсон, мөн тендерт оролцогч “Ү” ХХК-иас гаргасан гомдлыг хянасан Сангийн яамны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 03/8646 дугаар албан бичигт Т.Тыг тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн 17.6.2-т заасан “хүнсний эрүүл ахуйч мэргэжилтэй байх” шаардлагыг хангасан эсэхийг дахин нягтлах шаардлагатай гэсний дагуу Үнэлгээний хороо тендерийн үнэлгээг дахин хийжээ.

Гэтэл шийдвэрт “…2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 3 дугаар хуралдааны үед диплом, нийгмийн даатгалын лавлагааны мэдээллийг цахим системээс татан авч, хянан үзсэн нь Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.7.2-т заасан зохицуулалт зөрчигдсөн…” гэж дүгнэсэн нь хангалтгүй.

            Учир нь уг журмын “дээд боловсролын дипломын мэдээлэл, санхүүгийн тайлан зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг, өдөр тутам өөрчлөгддөггүй мэдээллийг тендер нээсэн тухайн ажлын өдөр татан авч хянан үзнэ” гэсний дагуу санал болгосон ажилтныхаа төгссөн сургуулийн дипломыг дамжуулах нь гуравдагч этгээдээс үл хамаарах буюу бодит цагийн горимоор цахим системд мэдээлэл нь хүргэгддэг ажиллагаа бөгөөд харин тендер нээх үеийн системийн саатлаас шалтгаалсан нөхцөл байдал нь гуравдагч этгээдийг буруутгах үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн тухайд ч 2022 оны санхүүгийн тайлан илгээгдээгүй байсныг үүний нэгэн адил мадаглалд дүгнэсэн болно.

            Сангийн яамнаас ч гомдлыг хянахдаа дээрх нөхцөл байдлыг буруутгаагүй, гагцхүү 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр татагдсан өөрчлөгддөггүй мэдээллээр эрүүл ахуйч мэргэжилтэй байх шаардлага хангагдсан эсэхийг л нягтлах шаардлагатай гэжээ.

Т.Тын эзэмшсэн хүнсний беотехнологич мэргэжлээр хүнсний үйлдвэрүүдэд лабораторийн шинжээч, эрхлэгч, хүнсний аюулгүй байдлын хяналтын мэргэжилтнээр ажиллах боломжтой талаар ШУТИС-ийн вэб хуудас, хичээлийн хөтөлбөр, мөн Хүнсний тухай болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд тус тус заасан хүнсний аюулгүй байдал, хүнсний эрүүл ахуй талаас нь харьцуулан дүгнэж, тендерийн баримт бичигт заасан “эрүүл ахуйч” шаардлагыг хангасан гэж үзсэнийг буруутгахгүй, мөн эрүүл ахуйчид 3 хүнийг санал болгохыг шаардаагүй тул Э.Х, Х.Ө нарын “мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх” шаардлага хангагдаагүй нь гуравдагч этгээдийг тендерээс татгалзах үндэслэл болохгүй.

            4.Хоол зүйчид санал болгосон Ц.Гийн тухайд тавигдах шаардлагыг бүрэн хангасан, ТШЗ-ийн 17.6.2-ын 1-т “ээлжийн амралт, чөлөө, онцгой нөхцөл гарсан үед голлох боловсон хүчнийг орлох мэргэжлийн ур чадвар бүхий боловсон хүчний нөөц бүрдүүлсэн байх” гэдгийг шийдвэрт дүгнэсэнчлэн голлох мэргэжил бүрт ажиллах 2-оос доошгүй ажилтны мэдээллийг ирүүлэх шаардлага гэж ойлгохгүй.

            Өөрөөр хэлбэл шаардлагатай тохиолдолд тухайн боловсон хүчнийг орлох хүний нөөцийг дотооддоо бүрдүүлсэн байхыг нийтлэг байдлаар шаардсанаас бус голлох ажлын байр бүрт 2-оос доошгүй хүнийг заавал санал болгох шаардлага тавигдаагүй, иймд Үнэлгээний хорооноос дээрх шаардлагын хүрээнд бүх оролцогч нарын хүний нөөцийн мэдээллийг нийт санал болгосон ажилтнуудын мэдээллийн хүрээнд үнэлснийг хууль бус гэж үзэхгүй.

            5.ТШЗ-ийн 17.6.3-ын 3-т “Өөрийн эсхүл гэрээт хүнсний микробиологийн магадлан итгэмжлэгдсэн лабораторитой байна. Лабораторийн гэрчилгээний хуулбар, хэрэв гэрээт бол гэрээний хамт ирүүлнэ” гэсний дагуу гуравдагч этгээдээс “Г” ХХК-тай байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Лабораторийн үйлчилгээ үзүүлэх тухай” 23/24 тоот гэрээг ирүүлснээс бус уг лабораторийн гэрчилгээний хуулбарыг ирүүлээгүй байна.

            Гэвч уг тендерт оролцогч “Ү” ХХК нь тус лабораторитай гуравдагч этгээдийн нэгэн адил гэрээ байгуулсан төдийгүй тендерийн баримтдаа уг лабораторийн гэрчилгээний хуулбарыг хавсаргасан байгаа энэ тохиолдолд Үнэлгээний хороо гуравдагч этгээдийн энэхүү зөрчлийг ТШЗ-ийн 29.2.1-д заасны дагуу “чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхээргүй” гэж дүгнэснийг буруутгахгүй.

            Учир нь нэг тендер шалгаруулалтад оролцогчдоос “Г” ХХК-ийн лабораторийн гэрчилгээг өгсөн байх тул гуравдагч этгээдийн хувьд гэрчилгээг хавсаргаагүй гэж үзэх нь тендерээс татгалзах хангалттай үндэслэл болохгүй.

            6.Тендерийн баримт бичигтэй холбогдуулж нэхэмжлэгч болон “Г” ХХК-ийн гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас хянасан тухай 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1334 албан бичгийн агуулга нь зорчигчдын хоолны тоо, үнэ, үнийн өөрчлөлтийн хувь хэмжээтэй холбоотой байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан “…Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхдээ тухайн тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдээс өрсөлдөөнийг хязгаарлахад хүргэж болох зөвлөгөө авахыг хориглоно” гэж заасныг ч зөрчсөн байхыг үгүйсгэхгүй нөхцөл үүссэн байна. Гэрээний тусгай нөхцөлөөр тендерийн баримт бичиг ТӨХ-д заасан шалгуурыг бууруулах, сулруулах ямар ч үндэслэлгүй байна…” гэсэнтэй нийцэхгүй, өөрөөр хэлбэл одоогийн маргаж буй үндэслэлээр тухайн үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газарт гомдол гаргасан гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн тендерийн баримт бичигтэй холбоотой гомдлыг хянасан дээрх шийдвэртэй маргаагүй тул “өрсөлдөөнийг хязгаарласан” гэх үндэслэлээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгох боломжгүй.

7.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөө бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан эрхийн хүрээнд Сангийн яамнаас тендерийн хүчинтэй хугацааг сунгасан, өөрөөр хэлбэл тендерт оролцогчдын гомдлыг хянахдаа тендерийн хугацааг түдгэлзүүлж байсан нь “захиалагчаас үл хамаарах шалтгаанаар гэрээ байгуулагдах боломжгүй болсон” гэсэнд хамаарах тул хуулийн 29.4-т заасны дагуу тендерийн хугацаа сунгуулах талаар захиалагчаас хангалттай баримт өгөөгүй гэж үзэхгүй.

8. Харин шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 1764 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 11.00 цагт хийхээр товлосноос өөрөөр захирамж гаргаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд мөн өдрийн “11 цаг 20 минутад эхлэв” гэж бичсэн, түүнчлэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “…шүүх хуралдаанд болсон өдрийг андуурч 08-ны өдөр гэж тавьсан байгаа нь алдаатай…” гэснээс тус тус үзэхэд шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт өдрийг “08” гэж техникийн алдаатай бичсэнийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.5, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээс тэмдэглэл болон шийдвэрийн огноог зөвтгөсөн засвар оруулах нь зүйтэй болохыг, мөн давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянахдаа дээрх дүгнэлтүүдээс гадна нэхэмжлэгчийн санал болгосон үнэ гуравдагч этгээдийнхээс их, түүнчлэн “М*******” ТӨХК-иас “Р” ХХК-тай байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Агаарын хөлгөөр зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх” 23/486 дугаар гэрээний 3.1-т заасан нэг жилийн хугацаа хэрэгжээд хагас жил орчим үргэлжилж байгааг, 2025 оны энэ төрлийн тендер шалгаруулалтын ажиллагааг зохион байгуулах Үнэлгээний хороо байгуулагдан ажиллаж байгаа зэргийг тус тус харгалзан үзсэн болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 212 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р*******ын давж заалдах гомдлыг хангаж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                    З.ГАНЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                      Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                       Э.ЛХАГВАСҮРЭН