Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 216

 

 

                               

 

 

 

 

 

                                                                                                                  

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                            

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинзориг, улсын яллагч Б.Байгалмаа,  шүүгдэгч Н.Намжил, түүний өмгөөлөгч Б.Мандхай, хохирогч М.Бямбадорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нямаагийн Намжилд холбогдох эрүүгийн 201625031627 дугаартай, 186/2016/0220/э индекстэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Баянцогт сумын 3 дугаар баг, Даргиат сонорын 3 дугаар гудамж 2 тоотод  оршин суух гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, 2005 онд Төв аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж байсан, 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сум дундын 23 дугаар шүүхийн 104 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-нд Монгол улсын өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нямаагийн Намжил /РД: НИ87042611/, 

            Холбогдсон хэргийн талаар:    

            Н.Намжил нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэн М.Бямбадоржийн итгэмжлэн өгсөн түүний эзэмшлийн 86-91 УБЛ улсын дугаартай “Хьюндай Аксэнт” маркийн автомашиныг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 62-836 тоот хашаанаас авч яван улмаар бусдад 300.000 төгрөгөөр худалдан бусдын эд хөрөнгийг завшиж 800.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн  мэдүүлэг:

           1.1.Шүүгдэгч Н.Намжил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би 08 сарын 03-нд Бямбадоржтой цуг халтууранд явж байсан. Түүний ахад нь хэлээд би машиныг нь аваад гарсан. Тэгээд халтууранд явж байгаад хашаа мөргүүлсэн. Би машиныг нь зараагүй, 120.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Би одоо барьцааны 120.000 төгрөгийг нь буцааж өгсөн гэв

1.2.Хохирогч М.Бямбадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… 2016 оны 08 дугаар сарын 03-нд Намжил бид хоёр халтууранд явж байхад манай ах өнгөрсөн гэж надад утсаар хэлэхээр нь “хашаанд машин оруулж тавьчих” гээд машинаа Намжилд үлдээсэн. Тэгээд хөдөө байхад эгч маань надад “машиныг маань Намжил аваад явчихсан” гэж хэлсэн. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

            Хоёр: Шүүгдэгч, хохирогч нарыг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          2.1. Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Орхоны:..2016 оны 08 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед гэртээ хэвтэж байсан чинь манай нөхрийн дүү болох Гандолгор орж ирээд Орхон эгчээ төмрийн цэг авдаг газар муу машин хэдэн төгрөгөөр авдаг бол  гэж хэлхээр нь би юун машин бэ, гэж асуусан чинь Гандолгор Баяраагийн хамаатан Намжил гэдэг залуу машинаа төмрийн хогонд өгөх гэж байгаа гэж хэлсэн тэгээд би ямар машин юм бэ гэж асуусан чинь цагаан өнгийн аксэнт маркийн машин байна сая Баяраа барьж  яваад хашаа мөргүүлсэн гэсэн Намжил гэх залуу нь олон машинтай энэ машиныг төмрийн сэгэнд өгнө гэж хэлсэн тэгэхээр нь би  харий үзий гээд очоод хартал зүүн урд тал юм мөргөсөн шинжтэй цагаан өнгийн аксент машин байсан. Би Намжил гэх залуутай уулзаад яагаад энэ машиныг төмрийн хогонд өгөх гээд байгаа юм гэж асуусан чинь Намжил нь би хүнээс өрөндөө авсан тэгээд нэр дээрээ шилжүүлж авч амжаагүй  байгаа   тэр хүнтэй нь ярьж байгаад авч болно гэхээр нь би чи тэгээд хэдэн төгрөгөөр өгөх гэж байгаа юм гэж асуусан чинь 500.000 мянган төгрөгөөр өгнө гэж хэлсэн тэгэхээр нь төмрийн хогон дээр 100.000 төгрөгөөр авдаг юм билээ чи надад 300.000 төгрөгөөр зарчих гэж хэлсэн тэгсэн чинь Намжил гээд хүн та эзэнтэй нь ярьчих гээд надад нэг дугаар луу залгаад өгсөн тэгээд би ярьсан чинь эрэгтэй хүн би Нямдорж гэдэг  хүн  байна би наад хүнд чинь өрөндөө машинаа өгсөн юм аа нэрээ шилжүүлж өгч болно одоо би хотоос гадуур байна маргааш 2 цагийн үед хот орно тэгээд холбогдож байгаад нэрээ шилжүүлнэ гэж ярихаар нь за за нэрээ шилжүүлж мөнгө төгрөгөө өгье гэж хэлсэн тэгээд утсаа тасалсан. Би Намжилд би машины эзэнтэй  ярилаа маргааш шилжүүлэхдээ мөнгөө өгье гэж ярьсан гэж хэлтэл Намжил би Гандолгорынд байж байна та надад 150.000 төгрөг өгчих маргааш үлдсэн мөнгөө авъя гэж хэлсэн тэгэхээр нь би ломбард явж бөгжөө тавиад 100.000 төгрөг байна маргааш үлдэгдэл мөнгөө өгье гэж хэлсэн чинь Намжил за за өгчих маргааш авъя гээд Намжилд 100.000 төгрөг өгсөн. Маргааш өглөө би ажилдаа явах гээд байж байхад хашаан дотор Намжил та хэдэн цагт ирэх юм бэ надад 20000 төгрөг байвал өгчих гэхээр нь би 20000 төгрөг өгсөн тэгээд би ажлаасаа тараад өдөр 14 цаг 45 минутын үед гэртээ ирсэн Намжил байхгүй байсан гэх мэдүүлэг /хх 24-25/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Содбаярын:...Намжил ах цагаан өнгийн Аксент маркийн машин унаад явж байсан хэний машин юм вэ гэж асуухад  би  өөрөө  авсан гэж надад хэлсэн  гэх мэдүүлэг  /хх-27/,

            2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч  А.Гандолгорын:..2016 оны 08 дугаар сарын 04-ний өглөө 11 цагийн  үед манай гэрт цагаан өнгийн Аксент маркийн машин унаад  ирсэн, тэгээд  манайд сууж  байгаад Сэлэнгэ аймагруу явлаа гээд гараад явсан юм. Тэгээд  орой нь 18 цагийн үед машиных  нь урд хэсэг нь эвдэрчихсэн шон мөргөчихлөө гэж хэлээд Содбаяртай хамт манайд ирсэн юм. удалгүй Содбаяр яваад  Намжил манай гэрт үлдсэн. Тэгээд Намжил сууж байгаад машинаа зарна мөргүүлсэн машинаар одоо яах уу гэж хэлсэн. Намжилийн машиныг  манай Орхон худалдаж  авахаар болсон, тэгээд  манай эгч урьдчилгаа 100000 төгрөг өгөөд худалдаж  авсан юм  гэх мэдүүлэг. /хх-40/,       

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1.  Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд  /хх 12-16/,  Эд зүйлийн үнэлгээ /хх-18/, Н.Намжилийг сэжигтнээр тооцсон тогтоол, мэдүүлгүүд /хх 38-40/, Н.Намжилийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/,  хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-45/, гэрч Х.Нармандах,  Б.Мижиддорж,  Б.Оюунтуяа нарын мэдүүлэг,  Н.Намжилийг яллагдагчаар татсан тогтоол, мэдүүлгүүд /хх 69-74/, хохирогчийн хохирлын мөнгөө хүлээн авч  гомдол саналгүй талаар бичиж өгсөн хүсэлт /хх-99/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бусад   нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

Н.Намжил нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэн М.Бямбадоржийн итгэмжлэн өгсөн түүний эзэмшлийн 86-91 УБЛ улсын дугаартай “Хьюндай Аксэнт” маркийн автомашиныг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 62-836 тоот хашаанаас авч яван улмаар бусдад 300.000 төгрөгөөр худалдан бусдын эд хөрөнгийг завшиж 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч М.Бямбадоржийн....Намжил бид хоёр өмнө Төв  аймгийн мөрдөнд нэг дор хамт ял эдэлж байсан. Миний машиныг авч явахаас өмнө 4 хоногийн өмнө надруу залгаад намайг ирээд  аваадахаачээ надад  очих  айл байдаггүй ганц  шөнө  хонуулчих арга тал  байна уу гэж хэлэхээр нь би  очиж  авсан тэгээд  манайд 2-3 хоног байсан, шөнө нь  хамт халтууранд  явдаг байсан. Тэгээд  бид  хоёр  машинтай  халтууранд явж  байхад манай ах нас барсан  гэж  дуулаад хайлаастад  Намжилтай хамт  очсон тэгээд  би   хөдөө явахдаа  машинаа  хашаан  дотор үлдээгээд Намжилыг  би одоо явлаа чи найз нар дээрээ  оч эсвэл манай хоёр  хөгшин дээр очоод  байж бай гэж хэлсэн чинь  Намжил би явган хаашаа явхав дээ эндээ байж бая чи удахгүй ирэх юм чинь гээд Хайлаастад манай ахынд үлдсэн...гэх мэдүүлэг / хх-21/, гэрч С.Орхоны....  Би Намжил гэх залуутай уулзаад яагаад энэ машиныг төмрийн хогонд өгөх гээд байгаа юм гэж асуусан чинь Намжил нь би хүнээс өрөндөө авсан тэгээд нэр дээрээ шилжүүлж авч амжаагүй  байгаа   тэр хүнтэй нь ярьж байгаад авч болно гэхээр нь би чи тэгээд хэдэн төгрөгөөр өгөх гэж байгаа юм гэж асуусан чинь 500.000 мянган төгрөгөөр өгнө гэж хэлсэн тэгэхээр нь төмрийн хогон дээр 100.000 төгрөгөөр авдаг юм билээ чи надад 300.000 төгрөгөөр зарчих гэж хэлсэн тэгсэн чинь Намжил гээд хүн та эзэнтэй нь ярьчих гээд надад нэг дугаар луу залгаад өгсөн тэгээд би ярьсан чинь эрэгтэй хүн би Нямдорж гэдэг  хүн  байна би наад хүнд чинь өрөндөө машинаа өгсөн юм аа нэрээ шилжүүлж өгч болно одоо би хотоос гадуур байна маргааш 2 цагийн үед хот орно тэгээд холбогдож байгаад нэрээ шилжүүлнэ гэж ярихаар нь за за нэрээ шилжүүлж мөнгө төгрөгөө өгье гэж хэлсэн тэгээд утсаа тасалсан. Би Намжилд би машины эзэнтэй  ярилаа маргааш шилжүүлэхдээ мөнгөө өгье гэж ярьсан гэж хэлтэл Намжил би Гандолгорынд байж байна та надад 150.000 төгрөг өгчих маргааш үлдсэн мөнгөө авъя гэж хэлсэн тэгэхээр нь би ломбард явж бөгжөө тавиад 100.000 төгрөг байна маргааш үлдэгдэл мөнгөө өгье гэж хэлсэн чинь Намжил за за өгчих маргааш авъя гээд Намжилд 100.000 төгрөг өгсөн....гэх мэдүүлэг /хх-24/, гэрч Б.Содбаярын:...Намжил ах цагаан өнгийн Аксент маркийн машин унаад явж байсан хэний машин юм вэ гэж асуухад  би  өөрөө  авсан гэж надад хэлсэн  гэх мэдүүлэг  /хх-27/, шүүгдэгч Н.Намжилын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч Н.Намжил нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Намжилд холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн  152.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Намжилыг  бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.

Хохирогч М.Бямбадорж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйл  байхгүй гэж мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч  С.Орхон 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр прокурорын шатанд “...миний бие Намжилаас 120.000 төгрөгийг бэлнээр авч хохирол гомдолгүй болсон” гэсэн хүсэлтийг  бичиж өгсөн  байх  тул  шүүгдэгчийг бусдад  учруулсан  хохирлыг  сайн  дураар нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан  байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял шийтгэл   оногдуулах нь  зүйтэй гэж  үзэв.

Шүүгдэгч Н.Намжил нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус  дурдаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Нямаагийн Намжилыг бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч  Н.Намжилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэлх хугацаагаар сольж болохыг анхааруулсугай.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Намжилд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Намжилд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 С.БАТЖАРГАЛ