Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0208/з |
Дугаар | 221/МА2016/0611 |
Огноо | 2016-09-15 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2016/0611
2016 оны 9 сарын 15 өдөр | Дугаар 221/МА2016/0611 | Улаанбаатар хот |
“************** хайгуул” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 391 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “************** хайгуул” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 391 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.1, 17.3-т тус тус заасныг баримтлан “************** хайгуул” ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “Талст минерал” ХХК-д “Чулуут” нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээс “Талст минерал” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27- ны өдрийн 341 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.
1. Анхан шатны шүүхийн 341 дүгээр шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “...нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн талбайн кадастрын зургийн 3, 4, 5 дугаар цэг тусгай хэрэгцээний талбайтай давхцаагүй байх тул тухайн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 17.2.1-т заасан “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхцсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байна” гэх шаардлага тавигдан нь үндэслэлтэй байна...” гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн өргөдлийн талбайн кадастрын зургийн 5 өнцөгийг тусгай хэрэгцээний талбайтай давхцахаар байсан тул уг талбайг шулуун биш шугамаар хиллүүлсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн атлаа үлдсэн 3 өнцгийг шулуун шугамаар хиллүүлэх ёстой байсан гэж дүгнэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтыг зөрчиж тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
2. 341 дүгээр шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “...шинжээч тухайн талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний талбайтай байршлаараа давхцаж байгаа эсэхэд дүгнэлт өгсөн боловч тухайн талбай Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалтыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй, дээрх хуулийн заалтыг харьцуулсан дүгнэлт хийгээгүй байна....” гэжээ.
Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хоёр ч удаа мэргэжлийн эрх бүхий байгууллагын шинжээч томилогдон ажилласан бөгөөд дүгнэлтээр нэхэмжлэгчийн кадастрын зураг нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.3 дахь заалтын шаардлагыг хангасан байна гэж дүгнэлт гаргасан байхад шинжээчдийг хуулийн харьцуулсан заалтад дүгнэлт хийгээгүй буюу хуулийн заалтыг тайлбарлуулах хууль бус шаардлага тавьж, хэрэг хянан шийдвэрлэхэд нэн чухал ач холбогдолтой дээрх нотлох баримтуудыг үнэлээгүйд гомдолтой байна.
3. 341 дүгээр шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт "... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл “************** хайгуул" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож, Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх, ашиг сонирхол бий болоогүй байхад шүүх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нь үндэслэлгүй юм...." гэжээ.
Уг хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн ашиг сонирхол хөндөгдөж болох нөхцөл байдал үүсдэг учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн хамгаалалтын баталгаа болгож уг арга хэмжээг авахаар хуульчилсан байдаг. Гэтэл ямар нэгэн ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.
4. 341 дүгээр шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1-д “... Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.1, 17.3-т заасныг баримтлан “************** хайгуул” ХХК-ийн Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “Талст минерал” ХХК-д “Чулуут” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээс “Талст минерал” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... ” гэжээ.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 341 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч анх “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ““Талс минерал” ХХК-д 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Чулуут” нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээс “Талс минерал” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн байна.
Анхан шатны шүүх дээрх шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “анхан шатны шүүх өргөдлийн талбайн кадастрын зургийн 5 өнцөгийг тусгай хэрэгцээний талбайтай давхцахаар байсан тул уг талбайг шулуун биш шугамаар хиллүүлсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн атлаа үлдсэн 3 өнцгийг шулуун шугамаар хиллүүлэх ёстой байсан гэж дүгнэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтыг зөрчиж тайлбарлаж, хэрэглэсэн, шинжээчдийг хуулийн харьцуулсан заалтад дүгнэлт хийгээгүй буюу хуулийн заалтыг тайлбарлуулах хууль бус шаардлага тавьж, хэрэг хянан шийдвэрлэхэд нэн чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлээгүй, нэхэмжлэгчийн ямар нэгэн ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдийг бичжээ.
1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн талбайн зүүн доод булан болох 1, 10, 9, 8, 7 дугаар цэгүүд нь тусгай хэрэгцээний талбайтай давхцахаар байх тул талбайг шулуун биш шугамаар хиллүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно” гэж заасантай нийцсэн байх бөгөөд анхан шатны шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Харин тусгай зөвшөөрөл хүссэн талбайн кадастрын зургийн баруун дээд хэсэг буюу 3, 4, 5 дугаар цэгүүд нь тусгай хэрэгцээний талбайтай хиллүүлэлгүй шулуун шугамаар хүрээлүүлж хоосон зай үүсгэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан давхцал бий болсон гэж үзэхээргүй байна.
Учир нь нэхэмжлэгч тусгай хэрэгцээний талбайтай давхацсан гэж үзсэн бол 3, 5 дугаар цэгүүдийг шулуун шугамаар холбох эсвэл хоосон зай үлдээхгүйгээр өөр хэлбэрээр тусгай зөвшөөрөл хүссэн талбайн кадастрын зургийг хийлгүүлэх боломжтой байсан байна.
Эдгээрээс үзвэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн талбайн кадастрын зургийн 3, 4, 5 дугаар цэг тусгай хэрэгцээний талбайтай давхцаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан шаардлагад нийцсэн байх ёстой.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар 2 удаа шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх “Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалтыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй, дээрх хуулийн заалтыг хооронд нь харьцуулсан дүгнэлтийг хийгээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байх бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрээс үзвэл анхан шатны шүүх нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлсэн байна.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 391 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР