Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/692

 

й

 

 

 

 

 

   2022           10           18                                     2022/ШЦТ/692

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч ***,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

***, *** *** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210008270989 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, *** оны ***  дугаар сарын *** ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, *** ХХК-нд борлуулалт үйлчилгээний ажилтан ажилтай, ам бүл-4, эх, хоёр дүү нарын хамт *** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***)

2.Монгол Улсын иргэн, *** оны ***  дугаар сарын *** -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, ах, эгчийн хамт *** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***)

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

 

Яллагдагч *** нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 20-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” шөнийн цэнгээний газрын гадна хохирогч *** маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр бүлэглэн зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 4-р шүдний сулрал, зүүн чамархайд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, *** нараас  Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэсэн болно.  

 

Хоёр: Эрүүгийн 2210008270989 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын  лавлагаа (хавтаст хэргийн 15 дахь тал),

2. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: Би 2022 оны 03 дугаар сарын 19-ний 21:00 цагийн үед *** гэх найзуудтайгаа уулзаад караоке ороод вино, пиво ууж байгаад шөнийн 02:00 цагийн үед “Минт” бааранд очсон. Бид нар машинаас ар араасаа буусан. Намайг буугаад “Минт” баар руу алхаж байх замд эмэгтэй найз *** нь 2 эрэгтэй хүнтэй хэрүүл маргаан хийгээд зогсож байсан. Тэгээд гэнэт л бие биеийгээ түлхээд байхаар нь юу болоод байна гээд яваад очиход маргаж байсан хоёр залуугийн өндөр биетэй залуу нь ***ыг түлхэж унагаад миний нүүрэн тус газарт цохисон. Би тэр дороо ухаан алдаж унаад түүнээс хойш юу болсон талаар огт мэдээгүй. Цохиулснаас хойш миний зүүн талын нүд хөхрөөд, зүүн дээд шүд хөдөлсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дахь тал),

- Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дахин өгсөн: “Надад учруулсан гэмтлийг тухайн үед их өндөр хүүхэд байсан, одоо нэрийг нь мэдээд байхад *** гэдэг залуу учруулсан. Гомдол санал байхгүй, эмчилгээний төлбөрийг бүтэн авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дахь тал),

 

3. Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ***, *** нарын хамт Хан-Уул дүүрэгт байрлах “Минт” нэртэй баар орсон. Бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад хэсэг хугацааны дараа *** гаръя гэхээр нь ар араасаа гарцгаасан. Гадаа гараад иртэл *** түрүүлээд гарсан байсан учраас 2-3 хүнтэй хамт зогсчихсон нэг эмэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан. Би хүнтэй муудалцаж байна гэж бодоод яваад очиход үл таних хүмүүс ***ыг тамхи, шүлсээ хаялаа гээд хэрүүл маргаан хийж байхаар нь дундуур нь ороод тухайн эмэгтэйг боль гэж хэлээд холдуулсан. Тэгтэл үл таних залуу миний нүүр лүү гараараа цохиод хамраас цус гоожих үед доошоо тонгойгоод суусан чинь дээрээс өшиглөж эхэлсэн. Өмсөж  байсан хувцас нил цус болчхоод хувцсаа тайлаад намайг цохисон хүнийг хайгаад нөгөө хэдтэй зууралдаад ноцолдоод байж байтал *** дундуур орж ирээд боль гээд бариад автал *** ирээд *** зүүн тал руу шууд цохиод авсан. Тэгээд бөөн орилоон болоод хамгаалагч нар гарч ирээд намайг зодуулсан байна гээд дотогшоо авч орсон. Удалгүй цагдаагийн байгууллагын алба хаагч нар ирээд бид нарыг түр саатуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

 

4. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ***, *** нарын хамт Хан-Уул дүүрэгт байрлах “Минт” нэртэй баар орсон. Бааранд хэсэг байж байгаад явцгаах болоод ***, *** 2 түрүүлж гараад би нэлээн сүүлд араас нь гарахад “Минт” баарны гадаа шалдан хүн хүмүүстэй зодолдоод яваад байхаар нь хараад зогсож байтал *** ирээд *** хүмүүстэй зодолдоод байна гэхээр нь явж очоод *** болиулах гээд зууралдаж байтал нэг эрэгтэй ирээд намайг заамдаж аваад нэг цохихоор нь зөрүүлээд нэг удаа цохисон. Ингээд маргаан хэсэг үргэлжилж байгаад *** зодуулчихлаа камер шүүнэ гээд дотогшоо ороод камер шүүгээд байж байх явцад Цагдаагийн алба хаагч нар ирээд бид нарыг түр саатуулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №4736 дугаартай:

-*** биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 4-р шүдний сулрал, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

-Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүг мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

 

6. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

*** иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа газрын хаягийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, (хавтаст хэргийн 64-66 дахь тал),

Шүүгдэгч ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 76 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ Шүүгдэгч ***, *** нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *** нар нь согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” шөнийн цэнгээний газрын гадна 2022 оны 03 дугаар сарын 20-ны шөнө хохирогч *** маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр халдаж, бүлэглэн зодож эрүүл мэндэд нь зүүн  нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 4-р шүдний сулрал, зүүн чамархайд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг бүлэглэж үйлдсэн  үйл баримт нь:

 -Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын  лавлагаа (хавтаст хэргийн 15 дахь тал),

- Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: ....маргаж байсан хоёр залуугийн өндөр биетэй залуу нь ***ыг түлхэж унагаад миний нүүрэн тус газарт цохисон. Би тэр дороо ухаан алдаж ...цохиулснаас хойш миний зүүн талын нүд хөхрөөд, зүүн дээд шүд хөдөлсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дахь тал) болон дахин 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “Надад учруулсан гэмтлийг тухайн үед их өндөр хүүхэд байсан, одоо нэрийг нь мэдээд байхад *** гэдэг залуу учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дахь тал),

-Яллагдагч ***-мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: ...***ыг тамхи, шүлсээ хаялаа гээд хэрүүл маргаан хийж байхаар нь дундуур нь ороод тухайн эмэгтэйг боль гэж хэлээд холдуулсан. ...нөгөө хэдтэй зууралдаад ноцолдоод байж байтал *** дундуур орж ирээд боль гээд бариад автал *** ирээд *** зүүн тал руу шууд цохиод авсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

 

-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: ...*** ирээд *** хүмүүстэй зодолдоод байна гэхээр нь явж очоод *** болиулах гээд зууралдаж байтал нэг эрэгтэй ирээд намайг заамдаж аваад нэг цохихоор нь зөрүүлээд нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №4736 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон байх тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.  

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж  заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийн энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэж хүндрүүлэх шинжийг тодорхойлжээ.

 

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч *** эрүүл мэндэд гэмтэл учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгч нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу хохирогчийг хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулжээ. Мөн шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нар согтуурсан үедээ, маргаан үүсгэсэн, харилцааны үл ойлголцлоос болжээ.

 

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***, *** нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

-505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

 

Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч мэдүүлэхдээ нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн.

Мөн шүүхээс хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн талаар шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлд тусгагдсан байна. Иймд шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу тус бүрийг 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн саналтай байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч нар нь ял шийтгэлгүй байх ба тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч ***, *** нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, торгох ялыг хуульд хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нарын холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***, *** *** нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** *** нарыг тус бүрийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***, *** нарын холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***, *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН