Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 65

 

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2019/00065

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 20-8 тоотод оршин суух, ..... дугаарын регистртэй, А овогтой Дийн Нын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дүгээр сарын 12-ны өдөр 153/2018/00837/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1966 онд төрсөн. 1983 онд Ховд аймгийн 2 дугаар 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн ойн техник мэргэжлийн сургуульд элсэн орж 2 жил суралцаад 1985 оны 06 дугаар сард төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн ой агнуурын аж ахуйд хуваарилагдан ирж 1994 оны 06 дугаар сарыг хүртэл ойжуулагчаар ирсэн. 1985 оны 06 дугаар сарын 27-нд Ховд аймгийн ой агнуурын аж ахуйд орсон тушаал нь хөдөлмөрийн дэвтэр дээр бичилттэй боловч Ховд аймгийн архивын тасагт ажилд орсон гарсан тушаал байхгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн ой агнуурын аж ахуйд ойжуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Ой агнуурын аж ахуйд ойжуулагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Н нь 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Ховд аймгийн Ой агнуурын аж ахуйд ойжуулагчаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2190 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 121, 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тушаалын хуулбарууд,

- Хүсэлт гаргагчийн 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 136741 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Хүсэлт гаргагчийн 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 563109 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1600001964 дугаартай баталгаажилтын хуудас, нийгмийн даатгалын А0707966 тоот дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Хүсэлт гаргагчийн 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 85/636 дугаартай Ойжуулагч мэргэжлийн 3 дугаар зэрэг олгосон үнэмлэхний хуулбар,

- Хүсэлт гаргагчийн 1985 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн баярын бичиг,

- Хүсэлт гаргагчийн 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Сайшаалын үнэмлэх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.Мөнхтөрийг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Адуучынхан овогт Дуламсүрэнгийн Ныг 1985 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Ховд аймгийн Ой агнуурын аж ахуйд ойжуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Д.Нын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ