Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/913

 


 

 

 

 

 

 

      2022         12          05                                      2022/ШЦТ/913

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ц.Сайнзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Га,

шүүгдэгч Б.Ду нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овогт ****** Ду-д холбогдох эрүүгийн 2205022792315 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хайпермаркет”-д хамгаалагч ажилтай гэх, ам бүл 7, эцэг, эх, 2 хүүхэд, дүү нарын хамт ********* дүүргийн 6-р хороо, ****-ын **-р гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ******* дүүргийн **-р хороо, ***-р байрны ** тоотод түр оршин суух,

- урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1043 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ****** овогт ****** Ду, /РД: **********/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ду нь ******* дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ************* албаны оператораар ажиллаж байхдаа 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын хооронд тус албанаас түүнд итгэмжлэн хариуцуулсан 8.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Панасоник” /Panasonic 4к АС11Х 180 үзүүлэлттэй/ маркийн камер 1 ширхэг, 2.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Никон” /Nikon D7200 маркийн 18-140 mm Nikor VR lens, хэрэглэж байсан/ маркийн зургийн аппарат 1 ширхэг, “Эйч Пи” /HP, мэдрэгчтэй /СРU-5, РАМ-16, хард-250, инч-15, хуучин/ маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Айфоне-7” /Iphone 7, хэрэглэж байсан/ маркийн гар утас 2 ширхэг, “Айфоне” /Iphone хэрэглэж байсан/ маркийн утасгүй чихэвч 1 хос, повер банк /40.000 ампер багтаамжтай, хэрэглэж байсан/ 1 ширхэг буюу нийт 15.245.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ду мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Га мэдүүлэхдээ: “...Б.Ду нь 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын хооронд манай хийдэд ажиллаж байх хугацаандаа манай байгууллагад нийт 15.245.000 төгрөгийн хохирол учруулсан. Хэрэг болсон цаг хугацаанаас хойш одоог хүртэл Б.Ду нь хохирол төлбөр төлж барагдуулаагүй байгаа тул түүнээс хохирлоо нэхэмжилж байна. Байгууллагыг хохиролгүй болгочихвол гомдол, саналгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

************* Цахим албаны дарга Б.Га-өөс цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол, /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Га-ийн:

“...2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бид хоёрын тушаал гарч, би тус албаны даргаар, Ду оператораар ажилд томилогдон ажиллах болсон юм. Ажиллаж байх хугацаанд байгууллагын албаны тоног төхөөрөмжүүдийг оператораар ажилладаг гээд Дуд 2021 оны 04 сарын 25-ны өдрийн орчимд хүлээлгэн өгсөн. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын орчмоос том камер, зөөврийн компьютер 2 харагдахаа больсон, Дугээс асуухад “гэрт байгаа”, эсвэл “оюутан дүү хэрэглэж байгаа”, эсвэл “хэн нэгэн авсан” мэтээр яриад өнгөрдөг болсон юм. Тэгээд тэрнээс хойш авч ирэхгүй байхаар нь 2022 оны 03 дугаар сарын орчимд Дугээс “за чи яг үнэнээ хэл, яг яасан юм бэ” гэхэд Ду “Панасоник /Panasonic/ маркийн том камерыг би “Модны-2”-ын ломбардад барьцаанд тавиад алдчихсан, Никон /Nikon/ маркийн зургийн аппаратыг 4 дүгээр хороололд ломбардад барьцаанд тавьсан, Эйч Пи /HP/ маркийн мэдрэгчтэй зөөврийн компьютерыг 4 дүгээр хороололд, Гандангийн баруун талын хаалганы харалдаа байдаг ломбардад барьцаанд тавьсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гандангийн нярав Няндувчембугаас 1.657.000 төгрөг авч, уг эд зүйлсийг ломбардаас чөлөөлж авсан. Мөн 2021 оны 02 дугаар сард манай албаныханд албанаас гар утас өгсөн юм. Тэгэхэд Ду Айфоне-7 /Iphone-7/ маркийн 1 ширхэг гар утас авсан юм. Тэгээд удаагүй байхад Ду “энэ гар утас болохгүй байна, нөгөө гар утсаа өгчих” гэж надаас гуйгаад байхаар нь би дахин Айфоне-7 /Iphone-7/ маркийн гар утас 1 ширхгийг өгсөн. Мөн уг гар утаснуудыг авахдаа Айфоне /Iphone/ маркийн утасгүй чихэвч 1 ширхэг, повер банк 2 ширхэг зэрэг эд зүйлсийг буцаан өгөөгүй. Би байгууллагын тоног төхөөрөмжүүдийг оператораар ажилладаг байсан тул Дуд чи хариуцаж хэрэглэж байгаарай гэж хүлээлгэн өгч байсан. Гэхдээ энэ талаар ямар нэгэн бичиг баримт үйлдээгүй, гарын үсэг зуруулж өгөөгүй. Гэхдээ уг эд зүйлсийг би Дуд өгсөн. Ду хариуцан ажилладаг байсан талаар манай ажлын хүмүүс мэднэ. Ду уг эд зүйлсийг өөрөө хэрэглэж байгаад завшсан ба бид нараас ямар нэгэн байдлаар хэлж зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Сүүлд нь асуухад л барьцаанд тавьчихсан гэж хэлэхэд энэ талаар нь мэдэж дээр хэлсэн 2 эд зүйлийг нь авсан юм...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

Гэрч М.Тү-ын:

“...Би Гандантэгчинлэн хийдэд 2010 оноос хойш ажиллаж байгаа би 2019 онд цахимаар номын захиалга авдаг болсон ба цахим алба байгуулах шаардлага тулгарсан юм. Ингээд 2021 оны 04 дүгээр сард “цахим алба” нэртэйгээр 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр Га ах даргаар нь, Ду зураглаач, оператораар, би ирсэн захиалгыг шалгаж, бүртгэн, иргэнд хариу өгч ажиллаж эхэлсэн юм. Тухайн алба байгууллагад 4К том камер 1 ширхэг, жижиг зургийн аппарат 1 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхэг, албан хэрэгцээний Айфон-7 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг албан хэрэгцээнд гээд манай албанд өгч байсан юм. Тухайн үед Ду оператораар ажилладаг байсан тул тухайн эд зүйлсийг ихэвчлэн хэрэглэдэг ба Дуд л байж байдаг байсан юм. Гэтэл хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй, камер, зургийн аппарат болон зөөврийн компьютер зэрэг эд зүйлс харагдахаа больчихсон байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 30-31 дахь тал/,

Гэрч Б.Ня:

“...миний мэдэхээр Ду нь камер, гар утас зэргийг албанд ашиглаж байгаа харагддаг л байсан. Харин сүүлд нь Га надад хэлэхдээ “Ду хариуцан хэрэглэж байсан албаны эд зүйлсийг ломбардад барьцаанд тавьсан байна, алдахаас нь өмнө байгааг нь авъя, албанаас гаргаад өг” гэж хэлээд албанаас мөнгө гаргуулан авч байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 33 дахь тал/,

Гэрч Д.М-ын:

“...би 2016 оноос хойш нягтлан бодогчоор ажиллаж байгаа юм. Цахим албаны дарга Га надад хэлэхдээ “Ду хариуцсан эд зүйлсийг авч ирэхгүй байхаар нь асуухад ломбардад байна, Гандангаас мөнгө гаргуулж эд зүйлсийг нь алдахаас нь өмнө авах хэрэгтэй байна” гэж хэлээд албанаас 1.657.000 төгрөгийг бэлнээр авч уг эд зүйлсийг авсан. Эд зүйлсийг хүлээлгэж өгөөд шууд орлогын баримт үйлдээд албаны нэр дээр нь бүртгээд явдаг юм. Ер нь л албаны дарга гэдэг утгаар нь Га хүлээж аваад, ажилчдадаа олгодог байсан байх...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 35-р тал/,

Гэрч Ш.А:

“...Би Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр “Спарк” төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Сүртэй” гэх ломбардад 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажиллаж байна. ****** Ду-гийн У395051614 регистрийн дугаараар хайлт хийхэд уг хүн нь өөрийн бичиг баримтаар 2022 оны 01 сарын 17-ны өдөр 1\Nikon D7200... маркийн зургийн аппаратыг 450.000 төгрөгийн барьцаанд тавьж, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 560.400 төгрөгөөр авсан байна. Баримт нь байхгүй тул цахим бүртгэлээс гаргаж өгье...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 37 дахь тал/,

Гэрч М.Э:

“...Би “Эрх цэцэгс” ХХК-ийн “Смарт 24” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар 2022 оны 06 дугаар сараас хойш ажиллаж байна. Манай ломбардын хаяг Баянгол дүүргийн 22-р хороо, 22-р байрны дэргэд байрладаг. Б.Ду гэх хүний У395051614 регистрийн дугаараар хайлт хийхэд уг хүн нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр HP маркийн... зөөврийн компьютерыг 700.000 төгрөгөөр барьцаанд тавьж, 2022 оны 03 дугаар сарын 01- ний өдөр буцаан авсан байна. Энэ хугацаанд 300.000 төгрөг нэмж аваад 1.000.000 төгрөг дээр 216.000 төгрөгийн хүү, хугацаа хэтэрсний 176.000 төгрөг гээд нийтдээ 1.392.000 төгрөг орчмоор авсан байна. Баримт нь байхгүй тул цахим бүртгэл дээрээс харж өглөө, уг бүртгэлд авсан мөнгөн дүн нь харагдахгүй байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 39 дахь тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 42-45 дахь тал/,

Гэрч Ш.А-ээс гаргаж өгсөн “Сүртэй” гэх ломбардын цахим бүртгэлээс хэвлэсэн 1 ширхэг хуудсыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, /хавтаст хэргийн 46-48 дахь тал/,

Гэрч М.Э-ээс гаргаж өгсөн “Smart-24” гэх ломбардын цахим бүртгэлээс хэвлэсэн 1 ширхэг хуудсыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, /хавтаст хэргийн 49-51 дахь тал/,

Гэрч Б.Ду-гээс гаргаж өгсөн “Алтан гахай” гэх ломбардын барьцаат зээлийн гэрээ 1 хуудас, И.Энхболдоос ирүүлсэн тайлбар 1 хуудсыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, /хавтаст хэргийн 52-55 дахь тал/,

Гэрч Д.М-аас гаргаж өгсөн өр авлагын дэлгэрэнгүй тайлан /кассын орлогын ордерын хуулбарын хамт/ 2 хуудас, камер зөөврийн компьютерын зураг бүхий 2 хуудас, эд зүйл хүлээн авсан баримтын хуулбар гэх 7 хуудас, бараа материалын орлогын баримт гэх 4 хуудас, эд хөрөнгийн тооллогын бүртгэл гэх 1 хуудас зэргийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, /хавтаст хэргийн 56-73 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Арвижих Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/103 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, /хавтаст хэргийн 76 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Га-өөс гаргаж өгсөн “*********** ************* 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай “Цахим албаны журам батлах тухай”, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 68 дугаартай “Цахим ажлын алба байгуулах, албаны орон тоог батлах тухай”, Цахим албаны үйл ажиллагааны журам, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 86 дугаартай “Б.Дуг цахим албаны оператораар томилох тухай”, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 270 дугаартай “Б.Ду-г үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” баримт бичгүүдийн хуулбарыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, /хавтаст хэргийн 144-151 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Ду нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, түүнээс 15.245.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Б.Ду нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Ду-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Ду нь:

Баянгол дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ************* албаны оператораар ажиллаж байхдаа 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын хооронд тус албанаас түүнд итгэмжлэн хариуцуулсан 8.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Панасоник” /Panasonic 4к АС11Х 180 үзүүлэлттэй/ маркийн камер 1 ширхэг, 2.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Никон” /Nikon D7200 маркийн 18-140 mm Nikor VR lens, хэрэглэж байсан/ маркийн зургийн аппарат 1 ширхэг, “Эйч Пи” /HP, мэдрэгчтэй /СРU-5, РАМ-16, хард-250, инч-15, хуучин/ маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Айфоне-7” /Iphone 7, хэрэглэж байсан/ маркийн гар утас 2 ширхэг, “Айфоне” /Iphone хэрэглэж байсан/ маркийн утасгүй чихэвч 1 хос, повер банк /40.000 ампер багтаамжтай, хэрэглэж байсан/ 1 ширхэг буюу нийт 15.245.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч завших гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Га, гэрч М.Тү, Б.Няндуучамба, Д.Мөнхзул,  Ш.Алтангэрэл, М.Эрдэнэчимэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Сүртэй” ломбардын цахим бүртгэлээс хэвлэсэн хуудас, “Smart-24” ломбардын цахим бүртгэлээс хэвлэсэн хуудас, “Алтан гахай” ломбардын барьцаат зээлийн гэрээ, гэрч Д.Мөнхзулаас гаргаж өгсөн өр авлагын дэлгэрэнгүй тайлан, эд зүйл хүлээн авсан баримтын хуулбар, хөрөнгийн үнэлгээний “Арвижих Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/103 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй буюу өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр авах, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож зарж борлуулах зэрэг аргаар үйлддэг.  

Хавтаст хэрэгт авагдсан ******** ************* тэргүүн их хамба, гавж Д.Ч*******-ын шүүгдэгч Б.Дуг “цахим албаны оператораар” томилсон тушаал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Га-ийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ду нь 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийг хүртэлх хугацаанд тус хийдийн цахим оператор хариуцсан ажилтнаар холбогдох хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахдаа цахим албаны эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж ажил үүргээ гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул түүнийг аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Ду нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Ду-г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас ******** Гандантэгчэнлин хийдэд 15.245.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Ду нь хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Б.Дугээс нийт 15.245.000 төгрөгийг гаргуулж хохирогч ******** Гандантэгчэнлин хийд, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Га нарт олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Ду-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад элүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Ду нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Ду-г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, урьд санаатай гэмт хэрэг үйлдэж шүүхээр гэм буруутайд тооцогдож байсан атлаа нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205022792315 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ду нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** овогт ****** Ду-г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дуг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дуд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ду-гээс 15.245.000 /арван таван сая, хоёр зуун дөчин таван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч ******** Гандантэгчэнлин хийд, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Га нарт олгосугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ду нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Ду-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ду-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ