Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
Хэргийн индекс | 187/2022/0705/Э |
Дугаар | 2022/ШЦТ/693 |
Огноо | 2022-10-18 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/693
2022 10 18 2022/ШЦТ/693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий (томилолтоор),
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210016670993 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, хоёр хүүхдийн хамт **** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч *** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 30-ны орой 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 13-221 тоот хашаанд байрлуулан тавьсан иргэн *** *** улсын дугаартай “***” маркийн тээврийн хэрэгсэл рүү “гэртээ оруулахгүй хөөж гаргасан” гэх шалтгаанаар тоосго шидэж, арын салхины шилийг хагалж 950,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгө устгасан, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би машины шилийг нь хагалаагүй намайг гүтгэж байна.Манай хүүхдээс авсан 20.000 төгрөгөө өгөхгүй байхаар нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрт нь очсон. Очихоосоо өмнө айлд төрсөн өдөрт очиж согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Намайг очиход тухайн айлын хүмүүс бүгд согтуу байсан. Хэрэгт мэдүүлэг өгсөн хүмүүс нь худлаа мэдүүлэг өгч намайг хэрэгт санаатай унагаасан. Би тухайн айлаас баяр наадам болох гэж байна гээд 20.000 төгрөгөө авах гэж ороход машины шил хагалсан гэж хэлээд цагдаа болоод ийм асуудал үүссэн. Би эрүүлжүүлэхэд ороод гарч ирээд хагалсан машины шилээ харах гэхэд байхгүй байсан. Өөр нэмж ярих зүйлгүй” гэсэн мэдүүлэг гаргасан.
Хоёр. Эрүүгийн 2210016670993 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуудлага бүртгэгдсэн лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
2. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
3. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед гэртээ хоолоо идээд байж байтал ээжийг гэртээ орсны дараа нэг эмэгтэй хүн ээжийн араас гэр лүү нь орж байсан. Би тухайн эмэгтэйг хашаанаас гар гэж хэлэхэд ээжээс чинь юм авах ёстой гээд уурлаад байсан. Би хашаанаас хөөж гаргаад хашааны хаалгаа түгжээд ээжийнх рүү ороход нэг шил архи уух гээд байж байсан. Би бодохдоо ээжтэй хамт нэг шил архи хувааж уух гээд гэрт нь орох гэж байсан байна гэж ойлгосон. Тэгээд байж байтал удалгүй гаднаас тухайн эмэгтэй тал тоосго аваад шидсэн. Би ээжийн гэрээс гараад гүйж очтол дахиж тал тоосго шидээд машины цонхыг гаднаас хагалсан. Би тухайн эмэгтэйг барьж аваад ээжийн гэрт оруулаад цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),
- хохирогчоор дахин 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: Би гомдолтой байгаа. Миний ...тээврийн хэрэгслийн арын салхины шилийг хагалчхаад одоог хүртэл холбогдохгүй тоохгүй байгаад байгаа. Би өөрийн машины арын салхины шилээ нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Приүс 41-н арын салхины шил зах зээлийн үнээр 1,000,000-1,500,000 төгрөгийн хооронд байгаа. Харин үнэлгээгээр 950.000 төгрөг гарсан байна. Би энэ мөнгийг тухайн хүнээс нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
4. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 01-ний орой ажлаа тараад гэртээ иртэл хашааны үүдэн дээр манай гэрийн цаад талд хашаа нь байдаг айлын *** гэх эмэгтэй нэлээн согтуу байдалтай хашаа налаад сууж байсан. Тэгэхээр нь би юу ч ярилгүй хажуугаар нь яваад өнгөртөл намайг дагаад гэр рүү орох гэтэл хүүхдүүд *** гэрээс хөөж гаргасан. Манайхаас гарахдаа орилоод агсан согтуу тавиад байсан. Тэгтэл *** дахиад гэрт орж ирэхэд хүүхдүүд дахин хөөж гаргахад уурандаа гаднаас тоосго аваад хашааны хаалгыг эхлээд цохисон. Тэгэхэд хашааны хаалганы төмөр нь хонхойсон байсан. Тэгээд дахиад тоосго аваад шидтэл охины машины арын шилийг хагалсан байсан. Тухайн үед охин *** байшингийнхаа цонхоор хараад, надад орж ирж хэлсэн. Би тухайн үед гэртээ байсан. Тэгээд би гэрээсээ гарч ирээд ***т чи яагаад машины цонх хагалж байгаа юм бэ гэхэд яадаг юм танай хүүхдүүд яагаад намайг танай гэрт оруулахгүй байгаа юм гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
5. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 30-ний орой хөрш айл ***ынд оройн хоол идэж байсан. Тэгтэл манай яармагт байдаг *** гэх эмэгтэй ***ын ээж *** ажлаасаа ирэхэд нь дагаад хашаанд нь ороод ирсэн. *** хашаанаасаа хөөгөөд гаргасан. Тэгтэл дахин орж ирээд ээжийнх нь гэрт нь орсон. *** дахин хөөж гаргахад уурлаж элдэв дээдээр хэлээд байсан. Бид нар ***ын байшинд байж байтал гадаа нэг юм пид гээд нэлээн чанга дугарсан. Тэгээд гүйгээд гартал ***ын приүс 41 маркийн машины арын салхины шилийг *** тал тоосго шидээд хагалсан байсан. *** би хагалаагүй гээд шал согтуу орилоод байсан. Тэгээд цагдаа дуудаад, цагдаа иртэл *** хашаандаа оруулаад байлгаж байгаад цагдаад хүлээлгэн өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
6. Сүлд үнэлгээ ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №319 дугаартай 9444 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилний зах зээлийн үнэлгээг 950,000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
7. Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдөр өгсөн: Би тогтоолтой уншиж танилцлаа. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2210016670993 дугаартай тогтоолтой санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл би энэ хэргийг хийгээгүй. Энэ хүмүүс намайг бөөнөөрөө гүтгээд байна. Тухайн асуудлын талаар гэрчийн мэдүүлэг өгч байхдаа хангалттай ярьсан. Одоо надад яллагдагчаар мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Би энэ хэргийг хийгээгүй. Би хавтаст хэргийн материал болон бусад зүйл дээр гарын үсэг зурахгүй, би яллагдагчаар татсан 2210016670993 дугаартай тогтоолыг эсэргүүцэж байна. Надад өөр хэлэх зүйл байхгүй.....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),
8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчид 950.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаж оролцсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2022 оны 06 дугаар сарын 30-ны орой 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Нүхтийн 13-221 тоот хашаанд байрлуулсан байсан иргэн *** *** улсын дугаартай “***” маркийн тээврийн хэрэгсэл рүү “гэртээ оруулахгүй хөөж гаргасан” гэсэн шалтгаанаар тоосго шидэж, арын салхины шилийг хагалж 950,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
- 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
- Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед гэртээ хоолоо идээд байж байтал ээжийг гэртээ орсны дараа нэг эмэгтэй хүн ээжийн араас гэр лүү нь орж байсан. ...Би хашаанаас хөөж гаргаад хашааны хаалгаа түгжээд ээжийнх рүү ороход нэг шил архи уух гээд байж байсан. ...удалгүй гаднаас тухайн эмэгтэй тал тоосго аваад шидсэн. ...гүйж очтол дахиж тал тоосго шидээд машины цонхыг гаднаас хагалсан. Би тухайн эмэгтэйг барьж аваад ээжийн гэрт оруулаад цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал), мөн хохирогчоор дахин 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
-Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...*** гэх эмэгтэй нэлээн согтуу байдалтай хашаа налаад сууж байсан. ...намайг дагаад гэр рүү орох гэтэл хүүхдүүд *** гэрээс хөөж гаргасан. ...*** дахиад гэрт орж ирэхэд хүүхдүүд дахин хөөж гаргахад уурандаа ...тоосго аваад шидтэл охины машины арын шилийг хагалсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
-Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...*** гэх эмэгтэй ***ын ээж *** ажлаасаа ирэхэд нь дагаад хашаанд нь ороод ирсэн. *** хашаанаасаа хөөгөөд гаргасан. ...гадаа нэг юм пид гээд нэлээн чанга дугарсан. ...гартал ***ын приүс 41 маркийн машины арын салхины шилийг *** тал тоосго шидээд хагалсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
- Сүлд үнэлгээ ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №319 дугаартай үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 26-27 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаж оролцсон ба Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардахыг ...” хориглоно., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. гэж хуульчилсан тул шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй юм.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч *** согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Нүхтийн 13-221 тоотод оршин суух *** орон байранд зөвшөөрөлгүй орохыг завдсанаас маргаан үүсэж, гэртээ оруулсангүй хөөж гаргалаа гэх шалтгаанаар хашаанд байрлуулсан *** тээврийн хэрэгсэл рүү тоосго шидэж, арын салхины шилийг хагалсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар мэдүүлсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг агуулгын зөрүүгүй, тогтвортой байх ба бусад эх сурвалж нотлох баримтаар давхар тогтоогдсон тул тэдний мэдүүлгийг худал гэж үзэх үндэслэлгүй, хууль ёсны үнэн зөв нотлох баримт гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн мэдүүлэг бусад эх сурвалжаар тогтоогдвол нотлох баримтаар үнэлдэг бөгөөд тухайн хэрэгт шүүгдэгч ***ийн өгсөн мэдүүлэг бусад баримтаар тогтоогдоогүй, харин няцаагдсан болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол гэм буруугийн санаатай хэлбэр болох талаар хуульчилсан.
Хууль зүйн ойлголтоор гэмт үйлдлийн улмаас бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “гэмтээх” гэж ойлгох бөгөөд тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтой байдаг.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нь хохирогчийн 9444 УАТ улсын дугаартай Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг тоосгоор цохиж гэмтээсэн ба эвдэрсэн эд хөрөнгийн гэмтлийг хөрөнгийн үнэлгээний Сүлд үнэлгээ ХХК-аас 950,000 төгрөгөөр тогтоосон, уг хохирол, шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Түүнчлэн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ. Тодруулбал шүүгдэгчийн тоосго авч байгаа, шидэж байгаа үйлдэл ухамсарт үйлдлээр хийгдэж байгаа санаатай үйлдэл юм.
Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгссөнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч ***ийн гэмтээсэн эд хөрөнгийн үнийг хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр 950,000 төгрөгөөр тогтоосон нь хуульд заасан бага хэмжээ буюу 300,000 төгрөгөөс дээш хэмжээнд хамаарч байх тул Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж,
“Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Шүүгдэгч *** нь Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.***д хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 950,000 төгрөгийн хохирлыг учруулсан байх тул шүүгдэгчээс 950,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.***д олгох үндэстэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Мөн ялын хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Нүхтийн 13-221 тоот очихыг хориглох үүргийг хүлээлгэх саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Иймд шүүгдэгч ***ийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл буюу согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирол, хор уршгийг арилгаагүй, нөгөө талаас хувийн байдал эрхэлсэн ажилгүй, өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, ялын хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг, мөн хохирогч *** гэр болох Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Нүхтийн 13-221 тоотод очихыг тус тус хориглох үүргийг хүлээлгэж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар:
1/Хохирогч Х.*** нь тээврийн хэрэгсэлд учирсан эд хөрөнгийн эвдрэлийн хохирлын үнийг тогтоолгохоор хөрөнгийг үнэлгээг байгууллагад шинжээчийн ажлын хөлсөнд 58,000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэж заасан тул мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч ***аас 58,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.***д олгох үндэстэй байна.
2/Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тус хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч ***ийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг, мөн хохирогч *** гэр болох Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Нүхтийн 13-221 тоотод очихыг тус тус хориглох үүргийг хүлээлгэж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус баримтлан шүүгдэгч ***аас хохиролд 950,000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 58,000 төгрөг, нийт 1,008,000 (нэг сая найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Х.***д олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ***ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН