Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 640

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

 

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, “Ногоон хотхон” хорооллын ... тоотод оршин суух, О.Эын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, А-д байрлах “Л” ХХКомпанид холбогдох

 

            “Х” фитнес төвийн тоног төхөөрөмжийн үнэлгээ тогтоосон 2018.8.28-ний өдрийн 18/04 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 173 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Хны Баруун-Урт салбарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69 401 466.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Э миний бие болон хамтран үүрэг гүйцэтгэгч С.У нар барьцааны хөрөнгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Миний хөдлөх хөрөнгө болох “Х” фитнес төвийн тоног төхөөрөмжийг Сүхбаатар аймгийн ШШГАлбаны шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 17170343/02 тоот шинжээч томилох тогтоолоор томилогдсон үнэлгээчин Ц.Э нь 2018.8.28-ний өдрийн №18/04 дугаартай үнэлгээг хийсэн ба үнэлгээний тайланг 2018.9.05-ны өдөр надад танилцуулсан. Дээрх үнэлгээ нь хөдлөх хөрөнгө болох фитнесийн тоног төхөөрөмжний зарим тоног төхөөрөмжийг огт үнэлээгүй орхигдуулсан, зарим төхөөрөмжийг зах зээлийн үнээс дутуу үнэлсэн болон гантелний килограммыг хэт ихдүүлсэн, элэгдэл хорогдлыг 40 хувиар тооцож, цаашид ажиллах хугацааг 2.5 жил гэж тогтоосон байх тул энэ үнэлгээнд үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандаж байна. Үүнд: Огт үнэлээгүй тоног төхөөрөмж диск-600 кг, махир гол 2ш, дискны тавиур, нурууны төхөөрөмж 1ш, иогийн матрас 17ш, степ 18ш, хувцасны шүүгээ 48ш, хөгжим 1ш, фитнесийн хамгаалалтын шалны резин 40ш,

дутуу үнэлсэн дугуй 3ш, хэтрүүлэн үнэлсэн гантел 500 кг-ыг 765 кг гэж нэмж үнэлсэн. Иймээс миний хөдлөх хөрөнгө болох фитнесийн тоног төхөөрөмжний зарим тоног төхөөрөмжийг огт үнэлээгүй орхигдуулсан болон зарим төхөөрөмжийг зах зээлийн үнээс бага үнэлсэн, элэгдэл хорогдлын хэмжээг хэт өндөр үнээр тооцсон болон цаашид ажиллах хугацааг 2.5 жил гэсэн дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг зөвшөөрөхгүй байх тул “Х” фитнес төвийн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэлгээ тогтоосон “Л” ХХКомпанийн 2018.8.28-ны өдрийн 18/04 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

          Хариуцагч “Л” ХХКомпанийн захирал /шинжээч/ Ц.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тоног төхөөрөмжийг үнэлэх тогтоолыг хүлээн аваад шинжээч нь шийдвэр гүйцэтгэгч Аваасүрэнгийн 17170343/02 тоот хөрөнгө хураах тухай тогтоолыг үндэслэн жагсаалтын дагуу 26 нэр төрлийн 37 ширхэг төхөөрөмжийн үнэлгээ тогтоох тогтоолыг гүйцэтгэсэн. Шинжээчийн хувьд тэр фитнесд очиж үнэлгээ хийхэд төвөгтэй байсан ба олон удаагийн үйлдлээр өөртэй нь уулзах хүсэлт, санал хэлсэн ч уулзахгүй зугтаах, уурлах, тайлбар өгөхөөс татгалзаж байсан тул өөрөөс нь тайлбар авч чадаагүй болно. Тухайн тоног төхөөрөмжийн албан ёсны гэрээт борлуулагч “О” спортын барааны дэлгүүрээр очиж үнийн саналыг авч үнийн судалгааг хийсэн тул тоног төхөөрөмжийн үнийн хувьд маргаан гарахгүй гэж үзсэн. Нэхэмжлэгч О.Эын огт үнэлгээгүй тоног төхөөрөмжинд жагсаасан нурууны төхөөрөмж, дискны тавиур 2 нь 37 төрлийн тоног төхөөрөмжийн үнэлгээнд орсон, харин бусад төхөөрөмжийн хувьд тогтоолын жагсаалтанд ороогүй учир шинжээчийн зорилго биш гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч “Л” ХХКомпанид холбогдуулан “Х” фитнес төвийн тоног төхөөрөмжийн үнэлгээ тогтоосон 2018.8.28-ний өдрийн 18/04 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Хариуцагч “Л” ХХКомпанийн захирал /шинжээч/ Ц.Эд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

            Хариуцагч “Л” ХХКомпанийн захирал /шинжээч/ Ц.Э нь нэхэмжлэгч О.Эын огт үнэлгээгүй тоног төхөөрөмжинд жагсаасан нурууны төхөөрөмж, дискны тавиур 2 нь 37 төрлийн тоног төхөөрөмжийн үнэлгээнд орсон, харин бусад төхөөрөмжийн хувьд тогтоолын жагсаалтанд ороогүй учир шинжээчийн зорилго биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            Шүүх нэхэмжлэгч О.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

            Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 173 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Хны Баруун-Урт салбарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69 401 466.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Э, хамтран үүрэг гүйцэтгэгч С.У нар барьцааны хөрөнгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. 

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, “Ногоон хотхон”-д байрлах “Х” фитнес төвийн тоног төхөөрөмжийг 2017.12.19-ний өдрийн 02 тоот актаар битүүмжлэн, мөн өдрийн 17170343/02 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор 26 нэр төрлийн, 37 ширхэг тоног төхөөрөмжийг хураажээ. 

 

            Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор 2018.8.24-ний өдрийн 17170343/03 дугаар тогтоолоор “Л” ХХКомпанийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч 2018.8.28-ны өдрийн 18/04 дугаартай дүгнэлтээрээ “Х”фитнес төвийн 26 нэр төрлийн, 37 ширхэг тоног төхөөрөмжийг үнэлсэн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна. 

 

            Нэхэмжлэгч О.Э нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг үнэлгээчин нь  фитнесийн тоног төхөөрөмжийн зарим тоног төхөөрөмжийг огт үнэлээгүй орхигдуулсан, зарим төхөөрөмжийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн болон гантелний килограммыг хэт ихдүүлсэн, элэгдэл хорогдлыг 40 хувиар тооцож, цаашид ажиллах хугацааг 2.5 жил гэж тогтоосон гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлд дурдсан дээрх нөхцөл байдлууд хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч “И” спортын барааны дэлгүүрийн фитнесийн тоног төхөөрөмжийн үнийн санал, маргаж буй тоног төхөөрөмжүүдийн гэрэл зургийг ирүүлсэн боловч хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох эд хөрөнгө хураах тухай тогтоол, үнэлгээчний эд хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээний тооцоолол зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй байна. 

 

           Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.Э нь ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан “хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ.

 

           Хариуцагчаас хариу тайлбартаа хавсарган ирүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө хураах тухай 17170343/02 тогтоолын хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

            Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч О.Эын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан О.Эын нэхэмжлэлтэй “Л” ХХКомпанид холбогдох “Х” фитнес төвийн тоног төхөөрөмжийн үнэлгээ тогтоосон 2018.8.28-ны өдрийн 18/04 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Эын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ЭРДЭНЭЗУУ