Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/843

 

 

 

 

 

 

     2022           11            10                                          2022/ШЦТ/843

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: С.Энхтуул

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *** овогт ***гийн ***ид холбогдох 2205011642224 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 12 дугаар сарын 23-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, *** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух хаягтай,   

*** овогт ***гийн *** /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ***г заамдах, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ***г заамдах, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2205011642224 дугаартай хэргээс:

 

2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ***н хохирогчоор өгсөн “...*** намайг шууд урдаас заамдаж аваад гараараа нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохисон. Би өөрийн гар утсаар цагдаад дуудлага өгч, ***г эрүүлжүүлэх байр руу авч явсан. Миний биеийн байдал зүгээр байгаа. Санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ***н хохирогчоор өгсөн “...Хамар 2 шалбархайтай, зүүн хөмсөгний дээр шалбарсан. Хоолой бооход маажуулж улайсан. Баруун гарын бугуй хөндүүртэй байна. Гомдол санал байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ***ийн гэрчээр өгсөн “...*** ахыг заамдаж аваад нүүрэн тус газарт нь 1-2 удаа гараараа цохисон. *** ахтай тааралдахад ах нь гомдолгүй гэж хэлсэн. Би тухайн үед нэлээн согтсон байсан болохоор өөрийгөө хянаагүй хүний биед халдсан байна. Энэ үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 5045 дугаартай “...***н биед зүүн хөмсөгт шарх, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой....” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ***ид холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч *** нь “2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ***г заамдах, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь шүүгдэгч ***ийн мэдүүлгүүд, хохирогч ***н мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 5045 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч *** нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ийн “2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ***г заамдах, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ***ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч *** нь хохирогч ***д төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ“...ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг гаргасан болохыг тэмдэглэж байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь “2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ***г заамдах, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ***ид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 74 тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ***ид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд ***ид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч ***ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ