Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2024/0309

 

 

 

 

“Н*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч: З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Н*******” ХХК

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/272 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “Н*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2023/0901/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Н*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/272 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “Н*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах”-аар маргасан.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаар шийдвэрээр: 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/272 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “Н*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 34 дүгээр зүйлд заасан зарчмыг зөрчсөн.

3.2.Манай өмгөөлөгч Н.Б******* нь 2024 оны 01 сарын 04-ний өдөр нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан. Хүсэлтийн дагуу legalinfo.mn эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээс Монгол Улсын Засгийн газрын 8 тогтоолыг хавтаст хэрэгт хавсаргасан. Үүний 5 нь “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай”, 1 нь “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай”, 2 нь “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолууд байна. Нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нөхцөлийг тогтооход Засгийн газрын 2020 оны 226, 2021 оны 27, 91, 104 дүгээр тогтоолуудыг хэрэгт нотлох баримтаар хавсаргах нь хэргийг үнэн зөв, бүрэн бодитой шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд байсан боловч анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах нэхэмжлэгч талын хүсэлтийг бүрэн хангаагүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх хэсэгт заасан үндэслэл болж байна.

3.3.Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтыг бүрэн цуглуулсан бол нэхэмжлэгчийн 8 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг үгүйсгэх байжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 104 дүгээр тогтоолоор хамгийн сүүлд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл сунгаж байсан байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" А/1242 дугаар захирамж гарч 13 төрлийн үйл ажиллагааг зөвшөөрсөн.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-т "хязгаарлалтын дэглэм" гэж засаг захиргаа, нутаг дэвсгэр, голомтын бүсэд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох, иргэн, байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа болон эрхийг хязгаарлахыг ойлгохоор, 10 дугаар зүйлийн 10.4.4-т гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хязгаарлалтын дэглэм тогтоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр хуульчилсан.

Нэхэмжлэгчийн хувьд дээрх 13 төрлийн үйл ажиллагаанд хамаарахгүй тул хуулийн этгээд болон хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нь хязгаарлалтад хамаарч хөл хорионы дэглэм баримталсан. Ингэснээр компанийн өдөр тутмын үйл ажиллагаа явуулах, газар дээр очиж ажиллах боломжгүйгээр 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүргэжээ. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/272 дугаар тушаал нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 493 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу гарсан. Уг саналд "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39.1.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг зөрчсөн байх тул газар ашиглах эрхийг цуцлах" -аар санал хүргүүлжээ.

Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь "нэхэмжлэгч нь газар ашиглах эрхтэй газартаа тодорхой үйл ажиллагаа эрхлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналаар тогтоогдсон. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон (шийдвэрийн 4 хуудас)" гэж мэтгэлцэж оролцсон. Эндээс дүгнэхэд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, түүнд нийцүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон дэглэмийн дагуу 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс ажлын хэсгийн дүгнэлт гарсан өдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааг тоолоход хуанлийн 2 жил хүрэхгүй байна. Хариуцагч сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр явуулахдаа энэ үед л хуанлийн 2 жил хүрсэн мэтээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г зөрчсөн гэж мэдэгдэж байжээ. Бид мөн л хоёр жилийн хугацаа хүрэхээс өмнө хариуг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр явуулсан ч бас л ажлын хэсэг дүгнэлтээ 2 жил хүрээгүй байхад гаргаж саналаа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлж байсан талаар өмнө дурдсан.

3.4.Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасныг буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагaar бид явуулаагүй талаар хэрэгт хангалттай нотлох баримтыг гаргаж өгсөн. Манай газарт өөр компаниуд бидний зөвшөөрөлгүй нэвтэрч хүч түрэмгийлэн хог хаягдлаа хаясан, түр сууц, жорлон барьж байгуулсан талаар бид дуу, дүрсний бичлэг хийн баримтжуулж сонсох ажиллагааны хариунд хавсаргаж өгсөн. Бусад компаниудын дээрх хууль бус үйлдлийн улмаас бид үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа талаараа мөн л хуанлийн 2 жил хүрээгүй байхад буюу 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдөр албан бичгээр мэдэгдэж байсан нь “Н*******” ХХК-иас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүргүүлсэн 23/02 дугаартай албан бичгээр нотлогдож байгаа.

3.5.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.3 дахь хэсэгт “нэхэмжлэгч болон хариуцагчаас шүүхэд тус газрыг газар ашиглах гэрээ байгуулсан талаар баримтыг гаргаж өгөөгүй боловч энэ нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл биш тул шүүх дүгнэлт өгөх үндэслэлгүй байна” гэжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" байх тухай зохицуулалтыг тусгасан. Энэ тохиолдолд гэрээ хэзээ байгуулагдсан, ямар зориулалтыг заасан, Ковид 19 зэрэг хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзаж байж захиргааны акт гарах учиртай. Шүүх мөн энэ талаар шаардлагатай нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж, үнэлэлт дүгнэлт хийх ёстой байсан.

Хэргийн 28 дугаар талд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах гэрээ, менежмент төлөвлөгөө дүгнэх хуудас авагдсан ба түүний 5 дугаарт Газар ашиглах гурвалсан гэрээ шинэчлэн байгуулсан талаар дүгнэсэн. Харин 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн шүүх хурлын тэмдэглэлийн 3 дугаар талд  "Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Иргэний хуулиар гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр газар сунгуулах хүсэлт явуулсан. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д зааснаар тухайн гэрээгээ сунгуулах хүсэлт өгсөн. 2 жил хүрээгүй 1 жил байсан учраас тухайн байгууллагууд руу албан тоот хүргүүлж байсан" гэснээс дүгнэхэд манай компанитай газар ашиглах гэрээ байгуулсан гэж хариуцагч үзэж байгаа боловч уг баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Уг баримтыг шүүх харгалзан үзэх нь нотлох баримтыг үнэлэхэд зайлшгүй шаардлагатай юм.

3.6.Нотлох баримт хасахтай холбоотой гомдол гаргах эрхийг хэрэгжүүлээгүй.

Шүүх хурлын явцад 3 төрлийн баримтыг нотлох баримтаас хассан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхийг хангаагүй.

3.7.Газрын үзлэгийн тэмдэглэл хэрэгт байхгүй.

 Шүүгчийн санаачилгаар газрын үзлэг хийсэн боловч тэмдэглэл нь хэрэгт авагдаагүй, тэмдэглэлийг оролцогчдод танилцуулаагүй.

3.8.Хурлын тэмдэглэл, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэх хугацааг өөр өөрөөр тусгасан. Шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2.9 жил ашиглаагүй (шүүх хурлын 2 дахь дуу дүрсний бичлэгийн 02:20 дахь минутад) гэж үндэслэлээ тайлбарласан боловч шүүхийн шийдвэрт 8 жил гэж дүгнэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмнө нь 1.1 жил байсан учраас газар ашиглах гэрээг сунгасан гэж мэдүүлдэг, шүүгч өөрөө 2.9 жил газраа ашиглаагүй байна гэж шүүх хуралд ярьсан атлаа чухам юуг үндэслэн 8 жил ашиглаагүй гэж дүгнэсэн болох нь ойлгомжгүй, үндэслэлгүй шийдвэр болсон.

3.9.Сонсох ажиллагаа явуулах хуульд заасан журмыг зөрчсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 17, 18, 27 дугаар зүйлийг зөрчиж итгэмжлэлгүй этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. Ингэхдээ мэдэгдлийн агуулга нь 2 жил хүрээгүй байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг баримталсан, газрын төлбөр төлсөн атал мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг баримталсан байдаг. Мөн зэргэлдээ компанийн ажил гүйцэтгэгч нар хууль бусаар манай газарт нэвтэрч, хог хаягдал хаях болон түр байгууламжууд барьсан атал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39.1.2 дахь заалтыг үндэслэсэн тухай мэдэгдэлд дурдсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан ерөнхий нөхцөлийг тогтоогоогүй шийдвэр гаргасан байна. Энэ нөхцөл байдлыг шүүх шийдвэр гаргахдаа буруу дүгнэсэн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 1-ний 106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангав.

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” байх тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан, “Н*******” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/321 дүгээр тушаалаар 0.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгож, 2020 оны А/662 дугаар тушаалаар хугацааг 5 жилээр сунгасан, гэвч бодит нөхцөл байдалд нэхэмжлэгчээс газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүйг маргаан бүхий тушаалд заасанчилан “хүндэтгэн үзэх шалтгаангүй” гэж үзэхээргүй байна.

Учир нь хуулийн дээрх заалтын агуулга зөвхөн “2 жил дараалан ашиглаагүй” байх нь хангалтгүй, давхар “хүндэтгэх шалтгаангүй” байх тохиолдолд зэрэгцэн хэрэглэгдэнэ.

“Н*******” ХХК-иас 2018 онд аялал жуулчлалын цогцолбор барихаар Архитектур төлөвлөлтийн даалгавар болон цогцолборын загвар зургаа тус тус батлуулсан, ашиглах эрх бүхий газраа бусдаас тусгаарлаж хашаалсан, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байсан боловч хөрш залгаа газар ашиглагч “Х*******” ХХК, “П*******” ХХК, “С*******” ХХК болон “А*******” ХХК-иас нэхэмжлэгчийн эзэмшил газарт барилгын материал буулгасан, зөвшөөрөлгүйгээр хог хаягдал оруулж, барилгын ажилчдын түр сууц байрлуулж үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүсгэсэн нь хэрэгт авагдсан фото зургууд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газрын мэдээллийн сангаас 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хэвлэсэн газрын байршлын зураг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 1/50 дугаар албан бичгээр ирүүлсэн 2021 оны сансрын зургийг давхцуулсан байдал, нэхэмжлэгчээс дээрх нэр бүхий компаниуд руу явуулсан 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 23/01 дүгээр “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичиг, “Х*******” ХХК-ийн хариу албан бичиг, “А*******” ХХК-ийн баригдаж буй барилга, мөн нэхэмжлэгчийн хэрэгжүүлэх төслийн гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч “О*******” ХХК-иас дээрх компаниудад хандаж 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр газар чөлөөлөх тухай албан шаардлага хүргүүлж байсан зэргээр тус тус тогтоогдож байхад шийдвэрт энэ талаар “…аялал жуулчлалын цогцолбор барих ажлыг эхлүүлээгүй…, хөрш этгээдүүд газар дээр нь зөвшөөрөлгүй нэвтэрч барилгын материал, хог хаягдлаа буулгасныг үндэслэл бүхий шалтгаан гэж үзэх хууль зүйн боломжгүй…, ашиглаж буй газраа хамгаалах, бусдыг хууль бусаар нэвтрүүлэхгүй байх, шаардлагатай бол өөртөө туслах, эрх бүхий этгээдээр албадан чөлөөлүүлэх боломжоо ашиглаагүй…” гэх мэтээр дүгнэснийг зөвтгөх боломжгүй.

Учир нь Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг”,

-мөн зүйл, хэсэгт заасан "…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг тус тус ойлгоно” гэж тайлбарлажээ.

2.Шийдвэрт дээрхийг тус тус дурдахдаа “тогтоогдсон үйл баримт” гэж үзсэн атлаа хөрш залгаа газар ашиглагч “Х*******” ХХК, “П*******” ХХК, “С*******” ХХК, “А*******” ХХК-иас нэхэмжлэгчийн эзэмшил газарт барилгын материал буулгасан, зөвшөөрөлгүйгээр хог хаягдлаа оруулж, түр сууц байрлуулсаныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзээгүй, түүнчлэн “…анх олгосноос хойш 8 жилийн хугацаанд газар дээр аялал жуулчлалын цогцолбор барих ажлыг эхлүүлээгүй….” гэж дүгнэсэн нь Газрын тухай хуулийн холбогдох заалт болон Улсын дээд шүүхийн тайлбартай нийцсэнгүй.

1-р хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан газар ашиглах гэрээ, менежментийн төлөвлөгөө дүгнэх хуудасны /2020.10.29, 2020/147/ эрх зүйн харилцааны мэдээлэл хэсэгт “2019.07.05-2019/252 тоот газар ашиглах гурвалсан гэрээ” гэж тусгагдсан, 226-229 дүгээр талд энэхүү гэрээ эх хувиараа авагдсан байхад шийдвэрт “…нэхэмжлэгч болон хариуцагчаас шүүхэд газар ашиглах гэрээ байгуулсан талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч энэ нь маргаан бүхий тушаалын үндэслэл биш тул дүгнэлт өгөх үндэслэлгүй…” гэсэн нь ойлгомжгүй, нэгэнт гурвалсан гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд хуульд заасан хугацааг шийдвэрт дүгнэсэнчилэн анх олгосон 2015 оноос бус, харин гэрээ байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс тооцох нь зүйтэй.

 Мөн 2021 оны 7 дугаар сард хуульд заасан 2 жилийн хугацаа дуусахаар байсан гэж үзэхэд нэхэмжлэгчээс тодорхой үйл ажиллагаа явуулахаар зохих зөвшөөрөл авч, загвар зураг батлуулсан, хашаалсан зэргийг хариуцагчаас шийдвэр гаргахдаа харгалзан үзэх шаардлагатайгаас гадна Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бүх нийтийн хөл хорио тогтоосон хугацаа 2020, 2021 онтой давхцсан, 2023 оны 5 сар хүртэлх хугацаанд бусдын хууль бус ажиллагааны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн зэрэг нь нэхэмжлэгчийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ.

Харин маргаан бүхий тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар ашиглах эрх сэргээгдэх үр дагавар бий болох тул “…газар ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах…” гэснийг нэхэмжлэлийн бие даасан тусдаа шаардлага гэж үзэхгүй, шийдвэрлэх ч шаардлагагүй болно.

3.Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн эсэх нь тодорхойгүй, үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдаагүй байхад шийдвэрт үзлэг хийсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг үндэслэл болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1/-т заасныг тус тус баримтлан “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн “Газар ашиглах эрхийг цуцлах тухай” А/272 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                ШҮҮГЧ                                                                    З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                                     Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН