Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0662

 

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0662

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.О

Хариуцагч: С дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: Б.И

Нэхэмжлэлийн шаардлага: С дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зуслангийн 357 м.кв газар дээр 6 ам бүл гэр бүлийн амьдрах орц, гарц гаргах тухай захирамж гарган шийдвэрлэхийг С дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч /цахимаар/, гуравдагч этгээд Б.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.О нь байнга амьдран суух зорилгоор С дүүргийн 19-р хороо Шарга морьт зуслангийн 357 м.кв газрыг шилжүүлэн авсан.

Тус газрын урд хэсгээр шууд залган төв зам байрладаг тул хашааны урд хэсгээр орц, гарц гаргах боломжгүй тул байшинг урд талдаа шахаж барин, ар талдаа гаргах хүсэлтийг С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргаснаар манай ард талын орц гарцын хэсгийг хашиж нийтийн эзэмшлийн газрыг хашсан байсан Б.И-ын газрын эрхийг цуцалсан. Харин танай шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2021/0008 дугаар захирамжийн дагуу тус газрын эрхийг дахин сэргээж манай эрх ашиг дахин зөрчигдөж эхэлсэн.

Нэхэмжлэгчийн хувьд хэдийгээр тус газрын асуудлыг шийдвэрлэхэд оролцох эрхээ эдэлж чадаагүй ч шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна.

Гагцхүү манай хашааны өмнөх газраар гарц гаргах ямар ч боломжгүй 2 метр өндөр ганга хэсэг байх ба залгаад шууд төв зам өнгөрөх тул хүүхдүүд шууд зам руу орох маш эрсдэлтэй, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд шууд хохирол учрахаар байдаг тул бид газрынхаа хойд хэсэгт орц гарц гарган хашаа руугаа орохоос өөр аргагүй байдаг билээ.

Энэ талаар С дүүргийн Газар зохион байгуулалтын алба тодорхой шийдвэр гаргаж өгөхгүй орц гарцыг шийдэхгүй байсаар бид хашаандаа орж чадахгүй 2 жил өнгөрч байна.

Манайх цуцлагдсан байсан газраар буюу Б.И-ын хашаагаар дамжуудан гарц орцоо шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд урдуураа маш өндөр эгц хясаатай тул хүүхдүүд шууд зам давж унах, замтай залгаа тул машинд мөргүүлэх маш өндөр эрсдэлтэй байгааг С дүүргийн хуульч болон газар зохион байгуулагч нар хэд хэдэн удаа газар дээр очин зөвхөн Б.И-ын газраас гарц орц гаргах боломжтой талаар дүгнэлт гаргасан байгаа.

Иймд манай эзэмших эрх бүхий газар руу орц гарц гарган шийдвэрүүлэх үүргийг төрийн байгууллага, албан тушаалтанд үүрэг болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч С дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-с шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны Журам батлах тухай 83 дугаар тушаалаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ыг баталсан. Тус журамд дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь газар хүссэн өргөдөл хүлээн аваад суурин болон хээрийн судалгаа хийхдээ нэгж талбарын орц, гарцын асуудлыг судлан шийдвэрлэх тухай зохицуулсан. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мөн бөгөөд тус хуулийн 19 дүгээр зүйлд заасан эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.

Газрын мэдээллийн нэгдсэн сангаас үзвэл нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас урагш шороон зам руу орох бүрэн боломжтой байхад дүүргийн Газар зохион байгуулалтын алба нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын орц, гарцны асуудлыг огт шийдэж өгөөгүй гэж үзэхгүй, мөн Б.И-ын хууль ёсны эзэмшлийн газрыг дайруулан орц, гарц хийх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр тусдаа нэгж талбартай, тус тусдаа орц гарц нь тодорхой байдаг бөгөөд орц гарцын асуудал байхгүй. Газрын албаны зүгээс хэн нэгний эрх ашгийг зөрчиж газар олголт хийгээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс заавал нөгөө талаар гарах зүйлийг ярьдаг. Иргэн Б.О нь тухайн газрын орц гарцын асуудлыг шийдэж, хүнээс газрын эрхийг шилжүүлж авсан байх. Газрын албанаас орц, гарцыг таглаж газар олголт хийсэн бол хариуцах байсан. Тус тусдаа нэгж талбартай, хоёр талд гудамж үүссэн бөгөөд үүнд Газрын албанаас ямар нэг байдлаар зохицуулалт хийх боломжгүй. Нэхэмжлэгч жалга байгаа, түүнийг засаж чадахгүй араар нь гарна гэдэг. Хариуцагчийн зүгээс орц гарцын асуудал байхгүй гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд Б.И шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.О-ын эзэмшил газрын урд хэсэгт хясаа, хэт өндөр эрэг байхгүй. Байршил нь уулын энгэр хэсэг тул тэр хавийн айлууд өөрсдийн хөрөнгөөр газрыг тэгшлэн орц, гарцаа шийдсэн байдаг. Б.О нь орц, гарцаа бусад айлуудын адилаар хийх бүрэн боломжтой.

Зөвхөн орц, гарц гаргах нэрийдлээр миний эзэмшил газар руу халдаж, 2 ч удаагийн үйлдлээр босгосон хашааг эвдсэн нь газраа хойш тэлэх гэсэн санаа гэж үзэж байна.

Газрын маргааны талаар удаа дараа С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж байхад зөвхөн нэг л удаа 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 11.35 цагт газар зохион байгуулагч Н.М, хуулийн хэлтсийн ажилтан Д.О нар ирж, гурван тал уулзсан. Н.М нь чи 408 м.кв газраасаа 200 м.кв газрыг чөлөөлж, Б.О-т гарц, орцыг нь шийдэж өг. Тэгвэл чамд шинээр гэрчилгээ олгож өгье гэж байсан. С дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ажилтан Н.М нь хэт нэг талыг баримтлан ажиллаж, бусдын эрх ашгийг илт зөрчин, шүүхийн шийдвэрийг одоо болтол биелүүлээгүй байгаа.

Иймд Б.О-ын гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О-с С дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан С дүүргийн 19-р хороо, Шарга морьт зуслангийн 357 м.кв газар дээр 6 ам бүл гэр бүлийн амьдрах орц, гарц гаргах тухай захирамж гарган шийдвэрлэхийг С дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хариуцагч С дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

С дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтод байрлах 357 м.кв газрыг эзэмшигч иргэн Б.Б 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 000718686 дугаар гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр газар эзэмших эрхээ А.П-д шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн С дүүргийн Засаг даргын 2019 оны А/52 дугаар захирамжаар А.П-д эзэмшүүлсэн байна. Улмаар С дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/333 дугаар захирамжаар дээрх газар эзэмших эрхийг иргэн А.П-с нэхэмжлэгч Б.О-т шилжүүлэн эзэмшүүлж, мөн оны 10 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

Харин гуравдагч этгээд Д.И-д мөн дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/404 дүгээр захирамжаар 19 дүгээр хороо Шарга морьтод зуслангийн зориулалтаар 430 м.кв эзэмшүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь эрх хэмжээтэй байна: 23.2.13.газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг батлах; 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.,  Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын Зургаа дахь хэсгийн 6.2-т Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд: 6.2.2.   Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах; 6.2.4.   Шаардлагатай тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тодруулахдаа хөршүүдтэй нь болон шилжүүлэн авч буй этгээдтэй тохиролцуулж энэ журмын 4 дүгээр хавсралт /Хөршүүдтэй хийсэн тэмдэглэл/-ыг ашиглан тэмдэглэл үйлдэж албажуулах /тухайн нэгж талбартай хил залгаа хөршүүдийг байлцуулах бөгөөд хөршийн төлөөлөл нь эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд байна/., 6.3-д Энэ журмын 6.2.4-д заасан шаардлагатай гэсэнд дараах тохиолдол хамаарна. Үүнд: 6.3.1.Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох; гэж заажээ. 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын кадастрын зураг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээс үзвэл нэхэмжлэгч Б.О, гуравдагч этгээд Д.И нарын эзэмшихтэй газрууд нь давхцаагүй, тусдаа орц, гарцтай байх бөгөөд нэхэмжлэгчийн хөрш зэргэлдээ газрууд зам руу харсан эрэг бүхий газрыг засаж орц, гарц гаргасан болох нь тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг шилжүүлэн авах үед гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх тухай дүүргийн Засаг даргын захирамж гарсан байсан бөгөөд А.О өөрийн хүсэл зоригийн үндсэн 357 м.кв газрыг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, С дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зуслангийн 357 м.кв газар дээр 6 ам бүл гэр бүлийн амьдрах орц, гарц гаргах тухай захирамж гарган шийдвэрлэхийг С дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.О-с С дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан С дүүргийн 19-р хороо, Шарга морьт зуслангийн 357 м.кв газар дээр 6 ам бүл гэр бүлийн амьдрах орц, гарц гаргах тухай захирамж гарган шийдвэрлэхийг С дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.О-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.ДАМДИНСҮРЭН