Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 322

 

 

 

 

 

       2018          01           29

                        210/МА2018/00322

 

 

 

П.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                          

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02924 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК-д холбогдох

 

Хохиролд 900 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр unegui.mn сайтаас гар утас зарна гэх зарын дагуу Сийн 96209194 дугаар бүхий утастай үл таних хүнээс 900 000 төгрөгөөр Эс-7 загварын гар утас худалдан авч хэрэглэж байтал 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс дуудаж уг худалдан авсан утас нь хулгайд алдагдсан тухай надад мэдэгдэж, гэрчээр байцаасан. Улмаар 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дээрх гар утсыг хураан авч, хохирогч Ц.Энхтуулд хүлээлгэн өгсөн болно. Миний бие хохирлоо барагдуулахын тулд хулгайн утас худалдсан үл таних хүнийг олж, хохирол барагдуулах хүсэлт гаргасан боловч Сийн 96209194 тоот дугаар нь тус компанид эзэмшигчийн ямар нэгэн бүртгэлгүй болохыг олж мэдсэн. Улмаар 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Прокурорын 749 тоот тогтоолоор хөнгөн хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сар өнгөрсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Би С ХХК нь эзэмшигчийн бүртгэлгүй дугаар олгосны улмаас өөрийн мөнгөн хөрөнгөөр хохирсон. Өөрөөр хэлбэл 96209194 тоот дугаар нь эзэмшигчийн бүртгэлтэй байсан бол энэхүү бусдын гар утас хулгайлсан хэргийн эзэн холбогдогчийг тогтоож, миний бие хохирлоо түүнээс бүрэн барагдуулах боломжтой байсан. Хулгайн хэрэг гарч бусдад гэмт хэргийн замаар хөрөнгөжих боломж олгосон С ХХК-аас 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зарын дагуу уулзаад өөрийн банкны данснаас мөнгө авч бэлнээр өгсөн. Иргэд хооронд ийнхүү худалдаа хийхэд заавал бичгийн гэрээ шаардлагагүйгээс гадна нэг хоёр хоногийг алдаж хэлсэн гээд баримтыг үгүйсгэх боломжгүй гэжээ.

Хариуцагч С ХХК-ийн гаргасан тайлбарт: П.Б нь гар утас худалдан авахдаа хэн болох нь тодорхойгүй этгээдээс хулгайн гэмт хэргийн замаар олж авсан зүйлийг өөрийн хайхрамж болгоомжгүй үйлдлийн улмаас авсан. Мөн гар утас худалдсан хүний овог, нэрийг тодруулах, бичиг баримтыг нь шалгах, гэрээ хэлцэл байгуулах, мөнгө өгсөн, авсан баримт үйлдэх зэргээр үүсч болох эрсдлээс сэргийлж болох байсан боловч тийм үйлдэл хийгээгүй байна. Нөгөө талаас П.Б нь хулгайн гар утсыг үл таних нөхрөөс авсан, түүнд хариу төлбөр болгон 900 000 төгрөг төлсөн гэж мэдүүлж байгаа боловч энэ үйлдлийг тогтоосон ямар ч нотлох баримт байхгүй байна. Тэрээр нэхэмжлэлдээ 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр худалдан авсан гэх боловч хэрэгт авагдсан үнэгүй групп ХХК-аас ирүүлсэн хариунд зарыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр буюу 2 хоногийн дараа тавьсан байна. Мөн хохирогч Ц.Энхтуулын гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч Б.Олзбаяр нь Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцдаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 16.1, 21.1, 28.2.11 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээ авах үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй буюу гар утас хулгайлсан этгээдийг олж тогтоогоогүй, улмаар хэрэг хэрэгсэхгүй болсон байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нь гэмт хэрэг гарсныг үгүйсгэхгүй бөгөөд гагцхүү байцаан шийтгэх ажиллагаа явуулж болох хугацаа дууссан гэсэн ойлголт юм. Нэхэмжлэгч П.Б болон үл таних этгээдийн хооронд үүссэн гар утас худалдах, худалдан авах гэрээний харилцаанд С ХХК ямар ч холбогдолгүй. 9620 9194 дугаарын хувьд энэ нь урьдчилсан төлбөрт дугаар тул компанийн зүгээс бүртгэх үүргийг Харилцаа холбооны тухай хуулиар хүлээдэггүй. Харин дараа төлбөрт хэрэглэгчдийн бүртгэлийг хөтөлдөг. Нөгөөтэйгүүр худалдаанд байгаа урьдчилсан төлбөрт дугаар бүрийг бүртгэх боломж хязгаарлагдмал, иргэд шууд цэнэглэх байдлаар ашигладаг. С ХХК нь уг хэргийн жинхэнэ хариуцагч биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан С ХХК-иас эд хөрөнгөд учирсан хохиролд 900 000 төгрөг гаргуулах тухай П.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Б давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч С ХХК-ийг эс үйлдэхгүйгээр гэм хор учруулсан гэж үзэж байна. Учир нь аль ч үүрэн телефоны дугаар худалдан авхад санамж гэж бичээд "энэхүү карт нь С ХХК-ийн өмч бөгөөд карт эзэмшигчээс бусад этгээд эзэмших, ашиглахыг хориглоно" гэж заасан байдаг бөгөөд энэ санамж бичгээс үзвэл дугаарын өмчлөгч нь С ХХК болно. Өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлийг бусдад гэм хор учруулахгүйгээр ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхтэй бөгөөд бусдад учруулсан гэм хорыг өмчлөгч нь хариуцах үүрэгтэй гэдгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн боловч анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. С ХХК өөрийн өмчлөлийн 96209194 дугаарын эзэмшигчийн мэдээллийг бүртгэж аваагүй эс үйлдэхүйгээс болж иргэн П.Бд 900 000 төгрөгийн гэм хор учраад байна. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагчийн мэдээлэл буюу овог, нэр, гэрийн хаяг, яаралтай үед холбоо барих хүний утасны дугаар байхгүйн улмаас ИХШХШТХуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан шаардлага хангасан нэхэмжлэл гаргах боломжгүй байна. Хэрэв С ХХК нь дугаар эзэмшигчийн мэдээллийг   бүртгэж   авсан   бол   П.Б  тус   мэдээллийн   дагуу   шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. С ХХК-ийн эс үйлдэхүйн улмаас гэм хор учирч байгаа тул С ХХК нь Иргэний хуулийн 497.1-д зааснаар гэм хорыг арилгах үндэслэл болж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1, 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан хохиролд 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хариуцагчийн буруугаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 9620-9194 дугаараас үнэгүй.мн сайтад байршуулсан зарын дагуу Самсунг Эс-7 маркийн гар утсыг 900 000 төгрөгөөр худалдан авсан байх бөгөөд уг  гар утас 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хулгайд алдагдсан, мөн өдрөөс 9620-9194 дугаарыг хийж ашигласан, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дээрх гар утсыг нэхэмжлэгч П.Баас хураан авч, хууль ёсны эзэмшигч Ц.Энхтуулд хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь хариуцагч “С” ХХК-ийн 9620-9194 дугаарын эзэмшигчийг бүртгээгүй хууль бус эс үйлдэхүйн улмаас 900 000 төгрөгөөр хохирсон гэж, хариуцагч нь урьдчилсан төлбөрт дугаарыг бүртгэх үүрэггүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж маргасан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Хуулийн уг зохицуулалтын дагуу гэм хорыг арилгуулах асуудлыг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгчид учирсан гэм хорын хэмжээ, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

 

Хариуцагч “С”  ХХК-ийн хувьд дугаар ашиглагчийг бүртгээгүй эс үйлдэхүй байх боловч ийнхүү хэрэглэгчийн бүртгэл хийгээгүй байгаа нь хууль зөрчсөн буюу хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчийн хүлээх үүргийг заасан боловч энэ үүргийн хүрээнд үүрэн телефон утасны дугаарын эзэмшигчийг бүртгэх үүргийг хариуцагч хуулиар хүлээгээгүй байна. Ийнхүү хуулиар хүлээгээгүй үүргийг зөрчсөн гэж буруутгах боломжгүй.

 

Хариуцагч “С” ХХК, нэхэмжлэгч нарын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгчийн худалдан авсан бараа болох гар утасны эрхийн доголдолтой холбоотой шаардлагыг хариуцагч хүлээхгүй бөгөөд гэрээ байгуулсан нөгөө талын нэр, хаягийг мэдэхгүй байгаад хариуцагч буруугүй болно.

 

Иймд хариуцагч “С” ХХК-аас хариуцагч нь хууль бус эс үйлдэхүйгээр гэм хор учруулсны нөхөн төлбөр шаардах эрхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх тогтов.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02924 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 650 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

                                ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

 

                                                                                       А.МӨНХЗУЛ