| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2019/0100/и |
| Дугаар | 130 |
| Огноо | 2019-03-06 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 130
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, ... тоотод оршин суух, М.Сийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, Бхашаанд оршин суух, Э.Гад холбогдох
“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С, хариуцагч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны зун Э.Гтай танилцсан. 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр уулздаг болсон. Улмаар бид дотно харьцаатай болж Э.Гаас хүүхэдтэй болсон. Иймд хүү С.Мын эцэг нь Э.Г мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Г шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Сийн гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү С.М нь миний хүүхэд мөн тул тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Э.Гад холбогдуулан “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч Э.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.С, хариуцагч Э.Г нар нь 2017 онд танилцаж 2018 оны 1 дүгээр сард хамтран амьдарсан ба 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тэдний дундаас хүү С.М төрсөн болох нь бүртгэлийн 0000478392 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Баруун-Урт сумын 4 дүгээр багийн эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн С.Мын эцэг нь Э.Г мөн болохыг тогтоож, хуульд заасан хэмжээний тэтгэлэгийг хариуцагч Э.Гаас гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Э.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 2 251 200 төгрөг /Монголын Үндэсний Статистикийн хорооны даргын 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/12 тоот тушаалын хавсралтад Хүн амын амьжиргааны доод түвшинг бүс нутгаар тогтоосон байх бөгөөд зүүн бүс нутагт 187 600 төгрөг х 12 сар = 2 251 200:2=1 125 600/-т улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 564 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү С.Мын эцэг нь Э.Г мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.Мыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Э.Гаас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Гаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч М.С, хариуцагч Э.Г нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.Гаас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 1 125 600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31 564 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ