Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 114

 

          Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Ш.Оюунгэрэл даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан  хуралдаанаар:

 

           Нэхэмжлэгч Х.Эийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч Н.Уд холбогдох 

 

           Нэхэмжлэлийн шаардлага: “Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Бат-Очир, нэхэмжлэгч Х.Э, хариуцагч Н.У нарыг  оролцуулав. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Х.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би  гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахгүй, нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна, хариуцагчтай эвлэрэхгүй. Би Н.Утай 2016 онд танилцаж, 2017 онд охин У.Н төрсөн. 2018.06.02-нд муудалцснаас хойш тус тусдаа амьдарч байна. Намайг ялимгүй зүйлээр шалтаглан хоолой боодог. 2-3 удаа боож байсан.

          2018 оны 6 дугаар сард намайг зодож Эрүүгийн хэргийн шүүхээр орж ял шийтгүүлсэн. Иймд хойшид хамт амьдрах боломжгүй тул охиноо өөр дээрээ байлгаж ааваас нь тэтгэлэг гаргуулна. Охин маань одоо хөхнөөсөө гараагүй байгаа. Энэ хүүхдээ хэрэглэдэггүй, утсаар ч ярьдаггүй гэв.

 

            Хариуцагч Н.Ун шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин охиноо өөрийн асрамжид авна  гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой  байна гэж шүүх үзлээ. 

         Нэхэмжлэгч Х.Э “Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага хариуцагч Н.Унд холбогдуулан гаргажээ. 

 

         Хариуцагч Н.Ун уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэсэн боловч охиноо өөрийн асрамжид байлгана гэж маргасан болно. 

 

         Зохигчид 2016 онд танилцан хамт амьдарч байгаад 2017.05.30-нд охин У.Нтөрж,  эцэг нь Н.У, эх нь Х.Э гэсэн төрсний гэрчилгээ авсан байгаагаас гадна хүүхдийн эцгийг мөн эсэх талаар маргаагүй болно.

 

         Харин зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаж байгаа тул хүүхдийн асрамжийг шүүх тогтоох нь зүйтэй юм. Шүүх хүүхдийн асрамжийг тогтоохдоо Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д Нийгмийн хамгааллын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэж заасан байгаагаас гадна хариуцагч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан зэргийг харгалзан үзээд зохигчдын охин У.У.Нийг эх Х.Эийн асрамжид байлгаж, эцэг Н.Унгаас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна. 

 

          Нэхэмжлэгч Х.Эийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болно. 

          Хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 1 125 600 төгрөг /Монголын Үндэсний Статистикийн хорооны даргын 2019.1.22-ны өдрийн А/12 тоот тушаалын хавсралтад Хүн амын амьжиргааны доод түвшинг бүс нутгаар тогтоосон байх бөгөөд зүүн бүс нутагт 187 600 төгрөг х 12 сар = 2251200:2=1 125600 төгрөг/-т ногдох улсын тэмдэгтийн хураамж 31 564 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ. 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл 118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2017.05.30- нд төрсөн охин У.У.Нийг эх Х.Эийн асрамжид байлгасугай. 

 

           2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин У.У.Нийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Н.Угаас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Угаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Эийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн ба хариуцагч Н.Унгаас хүүхдүүдийн асрамж тогтоолгох гэсэн шаардлагаас 70 200 төгрөг, 1 жилд төлөх тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 564 төгрөг, бүгд 101 764 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.  

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт  Сүхбаатар  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай. 

 

              

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ