Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/253

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Д.Хонгорзул

шүүгдэгч А.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Х-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  2205000000619 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.     

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн  дугаар хороо, Зүүн Нарангийн тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй,  урьд нь;

2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 05 сарын хугацаагаар хорих ял,

2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 25 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 03 жил 07 сар 25 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 175 дугаартай шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1307 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 07 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн,

2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлсэн сольсон зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольсон, /РД:/, А.Х-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.Х- нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лоф” гэх нэртэй интернэт тоглоомын газраас хохирогч А.Б-ын эзэмшлийн “Redmi GT 5G” загварын 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хулгайлан авч Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч А.Х- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Х- шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ар гэрийн амьдралын боломж муу учраас хохирогчийн хохирлыг хорих ангид ажил хийж байгаад төлнө.” гэв.

 

Гурав: Эрүүгийн 2205000000619 дугаартай хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “А.Б- нь 2022 оны 01 сарын 28-ны 18 цаг 27 минутын орчим Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лоф” интернэт тоглоомын газраас “Redmi GT 5G” загварын гар утсаа хулгайд алдсан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Б-ын хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төрийн банктай байрны 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Лоф” нэртэй цахим тоглоомын газарт ажлаа хийж байсан юм. Тэгээд би 18 цаг 17 минутын үед утсаа ширээн дээр тавиад унтаж байтал нэг хүн 20 минутын орчмын дараа сэрээгээд цаг авах гэсэн юм гэхэд миний утас байхгүй байсан. Тэгээд дотор талын хяналтын камер шүүж үзэхэд нэг эрэгтэй хүн миний гар утсыг хулгайлаад аваад явж байгаа нь харагдсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал)  

3.Таньж олуулах ажиллагаа явуулсан “таньж олуулах ажиллагааг тоймчилсон гэрэл зургаар харуулав. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүрэг дэх 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банктай байрны 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Лоф” цахим тоглоомын төвөөс миний “Redmi GT 5G” загварын гар утсыг авч явсан хүн 3 дугаарын хүн мөн байна. Би царайг нь сайн санаж байна, 20-25 орчим насны 170-180 см өндөртэй, хяналтын камерын бичлэгт царай нь тод байсан болохоор таньж байна...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 23-25 дахь тал)

4. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Төрийн банктай байрны 3-р давхарт үйл ажиллагаа явуулдаг “Лоф” цохим тоглоомын газрын дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд бичлэг дээр 2022 оны 01 дүгээр сарын 18-ны орой 18 цаг 27 минут 34 секундэд бор өнгийн, ноосон захтай савхин куртиктэй эрэгтэй хүн тооцоо хийдэг хэсэгт ирэв. 18 цаг 27 минут 54 секундэд А.Б-ын гар утсыг авч байгаагаар гэрэл зургаар харуулав. 18 цаг 28 минут 02 секундэд А.Б-ын гар утсыг хулгайлаад аваад гарч байгааг харуулав.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 26-28 дахь тал)

5. Кости Эстимэйт ХХК-ийн “Redmi GT 5G” загварын гар утас 1 ширхэг 1.500.000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-32 дахь тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Х-ийн яллагдагчаар өгсөн:  “2022 оны 01 дүгээр сарын 28-нд...Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Төрийн банкны 3 давхарт байрлах “Лоф” нэртэй PC тоглоомын газар ороод 4 цаг тоглоод цаг сунгахаар тухайн газрын ажилтан дээр очиход утаж байсан. Тэгээд сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь цэнэглэж байсан “Redmi GT 5G” загварын гар утсыг хулгайлж аваад гарч яваад модны хоёрын орчим танихгүй хүнд зарчихсан. Тэгээд мөнгийг нь хэрэглээд дууссан. Гар утсыг 200.000 төгрөгөөр зарсан. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал)

 

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 47 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 137 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 53-76 дахь тал), 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1307 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 77-81 дэх тал), 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 06 дугаартай шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 82-84 дэх тал), ялын тооцооны хуудас (хавтаст хэргийн 90 дэх тал)  болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.            

Дөрөв . Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Х-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч А.Х- нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лоф” гэх нэртэй интернэт тоглоомын газраас хохирогч А.Б-ын эзэмшлийн “Redmi GT 5G” загварын 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хулгайлсан болох  нь:

Хохирогч А.Б-ын “...тус тоглоомын газарт 18 цаг 17 минутын үед утсаа ширээн дээр тавиад унтаж байтал нэг хүн 20 минутын орчмын дараа сэрээгээд цаг авах гэсэн юм гэхэд миний утас байхгүй байсан. Тэгээд дотор талын хяналтын камер шүүж үзэхэд нэг эрэгтэй хүн миний гар утсыг хулгайлаад аваад явж байгаа нь харагдсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүрэг дэх 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банктай байрны 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Лоф” цахим тоглоомын төвөөс миний “Redmi GT 5G” загварын гар утсыг авч явсан хүн 3 дугаарын хүн мөн байна. Би царайг нь сайн санаж байна, 20-25 орчим насны 170-180 см өндөртэй, хяналтын камерын бичлэгт царай нь тод байсан болохоор таньж байна...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 23-25 дахь тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “2022 оны 01 дүгээр сарын 18-ны орой 18 цаг 27 минут 34 секундэд бор өнгийн, ноосон захтай савхин куртиктэй эрэгтэй хүн тооцоо хийдэг хэсэгт ирэв. 18 цаг 27 минут 54 секундэд А.Б-ын гар утсыг авч байгаагаар гэрэл зургаар харуулав. 18 цаг 28 минут 02 секундэд А.Б-ын гар утсыг хулгайлаад аваад гарч байгааг харуулав.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 26-28 дахь тал), Кости Эстимэйт хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн “Redmi GT 5G” загварын гар утас 1 ширхэг 1.500.000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-32 дахь тал), үйлдсэн хэргэ хүлээн мэдүүлсэн А.Х-ийн “2022 оны 01 дүгээр сарын 28-нд...Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Төрийн банкны 3 давхарт байрлах “Лоф” нэртэй PC тоглоомын газар ороод 4 цаг тоглоод цаг сунгахаар тухайн газрын ажилтан дээр очиход утаж байсан. Тэгээд сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь цэнэглэж байсан “Redmi GT 5G” загварын гар утсыг хулгайлж аваад гарч яваад модны хоёрын орчим танихгүй хүнд зарчихсан. Тэгээд мөнгийг нь хэрэглээд дууссан. Гар утсыг 200.000 төгрөгөөр зарсан. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн талаар улсын яллагч “шүүгдэгч А.Х-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гэм буруу хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.

Хохирогч А.Б-ын эзэмшлийн “Redmi GT 5G” загварын 1.500.000 төгрөгийн үнэтэй гар утсыг шүүгдэгч А.Х- хулгайлсан үйл баримт нь мөрдөн байцаалтын явцад цуглуулж бэхжүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд хохирогч нь ажлын байран дээрээ өөрийн эзэмшлийн гар утсыг текэн дээр ил тавьж цэнэглэж байхдаа унтсаны улмаас өөрийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалах чадвар нь түр суларсан нөхцөл байдлыг далимдуулж, шүүгдэгч  бусдын эд хөрөнгийг “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно. 

Шүүгдэгч А.Х-ийн шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Иймд гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч А.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав:  Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч А.Х-ид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 06 сар 19  хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргалаа.

Шүүгдэгч А.Х-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь шүүхээр удаа дараа ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч А.Х-ид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан “ нийтэд тустай ажил хийлгэх..зорчих эрхийг хязгаарлах...хорих” гэсэн гурван төрлийн ялаас хорих ялыг сонгож, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор шүүгдэгч А.Х-ид 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

А.Х- нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаартай шүүгчийн захирамжаар өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 20 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлсэн сольсон зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 жил 11 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж  эдлэх ялыг мөн өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 77-84 дэх тал)

Уг хорих ялаас 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар: биеэр 00 жил 01 сар 00 хоног, шагналыг 00 жил 00 сар 00 хоног, бүгд эдэлсэн 00 жил 01 сар 00 хоног, үлдсэн 01 жил 10 сар 19 хоног  (хавтаст хэргийн 90 дэх тал)-д ялын тооцооны баримт авагдсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан эрх зүйн үр дагаврыг бий болгож байгаа юм.

         

 Дээрх хуулийн агуулгаас үзвэл, ялын хугацаа дуусахаас өмнө гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулахын зэрэгцээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг бүхэлд нь нэмж нэгтгэхээр зохицуулагдсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан А.Х-ид энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 19 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 02 жил 04 сар 19 хоногийн хорих ялаар тогтоов.

Шүүгдэгчийн эдлэх ялыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөр нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч А.Х-оос нийт 1.500.000 төгрөг гаргуулж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч А.Б-ад олгохоор шийдвэрлэв.

 

Зургаа: Бусад асуудлын талаар

А.Х- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт  2022 оны 3 дугаар сарын 16-ны  өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 81 дугаартай захирамжаар “...409 дүгээр хаалттай хорих ангиас ...461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан”  байна. (хавтаст хэргийн 88-89 дэх тал)

 

Ялын тооцоо 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болж, энэ өдрөөс Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид  2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 19 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. А.Х-ийг  Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. А.Х-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 19 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. А.Х-ид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 19 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол А.Х-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.Х-оос 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч А.Б-ад олгосугай.

 

8. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

          

9. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ