Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1378

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Р.Мягмардорж, иргэдийн төлөөлөгч Д.Чанцал, шүүгдэгч Ц.Ө, түүний өмгөөлөгч Ч.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 01323 1325 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овгийн Ц.Ө, 1977 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл тав, нөхөр, гурван хүүхдийн хамт *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Ө  нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Р.М-тай маргалдаж, зэвсэг хэрэглэн хутгаар цээж болон хэвлийн тус газар тус бүр 1 удаа хутгалж, биед хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжинд хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээнд үндэслэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, *** овгийн Ц.Ө  нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Р.М-тай хамт согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ “олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 3 дугаар сарын 8-нд өөр эмэгтэйд бэлэг авч өгсөн” гэсэн урьдын харилцаанаас болж өөр хоорондоо маргалдан, улмаар хохирогч Р.М-ын цээж, хэвлий рүү тус бүр 1 удаа хутгалж, бие махбодод нь хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжинд хатгагдсан шарх бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан“ үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

1. Шүүгдэгч Ц.Ө-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би ажил дээрээ очих гээд байж байтал миний нүүр лүү цохиод хөл рүү дэвсээд байсан. Тэгээд би ажил руугаа явж чадаагүй, чөлөө авсан. Р.М-аас болж би 2 удаа гэмтэж байсан. Р.М-тай 14 жил хамт амьдарч байна. Бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй. Хэрэг явдал болсноос хойш Р.М-тай холбогдоогүй. Р.М архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байсан. Уухаараа их агсам, хүүхдүүддээ хүртэл агсам тавьдаг. Би бол ажилтай тул хааяа л уудаг. Тухайн үед Мартын 8-ны өдөр бэлэг авч өгөөгүй, өөр эмэгтэйд бэлэг авч өгсөн гэдэг шалтгаанаар муудалцсан. Би хутгалсан үйлдлээ бол санахгүй байгаа. Харин Р.М-тай маргалдсанаа санаж байна. Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг,

- Мөн түүний мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...архи ууж байгаад би Р.М-тай болон улсын эмэгтэйчүүдийн баяраар надад бэлэг авч өгөөгүй байж өөр эмэгтэйд бэлэг авч өгсөн талаар нь хэлээд хоорондоо маргалдсан ба тухайн үедээ согтуу айлын гэрт байсан чанасан үхрийн шийр идэж байсан хутгыг шүүрч аваад Р.М-ын цээжний баруун хэсэгт болон хэвлий хэсэгт 2 удаа хутгалсан, өөрөөр маргаан зодоон болоогүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 106 дахь тал);

2. Хохирогч Р.М-ын “...Ц.Ө-ийн хамт гэртээ архи уучхаад 2 айлд дараалан очиж архи уусан. Тухайн үед нэлээн согтуу муудсан байсан болохоор сайн санахгүй байна. 2 дахь айлд орж архи ууж байгаад эхнэртэйгээ муудалцаж байгаад хутгалуулсан юм. Миний биед учирсан гэмтлийг манай эхнэр болох Ц.Ө  учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Үүнээс гадна 3-4 жилийн өмнө Ц.Ө  мах идэж байгаад надтай маргалдаж, миний зүүн гуяыг өнгөц нэг удаа зүсэж байсан юм. Тухайн үедээ цагдаа, эмнэлгийн байгууллагад хандаагүй, гэрээрээ эдгээсэн...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 14-15, 17 дахь тал);

3. Гэрч Ч.Баттөмөрийн “...хаана байгааг нь мэдчихээд гэрт нь очиж машиныг нь аваад өөрийн гэрийн хашаа болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 12-1 тоотод аваачин Цэргийн нэгдсэн төв эмнэлэг рүү явсан юм. Ц.Ө  нь байнга архи дарс уудаг, ер нь сонин хүн байдаг юм. 3-4 жилийн өмнө Р.М-ын баруун хөлийн бүдүүн гуянд хутгалж, бөгсний зүүн хонго хэсэгт бас хутгалж байсан. Тухайн үед цагдаа дээр шалгагдаж байхад Р.М нь манай эхнэр Ц.Ө намайг хутгалаагүй гэж бие биеэ өмөөрөөд гудамжинд танихгүй хүнд хутгалуулсан гээд цагдаад мэдүүлэг өгч байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал);

4. Гэрч Д.Намжилсүрэнгийн “...2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш огт холбоо барихгүй байхаар нь би өөрийн хүргэн Ч.Б болон төрсөн охин н.Б нараас асууж тодруулахад огт яриагүй гэж надад хэлсэн. Тэгтэл би бэр Ц.Ө  рүү олон удаа залгатал огт утсаа авахгүй байхаар нь би хүү Р.М , бэр Ц.Ө  нарыг архи уусан байна гэж бодоод гэрт нь хамт байгаа Ц.Ө-ийн дагавар охин гэх Ө.Х-тэй холбогдож асуухад ээж гэрт сая орж ирлээ. Аав араас нь төд удалгүй цусаа гоожуулаад ороод ирсэн гэж надад хэлсэн. Би тухайн охинд чи над руу хэлэхгүй яасан юм бэ гэтэл би таны утсыг мэдэхгүй байсан юм гэж хэлсэн даруй шууд гэрээсээ хүргэн Ч.Б-ийн хамт цагдаагийн байранд ирсэн. Иртэл манай бэр Ц.Ө цагдаагийн хүлээлгийн зааланд согтуу хүлээж байсан. Би болсон бүх зүйлийг асууж тодруулахад “уучлаарай ээжээ, би тасартлаа архи уусан байна. Бид хоёр айлд маргалдсан юм. Намайг хутгалсан гээд байна. Би огт юу ч санахгүй байна гэсэн... өмнө нь хэд хэдэн удаа хоорондоо маргалдаж байсан. Манай бэр Ц.Ө архи уухаараа агсам тавих янзтай ааштай бөгөөд өмөн нь манай хүү Р.М-ыг гуя билүү өгзөг хэсэгт нь нэг удаа хутгалж байсан. Надаас ер нь ихэвчлэн болсон юмаа нуудаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал);

5. Гэрч М.Наранбаатарын “...С гэх танилындаа Р.М болон эхнэр нь, С бид 4 очоод архи уугаад нөгөө 3 чанасан мах идээд би зурагт үзэж байсан. Гэтэл эхнэр нөхөр хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд удалгүй Р.М нь хутгалуулсан байдалтай сууж байгаад бид 3 гараад явсан юм. Би юуны талаар муудалцаад байсныг мэдэхгүй, ямартай ч эхнэр нь хутгалсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал);

6. Гэрч Ч.Мягмарсумын “...тухайн үед би өглөө 9 цагийн орчимд Ц.Ө-тэй уулзаад 2 шил архи аваад манай гэрт очиж ууж байгаад би тасарсан байсан. Нэг сэрэхэд бөөн юм шуугилдаад байхаар нь сэрээд хартал нэгнийгээ хутгалсан гээд хэрэлдээд байж байтал Р.М гараад явчихсан. Удалгүй би хамт байсан хүмүүсийг хөөгөөд гаргасан. ...би болсон явдлыг бол хараагүй, хүмүүс намайг сэрээгээд энэ хүүхэн чинь нөхрөө хутгалчихлаа гэж байсан. Харин маргааш нь сонсоход Ц.Ө нь  Р.М гэх нөхрөө хутгалсан гэж мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал);

7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 6100 дугаартай “Р.М-ын биед хэвлийн хөндий нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжинд хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Эдгээр нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал);

8. Хохирогч Р.М-ын өвчний түүхийн хуулбар хувь (хавтаст хэргийн 44-73 дахь тал) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Ө  нь өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийн хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ч.Баасанжавыг сонгон авсан байх бөгөөд шүүх хуралдааны бэлтгэл үе шатанд өмгөөлөгчөөс татгалзаагүй тул түүний хууль зүйн туслалцаа авах эрх нь бүрэн хангагдсан гэж үзнэ.

1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээч хохирогч Р.М-ын биед хэвлийн хөндий нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжинд хатгагдсан шарх бүхий гэмтэл учирсан бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай буюу гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгааг эргэлзээгүйгээр тогтоосон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Ө-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, мөн өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ц.Ө  нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүгдэгч Ц.Ө болон хохирогч Р.М нар нь хэдийгээр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй боловч эр эмийн харилцаатай, эхнэр нөхрийн ёсоор хамтран амьдарч байсан тул тэднийг хоорондоо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзэх үндэслэл болно. Хэн нэгэн өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийхээ эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх шалтгаан болж байна. Түүнчлэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Ц.Ө  нь урьд мөн адил хамтран амьдрагч буюу хохирогч Р.М-ыг хутга мэсээр гэмтээж байсан болох нь харагддаг. Иймд түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзээд хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй юм. Жич: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүн байх боломжтой.

Мөн шүүгдэгч Ц.Ө  нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ үйлдвэрийн хийц бүхий бүтцийн хувьд аливаа биетийг гэмтээх хэрэгсэл болох хутга ашиглан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ гэр бүлийн хүчирхийллийг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн гэж үзэн зүйлчлэл хүндрүүлэх үндэслэл болжээ.

Шүүх шүүгдэгч Ц.Ө-ийн хохирогчийн цээж, хэвлий рүү нь хутгалсан үйлдэл болон хохирогчийн цээжний баруун талд 3-р хавирганы түвшинд дээрээс доош баруунаас зүүн тийш чигтэй 2.5 см орчим өргөн зах ирмэг нь тэгш цус урсан гарсан, мөн хэвлийн зүүн талд суганы урд шугамаар 10-р хавирганы түвшинд 2.5 см орчим өргөн зах ирмэг тэгш хутгалагдсан гэмтлүүд нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Ц.Ө  болон хохирогч Р.М нарын ахуйн хүрээнд архидан согтуурдаг нөхцөл байдал нь даамжирсаар эцэстээ ийм гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ. Үүнээс гадна, шүүгдэгч Ц.Ө нь хохирогч Р.М-ыг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр өөр эмэгтэйд бэлэг авч өгсөн гэх шалтгаанаар маргасан байх тул эр эмийн хардлага сэрдлэг гэмт хэрэг гарах бас нэгэн шалтгаан болсон байна.  

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн санамсаргүй сонголтын аргаар томилогдож оролцсон Д.Чанцал нь шүүгдэгч Ц.Ө-ийг гэр бүлийнхээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай гэж үзсэн болохыг мөн дурдах нь зүйтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Ө ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Р.М мөрдөн шалгах ажиллагаанд “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж (хавтаст хэргийн 17 дахь тал) мэдүүлсэн байх боловч гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсан бөгөөд цаашид эмчилгээ хийлгэх шаардлага гарч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан хохирогч Р.М-ыг эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Ц.Ө ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоох хэсэгт дурдлаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

2.1. Талуудын санал, дүгнэлт    

Улсын яллагч: “...шүүгдэгч Ц.Ө  нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэм буруутайд тооцуулж, түүнд тус зүйл заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтад зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ц.Ө  нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Ө-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Ц.Ө-ийн хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрөө буруу зүйл хийснээ ухаарч цагдаад дуудлага өгч, түргэн тусламж дуудаж, эмнэлгийн тусламж тэр даруй үзүүлсэн. Хохирогчийн хувьд мөн гомдол саналгүй, түүнийг уучилсан, бага ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг өгсөн байдаг зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэж дүгнэсэн байна. Үүнийг мөн ял харгалзан үзнэ үү, түүний асаргаанд өсвөр насны 2 хүүхэд, 85 настай эхийгээ асардаг эмнэлэгт үзүүлэх эм, тариаг нь авч өгдөг зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос доошгүй ял оногдуулж өгнө үү...”  гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал), эд хөрөнгө бүртгэлгүй талаарх албан бичиг (хавтаст хэргийн 80 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 83-84 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хариу албан бичиг (хавтаст хэргийн 86 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн хариу албан бичиг (хавтаст хэргийн 88 дахь тал), Хил хамгаалах ерөнхий газрын хариу албан бичиг (хавтаст хэргийн 90 дэх тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 91-92 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 93-95 дахь тал), ХААН банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 141-154 дэх тал) зэрэг баримтад үндэслэн Ц.Ө-ийн хувийн байдлыг тус тус тодорхойлов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Ө  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй бөгөөд гэнэт үүссэн сэдлээр буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор яаралтай тусламж дуудсан байх тул мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Талуудаас санал болгосон ялын төрөл, хэмжээ нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болог гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангаж байх тул шүүгдэгч Ц.Ө-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

​​​​​​​2.3. Бусад асуудал

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ө  нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Ө-т хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүний асрах хүнгүй (эрсдэлт нөхцөлд) үлдэж буй 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү М.П, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Ө.С нарт Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхийг хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад даалгах нь зүйтэй байна. Шүүгдэгчийн бага насны хоёр хүүхдийн оршин сууж байгаа газрын харьяаллаар Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хариуцуулахаар шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.*** овгийн Ц.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ө-т дөрвөн жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-т оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ө нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5.Шүүгдэгч Ц.Ө-т хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүний асрах хүнгүй үлдэж буй хүү М.П /рд:***/, охин Ө.С /рд:***/ нарт Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг нутаг дэвсгэрийн харьяаллаар Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Ө т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА

                                                ШҮҮГЧ                                       Г.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                                   Г.МӨНХЗУЛ