Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 09

 

                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Ю нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ю, хариуцагч Д.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

                                                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 Нэхэмжлэгч Б.Ю  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Б  бид хоёр 2009 онд танилцаж, 2012 онд Бор-Өндөр суманд гэрлэлтээ батлуулсан. 2010 онд том охин Б төрүүлсэн. Бид амьдрах хугацаанд эхний 2 жил ямар ч асуудалгүй сайхан байсан юм. Гэвч Д.Б  2012 оноос эхлэн архи уух нь ихсэж бүр сүүлдээ агсам тавьж, хаяа гар хүрдэг болсон юм. Гэвч энэ байдал нь дээрднэ гэж найдсаар 2015 онд бага хүү Б төрүүлсэн. Гэвч Д.Б  нь архи уух нь бүр ихсэж агсам тавьж зодож цохих нь ихсэн, гэр бүлийн гадуурх харьцаанд орж элдвийн хүүхэн шуухантай холбогдож. Гэр оронд маань хэрүүл маргаан, зодоон цохион тасрахаа больж, энэ хоёр хүүхдийн маань хүмүүжилд буруу үр дагавар авчирсаар байсан юм. Би нөхөртэйгөө эрүүлд нь ярилцахад ахиж ингэхгүй салахгүй гэх боловч энэ байдал дээрдээгүй юм. Ингээд би сүүлийн нэг жил хоёр хүүхдээ аваад тусдаа Дорноговь аймгийн Иххэт суманд амьдарч байгаа боловч Д.Б  нь дуртай үедээ ирж хэрүүл хийнэ, агсам тавин айлган, зодож, утсаар байнга дарамтлан хараан элдэв муугаар дуудна. Энэ байдал үргэлжилсээр би энэ хүний гарт алуулахаас айж байна. Эх хүүхэд бидний эрх зөрчигдсөөр байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Б.Ю  миний бие нь хоёр хүүхэд болох Б.Б , Б.Б  нарыг өөрийн асрамжид авч Д.Б гээс хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ю  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Б  нь намайг 2010 оноос эхлэн хуурч эхэлсэн. Үүнийг нь би мэддэг байсан. Хамгийн гол нь Д.Б  үүнийгээ яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгааг ойлгохгүй байна” гэв.

Хариуцагч Д.Б  шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5-р багийн оршин суугч Д.Б  миний бие нь Ю  гэр бүл бололцон 2 хүүхдийн эцэг, эх болон амьдрах хугацаандаа Б.Ю г дарамтлан, айлган сүрдүүлэх, агсам тавьж зодож цохиж байгаагүй бөгөөд гэр бүлээс гадуурх харьцаанд орж байгаагүй. Б.Ю  нь Турк улс руу 3 сарын хугацаатай ажиллах гэрээгээр гарсан боловч 1 жил гаран болсон. Туркт байх хугацаандаа бид гуравтай хаяа л холбоо барьдаг байсан. Энэ хугацаанд би 2 хүүхэдтэйгээ амьдарч байсан. Д.Б  миний бие Б.Ю гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин 2 хүүхдээ эхийнх нь биш өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Б.Ю  нь өөрөө гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж 2 хүүхэд болон намайг орхиж Турк явж байсан. Иймд дахиад энэ хүнийг миний 2 хүүхдийг хаяад явахгүй байна гэсэн баталгаа байхгүй гэдэгт би итгэхгүй байгаа учир 2 хүүхдээ өөр дээрээ авмаар байна” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад 

Ү Н Д Э С Л Э Х нь:

 

          Нэхэмжлэгч Б.Ю  нь хариуцагч Д.Б д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Б  нь гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч харин хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Б.Ю  нь хоёр хүүхдээ хаяж гадаад явж байсан тул түүнд хоёр хүүхдээ өгөх боломжгүй гэж маргаж байна.

         Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтууд, зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримтанд тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэрлэлт цуцлах шаардлагын тухайд

Зохигчид 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлэн албан ёсоор гэрлэлтээ батлуулж тэдний дундаас 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин Б.Б , 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.Б  нар төрсөн болох нь №0205122/7 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Б.Б , Б.Б  нарын төрсний гэрчилгээний хуулбар, одоо хүүхдүүд эрүүл энх өсөн бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг бичгийн баримт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.

Хариуцагч Д.Б  нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэн, гэр бүлийн гишүүдийг үл хүндэтгэн, хэрүүл маргаан үүсгэж, эхнэр Б.Ю г хэл амаар доромжлон, эрх чөлөөнд халдан зодох, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байсан зэрэг нь гэрлэлт цуцлуулах шалтгаан болсон байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт “Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно” гэж тус тус заажээ.

Хариуцагч Д.Б  нь дээрх нөхцөл байдлыг үгүйсгэж “эхнэртээ агсам тавьж, зодож цохиж байгаагүй, мөн гэр бүлээс гадуурх харьцаанд ороогүй” гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн Д.Б г Б  гэх эмэгтэйтэй фэйсбүүк чатаар харилцаж байсан талаарх зурвас /хх-н 25-27 хуу/, нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт болох гэрч С.Б “...заримдаа энэ хоёр муудалцдаг байсан. Хоёр удаа Д.Б  эхнэр хүүхэддээ агсам тавиад зодоод байхаар нь би орж салгаж байсан. Орой болохоор энэ хоёр муудалцдаг байсан. Тэр болгонд нь би оролцдоггүй байсан. Ямар ч байсан эхнэрээ хоёр удаа зодоход нь орж салгаж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 30-31 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Д.Б  нь дээрх нотлох баримтыг үгүйсгэж чадаагүй болно. Дээрх гэр бүлийн таарамжгүй харилцаа нь гэр бүлийн гишүүдийн бие махбодь, сэтгэл санаанд ноцтой хор уршиг учруулж болзошгүй байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд:

Д.Б  нь Б.Ю г хоёр хүүхдээ хаяж Турк улс руу явсан мөн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тул хоёр хүүхдээ өгөхгүй гэж мэтгэлцэж байх боловч Б.Ю  нь ахуй амьдралаа дээшлүүлэх зорилгоор Турк улсад ажил хөдөлмөр эрхэлж байсан болох нь гэрч Ч.И-ийн “Би Турк улс руу 3 удаа явсан. Эхний удаа Турк улс руу очиход Б.Ю  нь Тунгаа гэдэг хүний хажуу өрөөнд амьдарч байсан. Монголоос би нөхөр болон нэгдсэн эмнэлгийн эмч М-ийн хамт хамтаар очсон. Ингээд бид гурав Б.Ю гийн хамт 1 сар тэр байранд амьдарсан. Дараагийн удаа Турк улсад очиход Б.Ю  нь өөр байр түрээслэж дүү Ц-ийн хамт амьдарч байгаа гэж хэлж байсан. Б.Ю  нь Турк улсад оёдлын цехэд ажилладаг байсан. Туркэд ажиллаж, амьдардаг хүмүүс ихэнхдээ оёдлын цехэд ажилладаг. Б.Ю  нь зарим үед гоо сайхны салонд ажилладаг байсан” гэх мэдүүлгээр /хх-н 32-33 хуу/ тогтоогдож байх ба энэ нь түүнийг буруутгах үндэслэл болохгүй юм. Мөн Д.Б  нь Б.Ю г гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх боловч энэхүү тайлбараа нотлоогүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасны дагуу 7 настай охин Б.Б оос асрамжийн талаарх саналыг асуухад эх Б.Ю гийн хамт амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Иймд хүүхдүүдийн сурч боловсрох болон ахуй нөхцөл, хүүхдийн нас, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн зэргийг харгалзан үзэж охин Б.Б , хүү Б.Б  нарыг эх Б.Ю гийн асрамжид үлдээж эцэг Д.Б гээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч нар хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Д.Б , Б.Ю  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Б , 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.Б  нарыг эх Б.Ю гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.Б , хүү Б.Б  нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Д.Б гээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж байгааг тайлбарласугай.

6. Гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Хэрлэнд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ю д олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                             Р.БАТБАЯР