Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0426/З |
Дугаар | 128/ШШ2021/0672 |
Огноо | 2021-10-19 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2021/0672
2021 оны 10 сарын 19 өдөр | Дугаар 128/ШШ2021/0672 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г ХХК
Хариуцагч: А газрын Г хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: А газрын Г хэлтэс нь Г ХХК-ийн ашигт малтмалын 14475Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлт өгснийг сунгахаас татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгах хүсэлтийг хойшлуулах хүсэлтийг хүлээн авсан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 14475Х дугаартай тусгай зөвшөөрлийн хуульд заасан хугацаанд сунгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу дэлхий нийтээр тархаад буй Корона вируст цар тахал Ковид-19 халдварт өвчний улмаас тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох С.Т нь орон нутаг руу зорчих боломжгүй байсан талаар тайлбарлаж хүргүүлсэн билээ.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т тодорхойлсноор Захиргааны ерөнхий хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас холбогдох баримтуудыг гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг нотолж байна.
Цаг үеийн дээрх нөхцөл байдлыг хариуцагч байгууллага хүлээн авахгүй, зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг баримталж бидний тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт хүлээн авах хугацааг хойшлуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм.
Г ХХК нь ашигт малтмалын хайгуулын 14475Х дугаартай тусгай зөвшөөрлийн хуульд заасан хугацаанд сунгуулах боломжгүй тухайгаа тайлбарлан дэлхий нийтээр тархаад буй Корона вируст цар тахал Ковид-19 халдварт өвчний улмаас тус компанийн төлөөлөл, захирал С.Тэмүүлэн нь орон нутаг руу зорчих боломжгүй, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж, орон нутагт зорчих хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлт хүлээн авах хугацааг хойшлуулах хүсэлтийг өгсөн.
Улмаар хариуцагчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 8/206 дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар хариуг өгсөн тус шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх журмаар А газрын даргад хандахад Г ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-014475 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсныг А газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/1416 дугаар албан бичгээр мэдэгдсэн.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.5-д заасныг тус тус зөрчин тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэж үзэж байна.
Иймд А газрын Г хэлтсийн дээрх шийдвэр нь тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А газрын Г хэлтэс нь Г ХХК-ийн ашигт малтмалын 14475Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлт өгснийг сунгахаас татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгах хүсэлтийг хойшлуулах хүсэлтийг хүлээн авсан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-с шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн захиргааны байгууллага Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт байрлах Сүртийн ам нэртэй 2136.11 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-014475 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олгожээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1, 22.1.2, 22.1.3, 22.1.4-т зааснаар Г ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-014475 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.
Иймд төрийн захиргааны байгууллагын Г хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-т заасныг үндэслэн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт байрлах Сүртийн ам нэртэй 2136.11 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-014475 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэж шийдвэрлэжээ.
Г ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-014475 дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй бөгөөд уг өргөдлөө хугацаанд нь өгөхгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн дагуу ашигт малтмалын хайгуулын XV-014475 дугаартай тусгай зөвшөөрөл дуусгавар болохыг мэдэж байсан. Энэ нь тус компаниас төрийн захиргааны байгууллагад ирүүлж байсан албан бичгүүдээр нотлогдож байгаа болно.
Төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн ямар ч зүйл заалтыг зөрчөөгүй болох нь нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК-иас А газрын Г хэлтэст холбогдуулан гаргасан А газрын Г хэлтэс нь Г ХХК-ийн ашигт малтмалын 14475Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлт өгснийг сунгахаас татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгах хүсэлтийг хойшлуулах хүсэлтийг хүлээн авсан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г ХХК нь Өвөрхангай аймаг, Тарагт сумын Сүртийн ам гэх газарт 2446.96 га газар ашигт малтмал хайх 14475Х дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байжээ.
Тус тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болох ба Г ХХК-ийн захирал С.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр А газрын К хэлтэст хандан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасныг хариуцагч А газрын К дарга 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 8/206 дугаар албан бичгээр ... 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө хугацаа сунгуулах өргөдлийг Г хэлтэст гаргаагүй гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.
Дээрх татгалзсан хариуг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ Г ХХК-иас ашигт малтмалын хайгуулын 14475Х дугаартай тусгай зөвшөөрлийн хуульд заасан хугацаанд сунгуулах боломжгүй тухайгаа тайлбарлан дэлхий нийтээр тархаад буй Корона вируст цар тахал Ковид-19 халдварт өвчний улмаас орон нутаг руу зорчих боломжгүй, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж, орон нутагт зорчих хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлт хүлээн авах хугацааг хойшлуулах хүсэлтийг өгсөн гэж, хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1, 22.1.2, 22.1.3, 22.1.4-т зааснаар Г ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-014475 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй гэж нэхэмжлэл болон татгалзлын үндэслэлээ тайлбарладаг.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: ..., 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж зааснаар А газар нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хүлээн авч, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд уг хугацааг сунгах эрхтэй байна.
Харин тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авах хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх эрхийг хуулиар хариуцагчид олгоогүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... ашигт малтмалын хайгуулын XV-014475 дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй тул Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт байрлах Сүртийн ам нэртэй 2136.11 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэж шийдвэрлэсэн гэх тайлбар үндэслэлтэй байна.
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд төрийн захиргааны байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, коронавируст халдвараас урьдчилсан сэргийлэх, тэмцэх зорилгоор хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх, шуурхай, ил тод, хариуцлагатай байх, олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах, ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг авах, хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, сэтгэл зүйн дарамт, хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараахгүй байх зарчмын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсноос бус иргэн, хуулийн этгээдэд аливаа хэлбэрээр давуу эрх олгох, хуульд заасан бүрэн эрхээс хэтрүүлэн шийдвэр гаргах эрхийг төрийн захиргааны байгууллагад олгоогүй тул Г ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн А газрын Г хэлтэс нь Г ХХК-ийн ашигт малтмалын 14475 Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлт өгснийг сунгахаас татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгах хүсэлтийг хойшлуулах хүсэлтийг хүлээн авсан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар илүү төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-иас А газрын Г хэлтэст холбогдуулан гаргасан А газрын Г хэлтэс нь Г ХХК-ийн ашигт малтмалын 14475 Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлт өгснийг сунгахаас татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгах хүсэлтийг хойшлуулах хүсэлтийг хүлээн авсан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 100200700941 дугаартай данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН