Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2024/0310

 

 

                                                                          

Х.Х*******ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга Ш.А*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Х.Х*******

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/97 дугаар захирамжийг хүчингүй болгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2024/0007 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 110/2023/0066/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Х*******аас Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргад холбогдуулан “Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/97 дугаар захирамжийг хүчингүй болгох”-оор маргасан байна.

2.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2024/0007 дугаар шийдвэрээр: 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/97 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Алтанцөгц сумын Засаг дарга Ш.А******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүх Х.Х*******ы нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай талаас үнэлээгүй явдалд гомдолтой байна.

1.Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын оршин суугч Ш.С*******ад тус сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн "Газар эзэмшүүлэх тухай" А/99 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшүүлж, улмаар сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн A/21 дүгээр захирамжаар Х.Х*******д шилжүүлэн эзэмшүүлсэн.

Гэтэл Ш.С******* нь сумын төвд оршин суудаг, дээрх газарт 2016 оны 12 дугаар сараас хойш нэг ч өдөр оршин сууж байгаагүй, уг газарт хашаа, хороо, хувийн сууц бариагүй байсан учир сумын Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/21 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцсэн гэж үзэж байна.

2.Иргэн С.М*******эд сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/156 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл тус сумын оршин суугч Х.Х*******аас маргаан бүхий газарт иргэн М.М*******эд газар эзэмшүүлсэн асуудалд маргаан гаргасан тул сумын Засаг даргаас ажлын хэсэг томилж, газар дээр нь мэргэжилтэн Б.К*******, С.М******* нар очсон юм. Ингээд тус сумын Засаг даргын Тамгын газрын даамал Б.К*******ийн танилцуулсан кадастрын сансраас авсан зураглалаар уг газар давхцалгүй, хэн нэгэнд эзэмшүүлээгүй гэсэн мэргэжлийн албан тушаалтны тодорхойлолтыг үндэслэсэн сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар иргэн Х.Х*******д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон.

Иймд сумын хэмжээнд газар зохион байгуулалтын асуудлыг мэргэжлийн хувьд хариуцаж байгаа Б.К*******ийн газар дээр нь очиж гаргасан ЖПС, сансарын зураглалыг үндэслэн С.М*******эд газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан нь Газрын тухай хуульд нийцсэн гэж үзэж байх тул Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2024\0007 дугаар шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгч Х.Х*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авахыг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Маргаан бүхий захирамжаар Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 21 дүгээр захирамжийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 буюу “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж нэхэмжлэгчийг буруутгасан, гэтэл Х.Х*******д уг газрын эзэмших эрх энэхүү хүчингүй болгосон захирамжаар анх үүссэнээс хойш хуульд заасан хугацаа хэтрээгүй, тухайлбал газар эзэмших эрхийг иргэн Ш.С*******аас нэхэмжлэгчид шилжүүлэн эзэмшүүлснээс хойш 4 сар 22 хоногийн дараа захирамж гаргасныг Газрын тухай хуулийн дээрх зохицуулалттай нийцсэн гэж үзэхгүй.

Энэ талаар Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 443 дугаар албан бичгээр хариуцагчид хандаж “…2023 оны А/97 дугаар захирамж эрх зүйн чадамжгүй, учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг буруу хэрэглэсэн байх тул хүчингүй болгож хариу өгөхийг мэдэгдсэн…” байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн Ш.С*******ын хүсэлтээр түүний газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн эзэмшүүлсний дараа нэгэнт газар эзэмших эрхгүй болсон түүнтэй холбогдуулж, өмнө эзэмших эрх бүхий газартаа оршин сууж байсан эсэх, тухайн газартаа хашаа хороо, байшин барьсан эсэх нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлд үл хамаарахаас гадна Газрын тухай хуулийн “2 жил дараалан ашиглаагүй” гэснийг газар эзэмшигч ийнхүү өөрчлөгдөх тохиолдол бүрт тухайн цаг хугацаанаас эхлэн тооцно.

2.Хариуцагчаас иргэн С.М*******т газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2022 оны А/156 дугаар захирамжийг “…газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй…” гэсэн үндэслэлээр 2023 оны А/51 дүгээр захирамжаар хүчингүй болгосон, мөн энэхүү үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохыг хүссэн С.М*******ийн хүсэлтийг шүүгчийн 2024 оны 11 дүгээр захирамжаар хэрэгсэхгүй болгосон байхад давж заалдах гомдолдоо хүчингүй болгосон дээрх захирамжийг хуульд нийцсэн мэтээр тайлбарлаж буй нь ойлгомжгүй байна.

Тухайн үед нэхэмжлэгч болон С.М******* нарт эзэмшүүлсэн газар хоорондоо давхцалтай эсэхийг тогтоох ажлын хэсэгт орсон сумын газрын даамал Б.К*******ийн болон бусад гэрчүүдийн мэдүүлгүүд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр эрх бүхий этгээдээр хийлгүүлсэн газрын кадастрын зургаар эзэмшүүлсэн газартаа нэхэмжлэгч Х.Х******* байшин, малын хашаа барьсан, өмнө уг газрыг Г.С*******ад эзэмшүүлэхдээ газрын нэршлийг зааснаас бус байршлыг нарийвчлан тогтоогоогүй, сүүлд нөхөж газрын мэдээллийн санд байршлыг буруу оруулсан, газар эзэмшүүлсэн захирамж болон газрын байршлын кадастрын зураг зөрүүтэй байгааг зөвтгүүлэх талаар нэхэмжлэгч болон өмнөх эзэмшигч нараас удаа дараа хүсэлт гаргаж байсан зэрэг үйл баримтуудын талаар хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь шийдвэрт үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.

3.Үндсэндээ Х.Х*******ы эзэмшил газрын кадастрын зураг өөр өөр байршилд 3 удаа буруу үйлдэгдэж бүртгэгдсэн болох нь гэрч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Ж.Е*******, сумын газрын даамал Б.К******* нарын “...хариуцагчийн буруутай үйл ажиллагаа” гэсэн мэдүүлэг, газрын үзлэг, сумын газрын даамлын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “...цахим системд холболт хийх явцад ...буруу холбогдсон тул ...шилжүүлж өгөхийг хүссэн” тодорхойлолт, мөн өдрийн мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зураг зэрэг баримт болон шүүхийн үзлэгээр тус тус  тогтоогджээ. 

Гэтэл давж заалдах гомдолд газрын давхцалгүй, энэ нь газрын даамал Б.К*******ийн танилцуулсан сансрын зураглалаар батлагдана гэх боловч Б.К******* эсрэгээрээ нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь одоогийн байршилд, харин С.М*******т эзэмшүүлсэн захирамж хууль бус, цаг хугацааны хувьд Ш.С*******ад газар эзэмшүүлсэний дараа гарсан болохыг гэрчилсэн, эдгээр нөхцөл байдлууд зөвхөн газрын даамал төдийгүй нэр бүхий гэрчүүд болон хэрэгт авагдсан баримтууд, кадастрын зургаар батлагдсан байна.

4.Нэгэнт Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж, барьцаалж болохыг зөвшөөрсөн, мөн шаардагдах бичиг баримтууд бүрдсэн гэж үзэн Ш.С*******аас нэхэмжлэгч Х.Х*******д газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн энэ тохиолдолд гэрээнд заасан зориулалтын дагуу газраа эзэмшиж байгаа нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус болно.

Харин шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа шийдвэртээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг удирдлага болгон бичиглэлийн алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул анхан шатны шүүхээс уг хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасны дагуу залруулга хийх боломжтойг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2024/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга Ш.А*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                        Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН