Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 225

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор, улсын яллагч Ш.Хосбаяр, шүүгдэгч Д.Алзахгүй, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, хохирогч Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “А“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Баянбулаг овогт Доржсүрэнгийн Алзахгүйд холбогдох эрүүгийн 201625032036 дугаартай, 186/2016/0230/э индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 19-ний Завхан аймгийн Баянтэс суманд өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, “Алтжин бөмбөгөр” ХХК-нд лангуу түрээслэгч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 3-55 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, Баянбулаг овогт Доржсүрэнгийн Алзахгүй /РД:ИБ80121905/,

            Холбогдсон хэргийн талаар:

Д.Алзахгүй нь 2016 оны  10 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн  үед  Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Алтжин бөмбөгөр” худалдааны төв дотор иргэн Б.Мягмарсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож  биед нь хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.                                                                                   

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн  мэдүүлэг:

     1.1. Шүүгдэгч Д.Алзахгүй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

1.2. Хохирогч Б.Мягмарсүрэн  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би зуны цагт хүүхдээ харах хүнгүй үед дагуулаад хамт явдаг юм. Тэгэхэд миний хүүхдийг Д.Алзахгүй нь халтайчихаад хүүхдээ дагуулаад хоёр халтайсан юм гэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би миний хүүхэд халтар юм бол чиний хүүхэд ч халтар гэж хэлсэн. Хэрүүл болох шалтгаан нь 277.250 төгрөгнөөс л болсон. Энэ хүн намайг доромжилсон мөн нөхөр нь ч намайг хэл амаар доромжилсон. Алзахгүй нь миний үснээс хоёр удаа сэгсэрч татсан, гэхдээ  өнөөдрийн  шүүх хуралдаанд Алзахгүй нь гэм буруугаа  хүлээж  надаас  уйчлалт  гуйж  байгаа  тул  бид  хоёр  хоорондоо  эвлэрэн тохиролцож байна  иймд  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө  үү  гэв.

Хоёр: Шүүгдэгчийг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Ү.Баттулгын:.. уг хэргийн хохирогч гэх эмэгтэй, Б.Мягмарсүрэн нь манай эхнэртэй мөнгө төгрөгний тооцооны асуудлаас болж 2016 оны 06 дугаар сараас эхлэн маргалдах болсон. Тэгээд Мягмарсүрэн нь байнга ажил дээр   ирж хэрүүл маргаан хийж, хэл амаар доромжилж лангуун дээр байгаа чихэр жимсийг авч шидлэн цацаж,  чихэр печень хүртэл аваад гарч байсан танхай хүн байгаа юм, эхнэрийг  маань  өмнө нь хэл амаар доромжлохоос гадна биед нь олон удаа халдаж, гэзэгнээс нь зулгааж байсан. Тэгээд тэр өдөр манай эхнэр уурлаад үснээс зулгаасан гэсэн. Тэр үед би байгаагүй болохоор  сайн мэдэхгүй байна.  Надтай хэрүүл хийгээд хэл амаар доромжилж байгаад лангуун дээрээс чихэр, аваад явахаар нь би хойноос нь гараад чихрээ автал нэг ууттай чихрийг нь задлаад цацчихсан намайг газар унасан чихрээ түүж байхад намайг түлхээд хөрөгчний булан руу түлхээд зүүн шанаанаас цус гаргаж, баруун хүзүүний орчим маажиж шалбалж байсан. Мягмарсүрэн нь манай эхнэрийг ганцаараа байхад нь ирж дээрэлхэдэг, намайг бас байхад ирж хэл ам хийгээд, чамайг байнга энд сууж байхыг чинь харнаа гэж хэлдэг. Түүний улмаас манай эхнэр тэвчээр нь барагдаж Мягмарсүрэнгийн үснээс зулгаасан гэж бодож байна. Манай эхнэрийг байнга хэл амаар доромжилдог учраас ийм асуудал болсон байх гэх мэдүүлэг.  /хх-12/,                                                                                                                 

2.2. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Б.Ням-Очирын:..үдээс өмнө ажил дээрээ буюу “Алтжин бөмбөгөр” худалдааны төв дотор ажлаа хийж байгаад урагшаа яваад уут авчихаад эргээд лангууруугаа явж байтал манай нөхрийн эгч нь болох Алзахгүй зүс таних эмэгтэйтэй маргалдаад зодолдож байсан. Тэр хавиар байсан хүмүүс салгахгүй байхаар нь би очоод салгаж болиулсан. Намайг салгаж байхад тэрүүгээр явж байсан нэг хамгаалагч ирэхээр нь би тэр хавиар нь унасан байсан чихэрнүүдийг нь түүж аваад лангуун дээр нь тавьчихаад яваад өгсөн. Ийм зүйл болсон гэх мэдүүлэг. /хх-13/,

2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14231 тоот актын:                                                            

            1. Б.Мягмарсүрэнгийн биед хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Энхтайван гэсэн дүгнэлт  /хх-32/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.  Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/,  Д.Алзахгүйг сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсан тогтоол мэдүүлгүүд /хх 20-30/,  эд зүйлийн үнэлгээ /хх-7/,  урьд ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-31/,  Баянгол дүүргийн 23 дугаар хорооны  засаг даргын тодорхойлолт /хх-32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-33/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.      

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

Шүүгдэгч Д.Алзахгүй нь 2016 оны  10 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн  үед  Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Алтжин бөмбөгөр” худалдааны төв дотор иргэн Б.Мягмарсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож  биед нь хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч Б.Мягмарсүрэн, гэрч Ү.Баттулга, Б.Ням-Очир нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14231 тоот акт, шүүгдэгчийн  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

 Шүүгдэгч Д.Алзахгүй нь хэргийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.               

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Алзахгүйд  холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Алзахгүйг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Алзахгүй,  хохирогч Д.Мягмарсүрэн нар нь  шүүх хуралдааны хэлэлцүүлгийн  шатанд  хоорондоо эвлэрэн тохиролцсон  тул  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  өгнө  үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр гарган  өгч байх тул шүүх шүүгдэгч,  хохирогч нарын  эвлэрлийг  баталж  шийдвэрлэх нь зүйтэй гэж  шүүх үзлээ.

                                                           

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн үүргээ хүлээж байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.                                                                                                                     

Шүүгдэгч Д.Алзахгүй нь Б.Мягмарсүрэнгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Д.Алзахгүйг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт зааснаар хэргийг хохирогч, шүүгдэгчтэй  сайн  дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэх нь  хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж  шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286,  294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                          ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Баянбулаг овогт Доржсүрэнгийн Алзахгүйг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Д.Алзахгүйд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж  ирүүлсэн хэргийг хохирогч  шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Д.Алзахгүйг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч  гомдолгүй  гэснийг  тус тус  дурдсугай.

            4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Алзахгүйд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

             5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх  хүртэл шүүгдэгч Д.Алзахгүйд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.БАТЖАРГАЛ