Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 184/2019/00058/И |
Дугаар | 184/ШШ2019/00636 |
Огноо | 2019-03-07 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2019/00636
2019 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 184/ШШ2019/00636 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: СХД, 0 дүгээр хороо, и н 0 гудамж, 00б тоот хаягт оршин суух, Х м овогт Ж-ын Л, /регистрийн дугаар: АА00000000, утасны дугаар: 0000-0000 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СХД, 00 дугаар хороо, ҮЭГ, өөрийн байранд байрлах Г-ийн т л ТӨААТҮГ /регистрийн дугаар: 0000000, утасны дугаар: 0000-0000/-т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Г.Б-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Геологийн төв лобараторийн захирлын 2013 оны 10 сарын 16-ны өдрийн 177дугаар тушаалаар хими физик аргын тасагт химийн шинжилгээний гүйцэтгэгч инженерээр 2018 оны 12 сарын 05-ны өдрийг хүртэл ажилласан. Гэтэл тус Геологийн төв лобаратори Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Ө.Оюунбаатар нь намайг ажил гүйцэтгэх явцдаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журам, стандарт ажлын заавар болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй зөрчил удаа дараа гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан. Надад болон манай ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журамтай танилцуулж аюулгүй ажиллуулах ямар ч зааварчилгаа өгөөгүй. Ер нь манай байгууллагад тийм зүйл өгөгдөөгүй, харин албадан гарын үсэг зуруулсан асуудал л байдаг. Бодит байдал дээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгаа өгдөггүй. Би ч тийм зүйл гаргаагүй байхад намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан.
Иймд Г-ийн төв лобаратори Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 12 сарын 05-ны өдрийн б/188 дугаар ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, намайг тус байгууллагын хими физикийн аргын тасгын химийн шинжилгээний гүйцэтгэгч инженерийн ажилд буцаан эргүүлэн томилж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, өгнө үү.
Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох нийт 7 068 630 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Геологийн төв лобаратори Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Ө.Оюунбаатар шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус лабораторийн Хими физик аргын тасагт Химийн шинжилгээний гүйцэтгэгч инженерээр ажиллаж байсан ******* овогтой *******ийг 2018 оны 12 сарын 05-ны өдрийн Б/188 тоот захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3-ын “б” хэсэг, захирлын зөвлөлийн хурлын 2018 оны 18/22 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажпаас чөлөөлсөн.
Ажлаас чөлөөлсөн үндэслэлүүдийг дурдвал:
-Ж.Л нь 2018 оны 09 сарын 04-ний өдөр шинжилгээний ажил гүйцэтгэх явцдаа гартаа бээлий өмсөөгүйн улмаас хайлуурын хүчилд гараа түлсэн. 09 сарын 20-ны өдөр 314 тоот өрөөнд задаргаа хийх явцдаа ажпын байрыг эзэнгүй орхисны улмаас гал гаргасан. Мөн 2018 оны 11 сарын 29-ний өдөр задаргаа хийж дууссаны дараа цахилгаан хэрэгсэл /плитка/-ийг тэжээлээс салгаагүйн улмаас гал гаргасан зэрэг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журам зөрчсөн 3 удаагийн үйлдэл нь ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3-ын “б” хэсгийн 1-т “Монгол улсын хөдөлмөрийн хууль тогтоомж болон байгууллагын дотооддоо дагаж мөрдөгдөж байгаа журам, дүрэм, зааврын заалтыг чанд сахиж биелүүлэн ... ажиллаж байх”, Чанарын удирдлагын тогтолцооны БСТ Ж 11:2003 (2) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмын 5.3.10-д заасан Инженер техникийн ажилтан, нийт ажиллагсад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар баримтлах эрх, үүрэг, мөн журмын 8 дах хэсгийн 8.1, 8.2-т заасан үүргээ тус тус биелүүлээгүй гэж үзсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар хэсэг 15.4-т зааснаар "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэж зааснаар Ж.Л нь 2018 оны 09 сарын 04-ний өдрөөс хойш 3 удаагийн зөрчил гаргасан тухай бүр уг зөрчлийг тогтоож, өөрт нь болон бусад инженер техникийн ажилтнуудад анхааруулан, заавчилгаа өгсөөр байтал 1 удаа БСТ Ж 11:2003 (2) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журамд заасан “Хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх болон өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” үүргээ биелүүлээгүй, 2 удаа “Хариуцсан ажлын байр, талбай тоног төхөөрөмж, хөдөлмөрийн хэрэгсэлд үзлэг шалгалтыг тогтмол хийх ...болон өөрийн ажлын байрыг эзэнгүй орхихгүй байх” үүргээ биелүүлээгүй тул Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн хурлаас оруулсан саналыг үндэслэн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Ж.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Надад болон манай ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журамтай танилцуулж ямар ч зааварчилгаа өгөөгүй. Ер нь манай байгууллагад тийм зүйл өгөгдөөгүй, харин албадан гарын үсэг зуруулсан асуудал байдаг, эрүүл ахуйн зааварчилгаа өгдөггүй” гэж худал зүйл дурдсан байна. Ж.Лтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болох ажпын байрны тодорхойлолтод албан тушаалын хүрээнд холбогддог баримт бичиг актууд хэсэгт Чанарын удирдлагын тогтолцооны журмууд нь багтаж байгаа бөгөөд тус баримт бичиг, акттай танилцсан байх шаардлагатай байна. Чанарын удирдлагын тогтолцооны БСТ Ж 11:2003 (2) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам нь 2003 оноос хойш мөрдөгдөж байгаа журам бөгөөд тасгийн дарга нарт хуулбар хувь нь хадгалагддаг тул түүнтэй шинээр ажилд орсон хүн болгон танилцаж гарын үсэг зурдаг.
Мөн тэрээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэрт өдөр тутам зааварчилгаа авч байсан нь Зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зурж байсан нь тогтоогдож байна.
Ж.Л нь 2019 оны 01 сарын 07-ны өдөр Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2019 оны 01 сарын 14-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин 2 000 000 төгрөг гаргуулахаар, 2019 оны 02 сарын 28-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин 7 068 630 төгрөг гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлагаа тус тус нэмэгдүүлсэн. Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6-д “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх” ажлыг зохион байгуулах нь ажил олгогчийн үүрэг байхаар хуульчилсан байдаг.
Үүний дагуу 2003 онд “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журам”-ыг батлан мөрдөж ирсэн бөгөөд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болох ажпын байрны тодорхойлолтод “Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, байгууллагад мөрдөгдөж байгаа дүрэм, журам, зааврыг чанд мөрдөн ажиллах” нь ажилтны үүрэг байхаар заасан. Үүнийг хүлээн зөвшөөрч Ж.Л нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг.
Сахилгын зөрчил гэдэг нь ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэм буруутай, үйлдэл эс үйлдэхүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээнд заасан өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн гэрээний 3-ын “б” хэсгийн 1-т “Монгол улсын хөдөлмөрийн хууль тогтоомж болон байгууллагын дотооддоо дагаж мөрдөгдөж байгаа журам, дүрэм, зааврын заалтыг чанд сахиж биелүүлэн ... ажиллаж байх” үүргээ биелүүлээгүйгээс үүдэн 3 удаагийн зөрчлийг гаргасан байдаг. Энэхүү 3 үйлдлүүд нь хэргийн материалд авагдсан нотлох баримт болох зөрчил бүртгэх журнал болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн хурлын тэмдэглэлд Ж.Лийн тайлбаруудаар тус тус нотлогддог.
Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх, зохигчдын тайлбар хэрэгт цугларсан талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Л нь Геологийн төв лобаротари Төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан Геологийн төв лобаратори Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 12 сарын 05-ны өдрийн б/188 дугаар ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, тус байгууллагын хими физикийн аргын тасгын химийн шинжилгээний гүйцэтгэгч инженерийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговор 7 068 630 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Лхагдашийн дээрх үндэслэлээр шүүхэд хандсан шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “намайг ажил гүйцэтгэх явцдаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журам, стандарт ажлын заавар болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй зөрчил удаа дараа гаргасан ...Би зөрчил гаргаагүй байхад намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан ...” гэж,
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “Ж.Л нь 2018 оны 09 сарын 04-ний өдөр бээлий өмсөөгүйн улмаас хүчилд гараа түлсэн, 2018 оны 09 сарын 20-нд 314 тоот өрөөнд задаргаа хийж байх явцдаа ажлын байрыг эзэнгүй орхисны улмаас гал гарсан, 2018 оны 11 сарын 29-ний өдөр задаргаа хийж дуусаад цахилгаан хэрэгслийг тэжээлээс салгаагүйн улмаа гал гарсан зэрэг 3 удаагийн зөрчил гаргасан,
тухай бүр уг зөрчлийг тогтоож, өөрт нь болон бусад инженер техникийн ажилтнуудад анхааруулан, заавчилгаа өгсөөр байтал 1 удаа БСТ Ж 11:2003 (2) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журамд заасан “Хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх болон өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” үүргээ биелүүлээгүй тул Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн хурлаас оруулсан саналыг үндэслэн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
Г т л Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 12 сарын 05-ны өдрийн “Ж.Лийг ажлаас чөлөөлөх тухай” Б/188 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 4.1-ийн 10 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 3-ын “б” хэсэг, Захирлын зөвлөлийн 2018 оны 18/22 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Хими физик аргын тасагт Химийн шинжилгээний гүйцэтгэгч инженер ажилтай Жовогтой Л нь ажил гүйцэтгэх явцдаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журам, стандарт ажлын заавар болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй зөрчил удаа дараа гаргасан гэж 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэжээ.
Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч Г т л нь Ж.Лтай Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасан нөхцөлүүдээр хөдөлмөрийн гэрээг 2015 оны 10 сарын 19-нд байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж хуульд нийцүүлсэн байна. /Хх-08-13/
Хэрэгт цугларсан баримт болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар дээр бичигдсэн бичилтээс үзвэл дараах байдал тогтоогдож байна.
Ж.Л тус байгууллагад анх 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Г т лйн захирлын 177 дугаар тушаалаар ХФАЛ-д химийн шинжилгээний дагалдан инженерээр томилогдсон,
2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 109 дүгээр тушаалаар ажлаас халагдсан, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 213 дугаар тушаалаар химийн гүйцэтгэгч инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. /хх 7-13/
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ...байвал хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заажээ.
Нэхэмжлэгч Ж.Лтай 2015 оны 10 сарын 19-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцогдох 3 нөхцлийг заасан байна. Ажил олгогчоос гаргасан Б/188 дугаар тушаалд дурдсан зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд дурдсан 3 нөхцөлд хамаарахгүй байна.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 г-д заасан ноцтой зөрчлүүдыг гаргасан болох нь тогтоогдохгүй байна.
Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг гутаах, ажлын эрх ашиг, сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл бий болсон зэрэг нөхцөл үүссэн байхыг хуулиар зохицуулсан байна.
Хэрэгт ирүүлсэн дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэх боловч зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон эсэх нь хэргийн үйл баримтаар болон хэрэгт ирүүлсэн баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Хэрэв нэхэмжлэгчид дээр дурдсан 3 удаагийн үйлдэл гэх 2018 оны 09 сарын 04-ний өдөр шинжилгээний ажил гүйцэтгэх явцдаа гартаа бээлий өмсөөгүйн улмаас хайлуурын хүчилд гараа түлсэн, 09 сарын 20-ны өдөр 314 тоот өрөөнд задаргаа хийх явцдаа ажпын байрыг эзэнгүй орхисны улмаас гал гаргасан, мөн 2018 оны 11 сарын 29-ний өдөр задаргаа хийж дууссаны дараа цахилгаан хэрэгсэл /плитка/-ийг тэжээлээс салгаагүйн улмаас гал гаргасан зэрэгт арга хэмжээ авсан бол ажилтанд тухай бүрд нь мэдэгдэж энэ тухай ямар арга хэмжээ авсан талаарх шийдвэрээ түүнд өгөх, ингэснээр ажилтан өөрт оногдуулсан шийтгэлийг мэдэх эсэх талаар үйлдэл нотлогдохгүй байна, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Харин хариуцагчаас нотлох баримтаар зөрчил бүртгэх журнал, зааварчилгааны дэвтэр, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн хурлын тэмдэглэл, захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг /хх-38-62/ талд авагдсан баримтууд нь ажил олгогчийн гэм буруугүйг нотлохгүй бөгөөд хэрэгт ач холбогдолгүй хамааралгүй тул үнэлээгүй болно.
Түүнчлэн ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй үндэслэлээр буюу гэрээний 3 дугаар зүйлийн б-д заасан ажилтны хүлээх үүргийг үндэслэн тушаал гаргаж ажилтныг ажлаас чөлөөлсөн ба ажил олгогч эрх зүйн баримт бичгээ хуульд нийцүүлж гаргаагүй байна гэж үзлээ.
Хариуцагч нь ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгохыг хүссэн тухай нэхэмжлэл гаргаж байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй юм.
Талуудын маргаж байгаа маргааны зүйл нь ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал бөгөөд уг тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговороос заримыг хангаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор олгоно ... гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д... ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалинг-аас тооцохоор заасан тул нэхэмжлэгчийн НДД №А000000 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарт бичигдсэн сүүлийн бичилт нь 2018 оны 9,10,11 сарууд байх бөгөөд эдгээр саруудын бичилтээс нэг сарын цалингийн дунджийг тооцоход нэг сарын цалин тогтмол 632 692 байх ба, нийт ажлын өдөр 91 хоног үүнээс амралтын 26 хоногийг хасаад 65 хоног, шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2019 оны 3 сарын 07-ны өдөр хүртэл 76 өдрөөр тооцож 3 сарын дундаж 1 898 076 төгрөг : 3 сар = 632 692:22 нэг өдрийн дундаж цалин хөлс 28 758 төгрөг байна. Ажилгүй байсан хугацааны олговор 2 185 663 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,46.2-д зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгчийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг Г т л Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн бөгөөд харин цалин олговортой холбоотой нэхэмжлэл гаргахдаа төлсөн 176 998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г т л Төрийн өмчит үйлдвэрийн газраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хууль бус шийдвэр гаргасны улмаас байгууллагад учирсан хохирлыг арилгах ёстойг дурдах нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Х м овогт Ж-ын Л /регистрийн дугаар: АА00000000/ Г т л ТӨҮГ-ын хими физик аргын тасагт Химийн шинжилгээний гүйцэтгэгч инженерын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Г т л Төрийн өмчит үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны цалин олговор 2 185 663 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Л-д олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,46.2-т зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Г т л ТӨҮГ-т даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 2 185 663 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 49 921 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ