Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/264

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Солонго

шүүгдэгч Б.Б-

хохирогч Ж.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205001000182 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Өлзийт дэлгүүр дотор хохирогч Ж.З-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Б.Б- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж уучлалт гуйж байна. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би доор гараашид юм хийж байсан чинь манай ач охин өвөө авраарай гээд орилоод ороод ирсэн. Тэгээд хартал Ж.З- гэх эмэгтэй хөмхийгээ зуучихаад миний охиныг хөөгөөд явж байсан. Манай охин одоо нүүр дүүрэн сорвитой болсон байгаа. Тухайн үед нүүр нь цус болчихсон, цус нь тогтохгүй байсан. Нүүрэнд нь 11 сорви тогтож үлдсэн. Дэлгүүрээс нойтон салфетик авч цэвэрлэсэн. Энэ хүн миний охинд гар хүрээгүй бол тийм зүйл болохгүй байх байсан. Өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байна.” гэв

 Хохирогч Ж.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манай зээ хүү М-манай хүүгийнд тоглоно гээд явсан. Цагийн дараа уйлаад ороод ирэхээр нь яасан гэсэн чинь тоглож байхад Б.М-а гэдэг хүүхэд орж ирээд намайг алгадсан гээд уйлсан. Тэгээд би хүүгээсээ тэр хүүхэд хаана байна гэж асуугаад гарсан. Би мэдээж эх хүн. Юу гэж хүний хүүхдийн нүүрийг маажих вэ. Тэгээд би дэлгүүр рүү ороод байж байтал намайг *******заамдаад цохих гээд байсан. Миний зүүн талын хөл рүү өшиглөсөн. Би орилоод суусан, тухайн дэлгүүрийн хүн намайг гэрт хүргэж өгсөн. Би тухайн охиныг гэмтэл учиртал нь цохиогүй. Надтай хэрэлдээд салсан. Би тэр охины биед хүрээгүй. Мөн 48.100 төгрөгөөр яаж эмчилгээ хийлгэх билээ дээ. Баримт нь байхгүй байна. Хүүхдүүдээ гуйгаад эмнэлгээр явсан. Баримтгүй учраас нэхэмжлэх боломжгүй байна. Эрүүгийн хариуцлагын талаар саналгүй.” гэв

          Гурав: Эрүүгийн 2205 0010 00182 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.З-ын хохирогчоор өгсөн:

“2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15 цаг өнгөрч байхад зээ хүү М-ач охин Э-ийн гэрт нь очиж тоглоно гээд гараад явсан. Тэгээд цаг орчмын дараа М-уйлчихсан орж ирэхээр нь “яасан юу болов” гэтэл Э-ийнд байж байтал хаалганы хонх дуугараад “Э-ийг асуухаар нь байхгүй чи зайл” гэж хэлсэн. Тэгээд байж байтал Б.М-а гэх охин орж ирээд намайг алгадаад загнасан гэсэн. Тэгээд би гараад яагаад хүүхэд зоддог юм гээд байрнаас гараад хажуугийн дэлгүүрийн хажууд Э-тэй таараад “яагаад дүүгээ зодуулсан юм хэн зодсон юм” гэтэл Б.М-а “одоо байрныхаа орцонд байна” гэсэн. Тэгэхээр нь би байрных нь кодыг Э-ээр тайлуулж орц руу ортол Б.М-а гэх охин нэг охинтой хамт зогсож байсан. Тэгээд би Б.М-а гэх охиныг энгэрээс нь зуураад “чи яагаад хүүхэд зодсон юм” гэхэд “яадаг юм” гээд уурлаад байхаар нь би тэгвэл хэсгийн байцаагч руу явъя гэтэл миний хажуугаар гүйгээд гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гартал орцны үүдэн дээр үл таних 60 орчим насны эрэгтэй гарч ирээд миний толгой, нүүр рүү хэд хэд цохисон. Тэгээд би арай гэж салаад айгаад хажуугийн Өлзийт дэлгүүр рүү явж ороод зогсож байтал араас нөгөө үл таних хүн орж ирээд “гараад ир чи, гадаа гаргаад чамайг алаад өгье” гэтэл нөгөө охин нь араас нь орж ирээд “хохь чинь ёр чинь муу эмгэн” гээд над руу дайраад нөгөө эрэгтэй нь намайг татаад үүд рүү чирээд “гараад ир” гэхээр нь би” үгүй ээ” гэтэл миний толгой руу цохиод, зүүн хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь “би хагалгаанд орох хүн чи яагаад намайг зодож байна” гэтэл “чамайг ална, чиний өвчин чинь надад хамаагүй” гээд над руу дайрч дайрч байгаад охиноо дагуулаад гарсан. Тэгээд арайхийж  гэртээ орж ирээд охин цагдаад дуудлага өгсөн. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтэд заасан гэмтлүүдийг Б.М-агийн өвөө гэх хүн дэлгүүрт орж ирээд цохиж, өшиглөхдөө учруулсан. Мөн дэлгүүр рүү орж ирэхээс өмнө гадаа толгой руу цохисон. Би тухайн үед Б.М-а гэх охины энгэрээс нь татаад “гараад ир чи, чи яаж байгаа юм цагдаад хэлнэ” гээд таттал миний хажуугаар гүйгээд гарсан. Би тэр охины нүүрэнд нь хүрээгүй. Тэр охин зүгээр байсан...Би гомдолтой байна. Би хөлнөөсөө болоод хагалгаанд орох гэж байсан юм. Тэр хүнд зодуулснаас болоод одоо алхаж чадахгүй маш хүнд байдалтай байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал)

 

 2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-гийн гэрчээр өгсөн: “ Би 2021 оны 12 дугаар сарын 16-ны орой 21 цаг 35 минутын орчим гэртээ орж ирсэн. Тэгтэл ээж Ж.З-гишгэж чадахгүй зовуурьтай хавдсан байдалтай, хөх туяатай болчихсон байсан.  Болсон асуудлын талаар асуухад өдөр 15 цагийн орчим 2а байрны 08 тоотод манай хүү М-төрсөн ах Чингүүнжавынд байж байсан гэсэн. Тэгтэл гаднаас үл таних хүүхэд хаалгаа онгойлго гээд залгасан чинь М-тухайн хүүхдийг зайл гээд хэлчихсэн гэсэн. Тухайн үед манай хүү Э- үеэлтэйгээ байсан бөгөөд Э-ийн найз Б.М-а хаалгаа онгойлго гэж хонхоор нь залгасан юм билээ. Тэгээд Э- битгий онгойлго гэхээр нь М-зайл гэж хэлсэн. Удалгүй Б.М-а гэх бага насны охин орцонд ороод ирсэн хаалга нүдээд байхаар нь онгойлгосон чинь тэр охин шууд манай хүүг 2 удаа алгадаад амаа мэдээрэй гэж хэлээд Э-ийг гэр дотор нь гуталтайгаа хайгаад байхаар нь Э- айгаад гэртээ орж ирээд эмээдээ хэлсэн. Тэгээд эмээ нь юу болсон талаар асуух гээд гарсан. Тэгэхэд Э-ийн гэрийн орцонд ороход Б.М-а гэх охин бас нэг эмэгтэй хүүхдийн хамт байхаар нь эмээ нь уурлаад Б.М-аг заамдаад сэгсэрсэн. Гадаа гараад дэлгүүрийн үүдэнд зогсож байхад ээжид маань заамдуулсан гэх охин үл таних эрэгтэйн хамт гарч ирсэн. Тэгээд удалгүй ирээд нөгөө эрэгтэй манай ээжийн баруун зүүн шанаа хэсэгт алгадсан гэсэн. Тэгээд ээж маань айгаад дэлгүүрт ороод ирсэн чинь араас нь орж ирээд зүүн хөл рүү нь өшиглөсөн байсан. Миний хүүхдийг болон миний ээжийг Б.М-а гэх охин түүний дагуулж ирсэн эрэгтэй зодсон. Ээж маань хөлний хагалгаанд орсон өвчтэй, тархиндаа гэмтэлтэй тийм учраас би гомдолтой байна хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. Манай ахын охин Б.М-а гэх охинтой өмнө нь найзалдаг байсан гэсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.М- гэрчээр өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед би 2а байрны гадна явж байгаад цонхоор нь найз Э-ийг дуудсан чинь хажууд нь байсан хүүхэд намайг “зайл” гээд хэл амаар доромжлоод “шулам Б.М-а” гээд байхаар нь миний уур хүрээд би 2а-8 тоот гэрт нь ороод тэр хүүхдийг нэг алгадсан. Тэгтэл тэр хүүхэд надаас уучлалт гуйхаар нь би гараад өөрийн гэр рүүгээ яваад БЗ 30-р байрныхаа орцонд найз Отгонбаатар, Ж.З-хоёртой хамт юм яриад зогсож байтал гаднаас нэг эмээ орж ирээд “Б.М-а гэдэг нь чи юу” гэхээр нь “тийм ээ” гэтэл миний хүзүүг боогоод, нүүр маажаад, өвдөглөөд “чи миний хүүхдийг цохидог хэн юм” гэхээр нь би “танай хүүхэд намайг хэл үгээр доромжлоод байсан болохоор би цохисон юм” гэтэл “чи тэгээд яадаг юм яахаараа манай гэрийн гадна очдог юм” гээд намайг дахин дахин нүүр рүү цохиод байсан. Тэгээд би гараас нь мултарч гарч зугтаад өвөөг дуудаад уйлаад орцны хажууд сууж байтал өвөө гарч ирсэн. Тэгээд миний хацраас цус гараад тогтохгүй байсан болохоор уйлаад өвөөг дуудаж байхад тэр эмээ орцноос гарч ирээд хажуугаар яваад Өлзийт дэлгүүр рүү орчихсон. Тэгээд удалгүй өвөө гарч ирээд хэн ийм болгосон юм гэхээр нь дэлгүүр рүү орчихсон гэж хэлсэн. Тэгээд өвөө дэлгүүр рүү ороод хэсэг хугацааны дараа гарч ирээд намайг дагуулаад гэрт ороод миний нүүрний цусыг угааж өгсөн. Миний нүүр, хүзүү хэсэг улайгаад хумсанд урагдсан байсан бас зүүн гарын ар хэсэгт хумсны сорви тогтсон улайсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Тухайн өдөр гэрээсээ гараад найз Э-ийг дуудаж байхад хажууд нь байсан эрэгтэй хүүхэд би нэрийг нь мэдэхгүй намайг хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд гэрт нь ороод нэг удаа алгадсан. Тэгээд гараап гэр рүүгээ орох гээд орцонд байж байтал тэрний эмээ нь гэх хүн ирээд намайг зодсон.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 47-48 дахь тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Ч.Э-ийн гэрчээр өгсөн:“2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дүү М-манайд надтай хамт тоглохоор орж ирсэн. Гэтэл хаалганы хонх дуугарахаар нь Мөнхбилэгээр авхуултал Б.М- намайг асууж байхаар нь би “намайг байхгүй байна гээд хэлчих” гээд Мөнхбилэгээр өөрийгөө гэртээ байхгүй байна гэж хэлүүлсэн. Тэгээд М-намайг байхгүй байна гэж хэлчихээд “чи зайл” гээд хэлчихсэн. Тэгээд удалгүй манай гэрийн хаалгыг тогшоод байхаар нь М-очоод хаалга онгойлготол Б.М- орж ирээд чи дээрээс хойш яагаад хүн өдөөд байгаа юм гээд хацар руу нь алгадсан гэсэн. Би тухайн үед Б.М-орж ирэхийн өмнө ариун цэврийн өрөө рүү орчихсон байсан юм. Тэгээд Б.М-аг гарсны дараа М-гэр рүүгээ явчихаар нь би араас нь гараад Ж.З-эмээгийнх рүү явж байтал эмээ гарч ирээд Б.М-агийн гэрийг асуухаар нь зааж өгөөд хаалганых нь кодыг тайлж өгчхөөд буцаад эмээгийн гэр рүү явсан. Тэгээд эмээгийнд байж байтал удалгүй эмээ хөл нь доголчихсон, зүүн хөл нь хавдчихсан орж ирэхээр нь юу болсон бэ гэтэл Б.М-агийн өвөө нь гарч ирээд өшиглөсөн гэсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Батын гэрчээр өгсөн: “...манай дэлгүүрээр үйлчлүүлдэг Ж.З-эгч орж ирэхээр нь би мэндийг нь мэдтэл манай дэлгүүрийн голын хажуугийн дунд өрөөнд зогсчихсон. Тэгтэл удалгүй нэг ах орж ирээд тэр Ж.З-гэх эгчийг заамдаад татаад байхаар нь “яасан бэ, болиоч ээ” гэтэл араас нь тэр өвгөний охин нь орж ирээд миний нүүр рүү цохисон гээд байсан...чи миний охиныг цохилоо гээд таталцаж байгаад тавьсан. Тэгээд гарахдаа Ж.З-эгчийн зүүн хөл рүү нь нэг удаа өшиглөөд гараад явсан. Ж.З-эгч ёо ёо намайг өшиглөчихлөө гишгэж чадахгүй байна ёо ёо гээд орилоод байхаар нь би сандал тавьж өгөөд суулгаж байгаад гэрт нь оруулж өгсөн...баруун бил үү зүүн хацар хэсэгт нь шалбарчихсан жаахан цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал)

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 597 дугаартай:  “Ж.З-ын биед зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дэх тал)

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1123 дугаартай: “Б.М--н биед баруун нүдний зовхи, хацарт цус хуралт, баруун хацар, эрүү, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай гэмтэлд хамаарагдахгүй. Эдгээр гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дэх тал)

 

8. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийн 00:02 секундээс 00:12 секунд хүртэл уг дэлгүүрийн баруун талаас зогсоолд байршуулсан машинуудын хажуугаар хар өнгийн урт шубтэй, хар өнгийн малгайтай, бага зэрэг доголсон байдалтай эмэгтэй хүн ардаа хэд хэдэн удаа эргэж хараад дэлгүүр рүү орж байна. Бичлэгийн 00:12 секундээс 01:12 секунд хүртэл ямар нэгэн хүн харагдаагүй бөгөөд 01:13 секундэд дэлгүүрийн баруун талын машины зогсоолын урд хэсгээс ногоон эрээн өнгийн хувцастай, саравчтай малгайтай эрэгтэй хүн дэлгүүр рүү алхаад орж байна. Бичлэгийн 01:28 секундээс 01:35 секунд хүртэл цагаан өнгийн ороолттой, богино куртиктэй эмэгтэй хүүхэд дэлгүүрийн урд хэсгээс алхаж ирээд дэлгүүрийн урд хэсгээс алхаж ирээд дэлгүүр рүү орж байна. Бичлэгийн 00:02 секундэд хар өнгийн урт шубтэй, хар өнгийн малгайтай, бага зэрэг доголсон байдалтай эмэгтэй хүн дэлгүүр рүү орж ирж 00:07 секундэд дэлгүүрийн зүүн талын лангууны дундуур яваад бичлэгт харагдахгүй байна. Бичлэгийн 01:00 секундэд гаднаас ногоон эрээн өнгийн хувцастай, саравчтай малгайтай эрэгтэй хүн дэлгүүр рүү орж ирээд үүднээс зүүн тийш эргээд тонгойж хараад зогсож байна. Бичлэгийн 01:11 секундэд хар өнгийн урт шубтэй, хар өнгийн малгайтай, бага зэрэг доголсон байдалтай эмэгтэй Ж.З-ногоон эрээн өнгийн хувцастай, саравчтай малгайтай эрэгтэй Баясгалан, өөдөөс ирээд хоорондоо маргалдаж байгаа байдалтай зогсож байна. Бичлэгийн 01:14 секундэд ногоон эрээн өнгийн хувцастай, саравчтай малгайтай эрэгтэй, хар өнгийн урт шубтэй, хар өнгийн малгайтай, бага зэрэг доголсон эмэгтэйн толгой хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж байна Бичлэгийн 01:18 секундэд баруун гараараа эмэгтэйн зүүн гараас таталцаж байна. Бичлэгийн 01:19 секундэд гаднаас цагаан өнгийн ороолттой, богино куртиктэй эмэгтэй хүүхэд Б.М- орж ирээд зүүн гараараа баруун хацар хэсэгтээ заагаад зогсож байна. Бичлэгийн 01:22 секундэд эрэгтэй Б.Б-, эмэгтэй Ж.З-ыг баруун гараараа энгэр хэсгээс нь заамдаад үүд рүү татаж байх бөгөөд 01:30 секундэд эрэгтэй нь хаалгаа онгойлгоход эмэгтэй нь гарыг нь тавиулаад мултарч байна. Бичлэгийн 01:32 секундэд эрэгтэй нь хаалга онгойлгож зогсож байгаад эмэгтэй Заяатын зүүн шилбэ хэсэг рүү урдаас нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөөд 01:36 секундэд хаалга руу эргээд охины Б.М- хамт гараад явж байна. 01:37 секундээс хойш хөргөгчийн хажууд зогсож байсан эмэгтэй хөл рүүгээ өшиглүүлээд доошоо тонгойсон байдалтай 02:04 секунд хүртэл зогсож байна. Бичлэгийн 00:02 секундэд орцноос хар өнгийн урт шубтэй, хар өнгийн малгайтай, бага зэрэг доголсон байдалтай эмэгтэй Заяат, цагаан өнгийн куртиктэй эмэгтэй хоёр гарч ирж байна. Бичлэгийн 00:04 секундэд орцноос цагаан өнгийн ороолттой, богино куртиктэй эмэгтэй хүүхэд гарч ирээд хажуугийн хаалгыг онгойлгож ороод 00:13 секундэд гарч ирж байх бөгөөд хойноос нь ногоон эрээн өнгийн хувцастай, саравчтай малгайтай эрэгтэй гарч ирээд Ж.З-гэх эмэгтэйтэй маргалдсан байдалтай зогсож байна. Бичлэгийн 00:17 секундэд Б.Б- зүүн гараараа Ж.З-ын толгой хэсэг рүү нь нэг удаа цохиод үргэлжлүүлэн маргалдаж байна. Бичлэгийн 00:23 секундэд Б.Б- баруун гараараа Ж.З-ын зүүн хацар хэсэгт дахин нэг удаа цохиж үргэлжлүүлэн маргалдсан байдалтай 01:10 секунд хүртэл байрны орцны үүдэнд зогсож байна. Уг бичлэг дуустал орцны үүдэнд Б.Б-, Ж.З- нар хоорондоо юм ярьж маргалдсан байдалтай өөд өөдөөсөө хараад зогсож байгаад хоёр тийшээ салаад явж байна.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9-23 дахь тал)

  9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолыг уншиж танилцлаа, тогтоолыг хүлээн хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Ж.З-ыг зодоогүй. Насанд хүрээгүй миний охины нүүр хэсгийг маажиж, охины хоолой нь улайсан байсан. Би байрныхаа подвол дотор байж байхад гадаа зээ охин Б.М- орилохоор нь гадагшаа гарахад охины маань нүүр хэсэг цус болсон байсан. Б.М-ас юу болсон талаар асуухад хажууд нь зогсож байсан эмэгтэй рүү заагаад намайг зодчихлоо гэхээр нь нөгөө эмэгтэйг 2 удаа түлхэхэд миний буруу намайг уучлаарай гэсэн. Тэгээд тэр эмэгтэй дэлгүүр рүү орсон. Хүүхэд суучихаад уйлаад байхаар нь нөгөө эмэгтэйн араас дэлгүүр ороод нэхий дээлнээс нь заамдаж аваад гараад ир гэж хэлчхээд гараа тавиад дэлгүүрээс гарсан. Дараа нь зээ охиноо аваад гэр рүүгээ оруулж охиныхоо нүүрийг угаасан. ..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал)

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 92 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 94 дэх тал), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт   (хавтаст хэргийн 95 дах тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ж.З- нь “өөрийн зээ хүү 8 настай  Мөнхбилэгийг алгадаж уйлуулсан” гэх шалтгаанаар 13 настай Б.М- энгэрээс зуурч уйлуулсанаас үүдэлтэйгээр Б.М- өвөө Б.Б- нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  Өлзийт дэлгүүр дотор  Ж.З-ын толгой хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж, зүүн шилбэ хэсэг рүү урдаас нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн хэргийн үйл баримт авагдсан байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Ж.З-ын биед зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь:

 хохирогч Ж.З-ын “ Дүгнэлтэд заасан гэмтлүүдийг Б.М-агийн өвөө гэх хүн дэлгүүрт орж ирээд цохиж, өшиглөхдөө учруулсан. Мөн дэлгүүр рүү орж ирэхээс өмнө гадаа толгой руу цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...эмэгтэй Ж.З-ногоон эрээн өнгийн хувцастай, саравчтай малгайтай эрэгтэй Б, өөдөөс ирээд хоорондоо маргалдаж байгаа байдалтай зогсож байна. Бичлэгийн 01:14 секундэд...эрэгтэй ...эмэгтэйн толгой хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж байна Бичлэгийн 01:18 секундэд баруун гараараа эмэгтэйн зүүн гараас таталцаж байна...Бичлэгийн 01:22 секундэд эрэгтэй Б.Б-, эмэгтэй Ж.З-ыг баруун гараараа энгэр хэсгээс нь заамдаад үүд рүү татаж...Бичлэгийн 01:32 секундэд эрэгтэй нь хаалга онгойлгож зогсож байгаад эмэгтэй Заяатын зүүн шилбэ хэсэг рүү урдаас нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөөд 01:36 секундэд хаалга руу эргээд охины Б.М- хамт гараад явж байна...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9-23 дахь тал), гэрч М.Булгамаагийн “...нөгөө эрэгтэй манай ээжийн баруун зүүн шанаа хэсэгт алгадсан гэсэн. Тэгээд ээж маань айгаад дэлгүүрт ороод ирсэн чинь араас нь орж ирээд зүүн хөл рүү нь өшиглөсөн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал), насанд хүрээгүй гэрч Ч.Э-ийн “Тэгээд эмээгийнд байж байтал удалгүй эмээ хөл нь доголчихсон, зүүн хөл нь хавдчихсан орж ирэхээр нь юу болсон бэ гэтэл Б.М-агийн өвөө нь гарч ирээд өшиглөсөн гэсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал), гэрч Б.Батын “...нэг ах орж ирээд тэр Ж.З-гэх эгчийг заамдаад татаад байхаар нь “яасан бэ, болиоч ээ” гэтэл араас нь тэр өвгөний охин нь орж ирээд миний нүүр рүү цохисон гээд байсан...чи миний охиныг цохилоо гээд таталцаж байгаад тавьсан. Тэгээд гарахдаа Ж.З-эгчийн зүүн хөл рүү нь нэг удаа өшиглөөд гараад явсан. Ж.З-эгч ёо ёо намайг өшиглөчихлөө гишгэж чадахгүй байна ёо ёо гээд орилоод байхаар нь би сандал тавьж өгөөд суулгаж байгаад гэрт нь оруулж өгсөн...Б.М-а гэх охины баруун бил үү зүүн хацар хэсэгт нь шалбарчихсан жаахан цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал), шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 597 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Хэргийн хохирогч Ж.З-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Б- нь толгой хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж, зүүн шилбэ хэсэг рүү урдаас нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсний улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас “шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч Ж.З- нь өөрийн зээ хүү 8 настай Мөнхбилэгийг өмөөрч 13 настай Б.М-г уйлуулснаас шүүгдэгч Б.Б- нь ач охин Б.М-г өмөөрч хохирогч Ж.З-ын биед халдсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргалаа.

 

Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.        

 Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ,  56 настай группд байдаг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Зургаа: Бусад асуудлын талаар 

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд (хавтаст хэргийн 81 дэх тал)-д авагдсан хохиролтой холбоотой 48.100 төгрөгийн эмийн баримтыг шүүх нотлох баримтаар үнэлж шүүгдэгч Б.Б-гаас 48.100 төгрөгийг гаргуулж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.З-ад олгох нь зүйтэй.  

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурдав.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ************************** “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

         

 4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Б.Б-гаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 48.100 төгрөг гаргуулж хохирогч Ж.З-ад олгосугай.

 

 6. Б.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

 7. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ