Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/870

 

                

 

 

 

 

    2022          11             21                                         2022/ШЦТ/870

 

                                    НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: П.Отгонбаатар,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /ҮД:0929/

хохирогч ***, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа /ҮД:3164/

иргэдийн төлөөлөгч *** нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ын ***ид холбогдох эрүүгийн 2205000002019 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд

Октябрийн дүүргийн ардын шүүхийн 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаатай хянан харгалзах ялаар тус тус шийтгүүлж байсан,

*** овогт ***ын *** /РД:Ч***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгааны улмаас маргалдаж 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод ***ийг бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бүтэц хийцийг өөрчлөх чадвартай эд зүйл болох хутгаар хэвлийн тус газар нь хутгалж хэвлийн хөндийд нэвтэрч элэг, ходоод гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт бүхий амь насанд аюултай гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгааны улмаас маргалдаж 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод ***ийг бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бүтэц хийцийг өөрчлөх чадвартай эд зүйл болох хутгаар хэвлийн тус газар нь хутгалж хэвлийн хөндийд нэвтэрч элэг, ходоод гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт бүхий амь насанд аюултай гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримтыг тогтоохын тулд  нь шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн өгсөн “....Би хохирогчийг эмнэлэгт хэвтэж байхад нь очиход уулзуулаагүй. Цаасан дээр захиа бичиж уучлалт гуйсан. Дараа нь машинтай явж байхад нь тааралдаад уучлаарай гэж хэлсэн. Хохирогчоос дахин уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***ийн өгсөн “...Одоо 2.000.000 төгрөгийн хохирлоо гаргуулж авмаар байна. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг

 

Эрүүгийн 2205000002019 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

 

            2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

 

2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-14 тал/,

 

2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-26 тал/,

 

2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ***ийн хохирогчоор өгсөн “...Урд талын айл болох ***ийн гэрт ***, *** бид нар архи уусан. *** бид хоёр үл ялиг маргалдаж, эргээд харахад миний хэвлий орчим нэг часхийгээд юм ороод гарч байгаа нь мэдрэгдсэн. Би футболкоо сөхөөд харахад гэдэснээс цус гарч байсан. Бор өнгийн модон иштэй хутга байсан. Хутгалуулаад шууд хашаа даваад гэртээ ороход манай дүү байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ***ийн хохирогчоор дахин өгсөн “...Миний биеийн байдал тийм ч сайнгүй байна. Эмчилгээний зардалд нийт 450.000 төгрөг өгсөн. Би хутгалуулсны дараа 7 хоног юм идэлгүй уураг хэрэглэсэн. Нэг удаагийн хэрэглээ нь 270.000 төгрөг болж байсан. Өөр эмчилгээ бичиж өгсөн. Би гомдолтой байна. Эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

           

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Б.***ийн гэрчээр өгсөн “...Би тасраад унтсан байсан. Тэр хооронд ***, *** нар маргалдаад нэг нэгнийгээ хутгалсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Э.***ийн гэрчээр өгсөн “...***, ***, *** бид 4 хамт архи уусан. Тэгээд эхнэр дуудаад байхаар нь гараад явсан. Тухайн үед ямар нэгэн маргаан зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2369 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн модон бариултай хутганы гадаргуугаас 1 ширхэг гарын мөр илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн бариултай хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн модон бариултай хутганы гадаргуугаас илрүүлж, бэхжүүлсэн 1ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн модон бариултай хутганаас илрүүлж, бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй тул ***ийн /***/ гарын хээний дардастай харьцуулах боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 57-63 тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 3831 дугаартай шинжээчийн “...***аас авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна, уг цус нь О /1/ бүлгийн харьяалалтай байна. Эд мөрийн баримтаар ирүүлсэн гэх 2 ширхэг хутга дээрээс цус болон биологийн ул мөр илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 67-69 тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 3830 дугаартай шинжээчийн “...Эд мөрийн баримтаар хураан авсан гэх хар өнгийн футболк дээр цус илэрч байна. Уг цус нь хүний цус мөн байна. О /1/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 72-74 тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2368 дугаартай шинжээчийн “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн богино ханцуйтай цамц шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн богино ханцуйтай цамцанд 7 мм, 20 мм, 20 мм, 20 мм, 7 мм, 16 мм, 20 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна. Мөн 38 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ сэмрэлт байна...” гэх дүгнэлт /хх-ийн 77-80 тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 10809 дугаартай шинжээчийн “...***ийн биед хэвлийн хөндийд нэвтэрч элэг, ходоод гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /2 л/, мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх  эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 85-86 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 101 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 102 тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 103 тал/үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 104 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *** нь “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгааны улмаас маргалдаж 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод ***ийг бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бүтэц хийцийг өөрчлөх чадвартай эд зүйл болох хутгаар хэвлийн тус газар нь хутгалж хэвлийн хөндийд нэвтэрч элэг, ходоод гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт бүхий амь насанд аюултай гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан...” болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч  нарын дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байна.

 

 “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Харин “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэжээ.

 

Иймд шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх  дүгнэлтийг  гаргасан болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор  бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн эмчилгээний зардалд сайн дураар 830.000 /найман зуун гучин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж байна.

 

Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *** нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч ***ид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан 5 /тав/жилийн  хорих ялыг оногдуулж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж зэргийг харгалзан ***ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасан хуулийн зохицуулалтыг шүүхээс хэрэглэхийг хүссэн ба өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ***ийг 5 /тав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ид оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. ***ийн хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч ***ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг хураагдсаныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч *** нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоол хүчин төгөлдөр болтол ***ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                             ШҮҮГЧИД                               С.БОЛОРТУЯА

 

                                                                                             Г.ЗОЛБОО