Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 74

 

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 153/ШШ2019/00074

Ховд аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 09-18 тоотод оршин суух, .... дугаарын регистртэй, Н овогт Жийн Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Цагдаагийн газарт холбогдох, “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саруул-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Г нь цагдаагийн байгууллагад 2013 оноос ажиллаж байгаад Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 13- ны өдрийн Б/48 дугаар тушаалаар цэргийн алба хаах насны хязгаар хэтэрсэн гэх үндэслэлээр хувь тэнцүүлсэн цэргийн тэтгэвэр тогтоолгохоор цагдаагийн албанаас чөлөөлсөн. Ж.Г нь Цагдаагийн Ерөнхий газарт хандсанаар Цагдаагийн Ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5б /2627 дугаар албан бичгээр Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргад Ж.Гыг албанаас чөлөөлсөн шийдвэр нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д заасныг зөрчсөн илт хууль бус акт байх тул хүчингүй болгох тухай хариуг ирүүлсэн. Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны 06 сарын 14-ний өдрийн А/62 дугаар Тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилох тухай тушаалаар Ж.Гыг албанаас чөлөөлсөн газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийтийн хэв журам хамгаалах тасагг цагдаагаар эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн. Цагдаагийн газрын даргын 2017 оны 06 сарын 14-ний өдрийн А/62 дугаар тушаалаар ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, нийгмийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн боловч өнөөг хүртэл олгохгүй байна. Ажилгүй байсан хугацааны цалингийн тооцоолол нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 1 жил 1 сар буюу нийт 13 сарыг сүүлийн 3 сарын цалингийн дундаж 809.292 төгрөгөөр тооцон нийт 10 520 830 /арван сая таван зуун хорин мянга найман зуун гуч/ төгрөг болж байна.

Иймд албанаас чөлөөлөгдсөн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эргүүлэн томилсон 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү”  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саруул-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Гын ажилгүй байсан хугацааны цалин 10,520,830 төгрөгөөс хариуцагч Ховд аймгийн Цагдаагийн газар 5,260,000 төгрөгийг төлөхөөр, нэхэмжлэгч 5,260,830 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг 10,520,830 төгрөгөөс тооцон төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон тул бидний эвлэрлийг баталж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г нь Ховд аймгийн Цагдаагийн газарт холбогдох, “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай” иргэний хэрэгт тохиролцсон тул бидний эвлэрлийг баталж өгнө үү. Цаашид ямар нэгэн маргаан байхгүй” гэж эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн байх ба зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төрийн сангийн орлогод урьдчилан төлсөн 70,200 төгрөг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 5,260,000 төгрөгт ноогдох нийт 99,117 төгрөгийг 50 хувь бууруулан 49,558 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан улсын орлогод оруулах, нэхэмжлэгчид төрийн сангаас 20,642 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Гын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Цагдаагийн газарт холбогдох, “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгч Ж.Гын ажилгүй байсан хугацааны цалин 10,520,830 төгрөгөөс хариуцагч Ховд аймгийн Цагдаагийн газар 5,260,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр, нэхэмжлэгч 5,260,830 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг 10,520,830 төгрөгөөс тооцон төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төрийн сангийн орлогод урьдчилан төлсөн 70,200 төгрөг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 5,260,000 төгрөгт ноогдох нийт 99,117 төгрөгийг 50 хувь бууруулан 49,558 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан улсын орлогод оруулах, нэхэмжлэгчид төрийн сангаас 20,642 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ховд аймгийн Цагдаагийн газар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОЮУН-ЭРДЭНЭ