Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1366

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Р.Мягмардорж, шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1461 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овгийн Ц.М, 1998 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа орчуулагч ажилтай, ам бүл гурав, хамтран амьдрагч, хүүхдийн хамт *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд нь

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 479 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 1 дэх заалтад зааснаар зургаан зуун мянган төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.М нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Н.Д-тэй “гадуур их гарлаа” гэх шалтгааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, дух дээд  уруул, эрүү, дээд уруулын дотор хэсэгт шарх, духны баруун хэсэг баруун нүдний дээд доод зовхи, хацар хамарсан, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч *** овгийн Ц.М нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Н.Д-тэй “гадуур их гарлаа” гэх шалтгааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, дух дээд  уруул, эрүү, дээд уруулын дотор хэсэгт шарх, духны баруун хэсэг баруун нүдний дээд доод зовхи, хацар хамарсан, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Н.Д-ийн “...нөхөр Г.Л ахыг таксинд суулгаж өгөхөөр 04-05 цагийн орчимд явсан. Удалгүй орж ирээд намайг хүүхдээ үлдээгээд гадуур гарлаа гээд маргалдаж намайг гараа атгаж байгаад миний нүүр лүү 5-10 удаа цохисон. Би гэрээсээ зугтаж гараад гэмтлийн эмнэлэг явсан...нэхэмжлэх зүйл байхгүй, надад ямар нэгэн гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал),

-Гэрч Г.Лхамын “...би Н.Д-тэй ууж дуулж байгаад шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн хөтөл гэх газар хүргэж өгөхөөр таксигаар ирсэн. Гэрт нь иртэл Н.Д-тэй хамт хашаанд нь хадам аав, ээж нь байшинд амьдардаг байсан. Би анх удаа очсон. Нөхөр нь бага зэрэг архи уусан байсан ба би Н.Д болон түүний нөхрийн хамт бид гурав машинд сууж байгаад 1 сав 2.5 литрийн пиво ууж суугаад би үүрийн 04 цагийн үед гэртээ харихаар гарсан. Намайг Н.Д-ийн нөхөр Ц.М зам дээрээс таксинд суулгаж өгсөн...оройтож ирсэн болохоор уурлаад байсан. Н.Д, Ц.М хоёр хоорондоо маргалдаад байсан. ..үүрээр намайг Ц.М таксинд суулгаж өгөхөөр гарахад нүүр ам нь зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дэх тал),

-Гэрч С.Баярцэнгэлийн “...удалгүй 01 цагийн орчимд Н.Д над руу залгаад би гэртээ байна. Ц.М намайг өөр хүнтэй явсан гээд хардаад байна. Тийм зүйл болоогүй биз дээ гэж хэлсэн. Мөн утасны цаана хэрэлдэж муудалцаад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11241 дугаартай шинжээчийн “...Н.Д-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, дух дээд уруул, эрүү, дээд уруулын дотор хэсэгт шарх, духны баруун хэсэг баруун нүдний дээд доод зовхи, хацар хамарсан, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээр гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

-Шүүгдэгч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар “...Г.Л-ыг унаанд суулгаж өгөөд би Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах гэртээ орсон. Гэртээ ороход хамтран амьдрагч Н.Д болон манай хүүхэд хоёр байсан. Би хамтран амьдрагч Н.Д-г яасан удаан ирдэг юм, ойрд гарч орох чинь ихдээд байна гэж хэлээд бид хоёр маргалдаж байгаад би нүүр хэсэгт нь 2-3 удаа алгадаад 1 удаа хөл хэсэгт өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-68 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул шүүхийн шийдвэрт яллах талын нотлох баримтаар үнэлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.М нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11241 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Д-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв. 

Шүүгдэгч Ц.М-ийн  үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Н.Д-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Түүнчлэн, шүүгдэгч Ц.М, хохирогч Н.Д нар албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, хамтран амьдрагчийн харилцаатай байсан тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...энэ хуулийн зохицуулалтад ... хамтран амьдарч байсан...” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ хэмээн тодорхойлсон, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Ц.М-ийн  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Н.Д нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.М-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.  Хохирогч хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжилсэн эд зүйл, хөрөнгө, орлого, иргэний бичиг баримт байхгүй...” гэв.

Шүүгдэгч: “...Санал байхгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.М-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 479 дүгээр шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 43-44 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 45-47 дахь тал), Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (хавтаст хэргийн 51 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 55 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), ХААН банкны дансны хуулга (хавтаст хэргийн 57-59 дэх тал) зэрэг хувийн байдлыг тодорхойлов.

Шүүх улсын яллагчийн саналыг үндэслэн шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзэв.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.*** овгийн Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д зургаан зуун тавин нэгж буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэн хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.М-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА