Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 88

 

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2019/00088

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан багийн 8-6 тоотод оршин суух, ..... дугаарын регистртэй, Я овогт Бын Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан багийн 11-1б тоотод оршин суух, ..... дугаарын регистртэй, Г овогт Нийн Цд холбогдох Хашаа, газар чөлөөлүүлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Одонцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б би 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Н.Одонцэцэгээс Ховд аймгийн Жаргалант сум 2-р баг, Баатархайрхан 11 дүгээр гудамж 16 тоотод орших 750, 2 м.кав талбайтай газрыг хашааны хамт бэлэглэлийн гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авч 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн Улсын бүртгэлийн Г-1617004320 дугаарт бүртгүүлэн 8416100974 нэгж талбарын дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000328602 дугаартай гэрчилгээ авсан. Хашаандаа нүүж очоогүй байтал миний өмчлөлийн хашаа газарт Ц гэдэг айл буусан ба хашаа газар чөлөөлж өгөхийг шаардахад энэ хашаа газар миний дүүгийн хашаа газар би бууж амьдрах эрхтэй хэмээн маргаж миний үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхийг зөрчин намайг хохироож байгаа тул шүүхэд хандаж байна. Намсрайдоржийн Цг Б.Б миний өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сум 2-р баг, Баатархайрхан 11 дүгээр гудамж 16 тоотод орших 750,2 м.кав талбайтай газар, хашаанаас албадан нүүлгэж, хашаа газрыг чөлөөлүүлж өгнө үү гэв.

            Хариуцагч Н.Ц нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Одонцэцэг шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь төрсөн дүү Н.Одонцэцэгийн хашаанд буун амьдарч байгаа. Дүү минь намайг хашаа хараад буугаад өгөөч гэсний дагуу буусан. Дүү минь хүү Одгэрэлийн хамт энэ хашаандаа 20 жил амьдарсан. Дүүгийн минь хашаа гурван айлын хашаа байсныг 2 айлынхыг нь зарсан. Нэг айлын газраа зараагүй гэдгийг өөрөө хэлсэн. 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Б нь 2 айлын газрыг дүүгээс минь худал хэлж хямдхан авсан. Дүүгийн минь эхнэр Отгонцэцэгийг цэцэрлэгийн туслах багшаар ажилд авна гээд одоо болтол ажилд аваагүй. Энэ хүнийг албан тушаалаа ашиглан ядарсан хүмүүсийг хууран мэхлэдэг үйлдлийг буруу гэж үзэхийн зэрэгцээ хүний юманд шунаж байгаа үйлдлийг буруу гэж үзэж байна. Газрын албаны даамал Болормаа ирж энэ газар нь Одонцэцэгийн 20 жил эзэмшсэн газар мөн гэж батлаад явсан. Бадамцэцэгийн худалдан авсан гэх газар дүүгийн минь зарсан хашааг газрын зураг кадастрын дагуу үзэж энэ маргааныг зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Бадамцэцэг энэ газраа зарсан тул газар нэхэмжлэх эрхгүй гэж бодож байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н.Цд холбогдуулан Хашаа, газар чөлөөлүүлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж, хэргийн газарт үзлэг хийгээд хариуцагч Н.Цг хашааны газар чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 11 дүгээр гудамжны 1б тоот хашаа нь Б.Бгийн өмчлөлийнх гэдэг нь  2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Н.Одонцэцэг нь Б.Бд бэлэглэлийн гэрээгээр бэлэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5-7 хуудас/

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 11 дүгээр гудамжны 1б, 1в тоот хоёр айлын хашаанд үзлэг хийхэд уг айлын хоёр хашаа ертөнцийн зүгээр зүүн болон хойд, урд талаар шавар блокоор, баруун талаараа шинээр татсан банзан хашаатай байх бөгөөд Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Э.Цогтсайхан, Д.Сайханцэцэг нар 1в тоот хашааны зүүн өнцгөөс 1б тоот хашаа хүртэлх уг хоёр хашааны кадастрийн зургийн дагуу хэмжиж үзэхэд 44.14 метр урттай, 1б тоот хашааны урд хананаас хойд хана хүртэл 34 метр байв. Энэ нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 11 дүгээр гудамжны 1в, 1б тоот хашааны нийт хэмжээ нь 1501 м2 байна.

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 11 дүгээр гудамжны 1в тоот хашааны зүүн өнцгөөс хариуцагч Н.Цгийн гэр хүртэл хэмжилт хийхэд 28.8 метр байв. Энэ нь хариуцагч Н.Цгийн гэр нэхэмжлэгч Н.Бадамцэцэгийн хашааны газарт байрлаж байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хууль ёсны өмчлөгч өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн тохиолдолд эрх зөрчигчөөс шаардлах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар “... өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг  эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Цгаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгохоор шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116. 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бгийн өмчлөх эрхийн 000328602 улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, Г-1617004320 бүртгэлийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 11 дүгээр гудамжны 1б тоот хашааны газрыг чөлөөлөхийг хариуцагч Гурван сэнхэр овогт Намсрайдоржийн Цд даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Цгаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ОЮУН-ЭРДЭНЭ