| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00825/И |
| Дугаар | 89 |
| Огноо | 2019-02-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 89
| 2019 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 153/ШШ2019/00089 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 4-2 оршин суух оршин суух, ….. дугаарын регистртэй, Д овогтой Ций Аын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 153/2018/00825/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.А нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.А нь 1963 оны 04 дүгээр сарын 06-нд Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Ендэрт хэмээх газар төрсөн.1971 онд сургуульд орж, 1979 онд 8 дугаар анги төгсөж, ээж Цэвээний хамт 1979 оноос 1982 оны 06 сарыг хүртэл Мөст сумын Туяа нэгдэлд мал маллаж байгаад 1982 оноос 1985 онуудад хилийн цэргийн 0130-р ангид цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдаж ирээд Мөст сумын уурын зууханд галчаар 2 сар орчим ажиллаж байгаад эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Туяа нэгдлийн үйлдвэр бригад болон Баянзүрх бригадад малчнаар 1985 оноос 1990 он хүртэл ажилласан. Дээрх ажиллах хугацааны хөдөлмөрийн дэвтэр алга болсноос шалтгаалан 1979 оноос 1990 оны хоорондох 12 жилийн хөдөлмөр тасрахад хүрээд байна. 1979 оноос 1982 онуудад ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс ээжийн нэр дээр бичигдсэн. 1982 оноос 1985 онуудад цэргийн алба хаасан тухай баримт байгаа бөгөөд 1985 оноос 1990 он хүртлэх тушаал цалингийн түүвэр хагас дутуу байгаагаас шалтгаалан нийт 12 жилийн хугацаа тасрахад хүрээд байна. Иймд миний 1979 оны 06 сараас 1989 оны 12 сарыг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1979 оны 6 сараас 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 1985 оны 5 дугаар сарын 30-наас 1989 оны 12 сар хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.А нь 1979 оны 6 сараас 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 1985 оны 5 дугаар сарын 30-наас 1989 оны 12 сар хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1615 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөст сумын IV бригадын 1979-1980, 1982, 1985-1988 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,
- Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1985 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 22 тоот, 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 60 тоот ажилд томилох тухай тушаалуудын хуулбар, 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 тоот ажлаас чөлөөлж, томилох тухай тушаалын хуулбар,
- Хүсэлт гаргагчийн А0701668 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1609000482 дугаартай баталгаажилтын хуудасны хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 212 дугаар малчин мэргэжлийн үнэмлэхний хуулбар,
- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 02/1240 тоот цэрэгт татагдаж, халагдсан гэх архивын лавлагаа,
- Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 153/ШШ2018/00405 дугаар шийдвэрийн хуулбар,
Гэрч Ш.Бүүвэйгалын “.... Ц.А нь 1979 онд Ховд аймгийн Мөст суманд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Баянзүрх бригадад ээж, ах нарын хамт 1994 он хүртэл малчнаар ажилласан...” гэх гэрчийн мэдүүлэг
Гэрч Н.Адуучбаатарын “... Ц.А нь 1985 онд цэргээс халагдаж ирээд 2 жил галчаар ажиллаж байгаад 1987 оноос Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд мал малласан ... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Аыг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Дэгэрээт овогт Цэвээний Аыг 1979 оны 6 сараас 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 1985 оны 5 дугаар сарын 30-наас 1989 оны 12 сар хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ц.Аын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ