Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/415

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Намжил

шүүгдэгч-хохирогч С.А- түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар

шүүгдэгч-хохирогч Б.Л- түүний өмгөөлөгч Ц.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.А-, Б.Л- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001146 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,.

 

            2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч нарын  холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.А-,  Б.Л- нар нь 2022 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75б дугаар байрны 502 тоот Б.Л-ын гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                    

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгчээр С.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б.Л- намайг гэртээ дуудсан. Би нилээн оройтож очно гэж хэлээд орой 21 цаг өнгөрөөгөөд очсон. Би гэр рүү нь орохдоо 4, 5 пиво авч ороогүй. Хүүхдүүдэд нь чихэр, жимстэй очсон. Намайг ороход Б.Энхжин, Д.Алтангэрэл, Б.Л- нар пиво уугаад сууж байсан. Бид нар юм ярьж хоол идээд сууж байтал 23 цаг өнгөрч байх үед хүүе ээ дэлгүүр хаалаа сая Д.Алтангэрэл том пиво авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Энхжинтэй хамт гараад доод дэлгүүрээс нь 4 пиво авч орж ирсэн. Бид нар шийтгэлтэй хөзөр тоглосон. Тоглож байх үедээ би өөрөө өөртөө хийж уугаагүй. Бүгд адилхан согтсон байсан. Тоглоом тийм удаан үргэлжлээгүй. Шөнийн 2 цаг өнгөрч байхад би нөхөртэйгөө утсаар ярьсан. Нөхөртэй чатаар ярьж хамт байгаа хүмүүсээ харуулаад бичлэг хийж явуулсан. Маргааш эрт ажилтай би унтлаа гэж хэлээд нөгөө өрөөнд нь ороод амарсан. Намайг өрөөнд ороод хэвтэж байтал том өрөөнөөсөө Ану гээд дуудаад байсан. Гайхаад босоод хартал Э.Энхжин, Б.Л- хоёр бие биеийнхээ үснээс зулгаагаад зодолдож байсан. Би тэр хоёрыг салгаад нойлын өрөөнд дагуулаад орсон. Тэгтэл Б.Л- тамхи асаасан. Би та хоёр юундаа муудалцдаг юм бэ, одоо эвлэр гэтэл Б.Л- над руу харж байснаа миний нүүр рүү цохисон. Цохиход нь би арын ханыг нь мөргөсөн. Яагаад байгаа юм бэ, андуураад байгаа юм биш үү гэж хэлтэл намайг дахиад цохисон. Би Б.Л-ыг буцаагаад түлхсэн. Тэгтэл Э.Энхжин дундуур нь чи манай найзыг түлхлээ гээд хоёулаа нийлээд намайг нойлын өрөөнд зодсон. Миний хамраас нэлээн их цус гарсан. Б.Л- миний фудволкыг тайлаад цусыг арчсан. Зодуулаад гарч ирээд том өрөөнд ороод утсаа авах гэтэл Б.Л- миний утсыг хана руу савсан. Яаж байгаа юм бэ би гэрийнхэнтэйгээ утсаар яръя гэж хэлэхэд эргэж хараад найзаа уучлаарай гэсэн. Чи найзынхаа утсаар ярьчих гээд надад утсаа өгсөн. Чи яахаараа миний утсыг газар шиддэг юм бэ гэж хэлээд би Б.Л-ын утсыг газар шидсэн. Би дүү рүүгээ яриад явмаар байна гэж хэлсэн. Тэгтэл Д.Алтангэрэл надад утсаа өгөхөөр нь би нөхөр рүүгээ залгаж хэлсэн. Манай нөхөр тэр үед уурхайд ажиллаж байсан бөгөөд би зодуулчихлаа, дүү рүү залгаад хэлээд өгөөч гэж хэлсэн. Намайг жижиг өрөөнөөс нь гарч ирэхэд Д.Алтангэрэл та нар хэрэлдээд байх юм. Би машиндаа очиж унтлаа гээд явсан. Би ямар ч байсан дүүгээ дуудаад “CU”-ийн гадаа байж байгаарай гэж хэлсэн. Гарах гэтэл намайг Б.Л- гаргахгүй байсан. Гэрийнхэндээ битгий хэл гуйж байна гээд гаргахгүй болохоор нь би Э.Энхжинтэй гараад дүүгээ явуулаад ирье гэсэн чинь бид хоёрыг гаргасан. “CU”-ийн гадаа очиход манай дүү байхгүй байсан учраас би буцаж ирээд амарсан. Өглөө Б.Энхжин 08 цагийн үед гараад явсан. Урд шөнө нь би өөрийнхөө нүүрийг аймаар болсон байхыг мэдээгүй. Өглөө хараад мэдсэн. Би тэр өдрөө Б.Л-ын гэрт нь хоносон. Маргааш нь бас хоносон. Би Б.Л-ыг гурван хүүхэдтэй нь дагуулаад монтел орсон. Өөрийнхөө утсыг өөрийнхөө мөнгөөр янзлуулсан. 300.000 төгрөг болсон. Тэгээд нөхөр рүүгээ залгатал манай нөхөр 2-3 хоног үхсэн сэхсэн нь мэдэгдэхгүй алга болчихоор чинь уурхайгаас чөлөө аваад ирсэн гэж хэлээд Б.Л-тай уулзсан. Та нар зодсон байна гээд хамт байсан хүмүүсээ дууд гэж хэлээд бид нар Б.Л-ын гэр рүү нь очсон. Нөхөр нь гадаа машиндаа сууж байсан. Д.Алтангэрэл орой 7 цагийн үед Б.Л-ынд ирсэн бөгөөд манай дүү араас нь ирсэн. Э.Энхжин болохоор ирж чадахгүй энэ асуудалд чинь хамаагүй, цагдаа шүүхээр орсны дараа ирнэ гэж манай гэрийнхний уурыг хүргэсэн. Манай дүү, нөхөр, Д.Алтангэрэл, Чойном нар уулзахад бид нар маргааш чамайг эмнэлэгт үзүүлье, төлбөрийг чинь даая гэж хэлсэн. Манай хүний буруу гээд уучлалт гуйсан. Д.Алтангэрэл бас уучлалт гуйсан. Манай дүү Б.Л-ын гэрт нь байхад миний зургийг дараад эгч рүү явуулсан. Манай эгч цагдаа, шүүхээр шийдүүл гэсэн. Тэгээд маргааш нь цагдаагийн газарт очиж өргөдөл гаргаж өгсөн. Манай гэрийнхний хажууд ийм юм яриагүй. Мэдүүлэг өгөхдөө ч ийм зүйл яриагүй. Би гайхаж байна. Би Б.Л-ын биед гэмтэл учруулаагүй. ” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгчээр Б.Л- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би найзуудаа гэртээ дуудсан. Эхлээд Д.Алтангэрэлийг дуудсан. Дараа нь Э.Энхжин, С.А- нартай ярьсан. Орой 19 цагийн үед манайд цугласан. Хамгийн сүүлд С.А- манайд ирсэн. Би тэр үед хоол хийгээд ширээ зассан байсан. Юм ярьж суугаад С.А- руу залгаад хаана явж байна гэхэд удахгүй очно гэсэн. Тэрнээс хойш 15-20 минутын дараа манайд орж ирсэн. Бүгдээрээ сууж хоол идээд дараа нь буйдангийн урд байдаг ширээн дээр ирээд юм уугаад хөзөр тоглосон. Шөнийн 01 цаг өнгөрч байхад С.А- нэлээн муудсан байсан. С.А- хөзөр тоглоод хожигдсондоо уурлаад байх шиг байсан. Д.Алтангэрэл намайг 3 хүүхэд чинь хажуу талын өрөөнд унтаж байгаа юм чинь өнжчих гэж хэлсэн. Шөнө хүүхэд уйлвал би яаж согтуу очих вэ гээд би их уугаагүй. С.А- утсаар бичлэг хийгээд байсан. Гэтэл Д.Алтангэрэл болио шөнө бичлэг хийгээд яахын бэ гэж хэлсэн. С.А- өөртөө нэг хийж уугаад унтлаа гээд унтлагын өрөөнд яваад орсон. Би араас нь ороод юу болсон бэ гээд араас нь ороход утсаар ярьж байсан. Хэнтэй ярьсан бэ гэж асуухад сарын өмнө үерхэж байсан Дэлгэржаргалаас салсан. Сая залгасан чинь дахиж над руу битгий залгаад бай гэж байна гэж хэлсэн. С.А- өөрөө уйлсан байсан. Тэгээд гарч яваад хөзөр тоглоод байж байтал араас ирээд та нар намайг тоосонгүй гээд байсан. Тэгэхээр нь би инээгээд суулдаа гэж хэлээд хөзрөө үргэлжлүүлээд тоглосон. Тэгээд С.А- нэлээн хэд хожигдсон. Гэтэл С.А- уурлаад би болилоо гээд босоод явсан. Буцаж ирээд ер нь яахаараа та нар намайг тоодоггүй юм бэ, би та нартай яриад байна гээд орилоод байсан. Тэгэхээр нь би чи дуугай байгаач хүүхдүүд унтаж байна гэж хэлтэл би дуугарахаар яадгийн гээд хэрүүл үүссэн. Юун сүртэй юм бэ гичий чинь гэж хэлээд над руу ширээн байсан хөзөр аваад шидсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ гээд босох гээд өндийтөл намайг цохисон. Би босож очоод үсдээд урагшаа унагаагаад өшиглөсөн. Хажууд Э.Энхжин сууж байсан тэгээд бидний дундуур орж ирээд араас тэврээд салгасан. Д.Алтангэрэл намайг босгосон. Тэгээд босоод хэсэг сууж байгаад нойлын өрөөнд орсон. Нойлд сууж байхад С.А- араас ирээд хаалга онгойлгож зогсож байгаад өөдөөс утсаа шидэхэд намайг онолгүй арын хананд утас нь савагдаад угаалгын машины араар унасан. Намайг үсдээд урагшаа татаад байсан. Би нойлын суултуур дээр сууж байсан болохоор ямар нэгэн хөдөлгөөн хийх боломж байгаагүй. Тэр чигээрээ урагшаа өвдөг, тохойгоороо тулаад унасан. С.А- миний биед тээглээд бас унасан. Намайг өмдөө татаад босож ирэх үед Э.Энхжин орж ирээд юу болсон бэ, зүгээр үү гэхээр нь би зүгээр гэж хэлээд гарсан. Гарч яваад хоолны ширээний хажууд очиж байтал С.А- намайг хөөе байж бай гээд хойноос ирээд үсдээд унагаасан. Би зөрөөд барьцалдаад тавиулах гэтэл миний хөлийн хоёр хуруунаас хазсан байсан. Аймаар өвдөөд болиоч гэтэл ерөөсөө тавихгүй байсан. Арай гэж нэг юм тавиулаад манай гэрээс зайл гэж хөөсөн. Гэтэл С.А- надад утас байхгүй гэсэн. Тэгэхээр нь би миний утас ширээн дээр байна гэрийнхэн рүүгээ залга гэж хэлсэн. Миний утсыг аваад унтлагын өрөөнд орсон. Дараа нь байж бай дахиад нэг хүнтэй яръя гэж байгаад миний утсыг газар савсан. Яаж байгаа юм бэ гэж хэлэхэд С.А- чи миний утсыг эвдсэн биз дээ гэсэн. Би С.А-д чи өөрөө гар утсаа шидсэн гэдгийг нь хэлсэн. Манайхаас яв гэж хэлээд Д.Алтангэрэлийн утсаар яриулсан. Манай гэрийн гадаа хүн ирсэн байна гэхээр нь  Э.Энхжин гаргаж өгөхөөр хамт гарсан. Гарсных нь дараа цонхоор хартал  С.А-, Э.Энхжин хоёр сугадалцаад явж байсан. Ямар ч байсан мэдэж байгаа юм байна гэж бодсон. Тэгтэл хоёулаа буцаад ороод ирсэн. Яасан гэтэл гэрийнхэн нь байхгүй байна гэсэн. Удалгүй Д.Алтангэрэл явсан. Маргааш нь би ажилтай байсан бөгөөд өглөө сэрэхэд миний нүүр аймаар болсон байсан. Миний нүүр хавдаад, нүд сэтэрсэн байсан. Би С.А-тай ноцолдсон. Миний үснээс зулгаахаар нь адилхан зулгаасан. Би урдаас нь дайраагүй ч гэсэн би эсэргүүцсэн. Бид хоёр хоорондоо ярилцаад бие биеэсээ уучлалт гуйсан. Маргааш өглөө нь 11 цагийн үед би 3 хүүхдээ аваад С.А- утсыг нь янзлуулахаар хамт гарсан. Монел ороод утсыг нь янзлуулсан. С.А-, Энхжин бид гурав бол нэг ангийн найзууд. *****ийг Энхжин бүлэглэж зодоогүй.” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогчоор С.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний эрүүл мэндэд учирсан хохиролд Б.Л- 280.000 төгрөг төлсөн. Би түүний утасны үнэ 100.000 төгрөгийг төлнө. Харин өөрийнхөө гар утасны 220.000 төгрөгөө нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг,

 

         Хохирогчоор Б.Л- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би С.А- гар утасны төлбөр 100.000 төгрөг нэхэмжилнэ. Өөрөөр надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.  Харин С.А- өөрөө гар утсаа шидэж эвдсэн учраас би төлөхгүй. ” гэсэн мэдүүлэг,

 

          Хоёр: Эрүүгийн 2205000001146 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.А- хохирогчоор өгсөн:

“2022 оны 02 дуагар сарын 21-ний өдөр ажил дээр байж байхад найз Б.Л- миний дугаар руу 19 цаг өнгөрч байхад залгаад шинэ байранд орсон болохоор найзуудаа дуудаж байгаа юм чи хүрээд ир гэсэн. Тэгээд ажлаасаа тараад 21 цагийн үед Б.Л-ын гэрт очсон. Гэрт нь Б.Л-ын дүү Аагий гэх залуу, Энхжин /Ерөнхий боловсролын сургуульд цуг сурдаг байсан охин/, Б.Л-ын 3 хүүхэд байсан. Тэд нар 2 том пиво ууж дуусгасан байсан. Тэгээд бид нар хөзөр тоглонгоо 8 том пиво ууж суусан. Нэг харсан шөнийн 2 цаг өнгөрч байсан. Би нөхөртэйгөө фейсбүүкээр видео каллдаад энэ 3-т унтлаа гэж хэлээдэхье өглөө ажилтай юм чинь гэсэн. Тэгээд утсаа таслаад том өрөө рүү ороод тэр 3-т өглөө ажилтай юм чинь би амарлаа та 3 сайхан уугаад амрахгүй юу гэж хэлчихээд жижиг өрөө рүү нь ороод хэсэг унтаж байсан чинь Ану гээд намайг Б.Л- дуудсан. Тэгээд сэрээд жижиг өрөөнөөс том өрөө рүү ороход Энхжин Б.Л- 2 газарт хэвтээд барьцалдсан үсдэлцэж байсан. Тэгэхээр нь би очиж салгаад та 2 эвлэр гээд ариун цэврийн өрөө рүү нь дагуулж орсон. Б.Л- тамхи асаагаад 1, 2 сорж байсан юм. Би та 2 яагаад муудалцсан юм гэж асуухад Б.Л- миний нүүр хэсэг рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Чи яаж байгаа юм бэ, андуураад байгаа юм биш үү гэхэд дахиад миний нүүр рүү цохисон. Би тэгээд Б.Л-ын цээж хэсэг рүү түлхсэн. Энхжин дундуур орж ирснээ чи миний найзыг яагаад байгаа юм бэ гээд доошоо үсдэж дарж газар хэвтүүлж байгаад хамараас цус гартал нь ээлжилж намайг зодсон. Нэг харсан чинь Б.Л- миний баруун талын шанаа хэсгээс хазаад тавихгүй байсан. Дараа нь босож ирээд том өрөө рүү орсон. Том өрөөнд орж ирээд утсаараа гэрийнхэн рүүгээ залгалаа гэж хэлэхэд дахиад надтай Б.Л-, Энхжин барьцалдаж авсан. Тэгээд буйдан дээрээс нь гар утсаа аваад гэр рүүгээ залгах гэхэд Б.Л- миний утсыг аваад хана руу савж шидсэн. Чи хүний утсыг аваад яагаад шидэж байгаа юм гэхэд гэнэт над руу сонин харснаа сая юу болсон бэ найзаа намайг уучлаарай гэснээ надад утсаа өгсөн. Тэгээд би утсыг нь аваад газар шал руу шидсэн. Дараа нь Аагий дүүгийнх нь утсаар нөхөр Буянжаргал руу залгаад зодуулчихлаа гэж хэлсэн. Нөхөр намайг хаана байгаа юм хаягийн явуул гэж хэлэхэд хаягийг нь мэдэхгүй байсан юм. Тэгээд дүү Давааням рүү залгаад эгчийгээ ирж аваачээ эгч нь зодуулчихлаа гэж хэлсэн. Дүү хаягийн явуулаарай гэхээр нь би хаягийг нь  хэлээгүй. Мэдэхгүй байсан болохоор. Энхжинтэй хамт гараад Даваанямыг хайж гарсан. Тэгээд байрных CU сүлжээ дэлгүүрт очиход Давааням байхгүй байсан. Буцаж Энхжинтэй Б.Л-ын гэр рүү ороод жижиг өрөөнд нь унтсан. Аагий машин руугаа гарч унтлаа гээд гарсан. 2022 оны 02 дугаар сарын 22-нд тэндээ байж байгаад хоносон. Харин өглөө нь Энхжин гараад явсан. Б.Л- бид 2 утасгүй байсан болохоор хэн хэн нь гэрийнхэн рүүгээ холбогдож чадаагүй. 23-ны өдөр миний утсыг янзлуулах гээд 3 хүүхдийн аваад гэрээс нь гарсан. Би монтел орж утсаа янзлуулаад, утас янзалж өгсөн ахын утсаар нөхөр рүүгээ ярьсан. Манай нөхөр ажлаасаа чөлөө аваад гэрийнх нь гадаа ирсэн байна гэж хэлсэн. Би монтел дээр байна гэхэд нөхөр Монтел дээр ирсэн. Б.Л-ыг чи яагаад миний эхнэрийг ингэж зодож байгаа юм бэ, цуг байсан хүмүүсийг нь одоо дууд ярилцаж шийдье гэсэн Аагий рүү залгаад уулзаж ярилцъя гээд 19 цагт Б.Л-ынд уулзахаар болсон. Тэгээд орой Б.Л-ын гэрт 19 цаг өнгөрч байхад бүгд уулзсан. Энхжин байхгүй байсан болохоор утас руу нь залгаад чи ирэх боломж байна уу манай эхнэрийг зодсон байна ирээд уулзаа гэж хэлсэн чинь Багануурт байна би наад асуудалд чинь ямар ч хамаагүй. Б.Л-, С.А- хоёрын асуудал надад хамаагүй гэсэн. Манай нөхөр ганцаараа энэ асуудлыг шийдэхгүй нь байна гээд төрсөн дүү Даваанямыг дуудсан. Тэгээд Б.Л- түүний нөхөр Чойном нэгэнт ийм асуудал гарсан юм чинь үзүүлж харах, эмчилгээнийх нь зардлыг гаргая гэсэн. Маргааш нь Мөнгөн гүүр орохоор болсон. Орой эгчдээ зодуулсан зургуудаа явуулахад цагдаагаар нь шийдүүл гээд цагдаагийн байгууллагад хандсан. Б.Л- эхний удаа миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон, дараа нь үсдээд Энхжинтэй нийлээд нүүр, бие рүү гараараа олон удаа цохисон. Би шалан дээр толгойгоо хамгаалаад хэвтсэн болохоор Энхжин, Б.Л- хоёрыг миний биеийн хаашаа хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Би бүдэрч унаж өөрийгөө гэмтээсэн зүйл байхгүй. Тэр 2 нийлж байгаад намайг зодсон. Би тэр 2-ыг намайг нийлж зодохоор нь боль гээд Б.Л-ыг түлхсэн боловч дийлээгүй. Намайг жижиг өрөөнөөс гарахад Энхжин Б.Л- 2 үсдэлцээд газар хэвтэж байсан. Тухайн үед гүйж гараад гялс салгасан болохоор яг ямар байрлалтай байсныг мэдэхгүй байна. Мөн тухайн үед би тэр 2-ын нүүрийг тийм сайн анзаарч хараагүй. Орой нь миний нүүр далий ч юм шиг сонин харагдсан. Өглөө босоод нүүрээ харахад баруун талын нүдний хэсэг шалбарсан нүүр хавганасан, хумсны сорви, баруун талын гарын дээд булчин хэсэг том хөхрөлттэй байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал)

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Л-ын хохирогчоор өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед Энхжинтэй утсаар яриад уулзах уу гэрт хүрээд ир гэж хэлсэн. Энхжин тухайн үед Багануураас хотод ирээд удаагүй байна гээд 20 цаг болж байхад гэрт ирсэн. Алтангэрэл рүү яриад Энхжин бид 2 байна хүрээд ирээрэй гэж хэлсэн. Дараа нь С.А- руу залгаад юу байна гэхэд ТҮЦ-нд сууж байна, хаагуур байгаа юм гэхээр нь С.А- гэмтэлд шинэ байранд нүүж орсон байна. Алтангэрэл ирж байгаа, Энхжин ирсэн байна гэж ярьсан. Тэгээд манайд С.А- ирэхээр болсон юм. 21 цаг болсон байхад Алтангэрэл 4 том пиво авчихсан гэрт орж ирсэн. Дараа нь С.А- 4 том пиво аваад гаднаас гэрт орж ирсэн. Тэгээд тэр 3-т хоол цай хийж өгсөн. Дараа нь бүгдэд нь аяга өгөөд пиво аягалж өгсөн. Тэгээд пиво уунгаа юм ярьж суусан. С.А- хөзөр авчирсан гэхээр нь бөөнөөрөө нийлж хөзөр тоглонгоо том өрөөнд С.А-, Алтангэрэл 2-ын авчирсан пивыг нь ууж суусан. Тэгээд шийтгэлтэй тоглоно хожигдсон нь пиво ууна гэсэн. Би шийтгэлтэй тоглохгүй хүүхдүүд байна, их пиво уухгүй гэж хэлэхэд намайг С.А- яахаараа уудаггүй юм гэж хэлсэн. Тэгээд С.А- унтлаа гээд жижиг өрөө үү орсон. Удалгүй буцаж гарч ирснээ чи намайг ганцаардууллаа гээд ширээн дээр байсан пивыг өөртөө аягалж хийж уусан. Тэгээд яасын гэж асуухад сая хожигдсондоо уурлаад гэж чанга чанга дугараад байхаар нь би С.А-д хүүхдүүд унтлагынхаа өрөөнд унтаж байна чимээгүй бай гэсэн. С.А- гэнэт уурлаад юун сүртэй юм гичий минь гэж орилоод байсан. Тэгээд урдаа байсан хөзрийг аваад миний нүүр рүү шидсэн. Энхжин над руу хөзөр шидэх үед боль гэхээр нь С.А- миний нүүрний баруун тал руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд үснээс хоёр гараараа зулгаагаад урагшаа татаж унагаасан. Тэгээд миний толгой нуруу руу дэвссэн. Алтангэрэл Энхжин 2 салгахаар нь би ариун цэврийн өрөө рүү орсон. Чимээгүй болчихоор нь гайгүй болчихлоо гэж бодоод сууж байхад С.А- ариун цэврийн өрөөнд орж ирснээ өөрийнхөө барьж байсан гар утсаа хана руу шидсэн. Тэгээд хоёр гараараа үснээс татаад доош нь дарахдаа мөрөн дээгүүр даваад унасан. Намайг эргэж харахад угаалтуурын хажууд хажуу тийш нь харсан хэвтэж байсан. Тэгээд босох гэж байхад Энхжин ариун цэврийн өрөөнд орж ирээд *****ийг босгосон. Би ариун цэврийн өрөөнөөс гарсан. Удалгүй С.А- ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд намайг үсдэж унагаасан. Дээрээс цээжин дээр өвдгөө тавиад үснээс татчихаад хавирга хэсэг рүү гараараа олон удаа цохиж, хуруунаас хазсан. Алтангэрэл, Энхжин хоёр ирээд *****ийг салгасан. Би явж чадахгүй түшүүлээд орон дээр суусан. Тэгээд *****ийг гэрийнхэн рүүгээ ярь манай гэрээс яв гэсэн. С.А- утсаа эвдсэн гэхээр нь утсаа өгөхөд миний утсыг аваад нэг хүнтэй ярьсан. Юу ярьж байгааг нь сонсоогүй. Утсаа авъя гэхэд газар рүү миний утсыг аваад шууд савсан. Би утсаа аваад харахад миний утасны дэлгэц хагарсан байсан. С.А- Алтангэрэлийн утсыг аваад жижиг өрөө рүү ороод хэн нэгэнтэй яриад хашхираад байсан. 03 цаг өнгөрч байхад Энхжин надад *****ийн ах эгч нь ирсэн гэнээ би гаргаж өгчихөөд ирье гэсэн. Тэгээд гарч явчихаад 20 минутын дараа 2-лаа буцаж орж ирсэн. Тэгээд ахыг нь олохгүй байна гэсэн. Энхжин *****ийг аваад унтлагын өрөө рүү орсон. С.А- тухайн үед нэлээн согтсон байсан. Алтангэрэл машиндаа унтлаа гэж гараад Энхжин, С.А- хоёр унтлагын өрөөнд орж унтсан. Би том өрөөндөө ганцаараа унтсан. Маргааш өглөө 11 цагийн үед Энхжин гэр рүүгээ явсан *****ийг явахгүй юм уу гэхэд би яаж харих юм би энд хоночихъё, уучлаарай гээд гуйгаад байхаар нь би гэртээ нэг хонуулсан. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өглөө 11 цаг өнгөрч байхад С.А-д би өнөөдөр ажилтай чи яах юм гэхэд намайг монелд хүргээд өгчих гэхээр нь 3 хүүхдээ дагуулаад 5-лаа гэрээс гарсан. Монелд очиж *****ийн утсыг янзлуулсан. Миний утасны дэлгэц 225.000 болохоор байсан би гэхдээ утасныхаа дэлгэцийг янзлуулаагүй. Би 3 хүүхэдтэйгээ гадаа машин дотор хүлээж байсан. Удалгүй С.А- утасныхаа дэлгэцийг солиулчхаад нэг залуутай ирээд манай нөхрийг Шуурга гэдэг гэж танилцуулсан. Тэгээд нөхөр нь гар барихдаа чанга барьснаа муухай харсан. Тэгээд манай машинд суухаар нь та 2 хаачих юм гэхэд нөхөр нь танайд очно доо гэсэн. Би тухайн үед надаас уучлалт гуйх юм байхдаа гэж бодсон. Тэгээд гэрт орж ирээд миний эхнэрийн нүүрийг яасан юм гэснээ дүүгээ дуудаад бөөнөөрөө ярина гэсэн. С.А- чамайг зодсон гэсэн. Дүүг нь хүлээж суусаар байгаад 21 цаг болсон. Дүү нь орж ирснээ цагдаад өгнө гэснээ утсаа гаргаад нэг хүн рүү залгасан. *****ийг Энхжин та 2 нийлж зодсон гээд байсан юм. Би тийм юм байхгүй гэж хэлсэн. Нөхөр нь намайг байртай юм байна, машинтай юм байна алийг нь өгөх юм чи чинь баян авгай юм байна шүү дээ, миний замын зардал 1.200.000 төгрөг болсон, ТҮЦ-ны орлого яахын гэсэн. Тэгээд Энхжингээ дуудаарай гэхээр нь Энхжин рүү залгаж яриулахад би очиж чадахгүй, юун зодоон яриад байгаа юм зодолдоогүй гэж хэлснээ утсаа тасалсан. Нөхөр нь яаж хохирол барагдуулах юм та 2 хохиролгүй болгохгүй бол хам хэрэгтэй гэж цагдаад өгнө гэж дарамталсан. Гар утсаа гаргаж ирснээ нэг таньдаг цагдаа руугаа залгаад манай эгчийг нийлж байгаад зодсон гэж ярьсан. Тэгээд би цагдаагаар айлгаад байгаа юм уу та нараас айх юм байхгүй гээд дугараагүй. Маргааш нь мөнгөн гүүр оръё гэхээр нь миний ч бие өвдөөд байна гэж хэлсэн. Тэд нарыг явсны дараа орой нь Энхжин рүү залгаад хүрээд ир 2-ланг нь нийлж зодсон гээд мөнгө нэхээд байна гэж хэлсэн. Энхжин шөнийн 01 цагт гэрт ирсэн... Миний биед үүссэн гэмтлүүдийг С.А- үүсгэсэн. С.А- эхлээд миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. Дараа нь үсдэж газар унагааж 2-3 удаа цээж болон нуруу хэсэг өшиглөсөн, нойл дотор шалан дээр үсдэж урагшаа унагаахад миний өвдөг, тохой хөхөрсөн, гал тогоонд үсдэж унагааж цээжин дээр өвдөглөж, миний зүүн гарын дунд долоовор хуруунаас хазсан. Дараа нь хөл гэдэс рүү 3-5 удаа өшиглөсөн. Мөн нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. /дух, шанаа, нүд/.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал)

 

            3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Энхжингийн гэрчээр өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 20-ны шөнө 12 цаг өнгөрч байхад Б.Л- гэрт хүрээд ирээч хүүхэд цуг харалцъя гэхээр нь гэрт нь очиж хоносон. 2022 оны 02 сарын 21-ний өдөр орой 21 цаг өнгөрч байхад Алтангэрэл 4 том пиво, 2 ундаатай орж ирсэн. Дараа нь С.А- гаднаас 4 том пивотой орж ирсэн. Тэгээд хоол идчихээд бөөнөөрөө шийтгэлтэй хөзөр тоглонгоо пиво ууж суусан. С.А- өөртөө пиво хийж уугаад л, шийтгэлийн пиво гэж бас нэлээн уусан. Тэгээд нөгөө өрөө рүү унтлаа гэж орсон. Удалгүй буцаж гарч ирээд Б.Л-ыг пиво уусангүй гэж уурлаад байсан. Хүүхдүүд нь унтаж байсан болохоор бид нар *****ийг чимээгүй бай гэж хэлсэн. С.А- агсраад дуу нь чангараад чи миний дууг хорьдог хэн юм гээд л орилоод байсан. Ширээн дээр байсан хөзөр аваад Б.Л- руу шидсэн. Тэгээд С.А- Б.Л-ын нүүр рүү нь гараараа цохиод өшиглөөд дайраад байсан. Би Алтангэрэлтэй нийлээд тэр хоёрыг салгасан. Б.Л- ариун цэврийн өрөө орсны дараа С.А- араас нь орсон. Ариун цэврийн өрөөнд С.А- чанга чанга хашхираад хараалын үг хэлээд байхаар нь би сандраад ороход Б.Л- хаалганы хажууд унасан, С.А- цаад талд нь унасан газарт хэвтэж байсан. Б.Л-ыг зүгээр үү гэхэд зүгээр зүгээр гээд босоод ариун цэврийн өрөөнөөс гарсан. Тэгээд би С.А- руу очоод зүгээр үү гэхэд би зүгээрээ наад муу гөлгийг чинь алнаа гээд босоод Б.Л-ын араас явсан. Тэгээд С.А- Б.Л-ын араас үсдээд газар унагаагаад толгой руу нь гараараа цохиод байсан. Би Алтангэрэлтэй нийлээд салгасан. Б.Л- буйдан дээр суугаад *****ийг яв гэрээсээ хүн дууд гэж хэлсэн. С.А- утсаар нэг хүн рүү ярьсан хэн рүү ярьсан талаар мэдэхгүй байна. Тэгээд Б.Л-ын гар утсыг газар савж шидээд эвдсэн. Удалгүй гадаа хүн ирчихлээ гэхээр нь би цуг гарсан. Гадаа ахыг нь хайгаад олоогүй. Тэгээд буцаж орж ирээд унтсан... Шийтгэлтэй хөзөр тоглоод С.А- их уусан. Б.Л- өнжөөд байсан тэрнээс болж л уурласан байх. Би хэнтэй ч маргалдаж муудалцаж зодолдоогүй. Надад тийм шалтгаан ч байгаагүй....С.А- Б.Л-ын гэрт орж ирэхэд нүүрэнд нь ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. Өглөө нь би гэрээс нь шууд гараад явсан. С.А- унтаад байхаар нь царайг нь хараагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Алтангэрэлийн гэрчээр өгсөн: “ 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед манай найз Б.Л- над руу залгаад гэрт хүрээд ир ярих юм байна гэсэн. 21 цаг өнгөрч байхад гэрт нь очиход Энхжин, Б.Л- 2 хоол хийсэн ширээ засаж байсан. Би гэрт нь 4 том пиво, 2 ундаатай орсон. Намайг орж ирээд 15-20 минутын дараа гаднаас С.А- 4 том пиво, нэг хөзөртэй орж ирсэн. Бид нар ширээнд суугаад хоол идэнгээ пиво уугаад юм ярьцгаасан. Тэгээд хоолоо идчихээд хөзөр тоглосон. Хөзөр тоглохдоо шийтгэлтэй тоглохоор болоод шийтгэл нь пиво уух байсан. С.А- олон хожигдоод пивоноос нэлээн уусан болохоор уурлаад би явж унтлаа гээд нөгөө талын унтлагын өрөө рүү орсон. Удалгүй өрөөнөөс гарч ирээд өөртөө пиво аягалж уучхаад Б.Л-ыг чи яахаараа уудаггүй юм гээд чанга чанга орилоод байсан. Б.Л- хүүхдүүд сэрлээ чи одоо болиоч гэхэд дуу хорилоо гээд уурлаж байснаа ширээн дээр байсан хөзрийг С.А- Б.Л-ын нүүр рүү шидээд гараараа нэг удаа цохиод үсдэж унагаагаад гэдэс рүү нь өшиглөсөн. Энхжин бид 2 *****ийг салгасан. Б.Л- өвдгөн дээрээ суучихаад босож чадахгүй байсан. Тэгээд би босоход нь туслахад Б.Л- ариун цэврийн өрөө рүү орсон. Араас нь С.А- орсон. Удалгүй юм шидэх чимээ гарахаар нь Энхжин ариун цэврийн өрөө рүү орсон. Би юу болоод байгаа юм бол гэж бодоод орох гэхэд урдаас Б.Л- орж ирсэн.  *****ийн царай руу харахад дух хэсэг нь хавдсан, хамраас нь бага зэргийн цус гарсан байсан. Б.Л-ыг буйдан руу суулгахад *****ийг чи одоо яваа гэж гэрээсээ хөөсөн. С.А- надад утас байхгүй гэхэд Б.Л- миний утас ширээн дээр байгаа ах, эгч руугаа ярь гэсэн. Утсыг нь аваад нөгөө өрөө рүү ороод утсаар яриад байсан. Юу ярьсан талаар мэдэхгүй. Утсаар ярьж дуусчхаад газар шал руу Б.Л-ын утсыг шидсэн. С.А- намайг утсаа өгөхийг гуйсан. Тэгээд миний утсаар ярьсан. Удалгүй ах ирчихлээ гээд Энхжинтэй гарсан. Хэсэг хугацааны дараа орж ирснээ унтлагын өрөө ороод унтсан... 8 том пивоны 7-г нь ууж дуусгасан байсан. Бүгд нэлээн согтсон байсан...Б.Л- Энхжинтэй муудалцаж хоорондоо зодолдоогүй...С.А- гэрт ирэхэд нүүрэнд нь ил харагдах гэмтэл, бэртэл, шарх, сорви байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Буянжаргалын гэрчээр өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймагт ажил дээрээ байж байхад орой 20 цагийн үед манай эхнэр С.А- залгаад Б.Л- гэх найз нь шинэ байранд орсон талаараа хэлээд очиж уулзлаа гэж ярьсан. Шөнө 12 цаг өнгөрч байхад С.А-тай фейсбүүкээр видео каллдахад иймэрхүү байдалтай сууж байна санаа зоволтгүй гээд цуг байж байсан хүмүүсээ харуулчхаад утсаа тасалсан. Тэгээд шөнийн 03 цагт С.А- нэг дугаараас залгаад би зодуулчихлаа гээд уйлаад байсан. Тухайн залгасан дугаарыг одоо санахгүй байна. Гэрийнх нь хаягийг хэлээдэх гэхэд эд нар намайг гаргахгүй байна гээд уйлаад байснаа ахыгаа дуудсан гээд надад ахынхаа дугаарыг хэлсэн. Тэгээд би ах руу нь залгаад С.А- тань руу залгасан юм уу зодуулчихлаа гээд уйлаад байна та очоод аваадхаач гэсэн. Ах нь өглөө 07 цаг болж байхад миний дугаар руу залгаад *****ийн байгаа газрыг олсонгүй гэж хэлсэн. Би С.А- болон тухайн залгасан дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Маргааш нь ажлаасаа чөлөө аваад Улаанбаатар хот руу явсан. Хотод ирээд *****ийн шөнө залгасан дугаар руу залгаад Б.Л-ын гэрийнх нь хаягийг авсан. Б.Л-ынх Баянгол дүүргийн 7-р хороо 75б-502 тоотод гэрт нь очиход хэн ч байгаагүй. Тэгээд С.А- над руу нэг дугаараас залгаад монтел дээр гар утсаа засуулж байна гэхээр нь монтел руу явсан. Тэгээд С.А-тай уулзаад Б.Л-ын машин руу явсан. Машин дотор Б.Л-д хандан хамт байсан хүмүүсээ бүгдийг нь дууд хоорондоо ярилцъя, чи нөхөртэй юу гэхэд надад нөхөргүй гэсэн. Хаана ажилладаг юм гэхэд түгээгч хийдэг гэхээр нь хүн зодчихоод одоо юу бодож байна даа хэргээ даах чадвар байна уу гэсэн. Тэгэхэд чимээгүй байхаар нь би энэ хэний машин юм бэ, очих гэж байгаа газар чинь хэнийх юм гэхэд минийх гэхээр нь чи чинь баян юм байна шүү дээ гээд 7 дугаар хорооны цагдаагийн хэсэг рүү явсан. Тухайн үед бага насны гурван хүүхэдтэй явж байсан юм. Хүүхдүүд нь өлсөөд байна гэхээр нь гэр рүү нь явсан. Тэгээд 20 цагийн үед Б.Л-ын гэрт нь С.А-, би, Б.Л-, түүний нөхөр, Алтангэрэл, *****ийн дүү Давааням бид нар уулзацгаасан. Эхлээд цагдаагаар шийдүүлэхгүй *****ийг эдгээе, хохирлоо барагдуулъя гэж Б.Л-, түүний нөхөртэй тохиролцсон. Хамт байсан гэх Энхжинтэй холбогдоход Энхжин ирэхгүй цагдаагаар нь шийдүүлье гэсэн. Тэгээд би С.А-тай гэрээс нь гарч явсан. Маргааш нь цагдаад өргөдөл өгсөн. *****иас юу болсон талаар асуухад би ажилтай гээд жижиг өрөөнд нь унтах гэж орсон. Удалгүй Ану гэж дуудсан. Тэгээд том өрөө рүү нь ороход Энхжин Б.Л- хоёр газар хэвтсэн хоорондоо зодолдчихсон, Аагий хажууд нь хараад зогсож байсан. Би очиж салгаад та хоёр тайвшир гээд нойл руу гурвуулаа орсон гэсэн. С.А- Б.Л-ын тамхийг асааж өгөхөд миний нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Нүүрээ дараад доошоо суухад хоёулаа зодсон гэсэн. Б.Л- миний хацраас хазсан. Тэгээд нойлын өрөөнөөс гараад том өрөөнд ороод хоорондоо зууралдсан. Би нөхрийгөө дуудна ар гэрээсээ хүн дуудна гэхэд Б.Л- утсыг нь аваад шидээд хагалчихсан. Б.Л- надаас олон удаа уучлалт гуйсан гэж надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал)

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Чойномын гэрчээр өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Эрдэнэт хот руу ажлаар явсан. Тэнд 5 хоногийн ажилтай байсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед залгахад Б.Л-ын гар утас нь холбогдох боломжгүй байсан. Маргааш нь гэртээ очиход гэр заваан эмх замбараагүй байсан. Би гэрээ цэвэрлэж байх хооронд гэрт Б.Л-, С.А- түүний нөхөр, манай гурван хүүхэд байсан. Намайг *****ийн нөхөр ийшээ суучих гэчихээд надтай мөнгө яриад байсан. Маргааш явж *****ийг мөнгөн гүүрт очиж үзүүлнэ, эмнэлэгт үзүүлнэ гэхэд С.А- би зодоогүй байхад яахаараа чамайг эмнэлэгт очиж үзүүлдэг юм бэ гээд байсан. *****ийн дүү нь гэх залуу манайд удалгүй орж ирснээ яахын тохиролцох юм уу гээд байхаар нь Алтангэрэл, Энхжин нарыг дуудаж ярилцъя гэсэн. Тэгээд Алтангэрэл ирээд Энхжин утсаа аваагүй. Энхжин ирэхгүй байсан болохоор бүгд тарцгаасан. 12 цаг өнгөрч байхад Энхжинтэй холбогдоод манайд ирчихээд 30-40 минут болоод харьсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Даваанямын гэрчээр өгсөн:  “Тухайн өдөр гэртээ амарч байхад эгч С.А- шөнийн 03 цаг 40 минутын үед залгаж би хүнд зодуулчихлаа намайг ирээд аваач, би гэмтэл дээр байна гэсэн. Тэгээд хаана очих юм гэхэд гэмтлийн эмнэлгийн хажууд CU-тэй байрны хажууд зогсож бай би очлоо гэсэн. Тухайн үед унтаж байсан болохоор өөрийнхөө утаснаас залгасан үгүйг анзаараагүй. Дараа нь өөр хүний дугаараас залгаад дахин CU-тэй байрны гадаа зогсож байгаарай очлоо гэсэн. Тэгээд гэрээсээ гараад гэмтлийн эмнэлгийн хажуу талд байрлах CU-тэй байрны гадаа машинтайгаа эгчийг ирэхийг хүлээсэн. Ирэхгүй болохоор нь утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Нөгөө дугаар руу нь залгахад утсаа авахгүй байсан. Ойр орчмоор эгчийг нэлээн хайсан. Би тухайн үед 2-3 цаг эгчийг хайсан юм. Өглөө болоод тэгээд гэр рүүгээ харьсан. Маргааш нь ажилдаа яваад ажлаа тараад дахин эгчийг хайж бүх байрыг үзсэн тэгээд олоогүй гар утас нь холбогдох боломжгүй байсан. 2022 оны 02 дугаар сарын 23-ы өдөр С.А- эгчийн нөхөр залгаад хүрээд ирээч, эд нар С.А- эгчийн чинь ажлыг хийж өгөх хүн, тэгээд эмчилгээний зардлыг өгье гэж байна би сайн мэдэхгүй байна та нар ирээд шийд гэсэн. Тэгээд Б.Л-ынх нь гэрт 20 цаг өнгөрч байхад очиход Б.Л-ын нөхөр нь манайх гурван нялх хүүхэдтэй цагдаагаар шийдээд яахын бэ хоорондоо тохиролцъё гэсэн. Энхжин рүү залгаад юу болсон юм бэ гэж асуухад би наад асуудалд чинь хамаагүй, цагдаагаар шийдүүлсэн цагт чинь очъё гээд гар утсаа тасалсан. Б.Л- тухайн үед дуугүй суугаад байсан. Тэгээд би эгч хүргэн бид гурав гэрээс нь гарахдаа бараг цагдаагаар шийдэх байх шүү гэж хэлээд гарсан. Тухайн үед С.А- эгчийн нүүр нь хавдсан, хөхөрсөн, маажуулсан байсан. Тэр хоёр гэр рүүгээ яваад би ч бас гэр рүүгээ явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал)

 

 

8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3541 дугаартай “Б.Л-ын биед тархи доргилт, дух баруун төвгөр, хамар баруун бугалганы гадна дээд хэсэг, доод хэсэг, дотор дунд хэсэг, шууны гадна дунд хэсэг, зүүн хөхний дээд хэсэг, баруун өвдөг, шилбэний урд дунд хэсэг, зүүн өвдөг, шилбэний гадна доод хэсэг, тавхайд эрхий хурууны уг хэсэгт цус хуралт, баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, баруун нүдний дотор булан, амны зүүн доод хэсэг, баруун шилбэний гадна дээд урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүдээс тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал)

 

9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3464 дугаартай “С.А- биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, хамар, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, баруун мөр, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, баруун сарвуу, зүүн мөр, зүүн шуу, цээж, нуруу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун хацар, хамар, зүүн хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, баруун шанаа, зүүн шанааны гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-40 дэх тал)

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Л-ын яллагдагчаар өгсөн: “Би тогтоолыг уншиж танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед Энхжинтэй утсаар яриад уулзах уу гэрт хүрээд ир гэж хэлсэн. Энхжин тухайн үед Багануураас хотод ирээд удаагүй байна гээд 20 цаг болж байхад гэрт ирсэн. Алтангэрэл рүү яриад Энхжин бид хоёр байна хүрээд ирээрэй гэж хэлсэн. Дараа нь С.А- руу залгаад юу байна гэхэд ТҮЦ-нд сууж байна, хаагуур байгаа юм гэхээр нь С.А- гэмтэлд шинэ байранд нүүж орсон байна Алтангэрэл ирж байгаа, Энхжин ирсэн байна гэж ярьсан. Тэгээд манайд С.А- ирэхээр болсон юм. 21 цаг болж байхад Алтангэрэл 4 том пиво аваад гэрт орж ирсэн. Дараа нь С.А- 4 том пиво аваад гаднаас гэрт орж ирсэн. Тэгээд тэр гуравт хоол цай хийж өгсөн. Дараа нь бүгдэд нь аяга өгөөд пиво аягалж өгсөн. Тэгээд пиво уунгаа юм ярьж суусан. С.А- хөзөр авчирсан гэхээр нь бөөнөөрөө нийлж хөзөр тоглонгоо том өрөөнд С.А-, Алтангэрэл хоёрын авчирсан пивыг нь ууж суусан. Тэгээд шийтгэлтэй тоглоно хожигдсон нь пиво ууна гэсэн. Би шийтгэлтэй тоглохгүй хүүхдүүд байна, их пиво уухгүй гэж хэлэхэд намайг С.А- яахаараа уудаггүй юм гэж хэлсэн. Тэгээд С.А- унтлаа гээд жижиг өрөө рүү орсон. Удалгүй буцаж гарч ирснээ чи намайг ганцаардууллаа гээд ширээн дээр байсан пивыг өөртөө аягалж хийж уусан. Тэгээд яасын гэж асуухад сая хожигдсондоо уурлаад гэж чанга чанга дугараад байхаар нь би С.А-д хүүхдүүд унтлагынхаа өрөөнд унтаж байна чимээгүй бай гэсэн. С.А- гэнэт уурлаад юун сүртэйн гичий минь гэж орилоод байсан. Тэгээд урдаа байсан хөзрийг аваад миний нүүр рүү шидсэн. Энхжин над руу хөзөр шидэх үед боль гэхээр нь С.А- миний нүүрний баруун тал руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд үснээс 2 гараараа зулгаагаад урагшаа татаж унагаасан. Тэгээд миний толгой нуруу руу дэвссэн. Алтангэрэл Энхжин 2 салгахаар нь би ариун цэврийн өрөө рүү орсон. Чимээгүй болчихоор нь гайгүй болчихлоо гэж бодоод сууж байхад С.А- ариун цэврийн өрөөнд орж ирсэнээ өөрийнхөө барьж байсан гар утсаа хана руу шидсэн. Тэгээд 2 гараараа үснээс татаад доош нь дарахдаа мөрөн дээгүүр даваад унасан. Намайг эргэж харахад угаалтуурын хажууд хажуу тийш нь харцан хэвтэж байсан. Тэгээд босох гэж байхад Энхжин ариун цэврийн өрөөнд орж ирээд *****ийг босгосон. Би ариун цэврийн өрөөнөөс гарсан. Удалгүй С.А- ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд намайг үсдэж унагаасан. Дээрээс цээжин дээр өвдгөө тавиад үснээс татчихаад хавирга хэсэг рүү гараараа олон удаа цохиж, хуруунаас хазсан. Алтангэрэл, Энхжин 2 ирээд *****ийг салгасан. Би явж чадахгүй түшүүлээд орон дээр суусан. Тэгээд *****ийг гэрийнхэн рүүгээ ярь манай гэрээс яв гэсэн. С.А- утсаа эвдсэн гэхээр нь утсаа өгөхөд миний утсыг аваад нэг хүнтэй ярьсан. Юу ярьж байгааг нь сонсоогүй. Утсаа авъя гэхэд газар рүү миний утсыг аваад шууд савсан. Би утсаа аваад харахад миний утасны дэлгэц хагарсан байсан. С.А- Алтангэрэлийн утсыг аваад жижиг өрөө рүү ороод хэн нэгэнтэй яриад хашхираад байсан. 03 цаг өнгөрч байхад Энхжин надад *****ийн ах эгч нь ирсэн гэнээ би гаргаж өгчихөөд ирье гэсэн. Тэгээд гараад явчхаад 20 минутын дараа хоёулаа буцаж орж ирсэн. Тэгээд ахыг нь олдоггүй ээ гэсэн. Энхжин *****ийг аваад унтлагын өрөө рүү орсон. С.А- тухайн үед нэлээн согтсон байсан. Алтангэрэл машиндаа унтлаа гэж гараад Энхжин С.А- хоёр унтлагын өрөөнд орж унтсан. Би том өрөөндөө ганцаараа унтсан. Маргааш өглөө 11 цагийн үед Энхжин гэр рүүгээ явсан. *****ийг явахгүй юм уу гэхэд би яаж харих юм би энд хоночихъё, уучлаарай гээд гуйгаад байхаар нь би гэртээ нэг хонуулсан. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өглөө 11 цаг өнгөрч байхад С.А-д би өнөөдөр ажилтай чи яах юм гэхэд намайг монтелд хүргээд өгчих гэхээр нь 3 хүүхдээ дагуулаад тавуулаа гэрээс гарсан. Монтелд очиж *****ийн утсыг янзлуулсан. Миний утасны дэлгэц 225.000 болохоор байсан би гэхдээ утасныхаа дэлгэцийг янзлуулаагүй. Би 3 хүүхэдтэйгээ гадаа машин дотор хүлээж байсан. Удалгүй С.А- утасныхаа дэлгэцийг солиулчхаад нэг залуутай ирээд манай нөхрийг Шуурга гэдэг гэж танилцуулсан. Тэгээд нөхөр нь гар барихдаа чанга барьснаа муухай харсан. Тэгээд манай машинд суухаар нь та 2 хайчих юм гэхэд нөхөр нь танайд очиндоо гэсэн. Би тухайн үед надаас уучлалт гуйх юм байхдаа гэж бодсон. Тэгээд гэрт орж ирээд миний эхнэрийн нүүрийг яасан юм гэснээ дүүгээ дуудаад бөөнөөрөө ярина гэсэн. *****ийг чамайг зодсон гэсэн. Дүүг нь хүлээж суусаар байгаад 21 цаг болсон. Дүү нь орж ирснээ цагдаад өгнө гэснээ утсаа гаргаад нэг хүн рүү залгасан. *****ийг Энхжин та 2 нийлж зодсон гээд байсан юм. Би тийм юм байхгүй гэж хэлсэн. Нөхөр нь намайг байртай юм байна, машинтай юм байна алийг нь өгөх юм чи чинь баян авгай юм байна шүү дээ, миний замын зардал 1.200.000 төгрөг болсон, ТҮЦ-ны орлого яахын гэсэн. Тэгээд Энхжингээ дуудаарай гэхээр нь Энхжин рүү залгаж яриулахад би очиж чадахгүй, юун зодоон яриад байгаа юм зодолдоогүй гэж хэлснээ утсаа тасалсан. Нөхөр нь яаж хохирол барагдуулах юм та 2 хохиролгүй болгохгүй бол хам хэрэгтэй гэж цагдаад өгнө гэж дарамталсан. Гар утсаа гаргаж ирснээ нэг таньдаг цагдаа руугаа залгаад манай эгчийг нийлж байгаад зодсон гэж ярьсан. Тэгээд би цагдаагаар айлгаад байгаа юм уу та нараас айх юм байхгүй гээд дугараагүй. Маргааш нь мөнгөн гүүр оръё гэхээр нь миний ч бие өвдөөд байна гэж хэлсэн. Тэд нарыг явсны дараа орой нь Энхжин рүү залгаад хүрээд ир хоёуланг нь нийлж хүн зодсон гээд мөнгө нэхээд байна гэж хэлсэн. Энхжин шөнийн 01 цагт гэрт ирсэн. Тэгээд С.А- руу залгахад утсаа нэг ч авахгүй мессеж бичиж үлдээчхээд Энхжин 02 цагт гарч явсан. Би Энхжинтэй ерөөсөө зодолдоогүй. Бид хоёрт маргалдаад зодолдох асуудал гараагүй. Намайг С.А- зодож цохиод байсан болохоор би эсэргүүцэж түлхсэн. Энхжин С.А-тай хэрүүл маргаан хийж зодолдсон зүйл байхгүй. Би тамхи татдаг тухайн өдөр ариун цэврийн өрөө ороод тамхи татсан зүйл байхгүй. Би *****ийн утсыг аваад хана руу шидээгүй. Тэгж шидсэн бол юу гэж гэрийнхэн рүүгээ ярь гэхэв дээ. С.А- нэлээн согтсон байсан. Бас нэлээн агсарсан. Энхжин, Аагий бид нар халамцуу байсан. С.А- өөртөө пиво хийж уугаад байсан юм. Би Энхжинтэй үсдэлцээгүй, муудалцаагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-61 дэх тал)

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.А- яллагдагчаар өгсөн: “Би тогтоолыг уншиж танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажил дээр байж байхад найз Б.Л- миний дугаар руу 19 цаг өнгөрч байхад залгаад шинэ байранд орсон болохоор найзуудаа дуудаж байгаа юм чи хүрээд ир гэсэн. Тэгээд ажлаасаа тараад 21 цагийн үед Б.Л-ын гэрт очсон. Гэрт нь Б.Л-ын дүү Аагий гэх залуу, Энхжин /Ерөнхий боловсролын сургуульд цуг сурдаг байсан охин/, Б.Л-ын 3 хүүхэд байсан. Тэд нар 2 том пиво ууж дуусгасан байсан. Тэгээд бид нар хөзөр тоглонгоо 8 том пиво ууж суусан. Нэг харсан шөнийн 2 цаг өнгөрч байсан. Би нөхөртэйгөө фейсбүүкээр видео каллдаад энэ гуравт унтлаа гэж хэлээдэхье өглөө ажилтай юм чинь гэсэн. Тэгээд утсаа таслаад том өрөө рүү ороод тэр гуравт өглөө ажилтай юм чинь би амарлаа та гурав сайхан уугаад амрахгүй юу гэж хэлчхээд жижиг өрөө рүү нь ороод хэсэг унтаж байсан чинь Ану гээд намайг Б.Л- дуудсан. Тэгээд сэрээд жижиг өрөөнөөс том өрөө рүү ороход Энхжин Б.Л- 2 газарт хэвтээд барьцалдсан үсдэлцэж байсан. Тэгэхээр нь би очиж салгаад та 2 эвлэр гээд ариун цэврийн өрөө рүү нь дагуулж орсон. Б.Л- тамхи асаагаад 1, 2 сорж байсан юм. Би та 2 яагаад муудалцсан юм гэж асуухад Б.Л- миний нүүр хэсэг рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Чи яаж байгаа юм бэ, андуураад байгаа юм биш үү гэхэд дахиад миний нүүр рүү гараараа цохисон. Би тэгээд Б.Л-ын цээж хэсэг рүү түлхсэн. Энхжин дундуур орж ирснээ чи миний найзыг яагаад байгаа юм бэ гээд доошоо үсдэж дарж газар хэвтүүлж байгаад хамраас цус гартал нь ээлжилж намайг зодсон. Нэг харсан чинь Б.Л- миний баруун талын шанаа хэсгээс хазаад тавихгүй байсан. Дараа нь босож ирээд том өрөө рүү орсон. Том өрөөнд орж ирээд утсаараа гэрийнхэн рүүгээ залгалаа гэж хэлэхэд дахиад надтай Б.Л-, Энхжин барьцалдаж авсан. Тэгээд буйдан дээрээс нь гар утсаа аваад гэр рүүгээ залгах гэхэд Б.Л- миний утсыг аваад хана руу савж шидсэн. Чи хүний утсыг аваад яагаад шидэж байгаа юм гэхэд гэнэт над руу сонин харснаа сая юу болсон бэ найзаа намайг уучлаарай гэснээ надад утсаа өгсөн. Тэгээд би утсыг нь аваад газар шал руу шидсэн. Дараа нь Аагий дүүгийнх нь утсаар нөхөр Буянжаргал руу залгаад зодуулчихлаа гэж хэлсэн. Нөхөр намайг хаана байгаа юм хаягийн явуул гэж хэлэхэд хаягийн мэдэхгүй байсан юм. Тэгээд дүү Давааням рүү залгаад эгчийгээ ирж аваач ээ эгч нь зодуулчихлаа гэж хэлсэн. Дүү хаягийн явуулаарай гэхээр нь би хаягийн хэлээгүй. Мэдэхгүй байсан болохоор. Энхжинтэй хамт гараад Даваанямыг хайж гарсан. Тэгээв байрных CU сүлжээ дэлгүүрт очиход Давааням байхгүй байсан. Буцаж Энхжинтэй Б.Л-ын гэр рүү ороод жижиг өрөөнд нь унтсан. Аагий машин руугаа гарч унтлаа гээд гарсан. 2022 оны 02 дугаар сарын 22-нд тэндээ байж байгаад хоносон. Харин өглөө нь Энхжин гараад явсан. Б.Л- бид 2 утасгүй байсан болохоор хэн хэн нь гэрийнхэн рүүгээ холбогдож чадаагүй. 23-ны өдөр миний утсыг янзлуулах гээд 3 хүүхдийг нь аваад гэрээс нь гарсан. Би монтел орж утсаа янзлуулаад, утас янзалж өгсөн ахын утсаар нөхөр рүүгээ ярьсан. Манай нөхөр ажлаасаа чөлөө аваад гэрийнх нь гадаа ирсэн байна гэж хэлсэн. Би монтел дээр байна гэхэд нөхөр монтел дээр ирсэн. Б.Л-ыг чи яагаад миний эхнэрийг ингэж зодож байгаа юм бэ, цуг байсан хүмүүсийг нь одоо дууд ярилцаж шийдье гэсэн. Аагий рүү залгаад уулзаж ярилцъя гээд 19 цагт Б.Л-ынд уулзахаар болсон. Тэгээд орой Б.Л-ын гэрт 19 цаг өнгөрч байхад бүгд уулзсан. Энхжин байхгүй байсан болохоор утас руу нь залгаад чи ирэх боломж байна уу манай эхнэрийг зодсон байна ирээд уулзаа гэж хэлсэн чинь Багануурт байна би наад асуудалд чинь ямар ч хамаагүй. Б.Л-, С.А- хоёрын асуудал надад хамаагүй гэсэн. Манай нөхөр ганцаараа энэ асуудлыг шийдэхгүйн байна гээд төрсөн дүү Даваанямыг дуудсан. Тэгээд Б.Л- түүний нөхөр Чойном нэгэнт ийм асуудал гарсан юм чинь үзүүлж харах, эмчилгээнийх нь зардлыг гаргая гэсэн. Тэгээд маргааш нь мөнгөн гүүр орохоор болсон. Орой эгчдээ зодуулсан зургуудаа явуулахад цагдаагаар нь шийдүүл гээд цагдаагийн байгууллагад хандсан. Б.Л- эхний удаа миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон, дараа нь үсдээд Энхжинтэй нийлээд миний нүүр, бие рүү гараараа олон удаа цохисон. Би шалан дээр толгойгоо хамгаалаад хэвтсэн болохоор хэн нь хаашаа хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Би бүдэрч унаж өөрийгөө гэмтээсэн зүйл байхгүй. Тэр 2 нийлж байгаад намайг зодсон. Би тэр хоёрыг намайг нийлж зодохоор нь боль гээд түлхсэн боловч дийлээгүй. Намайг жижиг өрөөнөөс гарахад Энхжин Б.Л- 2 үсдэлцээд газар хэвтэж байсан. Тухайн үед гүйж гараад гялс салгасан болохоор яг ямар байрлалтай байсныг мэдэхгүй байна. Мөн тухайн үед би тэр хоёрын нүүрийг тийм сайн анзаарч хараагүй. Орой нь миний нүүр далий ч юм шиг сонин харагдсан. Өглөө босоод нүүрээ харахад баруун талын нүдний хэсэг шалбарсан, нүүр хавганасан, хумсны сорви, баруун талын гарын дээд булчин хэсэг том хөхрөлттэй байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал)

 

12. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 76-100 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 106, 107 дахь тал), С.А- үзлэгийн хуудас (хавтаст хэргийн 74 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гурав:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

           Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

      

2022 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 75б дугаар байрны 502 тоот Б.Л-ын гэрт түүний нэг ангийн найзууд гэх С.А-, Э.Энхжин нар болон Б.Л-ын хамаатан гэх Д.Алтангэрэл нар пиво ууж хөзөр тоглосон байна.

Улмаар С.А- нь Б.Л-ыг пиво уусангүй гэж уурлахад Б.Л- нь С.*****ийг  хүүхдүүд сэрээлээ гэж хэлсний улмаас С.А- нь Б.Л-ын толгой нүүр рүү нь гараараа цохиж, үсдэж, өшиглөсний улмаас харилцан зодолдож С.А- нь Б.Л-ын биед “тархи доргилт, дух баруун төвгөр, хамар баруун бугалганы гадна дээд хэсэг, доод хэсэг, дотор дунд хэсэг, шууны гадна дунд хэсэг, зүүн хөхний дээд хэсэг, баруун өвдөг, шилбэний урд дунд хэсэг, зүүн өвдөг, шилбэний гадна доод хэсэг, тавхайд эрхий хурууны уг хэсэгт цус хуралт, баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, баруун нүдний дотор булан, амны зүүн доод хэсэг, баруун шилбэний гадна дээд урд хэсэгт зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

Б.Л- нь хохирогч С.А- “биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, хамар, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, баруун мөр, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, баруун сарвуу, зүүн мөр, зүүн шуу, цээж, нуруу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун хацар, хамар, зүүн хацар, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн гэмтэл  учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

            Шүүгдэгч Б.Л- нь С.А- нар нь харилцан зодолдож хэн алиндаа  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Э.Энхжингийн гэрчээр өгсөн: “... С.А- Б.Л-ыг пиво уусангүй гэж уурлаад байсан. Хүүхдүүд нь унтаж байсан болохоор бид нар *****ийг чимээгүй бай гэж хэлсэн. С.А- агсраад дуу нь чангараад чи миний дууг хорьдог хэн юм гээд л орилоод байсан. Ширээн дээр байсан хөзөр аваад Б.Л- руу шидсэн. Тэгээд С.А- Б.Л-ын нүүр рүү нь гараараа цохиод өшиглөөд дайраад байсан. Би Алтангэрэлтэй нийлээд тэр хоёрыг салгасан. Б.Л- ариун цэврийн өрөө орсоны дараа С.А- араас нь орсон. Ариун цэврийн өрөөнд С.А- чанга чанга хашхираад хараалын үг хэлээд байхаар нь би сандраад ороход Б.Л- хаалганы хажууд унасан, С.А- цаад талд нь унасан газарт хэвтэж байсан. Б.Л-ыг зүгээр үү гэхэд зүгээр зүгээр гээд босоод ариун цэврийн өрөөнөөс гарсан. Тэгээд би С.А- руу очоод зүгээр үү гэхэд би зүгээрээ наад муу гөлгийг чинь алнаа гээд босоод Б.Л-ын араас явсан. Тэгээд С.А- Б.Л-ын араас үсдээд газар унагаагаад толгой руу нь гараараа цохиод байсан. Би Алтангэрэлтэй нийлээд салгасан. Б.Л- буйдан дээр суугаад *****ийг яв гэрээсээ хүн дууд гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

Д.Алтангэрэлийн гэрчээр өгсөн: “...С.А- олон хожигдоод пивоноос нэлээн уусан болохоор уурлаад би явж унтлаа гээд нөгөө талын унтлагын өрөө рүү орсон. Удалгүй өрөөнөөс гарч ирээд өөртөө пиво аягалж уучихаад Б.Л-ыг чи яахаараа уудаггүйн гээд чанга чанга орилоод байсан. Б.Л- хүүхдүүд сэрлээ чи одоо болиоч гэхэд дуу хорилоо гээд уурлаж байснаа ширээн дээр байсан хөзрийг С.А- Б.Л-ын нүүр рүү шидээд гараараа нэг удаа цохиод үсдэж унагаагаад гэдэс рүү нь өшиглөсөн. Энхжин бид хоёр *****ийг салгасан. Б.Л- өвдгөн дээрээ суучхаад босож чадахгүй байсан. Тэгээд би босоход нь тусахад Б.Л- ариун цэврийн өрөө рүү орсон. Араас нь С.А- орсон. Удалгүй юм шидэх чимээ гарахаар нь Энхжин ариун цэврийн өрөө рүү орсон. Би юу болоод байгаа юм бол гэж бодоод орох гэхэд урдаас Б.Л- орж ирсэн.  *****ийн царай руу харахад дух хэсэг нь хавдсан, хамраас нь бага зэргийн цус гарсан байсан. Б.Л-ыг буйдан руу суулгахад *****ийг чи одоо яваа гэж гэрээсээ хөөсөн...Б.Л- Энхжинтэй муудалцаж хоорондоо зодолдоогүй...С.А- гэрт ирэхэд нүүрэнд нь ил харагдах гэмтэл, бэртэл, шарх, сорви байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал)

Б.Л-ын хохирогчоор өгсөн: “...С.А- гэнэт уурлаад юун сүртэй юм гичий минь гэж орилоод байсан. Тэгээд урдаа байсан хөзрийг аваад миний нүүр рүү шидсэн. Энхжин над уу хөзөр шидэх үед боль гэхээр нь С.А- миний нүүрний баруун тал руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд үснээс 2 гараараа зулгаагаад урагшаа татаж унагаасан. Тэгээд миний толгой нуруу руу дэвссэн. Алтангэрэл Энхжин 2 салгахаар нь би ариун цэврийн өрөө рүү орсон. Чимээгүй болчихоор нь гайгүй болчихлоо гэж бодоод сууж байхад С.А- ариун цэврийн өрөөнд орж ирснээ өөрийнхөө барьж байсан гар утсаа хана руу шидсэн. Тэгээд 2 гараараа үснээс татаад доош нь дарахдаа мөрөн дээгүүр даваад унасан. Намайг эргэж харахад угаалтуурын хажууд хажуу тийш нь харсан хэвтэж байсан. Тэгээд босох гэж байхад Энхжин ариун цэврийн өрөөнд орж ирээд *****ийг босгосон. Би ариун цэврийн өрөөнөөс гарсан. Удалгүй С.А- ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд намайг үсдэж унагаасан. Дээрээс цээжин дээр өвдгөө тавиад үснээс татчихаад хавирга хэсэг рүү гараараа олон удаа цохиж, хуруунаас хазсан. Алтангэрэл, Энхжин 2 ирээд *****ийг салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3541 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3464 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 38-40 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч С.А-, Б.Л- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч Б.Л- болон түүний өмгөөлөгч Ц.Энхболд нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Шүүгдэгч С.А- болон түүний  өмгөөлөгч П.Амгаланбаатар нар гэм буруугийн шүүх хуралдаанд “...гэрчүүдийн мэдүүлэг нь эргэлзээтэй бөгөөд миний үйлчлүүлэгч нь Б.Л-т гэмтэл учруулсан гэх үйл баримт эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий санал дүгнэлт гаргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч-хохирогч С.А- мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Л-, Э.Энхжин нар хоорондоо зодолдож байхад нь би салгах гэж очиход намайг Б.Л-, Э.Энхжин нар бүлэглэн зодож миний биед гэмтэл учруулсан” гэж мэдүүлдэг.

          

С.*****ийг шүүгдэгч Б.Л-, гэрч Э.Энхжин нар бүлэглэн зодож гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.  

 

Шүүгдэгч-хохирогч С.А- дүү С.Давааням болон С.А- нөхөр Б.Буянжаргал нар нь тухайн цаг хугацаанд маргаан болсон газар байгаагүй бөгөөд

тэдгээрийн дамжмал мэдүүлгийг хэргийн бодит байдлыг илэрхийлсэн гэж үзэхгүй.

 

 

Харин гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Э.Энхжин, Д.Алтангэрэл нар нь болсон үйл явдал, хэрэг маргаан болсон газар, цаг хугацаанд хамт байсан тул гэмт хэрэг гарах болсон шалтгаан, эхлэл, өрнөлийн талаар шууд гэрчлэхдээ зөрүүгүй мэдүүлсэн буюу С.А- нь Б.Л-ыг “пиво уусангүй” гэж хэрүүл маргаан өдүүлж, түүний нүүр рүү цохиж, үсдэж, өшиглөсөн гэх, С.А- намайг  “гэрч Э.Энхжин, Б.Л-тай бүлэглэж зодсон” гэж мэдүүлэх боловч, гэрч Д.Алтангэрэлийн “Б.Л-, Э.Энхжин нар нь С.*****ийг бүлэглэж цохиж зодоогүй, С.А- харин Б.Л- руу дайраад  цохиод байсан, Э.Энхжин хэнтэй ч маргалдаж муудалцаагүй” гэсэн мэдүүлэг, түүнтэй ижил агуулга бүхий мэдүүлэг өгсөн гэрч Э.Энхжингийн “би хэнтэй ч маргалдаж муудалцаж зодолдоогүй, надад тийм шалтгаан байхгүй” гэх мэдүүлэг, хохирогчоор Б.Л-ын “Би Энхжинтэй ерөөсөө зодолдоогүй. Бид хоёрт маргалдаад зодолдох асуудал гараагүй, *****ийг Энхжин зодож цохиогүй” гэх мэдүүлгүүдээр С.А- өгсөн мэдүүлэг болон түүний өмгөөлөгчөөс гаргасан тайлбар дүгнэлтийг няцаах үндэслэл болно.

 

Шүүхээс С.А-, Б.Л- нарын үйлдлийг зүйлчилсэн яллах дүгнэлт болон гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул С.А-, Б.Л- нарыг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцов. 

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар

          Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч С.*****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

шүүгдэгч Б.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,

шүүгдэгч С.А- өмгөөлөгч П.Амгаланбаатараас “Хуульд заасан торгох ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн,

шүүгдэгч Б.Л-ын өмгөөлөгч Ц.Энхболдоос “Б.Л-ын хувьд үйлдсэн хэрэгтээ маргахгүй байгаа. Хохирол төлбөрөө төлсөн. 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.  

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.А-, Б.Л- нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.А-, Б.Л- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч С.А-, Б.Л- нарын гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байдал нөлөөлсөн байх ба хохирогч-шүүгдэгч С.А-, Б.Л- нар харилцан бие биеийнхнээ эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг нь харгалзан шүүгдэгч С.А-, Б.Л- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Тав. Бусад асуудлын талаар

           Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Л- нь С.А- гар утсыг шидэж гэмтээсэн гэх байдал тогтоогдоогүй тул  С.А- гар утасны төлбөрт 220.000 төгрөг Б.Л-аас нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, харин С.А- Б.Л-ын гар утсыг гэмтээсэн нь тогтоогдсон тул   С.А- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Л-т олгохоор шийдвэрлэв. 

 

Б.Л- нь С.А- эмчилгээний зардалд 280.000 төгрөг төлсөн, Б.Л- өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотойгоор С.А- хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

 

             С.А-, Б.Л- нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдаж байна.  

           

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. С.А-, Б.Л- нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч С.А-, Б.Л- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

         

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.А-, Б.Л- нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         5. С.А- гар утасны төлбөрт 220.000 төгрөг Б.Л-аас нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож,

            шүүгдэгч С.А- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Л-т олгосугай.

 

          6. С.А-, Б.Л- нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг  түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ