Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0983/З |
Дугаар | 221/МА2024/0326 |
Огноо | 2024-05-21 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2024/0326
“А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “А*******” ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 9/4297 дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “А*******” ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Хүйтэн нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын ХV-013385 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг хариуцагчид даалгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр
Хэргийн индекс: 128/2022/0983/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “А*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 9/4297 дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “А*******” ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Хүйтэн нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын ХV-013385 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг хариуцагчид даалгуулах”-аар маргаж байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаар шийдвэрээр:
“Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан "А*******" ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн "А******* компанийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Хүйтэн нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын 013385 тоот тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговор авах хүсэлтийг Засгийн газарт уламжлахыг хариуцагчид даалгаж, үлдэх "Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 9/4297 дугаартай татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох"-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “…Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд "Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 25.2-т "Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх" гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" 57 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газарт нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын ХВ-013385 дугаар тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ хамаарч байх бөгөөд нэхэмжлэгч маргаагүй.
3.2.Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө" гэж, 14.5-д "Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно" гэж, 14.6-д "Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй" гэж хуульчилсан.
Гэтэл "Ж*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 1/001 дүгээр хурлын шийдвэрээр компанийн хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Хүйтэн нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-013385 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайг буцаан хүлээлгэн өгсүгэй гэж шийдвэрлэн Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу өргөдөл үйлдэж тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг өөрийн хүсэлтээр бүхэлд нь буцаан өгч болно" гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн К-13 дугаар маягтын Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцааж хүлээлгэн өгөхийг хүссэн өргөдлийг 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр гаргасан.
Үүний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэгт заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн "Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг буцаан авах тухай" 33 дүгээр шийдвэрээр "А*******" ХХК, "Ж*******" ХХК /хуучин нэр/-ийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Хүйтэн нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын ХВ-013385 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн байх тул тусгай зөвшөөрөл эзэмшигч биш байна.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д "нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл raprax эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрдсэн байна.
3.3. "А*******" ХХК, "Ж*******" ХХК /хуучин нэр/ нь 2020 оны 9 дүгээр сарын 3-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Ж*******" ХХК-ийн нөхөх олговор олгох хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахгүй байгаа хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлах тухай шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэл гаргасан байна.
Үүний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 6777 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрыг татан оролцуулсан.
Гэтэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч "Ж*******" ХХК-ийн нөхөх олговор олгох хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахгүй байгаа хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлах тухай шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасны дагуу татгалзан, "Ж*******" ХХК-ийн нөхөн олговор авах хүсэлтэд хариу өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, "Ж*******" ХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтэд албан ёсоор хариу өгөхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж өгнө үү" гэж өөрчилсөн байдаг.
"Ж*******" ХХК нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0357 дугаар захирамжаар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд "А*******" ХХК, "Ж*******" ХХК /хуучин нэр/ нь Баян- Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Хүйтэн нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын ХВ-013385 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д "Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй", мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д "нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасантай нийцэхгүй.
Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхээ алдсан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрдсэн байна.
3.4.Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “...ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно..." гэж заасан бөгөөд энэхүү эрх нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал болно.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 13 тогтоолоор "Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбар гаргасан ба Тайлбарлах нь 1-т Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах талаар Улсын Их Хурал болон Засгийн газраас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь уг шийдвэрийн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүссэн үр дагаврыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу нөхөх олговрын журмаар шийдвэрлэх, ингэхдээ харилцан тохиролцсон бол "өөр талбай"-г дүйцүүлэн олгох үндэслэл болно.
Нөхөх олговрын журмаар олгох талбай нь тухайн талбайг нөхөх олговрын журмаар олгох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон Засгийн газар, эсхүл түүний эрх олгосны дагуу ашигт малтмалын асуудлаарх төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага нь харилцан зөвшилцөлд хүрсэн байх, үүний үндсэн дээр шинээр олгогдох уг талбайн хил зааг, солбицол, хэмжээ, байрших газар нутгийн нэр зэргийг тодорхойлсон Засгийн газрын шийдвэр гарсан байх шаардлагатай гэж тайлбарласан байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай 30 дугаар зүйлийн 1-д "Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана" гэж заасан. Гэтэл Засгийн газраас нөхөх олговрын журмаар олгох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан зөвшилцөл хийх талаар ашигт малтмалын асуудлаарх төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагад эрх олгосон Засгийн газрын хуралдааны тогтоол, Ерөнхий сайд захирамж гараагүй болно.
Засгийн газраас нөхөх олговрын журмаар олгох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан зөвшилцөл хийх талаар Ашигт малтмал, газрын тосны газарт эрх олгоогүй байхад нөхөх олговортой холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газарт уламжлах боломжгүй байна.
3.5.Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг Улсын Их Хурлаас 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар /нэмсэн/ баталсан.
2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй, 8/9 дүгээр зүйлийн 9.1.9-9.1.13 дахь заалт, 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно" гэж нэмсэн. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "...Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй..." гэж заасан.
Гэтэл шүүх ашигт малтмалын хайгуулын ХВ-013385 дугаар тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" 57 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан тусгай зөвшөөрлийг Улсын Их Хурлаас 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад хамруулж Ашигт малтмал, газрын тосны газар нэхэмжлэгчээс гаргасан нөхөн олговор авах хүсэлтийг Засгийн газарт уламжлахгүй байгаа нь хууль бус байх ба хуульд заасны дагуу нөхөн олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэж байгаа нь хуулийг буцаан хэрэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасантай нийцэхгүй, дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. “...Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Учир нь Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хайгуулын талбайг тусгай хэрэгцээнд авсан, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон газрыг хүлээлгэн өгснийг Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан талбай буцаан өгсөн харилцаа үүсэхгүй.... сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлсэн байхыг ойлгоно" гэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу өргөдөл үйлдэж тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг өөрийн хүсэлтээр бүхэлд нь буцаан өгч болно" гэж хуульчилсан.
Дээр дурдсан хуулийн зохицуулалтыг үндэслэн " Ж*******" ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХВ-013385 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь буцаан өгөх хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэст гаргажээ. Уг өргөдлийг төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т заасныг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр дээр дурдсан тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь буцаан авч шийдвэрлэсэн байдаг.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх Монгол Улсын төр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн талбайг хүчээр булаан авсан мэт ойлгохоор өрөөсгөлөөр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь уг шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна.
4.2.Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн талбайг нь тусгай хэрэгцээнд авсан атлаа нөхөх олговор олгоогүй, нөхөн олговор авах хүсэлтийг нь шийдвэр гаргасан байгууллага руу хариуцагч байгууллага уламжлах үүрэгтэй..." гэжээ.
Нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасныг үндэслэн нөхөн олговор авахаар нэхэмжлэл гарган хэргийн оролцогч нар энэ талаар маргаж байхад захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийн оролцогч нарын огт маргаагүй, шүүх нотлох баримт цуглуулаагүй асуудлаар буюу Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг үндэслэн дүгнэлт хийж уг хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т "Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна", 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг зөрчиж дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсныг нотолж байна.
4.3.Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "... Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т "Агентлаг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад яам, агентлагтай хуульд өөрөөр заагаагүй бол шууд харилцана" гэж зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар уг асуудлыг Засгийн газарт өргөн мэдүүлж асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй..." гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т "Агентлаг нь хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, шүүх, прокурор болон Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллага, тэдгээрийн ажлын алба, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнтэй сайдаар дамжуулан харилцах ба эдгээр байгууллага, албан тушаалтан нь агентлагтай мөн сайдаар дамжуулан харилцана" гэж хуульчилсан.
4.4.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 128/ШШ2024/0118 дугаартай шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасан хуулийн шаардлага хангаагүй тул уг шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсон.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 346 дугаартай магадлалаар "... нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж, тэр хүрээнд нь маргааны үйл баримттай холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулах, баримтуудыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай" гэж дүгнэн буцаасан боловч анхан шатны шүүх уг дүгнэлтэд дурдсан ажиллагааг бүрэн хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй болгосон.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг хэрэгжүүлж ажиллаагүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Чигэртэйн голын ай сав нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсанд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тус аймгийн Дэлүүн сумын нутаг, Хүйтэн нэртэй газарт орших 4360 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-013385 тоот тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ хамрагдсан, мөн тогтоолын 4 дүгээр заалтаар “Энэхүү тогтоолоор газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн газар нутагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль, журмын дагуу нөхөх олговрыг тооцож олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн боловч өдийг хүртэл нэхэмжлэгчид нөхөх олговор олгогдоогүй, олгох эсэх асуудал ч шийдвэрлэгдээгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж заасны дагуу шийдвэр гаргасан байгууллага нь Улсын Их Хурал боловч нөхөх олговрын асуудлыг дээрх байдлаар шийдвэрлэсэн энэ тохиолдолд хууль болон Улсын Их Хурлын тогтоол зайлшгүй хэрэгжих үр дагавартай байх ёстой.
Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялагийн мэдээллийн технологийн төвийн дарга бөгөөд ажлын хэсгийн ахлагч Н.М*******ээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/8283 дугаар албан бичгээр тухайн үеийн “Ж*******” ХХК буюу одоогийн “А*******” ХХК-д хандаж Улсын Их Хурлын дээрх тогтоол гарснаар үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар дурдахын сацуу “…Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.13-т заасан үндэслэлээр хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болж төрийн мэдэлд шилжүүлэн авсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд олгох нөхөх олговрын асуудлыг нээлттэй, ил тод, тэгш эрхийн зарчмыг баримтлан шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа тул хүсэлтээ ирүүлэх…”-ийг мэдэгдсэн, нэхэмжлэгчээс ч мөн оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/121 дүгээр албан бичгээр нөхөх олговор авах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан;
-тус газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар байгуулагдсан …хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдэд олгох нөхөх олговрыг …шийдвэрлэхэд шаардлагатай мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлүүд, тус газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ажлын хэсгийн ахлагч Р.Э*******гийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 9/2139 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид өгсөн хариу зэргээс тус тус үзэхэд хариуцагч байгууллагын зүгээс Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр зохих ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдож байна.
Харин давж заалдах гомдолд дурдсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр “Ж*******” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хүйтэн нэртэй 563.44 гектар талбай бүхий XV-013385 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь буцаан авсанд тооцсоныг Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр заасанчилан өөрийн хүсэлтээр буцаан өгсөн гэж тайлбарлах нь дээрх нөхцөл байдалтай цаг хугацааны хувьд болон нэхэмжлэгчийн хүсэл зоригтой нийцэхгүй, өөрөөр хэлбэл нэгэнт үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг буцааж өгснийг нөхөх олговор шаардах эрхээ нэхэмжлэгчийн хувьд алдсан гэж үзэхгүй.
Иймд “…Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэсний дагуу нөхөх олговор авахаар маргаж байхад шүүх уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг үндэслэн дүгнэлт хийсэн…” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Учир нь шүүхээс энэхүү маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон нөхөх олговор авах, авахыг шаардах эрхийг л хангаснаас бус Засгийн газарт нөхөх олговрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар уламжлахыг хариуцагчид заах боломжгүй, энэ нь түүний бүрэн эрхийн асуудал, өөрөөр хэлбэл нөхөх олговрыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн, эсхүл мөнгөн хэлбэрийн чухам алийг нь сонгож шийдвэрлэх эсэхэд шүүх хөндлөнгөөс оролцохгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан “…нөхөх олговорт тусгай зөвшөөрөл олгож болно” гэсэн нь Засгийн газрын бүрэн эрх буюу шийдвэрт гаргах “сонгох боломж”, харин 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан “…нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэсэн нь шийдвэр гаргах “үүрэг” тул эдгээрийг хэрхэн хэрэглэх нь зохистой болохыг шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд хариуцагч бие даан шийдвэрлэх нь зүйтэй.
Түүнчлэн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолын 2-т “нөхөх олговорт тусгай зөвшөөрөл олгож болно” гэснийг …Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах эрхтэй” гэж, 3-т “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны …аль ч тохиолдолд хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд тухайлан заасан үндэслэл, журмын дагуу нөхөх олговор шаардах эрхтэй”, мөн нөхөх олговорт талбай олгох талаар Засгийн газрын шийдвэр гараагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу нөхөх олговрыг мөнгөн дүнгээр тооцуулах хэлбэрээр авах боломжийг өөрт хадгалагдсан гэж ойлгоно” гэж тус тус тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
2.Харин өмнө нь “Ж*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан тус компанийн нөхөх олговор авах хүсэлтэд хариу өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтэд албан ёсоор хариу өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээр дурдсан 2021 оны 9/2139 дүгээр албан бичгээр нөхөх олговор олгох асуудал яагаад удааширч байгаа шалтгаан нөхцлийн талаар, мөн асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамаар дамжуулан Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа талаар тус тус хариу өгсөнтэй нь холбогдуулан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 357 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах гомдолд дурдсанчилан нөхөх олговрын асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл тухайн үед нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газраас хариу өгч, улмаар захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй одоогийн нэхэмжлэлийг адилтгах боломжгүй юм.
Тэр тусмаа шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 7484 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 буюу хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг анх хүлээн авахаас татгалзсаныг тус шүүхийн мөн оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 774 дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэхдээ “…нэхэмжлэгчээс өмнө нь нөхөх олговор авах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар албан ёсоор хариу өгсөн эсэх талаар Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагаатай маргасан бол одоо тус газраас гадна Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсантай холбоотой нөхөх олговор авах агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байна…” гэж дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар энэхүү тогтоол нь эцсийн байх тул “…нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхээ алдсан ба уг хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрдсэн…” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 616 дугаар захирамжаар тус компанийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “…нөхөх олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Засгийн газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэтэл түдгэлзүүлсэн энэ тохиолдолд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нөхөх олговор олгох асуудлыг хэрхэн шийдвэрлэх саналыг Засгийн газарт уламжлахыг хариуцагчид даалгасныг буруутгахгүй.
3.Харин Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Ажлын хэсгийн ахлагчийн "Ж*******" ХХК-д хүргүүлсэн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 9/4297 дугаар албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу талбай дүйцүүлэн авах тухай нэхэмжлэгчийн хүсэлт болгосон талбайн мэдээллүүдийг хүлээн авч Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэх боломжгүй болохыг мэдэгдсэнээс гадна нөхөх олговор авах хүсэлтэд хариу өгөхгүй байгаатай холбоотой Ашигт малтмал газрын тосны газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шүүгчийн 2021 оны 357 дугаар захирамж гарсан талаар дурдсан байгаагаас үзэхэд үүнийг нэхэмжлэгчийн нөхөх олговор авах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх саналыг Засгийн газарт уламжлахаас татгалзсан хариу гэж үзэхээр байна.
Гэтэл шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн “даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа дээрх татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, …” гэж заасантай нийцээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нөхөх олговор авах хүсэлтийг Засгийн газарт уламжлахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын татгалзал нь дээрх байдлаар тогтоогдож байхад шийдвэрт “…хууль буцаан хэрэглэхгүй, нөхөх олговрыг өөр талбайгаар дүйцүүлэх авах хүсэлтийг Засгийн газарт уламжлах эрх зүйн үндэслэл байхгүй…” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийн, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.
Учир нь нөхөх олговрыг олгох талаар Засгийн газарт хэрхэн уламжлах нь хариуцагчийн эрх хэмжээнд хамаарах болохыг өмнө нэгэнт дүгнэсэн тул 2021 оны 9/4297 дугаар албан бичгийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн хууль бус татгалзал гэж үзсэнээр сая даалгах шаардлага хангагдах хууль зүйн үндэслэл бүрдэх болохыг шүүх шийдвэр гаргахдаа анхаарсангүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасныг баримтлан “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус компанийн эзэмшилд байсан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Хүйтэн нэртэй газарт орших 013385 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авсаны улмаас нэхэмжлэгчийн нөхөх олговор авах хүсэлтийг Засгийн газарт уламжлахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 9/4297 дугаар албан бичгээр өгсөн татгалзал хууль бус байх тул “А*******” ХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг тус газарт даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулж, нэхэмжлэгч “А*******” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Баярмандал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН