Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/800

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч Д.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А1” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.З-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  хэргийг 2205010002091 дугаартай 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -нд Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “” ХХК-нд захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн  дугаар хороо, дугаар хороолол  дүгээр байрны  тоотод оршин суудаг, урьд нь 1999 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх  151 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1.5-д заасныг журамлан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 01 жил 06 сарын хугацаагаар хойшлуулсан, /РД:*********** /, Д.З-.   

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.З- нь 2022 оны 02 дугаар сарын 21-нд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны *** тоотод хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Д.З- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.З- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хохирогчид 3.346.600 төгрөгийг нөхөн төлсөн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 313.800 төгрөг төлсөн. *******г цохисноо хүлээн зөвшөөрч байна. Ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна.” гэсэн мэдүүлэг.

 

Гурав: Эрүүгийн 2205010002091 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн хохирогчоор өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн үед би 13 дугаар хороололд дүүгийндээ байж байтал манай найз Д.З- над руу залгаад Наранбаатар Баяраа нарын хамт Grand hill дотор солонгос хоол идээд байж байна гэхээр нь би байгаа газар нь очиход Д.З-, Наранбаатар, Баяраа нар архи уусан байдалтай солонгос хоол идээд байж байсан. Тэгээд Д.З- Наранбаатар руу бөх яриад агсраад байж байхдаа над руу та хоёр хоёулаа нийлээд барахгүй шүү гээд байсан. Тэгээд бид нар хэсэг хугацааны дараа Grand hill-ээс гараад Д.З-ын гэр рүү явахаар болоод Наранбаатар, Баяраа, Д.З- бид дөрөв Д.З-ын байрны гадаа очоод байж байтал Наранбаатар яваад өгсөн ба нэг мэдэхэд Д.З- бас алга болчихсон байсан. Тэгтэл Баяраа намайг гэрт очъё гээд Д.З-ын байрных нь дэлгүүрээс 1 шил экс нэртэй авчирсан ба тухайн үед би уугаагүй байж байтал Д.З- гэнэт гарч ирээд манайд очъё гээд Д.З-ынд Баяраа бид гурав орсон. Гэрт нь ороход Д.З-ын хүүхэд Төгөлдөр байсан. Тэгээд бид гурав авсан архиа ууж байтал Д.З- бөхийн талаар дахиж яриад над руу дайрч байгаад барилцаж авсан чинь Баяраа хажууд хараад суугаад байсан ба тэр үед намайг Д.З- авч шидээд ухаан алдуулчихсан. Тэгээд би нэг сэртэл миний зулай, дух хэсгээс цус гарсан байдалтай Д.З- миний хавирга хэсэг рүү дэвссэн байдалтай би жижиг өрөөнд нь хэвтэж байсан. Тухайн үед намайг ухаан ороход Баяраа, Д.З-, Төгөлдөр нар байсан ба Д.З-ын хүүхэд нь аавыгаа салгаад намайг авч яваад Гэмтэлд үзүүлээд буцаагаад гэртээ авчирсан ба тэр үед Д.З-ын эхнэр ирчихсэн байсан. Д.З-ын хүүхэд болох Төгөлдөр надад 50,000 төгрөгийг өгөөд Д.З-, Баяраа, Төгөлдөр нар намайг гэрээсээ гаргаж таксинд суулгаж өгсөн. Тэгээд би гэртээ очоод дахиад ухаан алдаад унасан ба манай эхнэр 102 дуудлага өгөөд 103 ирж өвчин намдаах тариа хийгээд явсан. Тэгээд маргааш өглөө нь миний бие өвдөөд байхаар нь би найз Ганболор, Энхбаяр 2 найз руугаа ирээд авчих гэж залгаад Ганболор, Энхбаяр нарын хамт Гэмтэл рүү явж байхдаа би Д.З- руу Энхбаярын утсаар залгаад Гэмтлийн эмнэлэг явж байгаа талаар хэлэхэд Д.З- Гэмтэл битгий ор Өргөөгийн хажуу талд уулзъя гэж хэлэхээр нь би өргөөгийн баруун талд очоод хүлээж байгаад ирэхгүй удаад байхаар нь би Д.З- руу залгатал Баяраагийн байрны гадаа хүрээд ир гээд Баяраагийн байрны хаягийг зааж өгөхөөр нь Энхбаяр, Ганболор бид гурав 3 дугаар эмнэлгийн ард талд очтол Наранбаатар автобуснаас буугаад ирж байгаа харагдсан. Тэгээд Д.З-тай уулзтал намайг өөрийнхөө машинд суулгаад Наранбаатар, Баяраа нарын хамт өөрийнхөө гэр рүү авч явсан. Харин Энхбаяр, Ганболор нар 3 дугаар эмнэлгийн хойд талд үлдсэн. Тэгээд Д.З-ын гэрт ортол Д.З- чи оёдлын машин мөргөөд уначихсан шүү дээ гэж хэлээд байсан. Өмнөх өдөр нь би гэрт нь ороход тухайн оёдлын машин олон шүүгээтэй тавиурын хамгийн доод талд нь цаашаагаа түлхээд хийсэн байсан. Оёдлын машин байгаа газар ерөөсөө ил гараагүй байсан. Тэгээд Д.З- надад дансаа өгчих гар утас аваад үлдэгдлээр нь эм тариа авчих гэхээр нь би дансаа өгсөн чинь 500.000 төгрөгийг шилжүүлээд 5 хоногийн дараагаас гайгүй болохгүй бол хэлээд эм тарианы мөнгө дахиад өгье гэж ярьсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***********ын гэрчээр өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сард Grand hill-д Наранбаатар, Д.З-, Мэндээлэй тэд нар архи хувааж ууж байсан гэтэл Д.З- руу Одко гэх нэг залуу байнга залгаад байсан. Тэгээд удалгүй Д.З- гараад Одког дагуулаад ороод ирсэн. Тэгээд бид нар дотор юм ярьж сууж байгаад бүгд гэр гэртээ харихаар болсон. Тэгээд бүгд салах гэтэл Одко харихгүй архи ууна гээд байхад нь би архи уухгүй гээд салаад явчхаад буцаад Золбоогийн гэр рүү орж байтал Одко миний ардаас гарч ирээд бид хоёр хамт Золбоогийн гэр рүү орсон. Д.З-ын гэрт ороод нэг шил архи авчихсан ууж дуусаагүй байх Золбоо Одко хоёр хамт суучихсан би буйдан дээр сууж байсан. Гэтэл Одко би бөхийн ангид барилддаг гээд Золбоо руу агсраад дайрсан. Тэгээд Д.З-ыг давхар хамах гээд тонгойж дайрч байхад Одко Д.З-ын нүүр рүү нэг удаа цохиод, өргөж унагаах гэж байгаад даахгүй өөрөө унаад Д.З-ын гэрт байсан жижиг оёдлын машиныг мөргөсөн. Тэгээд Д.З-ын хүү Одког ГССҮТ-д хүргэж өгсөн. Маргааш нь Д.З-, Наранбаатар Золбоо, Одко бид нар 10 дугаар хороололд уулзаад Золбоогийн гэр рүү явсан. Одко тухайн үед манай эхнэр залгаад байна би юу болсон талаар мэдэж байгаа би эхнэртээ Д.З- зодоод аймар болгочихсон гээд хэлчих үү гэхэд Д.З- чи юу яриад байгаа юм бэ чи өөрөө юу болсон талаар мэдэж байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгээд амьдрал хэцүү байна гээд юм яриад байхаар нь Д.З- би чамайг зодсон биш чамд туслаад мөнгө өгье гэж хэлээд 500,000 орчим төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Мэндсайханы гэрчээр өгсөн: “Би Д.З-, Баяраа, Золбоогийн найз гэх нэг залуу бид нар Grand hill зочид буудалд хоол идээд байж байтал миний танихгүй нэг хүүхэд Д.З- руу залгасаар байгаад Grand hill-д хүрээд ирсэн. Тэгээд тухайн газраас бид нар Д.З-ын гэр рүү явсан Д.З-ын гэрийн гаднаас бид нар салаад Д.З- бид хоёр Д.З-ын гэрт орсон. Удалгүй Баяраа Д.З- руу утасдаад би танайх руу орж байна шүү гэж хэлсэн. Баяраа Д.З-ын гэрт орж ирэхэд Одко гэх залуу хамт дагаад ороод ирсэн ингээд бид  нар юм яриад сууж байтал Одко Д.З- руу би барилддаг гээд агсраад байсан би тухайн үед нь өрөөнөөс нь гараад коридорт Д.З-ын эхнэр хүүхэдтэй уулзаад байж байтал зочны өрөөнд нь Д.З- Одко 2 маргалдаж Одко Д.З-ын эрхийг таслаад би юу болж байна гэж бодоод коридороос хартал Одко Д.З-ын гэрт байдаг жижиг оёдлын машиныг мөргөөд газарт унаж байсан. Тэгээд би Одкогийн толгойноос гарсан цусыг арчиж цэвэрлээд Д.З-ын тасарсан эрхийг түүгээд Д.З-ын хүүд хандаж Одког ГССҮТ-д очиж үзүүл гээд явуулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дах тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***********ийн гэрчээр өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажлаа тараад гэртээ харьсан. Тэгээд манай гэрт аав, ээж Мэндээлэй ах, Одко, Баяраа ах нар манайд ирсэн. Мэндээлэй ах ээж бид  3 ойрд уулзаагүй юм байна гээд юм яриад зогсож байтал том өрөөний үүдэнд Одко гэх ах аавын хөлөөс зуурчихсан юм мөргөөд толгой нь хагарчихсан байсан. Ингээд бид хэд Одко ахын цусыг арчиж өгөөд ГССҮТ-д хүргэж өгсөн. Одко гэх хүн ГССҮТ-н цагдаад би өөрөө юм мөргөөд уначихсан гэж хэлээд надад хандаж ах нь өөрөө юм мөргөөд уначихсан юм чинь аавыг чинь цагдаад өгөөд яахав дээ гэж хэлсэн. Тэгээд бид 2 манай гэрт буцаж ороод болсон асуудлыг ярилцаад Одко ах орой манай гэрээс явах гэж байхад нь би UB cab дуудаж өгөөд явуулах гэж байхад утсаа оролдож байгаад кодоо олон удаа буруу хийгээд блоклосон тэгээд мөнгө байхгүй гэхэд нь би 60,000 төгрөг дансанд нь хийж өгөөд явуулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ***********ын гэрчээр өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 22-ны үүрээр би Төв аймаг руу явах гээд гэртээ байж байтал манай найз Одкогийн эхнэр нь над руу залгаад ******гийн бие нь муу байна зодуулсан байдалтай ирсэн 103 дуудсан чинь хавирга нь хугарсан байна гэж хэлсэн гэж ярихаар нь би хэнд зодуулсан талаар асуухад Д.З-д модны 2-т ууж байхдаа зодуулсан байна гэхээр нь би өглөө ганцаараа ******гийн гэрт очиход Энхбаяр цуг байсан. Тэгээд би ******гээс юу болсон талаар асуухад модны 2-т хуучин найзуудынхаа хамт архи ууж байгаад Д.З-д зодуулсан талаар хэлэхээр нь Энхбаяр, ******  бид гурав Гэмтлийн эмнэлэг явж байтал замд ****** Д.З- залгаад байна уулзъя гээд 3 дугаар эмнэлгийн хажуу талд ******г Д.З- эмнэлэгт үзүүлнэ гэж хэлж машинаас авч буулгаад өөрийнхөө машинд суулгаад яваад өгсөн. Тэгээд Энхбаяр бид хоёр үлдээд бараг өдөржингөө харсан ба орой нь ****** над руу залгаад аан уулзчихлаа одоо зураг хөргөө авхуулахаар болсон мөн эмчилгээний мөнгө гэж 500,000 төгрөг өгсөн гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал) 

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************ийн гэрчээр өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн үед манай хамтран амьдрагч ******* ажилдаа явна гэж хэлээд гарсан ба тухайн үед ил харагдах гэмтэл бэртэлгүй гарсан. Тэгээд өдөр нь ярихад таньдаг дүүгийндээ байна дүүгийндээ жоохон амраадахъя гэж ярьсан. Тэгээд 15 цагийн үед дахиад залгатал ингэсгээд гарах гэж  байна гэж ярьсан. Тэгээд орой 18 цагийн үед залгатал цаана нь нэлээн шуугиантай байгаад байсан ба би ярья гэтэл ****** жоохон согтуу байдалтай байсан ба би хаана байгааг асуухад Д.З-тай байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би 19 цагийн үед утас руу нь залгатал утас нь холбогдохгүй байсан. Тэгээд орой 22 цагийн үед нэг танихгүй дугаар залгасан ба хэзээ ирэхийг нь асуутал утсаа дахиад тасалсан ба би дахиад залгатал утсаа авахгүй байсан. Тэгээд дараа нь над руу тухайн дугаараас залгаад Золбоо байна гэхээр нь би нөхрөө хаана байгааг асуутал одоохон явуулчихна гэж хэлсэн. Тэгээд би утсаа яасан юм бэ гэж Золбоогоос асуухад одоо өөрөө ярина гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа дахиад залгахаар нь би утсаа аваад ******г хаана байгааг асуухад Золбоо сая 4 давхраас унаад гэмтчихлээ гэхээр нь би  уурлаад юу яриад байгаа юм бэ гэтэл Золбоо юун сүртэй юм бэ 2-3 оёотой явж байгаа гэхээр нь би уурлаад одоо хаана байгаа юм очоод авъя гэтэл утсаа тасалчихсан. Тэгээд шөнө 23 цагийн үед таксинд суучихлаа гээд залгасан. Тэгээд гэртээ ирэхээр нь би царайг нь хартал нүүр ам нь нэлээн хавдаад тагларчихсан толгойндоо цагаан өнгийн киссээр боочихсон байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад ****** Д.З- намайг зодчихлоо гэж хэлсэн. Би одоо тэгээд яахав гэтэл сууж чадахгүй байна гэхээр нь би 103 руу залгаад дуудаж өвчин намдаах тариа тарьчхаад яваад өгсөн. Тэгээд үүрээр дахиж дуудлага өгсөн ба хүнийг чинь авч явъя гэхээр нь би эхлээд харья болохгүй бол авч явъя гэж хэлээд өвчин намдаах тариа тарьсан. Тэгээд би болсон зүйлийн талаар найз Ганболор, Энхбаяр нарт залгаж ****** хүнд зодуулчихжээ машинаараа ирээд аваад яваач гэж хэлсэн. Би нөхрийгөө орж ирсний дараа Д.З- руу залгахад утсаа авахгүй байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан.”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал) 

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3612 дугаартай “*******гийн биед зүүн 7, 8, 9, 10-р хавирга, баруун 3, 7-р хавирганы далд хугарал, духанд шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.З-ын яллагдагчаар өгсөн: “Яллагдагчаар татсан тогтоолын уншиж танилцахад ****** зарим зүйлийн талаар худал мэдүүлэг өгсөн байна. ******гийн эхнэр Дэлгэрцэцэгийн яриагаар “... ****** 4 давхраас унаад гэмтчихлээ..” гэж би тэр эхнэр Дэлгэрцэцэгт нь хэлээгүй юм. манайх 5 давхарт байдаг юм. Мөн миний ******д өгсөн 500,000 төгрөг бол ****** өөрөө надаас гуйгаад “..манайд мах шөл байхгүй, дээрээс нь би утсаа хаячихсан, эхнэр бөөн юм болно...” гэхээр нь би ******д 500,000 төгрөг өгөөд дараа нь чи надад бага багаар манайд ажилд орохоороо өгөөрэй гэж өгсөн мөнгө юм. Би бол ******д эмчилгээний мөнгө гэж өгөөгүй ээ буцааж авна гэж хэлсэн. Энэ мөнгөөр эм тан уугаад байж бай, 5 хоногийн дараагаас гайгүй болохгүй бол хэлээрэй эм тарианы мөнгө дахиад өгнө гэж хэлээгүй юм. Би ******г ерөөсөө гэр рүүгээ ерөөсөө дагуулж оруулаагүй манай үүдэнд Өнөрбаяр хаалга тогшиход хойно нь ****** зогсож байсан. Би ******г дуудаж гэртээ оруулаагүй ээ. Өнөрбаярыг ч дуудаагүй, Өнөрбаяр манай гэрийг мэддэг учраас хүрээд ирсэн байсан. Би юу гэж гэртээ согтуу хүмүүс оруулах вэ дээ. ****** эхлээд намайг заамдаж аваад эрхийг нь таслахаар нь бид хоёр босож ирээд би ******гийн хацар руу алгадах аястай мангасдаад намайг давхар хамах үед нь би хавирга нуруу руу нэгээс хоёр удаа цохисон. Гэхдээ аяархан цохисон доо чааваас тэгэхэд хавирга нь гэмтсэн юм байхдаа. Уг гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Духанд үүссэн гэмтэл нь намайг даалгүй шургаж унахдаа үүссэн. Хоёр нүдний дээд, доод зовхинд үүссэн гэмтлийг мэдэхгүй ээ би цохиогүй оёдлын машин руу унахдаа нүд рүү нь орсон байж магадгүй. Хоолны газарт дөрвүүлээ 1 шил архи уугаад энэ гурав үлдэхээр нь би гэр рүүгээ харьсан. Манай гэрт ****** Өнөрбаяр бид гурав нэг шил 0,5 архи уугаад талдаа орсон байсан байх. Би согтолтын хувьд гайгүй эрүүлдүү байсан. ****** тухайн үед согтуу байсан. Байж байхдаа согтуу эрүүл нь мэдэгддэггүй юм. намайг хоолны газраас гарсны дараа тэр гурав нэмж архи уусан байхаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гурав:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 2022 оны 2 дугаар сарын 21-нд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны 21 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.З- нь хохирогч *******тэй үл ялих зүйлээс маргалдсаны улмаас толгой руу нь гараараа цохиж, цээж рүү нь өшиглөх зэргээр биед нь зүүн 7, 8, 9, 10-р хавирга, баруун 3, 7-р хавирганы далд хугарал, духанд шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт авагдсан байна.

 

*******гийн хохирогчоор өгсөн: “...Д.З- бөхийн талаар дахиж яриад над руу дайрч байгаад барилцаж авсан чинь Баяраа хажууд хараад суугаад байсан ба тэр үед намайг Д.З- авч шидээд ухаан алдуулчихсан. Тэгээд би нэг сэртэл миний зулай, дух хэсгээс цус гарсан байдалтай Д.З- миний хавирга хэсэг рүү дэвссэн байдалтай би жижиг өрөөнд нь хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал), ***********ын гэрчээр өгсөн: “би ******гээс юу болсон талаар асуухад модны 2-т хуучин найзуудынхаа хамт архи ууж байгаад Д.З-д зодуулсан талаар хэлэхээр нь Энхбаяр, ******  бид гурав Гэмтлийн эмнэлэг явж байтал замд ****** Д.З- залгаад байна уулзъя гээд 3 дугаар эмнэлгийн хажуу талд ******г Д.З- эмнэлэгт үзүүлнэ гэж хэлж машинаас авч буулгаад өөрийнхөө машинд суулгаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал), *************ийн гэрчээр өгсөн: “...******г хаана байгааг асуухад Золбоо сая 4 давхраас унаад гэмтчихлээ гэхээр нь би  уурлаад юу яриад байгаа юм бэ гэтэл Золбоо юун сүртэй юм бэ 2-3 оёотой явж байгаа гэхээр нь би уурлаад одоо хаана байгаа юм очоод авъя гэтэл утсаа тасалчихсан. Тэгээд шөнө 23 цагийн үед таксинд суучихлаа гээд залгасан...”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3612 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал), Д.З-ын яллагдагчаар өгсөн: “...****** эхлээд намайг заамдаж аваад эрхийг нь таслахаар нь бид хоёр босож ирээд би ******гийн хацар руу алгадах аястай мангасдаад намайг давхар хамах үед нь би хавирга нуруу руу нэгээс хоёр удаа цохисон. Гэхдээ аяархан цохисон доо чааваас тэгэхэд хавирга нь гэмтсэн юм байхдаа. Уг гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Духанд үүссэн гэмтэл нь намайг даалгүй шургаж унахдаа үүссэн. Хоёр нүдний дээд, доод зовхинд үүссэн гэмтлийг мэдэхгүй ээ би цохиогүй оёдлын машин руу унахдаа нүд рүү нь орсон байж магадгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Хэргийн хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Д.З- нь үл ялих зүйлээр шалтаглаж маргалдсаны улмаас хохирогч *******гийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Д.З-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Д.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар

 Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлтийг гаргаж оролцлоо. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.З-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохиролын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан улсын яллагчаас гаргасан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүх хүлээн аваагүй болно.

 

Шүүгдэгч Д.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.З-ын гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байдал нөлөөлсөн байх ба *******гийн эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг нь харгалзан шүүгдэгч Д.З-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Тав. Бусад асуудлын талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч *******гийн биед учирсан хүндэвтэр гэмтэл бүхий эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Хохирогч *******гээс “хохиролд 3.364.600 төгрөгийг хүлээн авсан тул, нэхэмжлэх зүйлгүй болно. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцохгүй.” гэсэн хүсэлтийг тус шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ирүүлжээ.

Иймд дээрх хүсэлттэй холбоотойгоор шүүгдэгч Д.З-ыг хохирогчид  төлөх төлбөргүйд тооцов.

 

Мөн шүүгдэгч Д.З- нь Эрүүл мэндийн даатгалын санд 313.800 төгрөг төлсөн баримт хэрэгт хавсаргасныг дурдаж байна.

 

Д.З- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэгдсэн болон  тусгаарлагдсан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Д.З-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Д.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 5. Д.З- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ