Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/732

 

 

 

 

 

   2022            11           02                                       2022/ШЦТ/732

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд, 

улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ, 

шүүгдэгч , тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

   ,  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210009030904 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч,  2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ***  оны *** дүгээр сарын ***-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн цахилгаан холбооны инженер мэргэжилтэй,  ангид холбооны офицер ажилтай, ам бүл 1,  тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  (РД: ***),

 

2. Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  ангид артиллерийн тагнуулын удирдах батарейны дуу чимээний тагнуулын удирдах салааны дуу чимээний баазын дуу чимээний оператор-жолооч ажилтай, ам бүл 6, ээж, эгч, дүү нарын хамт *** дүүргийн ***  дугаар хороо *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  (РД: ***),

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

1. Яллагдагч  нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны орой 20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны дэвсгэрт байрлах 120 дугаар цэргийн ангид архидан согтуурч, хугацаат цэргийн алба хаагч  нартай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж зодсон,

2. Яллагдагч  нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 13-14 цагийн орчим Хан-Уул дүүргийн ***  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** цэргийн ангид баяр тэмдэглэн архидан согтуурч, хугацаат цэргийн алба хаагч  нартай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж зодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч аас: “Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаас гадна тухайн өдөр би архидан согтуураагүй, өмнөх өдөр нь баярын хурал болж шагнал урамшуулал авсан тул согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Маргааш нь 13-14 цагийн үед амнаас архи үнэртэж байсан нь үнэн бөгөөд цэргүүдтэй дүрмийн бус харьцсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.”,

Шүүгдэгч ас: “Урьд өдөр нь баяр тэмдэглээд ажил дээрээ үнэртүүлж очсон нь үнэн” гэсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн 2210009030904 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

            1. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа У.Эрдэнэхүүд Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоос гаргасан 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 06/298 дугаартай “Мэдээлэл шалгуулах тухай” албан бичиг (хавтаст хэргийн 5 дахь тал),

2. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 47-51 дэх тал),

 

3. Хохирогч  мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...Үдээс хойш 16 цагийн орчимд байрандаа амарч байх үед ангийн жижүүр ахлах дэслэгч  цэргүүдээ гаргаж жагсаа гэж хэлээд тус ангид бүх цэргүүдийг гаргаж жагсаалыг тойруулж гүйлгэсэн юм. Мөн бага дарга нарыг урагш жагсаалаас гаргаж байгаад  ахлах дэслэгч гараараа нүүр хэсэг рүү нь тус бүр 1 удаа цохисон. Тухайн үед  ахлах дэслэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд цэргүүд сахилга дэг журам муутай байна цэргүүдээ яагаад  анхаарахгүй байна гэх шалтгаанаар дэд түрүүч ахлах байлдагч нарт гар хүрсэн юм. Тухайн уед ойролцоогоор 1 цаг гаруй хугацаанд бид нарыг гүйлгэж дэглэж байгаад гаднаас эргэлтээр хүмүүс ирж байсан тул дэглэхээ больсон юм. Тэгээд бид нар орой 19 цагийн орчимд хоолондоо орж байх үед цайны газарт ахлах дэслэгч  орж ирээд дэд түрүүч  цолоо голлоо гэх шалтгаанаар нүүр хэсэг рүү нь 2-3 удаа гараараа цохисон. Мөн үүний дараа бид нарыг амрах байрандаа байж байх үед ахлагч  орж ирээд тус байранд байсан цэргүүдийг жагсаасан ба тухайн үед  мөрдсөө зүүгээгүй байсан тул чи цолоо гэж хэлээд  өрөөнөөс авч гараад хэд хэдэн удаа цохих шиг болсон тухайн үед хаана яаж цохиж байгаа нь бол харагдаагүй юм.  болон  нар нэлээд хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм. Надад бол  болон  нар огт гар хүрээгүй 2022 оны 03 сарын 19-ны өдөр эмчийн үзлэгээр орох үед миний баруун хацар хэсэгт улайлттай байсан нь өмнөх өдөр нь өөрийн ангийн дэд түрүүч  нартай барилдаж байгаад бага зэрэг үрэгдчихсэн байсан юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),

 

4. Хохирогч  мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...“2022 оны 03 сарын 18-ны өдөр бие бүрэлдэхүүн хоол идсэний дараа /13:30/ ахлах дэслэгч  анги салбаруудыг жагсаалын талбай дээр жагсаагаад талбайг тойруулж гүйлгэсэн бөгөөд бага дарга нарыг жагсаалаас гаргаж ирээд цэргүүдээ олигтой харж анзаарч явсангүй гэж хэлээд гараараа нүүр лүү нь бүгдийг нь цохисон юм. Тухайн үед  ахлах дэслэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд , ,  нар цохиулсан юм. Ингээд бид нарыг хэд хэдэн удаа дэглэж байгаад цэргийн байр луу буцаасан юм. Мөн орой хоол идэж байх үед ахлах дэслэгч  хоолны газарт орж ирээд  мөрдөсгүй явлаа цолоо голж байна уу гэж хэлээд бид нарын нүдэн дээр нүүрэн тус газар нь 5-6 удаа гараараа цохисон юм. Үүнээс хойш 20 цагийн орчимд бид нарыг цэргийн байрандаа байж байх үед ахлагч  орж ирээд бид нарыг жагсаагаад бага дарга нар болох ,  нарыг дуудан гаргаж ирээд  цолоо голсон гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараа зангидаж байгаад дотор хэсгээр нь 10 орчим удаа цохисон юм. ийг болохоор хамруулаад шалтгаангүйгээр гараараа цээж болон нүүрэн тус газар нь 10 гаруй удаа цохисон юм. Тухайн үед ахлагч  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба болж байгаа үйл явдлыг ойлгохоор байсан юм. Тухайн үйл явдал болж байх үед нь би ахлагч Гантулгыг болиулах гэж та хүнийг арай ч ингэж зодож болохгүй шүү дээ гэж хэлэх үед  ахлагч намайг жагсаалаас дуудаж гаргаж ирээд нүүр лүү гараараа 10 гаруй удаа цохисон юм. Тэгээд тус цэргүүдийг дуудан гаргаж ирээд соёл амралтын өрөөнд оруулан тэнд байсан цэргүүдээр тойруулж зогсоогоод намайг голд нь оруулаад дахин нүүр лүү 20 орчим удаа гараараа цохисон юм. Тэгээд миний цэргүүд намайг ингэж боддог байсан юм уу гэж хэлж согтуурхсан юм. Тухайн үед 21 цаг өнгөрч байхад бүх цэргүүдэд амрах тушаал өгөөд намайг унтаж болохгүй наанаа үлдээд зогсоогоороо хоно гэж хэлсэн юм. Би тус өрөөнд 30 орчим минут зогсож байх үед гаднаас шалган нэвтрүүлэх байрны жижүүр /нэрийг мэдэхгүй байна/ хүн орж ирээд  ахлагчийг болиулж намайг амраасан юм. Тухайн үед  гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан жижүүрийн ээлжээс буух хүртлээ согтуу байсан юм. Манай жижүүр өглөө 10 цагаас 24 цагаар ажиллаж маргааш өглөө 10 цаг хүртэл үүрэг гүйцэтгэдэг юм. Намайг  ахлагчийг хүндлээгүй ажлыг нь заасан гэх шалтгаанаар цохиж зодсон юм. Урьд өмнө нь бол  ахлагчид бол зодуулж байсан гэхдээ гэмтсэн зүйл бол байхгүй байсан юм. Надад одоо бол ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байна. Би гомдолтой байна хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал),

5. Хохирогч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:.... “Тухайн өдөр соёл амралтын өдөр тохиосон учир хугацаат цэргийн алба хаагчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан. Би 14 цагт өдрийн цайнд хоёрдугаар ээлжээр орж 14 цаг 30 минутад өдрийн цайнаас гарахад  ахлах дэслэгч нэгдүгээр ээлжээр цайнд орсон цэргүүдийг гадаа талбайд жагсаасан байсан.  ахлах дэслэгч бүх цэргүүдийг жагсаалын талбай тойруулж гүйлгээд бага дарга нарыг жагсаалаас гаргаж ,  бид гурвын зүүн шанаа хэсэгт баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгээд цэргүүдийг гүйлгэхийн болиулж цэргийн байр луу оруулсан. Цагийн үйл ажиллагааны дагуу оройн хоолонд 19 цаг 30 минутад орж 20 цаг өнгөрөөж хоолноос гарч оройн тоо хийлгүй амарсан. ,  бид гурвын зүүн шанаа хэсэгт баруун гараараа 1 удаа цохиход амнаас нь архи үнэртэж байсан, согтолт нь бага байсан.  намайг цохиж зодоогүй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),

 

6. Хохирогч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ... “Тухайн өдөр нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны Цэргийн баярын өдөр байсан. Соёл амралтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байсан. Би өмнө нь жижүүрт хоносон болохоор цэргийн байрандаа амарч байсан. Өдрийн хоолондоо ороод цэргийн байрандаа амарч байхад холбоогоор залгаад жагсаалын талбай дээр бүх салбарууд гараад жагс гэсэн команд өгсөн. Тэгээд бүгд жагсаалын талбай дээр жагсаад талбай тойрч гүйсэн.  Тэгээд дарга нарыг жагсаалаас гаргаад Ахлах дэслэгч  нь гар дээр суниалгаж, зүүн эрүү рүү хоёроос гурван удаа, аймхай руу нэг удаа цохисон. Тэгээд байр луу явж амарцгаасан. Орой хоолны дараа жижүүрийн ахлагч  бага дарга нараас нэг шил архины мөнгө зохицуулаад өгөөч гэж гуйсан. Тэгээд удаагүй цэргийн байранд байж байтал голдоо жагс гэсэн команд ахлагч  өгсөн. Тэгээд бие бүрэлдэхүүн коридорт жагссан. Дэд түрүүч  гадуураа дотуураа нэг мөрдөстэй болохоор команд өгөхөд сольж чадаагүй жагссан. Тэгсэн ахлагч  дэд түрүүч  жагсаалаас гар гэсэн. Тэгээд чи өгсөн цол голоод байна уу гээд нүүр лүү нь цохиж байгаа харагдаж байсан. Тэгээд бага дарга нарыг жагсаалаас гар гээд жижүүрийн ширээний дэргэд зодсон. Миний чихийг ахлагч  2022 оны 02 дугаар сард цохиж гэмтээж байсан. Тэгээд чи одоо халагдаад надаас мөнгө нэхэх үү чи ингээд нэхээрэй гэх үгээр зүүн шанаа руу 10 гаруй удаа мөн баруун шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхэд байлдагч *** та өөрөө хүндлүүлэх юм хийгээгүй байж цэрэг нараараа хүндлүүлнэ гэж байхгүй байх гэж хэлсэн. Тэгтэл ахлагч  уурлаад бүгд соёл амралтын өрөө рүү ор гээд оруулж байгаад байлдагч ***ын зүүн шанаа руу нь 10 гаруй удаа цохисон. Тэгээд би оройн тоо хийх хийхгүйг мэдэж байна цэргүүд амар байлдагч *** болон бага дарга нар үлд гэсэн команд өгсөн. Тэгээд бага дарга болон байлдагч *** нараар байрны урд талын талбайг тойрч гүйлгэсэн. Тэгээд цэргийн байр луу оруулаад байлдагч *** унтахгүй бусад нь амар гэсэн команд өгсөн. Тэгээд өглөө 07 цагт сэрсэн тэгсэн миний зүүн шанаа хавдсан баруун завж шалбарсан байсан. Цээж хөндүүр толгой доргисон байсан. Ахлагч д гомдолтой байна. Биеэ үзүүлмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал),

 

7. Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...“Хоолонд орж дууссаны дараа ахлах дэслэгч  тухайн өдөр ангийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан учир ангийг жагсаалын талбай дээр жагсаасан. Тухайн үед ахлах дэслэгч  архи үнэртүүлсэн байсан, байлдагч нарыг жагсаалын талбай тойруулаад гүйлгэж, бага дарга нарыг жагсаалаас гаргаж нэгээс хоёр удаа цээж рүү нь цохисон. Би бага дарга учир  ахлах дэслэгч намайг жагсаалаас гаргаж баруун гараараа нүүрэн хэсэгт 1 удаа цээж хэсэгт 1 удаа цохисон. Ойролцоогоор 16 цагийн үед жагсаалын талбайгаас байр луу орсон. Бид нар 20 цагт оройн хоолондоо ороод 20 цаг 30 минутын үед дуусаад амрах байр луу орсон. Байранд ороод хувцсаа тайлж байтал ахлагч  орж ирээд бүх байлдагч нарыг голдоо жагс гэсэн команд өгсөн. Би нэг ширхэг мөрдөстэй байсан учир гадуур хувцаснаасаа мөрдсөө авч амжилгүй мөрдөсгүй жагссан. Гэтэл ахлагч  над дээр ирээд чи яахаараа мөрдөсгүй байдаг юм, цолоо голлоо гээд баруун гараараа зүүн шанаанд 3-4 удаа цохисон. Мөн хамт байсан зарим байлдагч, бага дарга нарыг цохисон. Тэгээд дараа нь бид нар амарсан. Үүнээс хойш ахиж зодсон цохисон зүйл байхгүй. Намайг  ахлах дэслэгч жагсаалын талбайд нүүр лүү баруун гараараа 1 удаа, гэдэс рүү баруун гараараа 1 удаа, амрах байранд ахлагч  нүүр лүү баруун гараараа нэлээн хэдэн удаа /яг хэдэн удаа гэдгийг би мэдэхгүй байна/ цохисон, дээрх хүмүүстэй ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа байхгүй. Надаас гадна ***, , ***,  нарыг цохисон. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4824 дугаартай хүний биед хийгдсэн:

-“Д.ийн биед зүүн зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад язрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 74-75 дахь тал),

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4821 дугаартай хүний биед хийгдсэн:

-“Б.ийн биед зүүн чихний дэлбэн, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 91-92 дахь тал),

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4823 дугаартай хүний биед хийгдсэн:

-А.ийн биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завжинд өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 97-98 дахь тал),

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4825 дугаартай хүний биед хийгдсэн:

- биед зүүн завжны дотор салстад язрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 103-104 дэх тал),

12. Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямбаас Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдод 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2/1185 дугаартай хариу хүргүүлэх албан бичиг (хавтаст хэргийн 1140-114 дэх тал),

13. Яллагдагч ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: ....“Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх  ангид холбооны зангилгааны даргаар ажилдаг байсан юм. Тухайн ангид энэ албан тушаал дээр 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 05 сар хүртэл ажилласан байгаа юм. Энэ асуудлаас болж албан тушаал буурч,  ангид холбооны офицер гэх ажилд орсон юм. Тухайн өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 18-ны 10:00 цагаас 19-ний 10:00 цагийн хооронд 120 дугаар цэргийн ангийн хороон жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өглөө ажилдаа очихдоо архи согтууруулах ундааны зүйл үнэртсэн байдалтай байсан бөгөөд өмнөх өдөр нь цэргийн баярын хурал болоод архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор маргааш өглөө нь очиход архи бүрэн гараагүй үнэртэж байсан байх. Тухайн өглөө ажил дээрээ очихдоо бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. Тухайн өглөө цэргийн анги дээр очоод ээлжээ хүлээж авсан юм. Тэгээд өдөр байж байсан чинь цэргүүд өдрийн хоолны өмнөх гүйлт гимнастикт ороогүй шууд хоолны зааланд ороод суучихсан хоолоо идээгүй сууж байсан юм. Тэгэхээр нь би гүйлт гимнастикийг нь хийлгэхээр цэргүүдийг жагсаалын талбай дээр жагсаагаад гүйлгэж, гимнастикийг нь хийсэн юм. Бага дарга нарыг жагсаалаас гаргаж үүрэг өгсөн юм. Тухайн үед ангийн цэргүүд маш замбараагүй цэргийн анги дотор тамхи татаж, энд тэндгүй шээсэн мөн ээлж дарааллаар хоолонд орох ёстой байтал замбараагүй байсан бөгөөд баярын өдөр гээд эмх замбараагүй байсан. Уг нь би тэр өдөр баяр гээд өглөөнөөс хойш анзаараад хараад байсан юм. Тэгээд бага дарга нарыг жагсаалаас гаргаж ирээд цэргүүдээ хариуцаж чадахгүй байна гээд гар дээр суниалгасан юм. Тухайн үед бага дарга нар дунд  гэх дэд түрүүч мөрдөсгүй явж байсан бөгөөд яасан гэж асуусан чинь хувцсаа угаачихсан гээд хэлсэн. Уг нь бол жагсаалын талбай дээр цэргийн дүрмийн дагуу бүх хувцасны иж бүрдлийг өмссөн байх ёстой юм. Тэгэхээр нь би уурлаад  дэд түрүүчийн мөрөн дээр нь мөрдсөө зүү гээд алгадсан юм. Тэгээд цэргүүдийг хоолонд нь оруулсан юм. Тэгээд би шууд өрөөндөө ороод бусад ажлаа хийсэн бөгөөд цэргүүдтэй огт харьцаагүй юм. Тэгээд орой 22:00 цагийн орчим цэргийн цагдаа нар ирээд хяналт шалгалт хийгээд явцгаасан юм. Тэгээд цэргүүдээ амраасан учраас баярын өдөр гээд нэг шил архи уугаад унтсан юм. Өглөө сэрсэн чинь дарга нар ирчихсэн байсан бөгөөд даргад илтгэж байх үед архи үнэртээд баригдсан юм. Тэгээд хэд хоногийн дараа албаны шалгалт хийгдэж эхэлсэн юм. Би ийн мөрөн дээр алгадсан юм. ,  нарт бол огт гар хүрээгүй юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн миний хийсэн үйлдлээс болж учирсан бодит хохирлыг төлөхөд бэлэн байна..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 148-149 дэх тал),

14. Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: ..... “Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх  ангид тасгийн захирагч, ахлах тагнуулчаар ажилдаг байсан юм. Би цэргийн ангид 2017 оноос хойш өдийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд энэ асуудлаас болоод албан тушаал буурч, цолоо хураалгаад тус цэргийн ангид байр радио холбоочин болсон байгаа юм. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус цэргийн ангийн хороон жижүүр ахлах дэслэгч ын хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд өглөө 11:00-13:00 цагийн хооронд цэргүүдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээн болоод 13:00 өнгөрөөд цэргүүдийг хоолонд оруулчхаад байж байсан чинь ахлах дэслэгч  цэргүүдээ талбай дээр жагсаа, тоо авна гэж хэлсэн. Тэгээд жагсаасан чинь ахлах дэслэгч  цэргүүдийг талбай тойруулаад гүйлгэсэн юм. Тэгээд цэргүүдээ жагсаагаад байр руу нь явуулсан юм.  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд ахлах дэслэгч  дахиад дотуур утсаар цэргүүдийг гараад жагс гэж команд өгсөн чинь цэргүүд болон бага дарга нар жагсаалын талбай дээр жагссан чинь ахлах дэслэгч  нь бага дарга нарыг жагсаалаас гаргаж ирсэн. Тухайн үед бүх бага дарга нарыг  нь хүмүүсээ хариуцаж чадахгүй байна гээд хацарнууд руу нь нэг нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд би одоо болно гэж хэлээд ыг өрөө рүү нь оруулаад цэргүүдийг байр руу нь оруулж амраасан юм. Тэгээд цэргүүдийг байр руу нь оруулчхаад би танк эсэргүүцэх артиллерын батерэй руу орсон чинь цэргүүд амраагүй коридороор холхиод яваад байсан. Тэгээд би амрах талаар хэлсэн чинь хажуугаар  гэх дэд түрүүч мөрдөсгүй, гителээ өмсөөд явж байхаар нь чи мөрдсөө яачихсан юм гэж хэлсэн чинь урдаас муухай хараад дугарахгүй хараад зогсоод байхаар нь  мөн тухайн ротод жижүүр хийж байсан ахлах байлдагч ***ыг дагуулаад соёл амралтын өрөө рүү ороод  мөрдсөө голоод байгаа юм уу гэж хэлээд хацар руу нь нэг удаа алгадсан, харин ***ыг чи цэргүүдийг унтуулахгүй, амралтын цаг эхэлсэн байхад хөл хөдөлгөөнөө хянаж чадаагүй гээд хацар руу нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон юм. Тэгээд рот руу нь оруулаад тэр хоёрыг явуулсан юм. Тухайн үед 00:00 цаг болж байсан бөгөөд цэргийн цагдаа ирж цэргүүдийг шалгаад явсан юм. Тэгээд  намайг нэг архи байна уух юм уу гэхээр нь би за тэгье гээд өрөөнд нь ороод нэг шил 0.5 литрийн архи хувааж уугаад унтацгаасан юм. Тэгээд өглөө сэрсэн чинь ангийн дарга нар дуудаад та хоёр цэргүүд зодсон байна гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа зэвсэгт хүчний жанжин штабаас шалгалт ирээд албаны шалгалт хийсэн бөгөөд сүүлд цагдаа нар ирж мэдүүлэг авсан юм. Би ***,  нарыг цохисон юм. Би өмнө нь 2022 оны 02 дугаар сард ийг нэг удаа алгадаж байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн миний хийсэн үйлдлээс болж учирсан бодит хохирлыг төлөхөд бэлэн байна..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 156-157 дахь тал),

            15. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтуудад:

-Шүүгдэгч ын дипломын тодорхойлолт (хавтаст хэргийн 118 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 119 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 120 дахь тал), Зангилгааны даргын албан тушаалын тодорхойлолт (хавтаст хэргийн 121-123 дахь тал), тээврийн хэрэгслийн бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 124 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 125-127 дахь тал), 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаартай  ангийн тодорхойлолт (хавтаст хэргийн 132 дахь тал),

- Шүүгдэгч *** иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 133 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 134 дэх тал), салааны ахлагч-тасгийн захирагчийн албан тушаалын тодорхойлолт (хавтаст хэргийн 135-137 дахь тал), 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 278 дугаартай  ангийн тодорхойлолт (хавтаст хэргийн 138 дахь тал), 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажиллах нэрсийн жагсаалт (хавтаст хэргийн 139 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт:

 

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “шүүгдэгч  нь архидан согтуурч хугацаат цэргийн албан хаагч  нартай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, зодсон,

шүүгдэгч  нь архидан согтуурч хугацаат цэргийн албан хаагч  нартай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж зодсон гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй байна...” гэсэн дүгнэлтийг

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхтөр шүүх хуралдаанд хэлсэн санал, дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч нар цэргүүдтэй дүрмийн бус харьцсан гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд зүйлчлэл дээр маргадаггүй. Хохирогч нарт 2 хүн цаг хугацаа, орон зайны хувьд тус тусдаа шаардлага тавихад биелүүлээгүй байгаа нь тухайн хүмүүс зүгээр байгаагүй болох нь харагддаг...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэл гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч  нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны дэвсгэрт байрлах  ангийн жижүүрийн үүргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гүйцэтгэж байхдаа, согтуурсан үедээ тус ангид хугацаат цэргийн алба хааж байсан алба хаагч нартай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, зодсон улмаар  

хохирогч дэд түрүүч Б.ийн бие, эрүүл мэндэд зүүн чихний дэлбэн, хэвлийд цус хуралт гэмтэл,

хохирогч дэд түрүүч А.ийн бие эрүүл мэндэд зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завжинд өнгөц шарх гэмтэл,

хохирогч байлдагч  бие эрүүл мэндэд зүүн завжны дотор салстад язрал гэмтэл,

хохирогч ахлах байлдагч Д.ийн бие эрүүл мэндэд зүүн зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад язрал гэмтэл учруулан хүч хэрэглэсэн;

 

Шүүгдэгч  нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны дэвсгэрт байрлах  ангийн  тийрэлтэд артиллерийн дивизоны жижүүрийн ажил үүргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гүйцэтгэж байхдаа, согтуурсан үедээ тус ангид хугацаат цэргийн алба хааж байсан алба хаагч цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж зодсон улмаар

хохирогч дэд түрүүч Б.ийн бие, эрүүл мэндэд зүүн чихний дэлбэн, хэвлийд цус хуралт гэмтэл,

хохирогч дэд түрүүч А.ийн бие эрүүл мэндэд зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завжинд өнгөц шарх гэмтэл,

хохирогч байлдагч  бие эрүүл мэндэд зүүн завжны дотор салстад язрал гэмтэл учруулан хүч хэрэглэсэн үйл баримт нь:

 

-Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа У.Эрдэнэхүүд Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоос гаргасан 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 06/298 дугаартай “Мэдээлэл шалгуулах тухай” албан бичиг (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

-Хохирогч  мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),

 

-Хохирогч  мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал),

 

-Хохирогч .ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),

 

-Хохирогч .ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал),

 

-Хохирогч .ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4824 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 74-75 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4821 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 91-92 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4823 дугаартай хүний биед хийгдсэн гэх дүгнэлт (хавтаст хэргийн 97-98 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4825 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 103-104 дэх тал),

 

-Зангилгааны даргын албан тушаалын тодорхойлолт (хавтаст хэргийн 121-123 дахь тал), 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаартай  ангийн тодорхойлолт (хавтаст хэргийн 132 дахь тал),

-Салааны ахлагч-тасгийн захирагчийн албан тушаалын тодорхойлолт (хавтаст хэргийн 135-137 дахь тал), 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 278 дугаартай  ангийн тодорхойлолт (хавтаст хэргийн 138 дахь тал), 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажиллах нэрсийн жагсаалт (хавтаст хэргийн 139 дэх тал),

 

-Яллагдагч ын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 148-149 дэх тал),

 

- Яллагдагч *** 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 156-157 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд  ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Т.Батборын 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр баталсан томилгоонд тийрэлтэд артиллерийн дивизоны жижүүрээр ахлагч А.Чинзориг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үүрэг гүйцэтгэх томилгоотой байхад ахлагч  нь тус өдөр жижүүрийн ээлжийг А.Чинзоригтой ярьж тохиролцон сольж жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, мөн хэргийн 139 дүгээр талд авагдсан томилгооны хуудас зэргээр нотлогдож байх ба тодруулбал хэрэг болсон өдөр томилгоогүй боловч жижүүрээр үүрэг гүйцэтгэж байсан нь тогтоогджээ.

          Хууль зүйн дүгнэлт:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар зарлигаар Цэргийн нийтлэг дүрмүүдийг баталсан ба дүрмийн  хавсралтад: 

Цэргийн дотоод албаны дүрэм нь Цэргийн алба хаагч, албан тушаалтны нийтлэг эрх үүрэг, тэдний хоорондын харилцаа, цэргийн анги, салбарын дотоодын албыг тогтооно.  

Мөн тус дүрмийн:

2.1-д Цэргийн дотоод албаны, Цэргийн хүрээний ба харуулын албаны, Цэргийн жагсаалын, Цэргийн сахилгын дүрмийг Цэргийн нийтлэг дүрэм гэнэ.

2.3-д Цэргийн жинхэнэ болон цэргийн гэрээт алба хааж байгаа офицер, ахлагч, түрүүч, байлдагчийг цэргийн алба хаагчид хамааруулна.

17-д Цэргийн алба хаагч нь албан тушаал, цолны эрэмбээр нэг нь нөгөөдөө захирагч буюу захирагдагч байна.

19-т Цэргийн алба хаагч нь албан тушаал, цолны эрэмбээр нэг нь нөгөөдөө ахлах болон бага цолтон байна:

19.3-т дунд офицер нь ахлагч, сонсогч, түрүүч, байлдагчийн;

19.4-т даргалах албан тушаалын ахлагч нь ахлагч, сонсогч, түрүүч, байлдагчийн захирагч байна гэж заажээ.

Шүүгдэгч  нь 2016 онд Үндэсний Батлан хамгаалах Их сургуулийг Ар талын алба мэргэжлээр суралцаж мэргэшил эзэмшсэн, цэргийн ахлах дэслэгч цолтой, Холбооны Зангилгааны дарга ажил албан тушаалыг эрхэлж байсан (хавтаст хэргийн 121, 132 дахь талд албан тушаалын тодорхойлолт), шүүгдэгч *** хувьд бүрэн дунд боловсролтой, цэргийн ахлагч цолтойгоор артиллерийн дивизион, салааны ахлагч-тасгийн захирагч албан тушаалыг эрхэлж байсан (хавтаст хэргийн 135, 138 дахь талд салааны ахлагч, тасгийн захирагч тодорхойлолт) цэргийн жинхэнэ алба хаагч нар байна.

Мөн хохирогч дэд түрүүч ., дэд түрүүч ., байлдагч .***, ахлах байлдагч . нар нь 2021 оны 10 дугаар сард  ангид хугацаат цэргийн алба хааж байсан, цэргийн жинхэнэ албан хаагч байжээ.

Дээрхээс дүгнэхэд Цэргийн дүрэмд зааснаар шүүгдэгч ахлах дэслэгч , ахлагч  нар нь дарга, захирагч, хохирогч дэд түрүүч Б., дэд түрүүч А., байлдагч Э.***, ахлах байлдагч Д. нар нь захирагдагч байна.

Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх буюу “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэнгэмт хэргийн хууль зүйн ойлголт нь хууль, цэргийн албаны дүрмээр тогтоосон захирах, захирагдах журам, цэргийн албаны ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан үйлдлийг” ойлгоно.

Тодруулбал “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэнгэдэг нь захирагч нь захирагдагчтай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, захирагдагчийн бие махбодид халдаж, хүч хэрэглэсэн байхыг ойлгоно. Мөн Захирагч захирагдагчийн бие махбодид халдах үйлдэл нь цохих, алгадах, түлхэх, хоолойг боох, гар, хөлийг барих, хувцсыг урах зэрэг хэлбэрээр илэрч болно.

 

Дээрх тогтоогдсон хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар нэгтгэн хууль зүйн дүгнэлт хийхэд:

 ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Т.Батборын 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр баталсан томилгооны дагуу шүүгдэгч ахлах дэслэгч цолтой  нь ангийн жижүүрийн үүргийг гүйцэтгэж байхдаа, мөн шүүгдэгч ахлагч цолтой  нь тийрэлтэд артиллерийн дивизионы жижүүрийн ажил үүргийг томилгоогүй гүйцэтгэж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хугацаат цэргийн алба хааж байсан дэд түрүүч Б., дэд түрүүч А., байлдагч Э.***, ахлах байлдагч Д. нартай дээр дурдсан цэргийн дүрмийг зөрчиж цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж зодсон, хүч хэрэглэсэн, тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.  

 

Мөн хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хохирогч , Д. нарын биед үзлэг хийсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын шинжээчийн дүгнэлтээр нэр бүхий хохирогч нарын биед гэмтэл тогтоогдсон, тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт гарсан хэдий боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмтэл учирсан байхыг шаардахгүй байхаар хуульчилжээ.

Шүүгдэгч  нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд тэдний үйлдэл  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч  нарын гэмт үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар буюу шүүгдэгч нарыг цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч нарыг Цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн тусгаагүй,  тодруулбал шүүгдэгч нарыг ямар ажил, албан тушаалын хувьд цэргийн албан хаагчийг зодсон гэж буруутгасан үндэслэл тодорхойгүй, мөн ямар албан тушаалтны шийдвэрээр төрийн тусгай ажил, албан тушаалд томилогдсон, цэргийн цол олгосон, хэрэг болсон өдөр ямар үүрэгт ажилд томилогдон үүрэг гүйцэтгэж байсан гэх зэргийг яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт тодорхойгүй байдлаар ирүүлжээ.

Түүнчлэн шүүгдэгч нарыг Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж зодсон гэсэн шинжээр ирүүлсэн боловч тухайн гэмт хэргийн шинжид хүч хэрэглэсэн гэсэн шинжийг зохицуулсан байхад уг шинжийг бичилгүй орхигдуулсан. Учир нь  хохирогч нарыг зодсон үйл баримт нь хүч хэрэглэсэн шинжид хамаарч байхад дүгнэлт хийлгүй ирүүлснийг шүүх зөвтгөн шийдвэрлэсэн бөгөөд энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

-505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ. 

Хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурор, шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд хохирол, хор уршигтай холбоотой баримт ирүүлээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтэй гомдол саналгүй  нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

          1/Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл:

Шүүгдэгч нарыг “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсон.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Согтуурсан ...үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. тус тус хуульчилсан.

          2/Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч  нарын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхтөр: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн байдлыг харгалзаж тэнсэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

3/Хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн тэдний хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй тухай лавлагаа авагдсан, төрийн тусгай ажил албан тушаал эрхэлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Иймд шүүгдэгч  нарыг дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал, төрийн тусгай ажил албан тушаал хашиж байсан зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж хорих ялын доод хэмжээгээр оногдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь: Цэргийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд “Цэргийн албан хаагчийн эрхийн хязгаарлалт”-ыг зохицуулсан ба уг зүйлийн 8.1 дэх хэсгийн  8.1.9 дэх заалтад “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх”ийг хязгаарласан байхад шүүгдэгч нар төрийн тусгай ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэж согтуурсан үедээ ажил үүрэг гүйцэтгэж улмаар  хугацаат цэргийн алба хааж байсан алба хаагч нартай цэргийн дүрмийн бус харьцаж, улмаар 4 алба хаагчийг зодсон, гэмтэл, хор уршиг учруулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэсэн болно.     

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ,  нарыг “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ,  нарыг тус бүрийг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч  нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх хорих ялыг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хуулийн хүчин *** болтол шүүгдэгч  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ДОРЖСҮРЭН