Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2019/00020/И |
Дугаар | 93 |
Огноо | 2019-02-20 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 93
2019 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 153/ШШ2019/00093 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Сүмбэр далай ХХК-ийн гудамжид оршин суух оршин суух, ..... дугаарын регистртэй, З овогтой Лын Дын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 153/2018/00020/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1962 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн бөгөөд сургууль соёлд сураагүй. Эцэг эхийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын нэгдэлд мал маллаж байсан. Би 1975 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 15 нас хүрч Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар 1991 он хүртэл ажилласан. Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл 1991 онд тараад Таван-Эрдэнэ ХХК болсон бөгөөд Таван-Эрдэнэ ХХК тарах хүртэл малчнаар ажилласан. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 70 дугаар данс тус архивт хагас дутуу шилжиж ирсэн тул надад холбогдох баримт олдохгүй хохирч байна. Би бичиг үсэг муухан мэддэг учраас өөрт холбоотой баримтуудаа хадгалж чадаагүй юм. Иймд намайг 1976 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1991 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Таван-Эрдэнэ ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэвээн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодруулсан хүсэлтдээ: Л.Дыг 1977 оноос 1991 он хүртэл Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1991 оноос 1993 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Таван-Эрдэнэ компанид малчнаар тус тус ажиллаж байсан байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Л.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1977 оноос 1991 он хүртэл Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1991 оноос 1993 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Таван-Эрдэнэ компанид малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Л.Д нь 1977 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1991 оноос 1993 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Таван-Эрдэнэ компанид малчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдринй 2219 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Агваш, Үйлдвэр бригадын 1977-1982, 1985, 1988-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,
- Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 ны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 тоот архивын лавлагаа,
- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1608000494 дугаартай баталгаажилтын хуудас, нийгмийн даатгалын А1058764 тоот дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 1981 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
Гэрч Б.Зуноровын ... “Л.Д нь 1961 онд төрсөн. Сургууль, цэрэгт яваагүй хүн, 1974 оноос 1984 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад аав ээжийн хамт мал маллаж байсан. 1984 оноос Г.Дэвээтэй айл өрх болж 1991 он дуустал хоньчин, ямаачин, туслах малчнаар ажилласан... гэх гэрчийн мэдүүлэг
Гэрч Ч.Дуламсүрэнгийн “.... Л.Д нь 1961 онд төрсөн. 1975 оноос 1984 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Агваш бригадад аав ээжийн хамт мал маллаж байсан. 1984 оноос 1991 он дуустал малчин байсан ...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Л.Дыг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Зуутраг овогт Лхагвын Дыг 1977 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1991 оноос 1993 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Таван-Эрдэнэ компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Л.Дын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ