Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/734

 

 

 

 

 

 

 

   2022           11           02                                       2022/ШЦТ/734

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210017770953 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, *** оны ***  дүгээр сарын ***-ний өдөр *** улсад төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй,***” караокед зөөгч ажилтай, ам бүл-5, ээж дүү нарын хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 535 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 568 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын сарын 22-ны өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сар хорих ял,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлж байсан, *** РД: (УМ***),

 

2.Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэшсэн мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “Нутгийн буян” хотхоны 14 дүгээр байрны 3 дугаар давхарт хохирогч ***тай маргаан үүсгэж, улмаар биед нь халдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Яллагдагч *** нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “Нутгийн буян” хотхоны 14 дүгээр байрны 3 дугаар давхарт хохирогч ***тай маргаан үүсгэж, улмаар биед нь халдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хоёр нүдний доод зовхи, баруун дээд зовхи, дух хамар, зүүн хацарт цус хуралт духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ. 

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээний үндсэн дээр болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нараас: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн болно. 

 

Хоёр.Эрүүгийн 2210017770953 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 13 дахь тал),

2. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ...Би 2022 оны 07 дугаар сарын 18-ны орой 21 цагт эхнэр *** хамт 2, 2 лааз пиво байрныхаа гадаа уугаад буцаж гэрлүүгээ орохоор явж байхад эхнэр “Чи жаахан ууж идсэнээ шингээлдээ” гэж хэлэхээр нь “чамд ямар хамаатай юм” гэж хэлчхээд орц руу орсон. Орц руу ороод лифтгүй учраас алхаад 3 давхарт явж байхад араас нэг залуу гүйж орж ирээд та чинь эмэгтэй хүнтэй ямар муухай харилцдаг юм бэ гэхээр нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь гараараа уруул хэсэг рүү удаа дараа цохисон. Тухайн залуу манай байранд амьдардаг болж бүтэхгүй зүйл хийдэг, архи дарс байнга хэрэглээд яваад байдаг залуу байсан бөгөөд найзуудаа гэж залуучуудыг дуудаад над руу дайрч эхэлсэн. Би Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гэж хэлсэн чинь Цагдаагийн байгууллагад мэдэгдэж болохгүй шүү дээ гээд гуйж эхэлсэн. Тэгээд би Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Миний нүүрэн тус газар луу удаа дараа цохиж уруулыг сэтэлсэн. Миний уруулаас маш их цус гарсан одоо маш их өвдөж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

3. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр танил ах *** гэрт нь сууж байсан чинь *** ах тамхинд гараад ир гэхээр нь найз Цэрэндолгорын хамт гараад ТҮЦ орж тамхи аваад буцаад саарлын 4-р байрны орц руу орох гээд явж байтал нэг ах эгч хоёр муудалцаад нөгөө ах нь эхнэрийгээ муухайгаар хэлээд доромжлоод байсан. Тэгэхээр нь би эмэгтэй хүнийг яагаад ингэж хэлж байгаа юм бэ гэж хэлээд хажуугаар нь зөрөөд орцоор дээшээ гарч байтал нөгөө ах ардаас намайг учир зүггүй зодоод эхэлсэн. Тэгээд би зодуулж нэлээн тэвчиж байгаад болиоч ээ яагаад байгаа юм бэ гээд түлхсэн чинь эхнэр нь хүрч ирээд зодоод байсан. Тэгээд дээшээ гараад би шууд *** ахын гэр лүү орсон чинь араас нөгөө ах эгч хоёр хаалга тогшоод цагдаа дуудсан, нөхрийг яаж байгаа юм бэ гэхээр нь танай нөхрийг зүгээр л түлхсэн цагдаа ирэхээр учраа олъё гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх саатуулах байранд хийсэн. Тэр ах шатны бариул мөргөсөн гэж манай найз Цэрэндолгор хэлсэн, намайг түлхсэн чинь очоод шатны бариул мөргөчихсөн гэж хэлсэн. Би бол яаж гэмтсэнийг нь хараагүй, ямартай ч уруулаас нь цус гарчихсан. Миний биед учирсан гэмтлийг Батбаатар надад учруулсан, миний хамраас цус гарсан, тархи толгой хөдөлсөн, нүд хөхөрсөн, хамар хавдсан, хөл өвчтэй байсан алхахад хэцүү байсан.”....гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

4. Насанд хүрээгүй гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр найз *** хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-н автобусны ТҮЦ-ээс тамхи аваад буцаад ***гийн эхнэрийн ахынх нь байрны урд явж байсан чинь урд талд нэг ах эхнэр лүүгээ чанга орилоод хараагаад байсан чинь *** хараад эмэгтэй хүнд уур хилэнгээ гаргах муухай шүү гээд хэлсэн. Тэгээд орц луу орсон чинь урд нэг ах эгч хоёр зогсож байсан. Тэгснээ тэр ах нь *** луу чи юу гээд байгаа юм бэ гээд уурлаад *** толгой болон гэдэс энэ тэр лүү нь цохиод байсан чинь *** нөгөө ахыг болиоч ээ гээд цааш нь түлхсэн. Тэгж түлхэхэд нь нөгөө ах шатны бариулаас бариад унахдаа нүүрээ цохисон. Тэгээд нүүрээ дараад амаа бариад нүүрнээс нь цус гараад байсан. Тэгсэн чинь тэр ахын эхнэр нь шүд нь уначихлаа гээд орилоод байсан. Тэгээд цус нь гарсан хэрнээ *** луу дайраад байсан ба эхнэр нь бас дайраад *** үснээс нь зулгаагаад байсан. Тэгэхээр нь би боль энэ тэр гээд орилсон ба дээд давхраас *** эхнэр бас нөгөө ах эгч хоёрын хүүхэд нь гарч ирээд тэгээд л болиод цагдаа дуудахаар болоод зодоон дууссан”.... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

 

5. Гэрч Р.*** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажлаа тараад ажлын хүний төрсөн өдөр дээр очиж бага зэрэг пиво уучхаад 00 цагийн үед гэрийнхээ гадаа ирээд орц руу гаа ороод алхаад 5 давхарт явж байхад нөхөр бид хоёр жаахан ширүүн ярилцсан. Тэгсэн хажуугаар нэг залуу гарахдаа чи эмэгтэй хүнтэй ямар муухай харьцдаг юм гээд хэрүүл өдөөд нөхөртэй маргалдаад байсан. Тэгсэн тэр залуу шууд нөхрийг уруул хэсэгт цохиход уруул нь сэтэрч цус гарсан. Тэгээд манай нөхөр өөрийгөө хамгаалах гээд тухайн залууг холдуулж өөрийгөө хамгаалж цохисон байх. Тэгээд нэг эмэгтэй хамт явж байсан чинь өөр залуу дагуулж ирсэн. Ингээд маргаан салаад тэр залуу цагдаа битгий дууд эндээ зохицуулъя гээд гуйгаад байсан. Манай нөхөр цагдаад дуудлага өгсөн..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №10136 дугаартай хүний биед хийгдсэн:

- ***ын биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

- Уг гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй.

- Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

- Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №10116 дугаартай хүний биед хийгдсэн:

            - ***ын биед тархи доргилт, хоёр нүдний доод зовхи, баруун дээд зовхи, дух, хамар, зүүн хацарт цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

- Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

 

8. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: “..2022 оны 07 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 4 дүгээр байранд ахындаа пиво ууж байхад тамхинд гараад ир гэхээр нь *** хамт гараад ирье гээд бид хоёр гарч тамхи аваад буцаад орцоор дээш гараад алхаад явж байхад нэг эгч, ах хоёр маргалдаад, эрэгтэй нь харааж зүхээд байхаар нь эмэгтэй хүнийг ингэж хэлж болдог юм уу болиоч гэж хэлээд хажуугаар нь өнгөрөөд явсан чинь тэр эрэгтэй араас татаад толгой, нүүр, хэвлий хэсэгт гараараа цохиж эхэлсэн. Тэгээд тэсэхээ байгаад болиоч гээд тэр эрэгтэйг түлхээд дээшээ гарсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн тэгсэн надтай маргалдсан залуугийн уруул нь сэтэрч, цус гарсан байсан. Намайг цагдаагийн хэлтэс дээр авчирч эрүүлжүүлэхэд хийсэн. Би тэр залууг цохиогүй биеийг нь өөрөөсөө холдуулах гээд түлхсэн чинь цаашаа унах шиг болсон, би тэгээд дээшээ гараад явсан. Тухайн залуу намайг түлхэхэд шатны бариул юм уу, шат мөргөсөн байх. Надад эмчилгээний зардал баримт байхгүй, нэхэмжилж байгаа зүйл байхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

9. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажлаа тараад төрсөн өдөр болж эхнэр бид хоёр жоохон ширүүн маргалдсан. Тэгсэн хажуугаар нэг залуу өнгөрч гарахдаа эмэгтэй хүнтэй ямар муухай харьцдаг юм гээд хэрүүл өдөөд маргаан үүсгэсэн. Тэгээд би чамд ямар хамаатай юм бэ гэсэн чинь шууд уруул хэсэгт гараараа цохих шиг болсон. Тэгсэн уруул сэтэрч цус гарахаар нь тухайн залуугаас өөрийгөө хамгаалах зорилгоор зууралдаж холдуулсан. Тэр залууг цохисноо санахгүй байна, өөрийгөө хамгаалах гэж зууралдаж холдуулснаа санаж байна. Тухайн үед шоконд орчихсон цус гараад байсан. Тэгсэн эхнэр цагдаад дуудлага өгсөн, тэр залуу цагдаад битгий дуудлага өгөөч гээд гуйгаад байсан. Тэгээд цагдаа ирээд тухайн залуу бид хоёрыг хэлтэс дээр авчирч мэдүүлэг авч шинжээч томилсон тогтоол өгөхөөр нь гэмтлийн эмнэлэгт үзүүлж, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Надад эмчилгээний баримт байхгүй байна. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал),

 

10. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Шүүгдэгч ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 75-90, 97-105 дахь тал), Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4/18559 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 94 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 106 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 107 дахь тал),

Шүүгдэгч ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 116 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 117 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 118 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 119 дэх тал), хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 120 дахь тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 121 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч ***ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч ***ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирол, хор уршиг гэм бурууд маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “Нутгийн буян” хотхоны 14 дүгээр байрны 3 дугаар давхарт 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө 00 цагийн орчим согтуурсан үедээ хохирогч ***ыг эмэгтэй хүнтэй зүй бус харьцлаа гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж,  бие, эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, эрүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “Нутгийн буян” хотхоны 14 дүгээр байрны 3 дугаар давхарт 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө 00 цагийн орчим согтуурсан үедээ хохирогч ***ыг миний эхнэртэйгээ яаж харьцах нь чамд ямар хамаатай юм гэж маргаан үүсгэж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж,  бие, эрүүл мэндэд нь тархи доргилт, хоёр нүдний доод зовхи, баруун дээд зовхи, дух хамар, зүүн хацарт цус хуралт духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 13 дахь тал),

- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

- Насанд хүрээгүй гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

 

- Гэрч Р.*** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №10136 дугаартай хүний биед хийгдсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №10116 дугаартай хүний биед хийгдсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

 

- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж  заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн тухайд үндсэн шинжийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үндсэн шинжээр тодорхойлжээ.

 

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч *** нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон бөгөөд энэ нь шүүгдэгч нарын үйлдэл, эс үйлдэхтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

            Мөн шүүгдэгч *** нар харилцан бие биедээ халдаж хөнгөн гэмтэл учруулж буй өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

            Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч *** нарын харилцан бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Хохирогч *** эхнэр ***тай маргаан үүсгэх үед шүүгдэгч ***ын эмэгтэй хүнтэй муухай харьцлаа гэж хэлсэн хууль ёсны шаардлагыг хүлээн аваагүй, нэг нэгнээ үл хүндэтгэн харьцаж улмаар хоорондоо маргалдаж тус тус бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Мөн хэн хэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан зэрэг нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болжээ.

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *** нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч нар нь сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд гаргасан.

Шүүгдэгч нар нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгч нарын өөрийгөө өмгөөлөх хуулиар олгогдсон эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Мөн Бусдын ...эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч *** хохирогч *** нарын бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба, хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад, прокурор шүүхийн шатанд хэрэг хянагдаж байх хугацаанд хэн аль нь хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул төлөх төлбөргүй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл:

1/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Мөн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

2/ Талуудын санал дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч ***ыг үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 568 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлэх,

-шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд улсын яллагчийн саналтай шүүгдэгч нар нь мэтгэлцээгүй.

 

3/Хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нарын хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч *** нь урьд өмнө 4 удаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ба сүүлд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн байх ба тус ялыг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр бүрэн эдэлж дуусгавар болсон талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4/18559 дугаартай албан бичигт (хавтаст хэргийн 94 дэх тал) хэрэгт авагдсан байх тул нэмж нэгтгэх ялгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн; гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас урьд өмнө 4 удаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдсэн, өөрийн үйлдэлд дүгнэлт хийж, ухамсарлаагүй зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

 

Шүүгдэгч ***ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан  хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг тодорхой орлоготой зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг хуульд заасан 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч ***ын 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 568 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлэх тухай санал гаргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

 

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 тээр сарын 08-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 568 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэний дараа Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын сарын 22-ны өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэгдэж уг ялыг эдэлж дууссаны дараа дахин 2022 онд ял шийтгэгдсэн байна.

Иймд 2020 оны 17 дугаартай шийтгэх тогтоолоор ***ын шийтгэгдсэн ялыг энэ тогтоолоор нэмж нэгтгэх, тусад нь эдлүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

1. Шүүгдэгч ***, *** нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *** 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял;  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч *** нарт оногдуулсан торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *** нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ДОРЖСҮРЭН