Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 97

 

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2019/00097

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт оршин суух оршин суух, .... дугаарын регистртэй, Баатархайрхан овогтой С-ын Сгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 153/2018/00075/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.С нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний өмгөөлөгч Н.Очирбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.С нь 1964 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. 1980 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн. 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 8 жилийн дунд сургуулиа төгсөөд ивлэлийн илгээлтээр хөдөө мал дээр гарч эцэг эхийн хамт 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар ажиллаж байсан. 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар ажиллаж байсан. 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал нөхөн бичилт хийлгэсэн.

Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч нэгдэлд анх ажилд орсон, гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна.

Иймд С.Сг 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч С.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.С нь 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдринй 2011 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн бригадын 1980-1982, 1985-1987, 1992 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,

- Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 152 тоот тодорхойлолт,

- Хүсэлт гаргагчийн 1981 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр

- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 05/6441 тоот цэрэгт татагдаж, халагдсан гэх архивын лавлагаа,

- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан 1607000124 дугаартай баталгаажилтын хуудсын хуулбар,

Гэрч Т.Дамирангийн “.... С.С нь 1980 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 дугаар анги төгсөж, 1980 онд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1982 оноос 1985 онд цэргийн алба хаасан, 1985 оноос Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад нэгдэл тартал ямаачнаар ажилласан ...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Сг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Баатархайрхан овогт Сүрэнжавын Сг 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар С.Самбуугийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ