Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1368

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Т.Төмөртулга, шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1307 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***овгийн Ц.Г, 1995 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, ээжийн хамт *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.   

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 44 дүгээр гудамжинд үл ялих шалтгааны улмаас иргэн Т.Б-тэй маргалдаж улмаар түүний нуруун тус газар нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь ууцны зүүн хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн  хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч ***овгийн Ц.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 44 дүгээр гудамжинд үл ялих шалтгааны улмаас иргэн Т.Б-тэй маргалдаж улмаар түүний нуруун тус газар нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь ууцны зүүн хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн  хохирол санаатай учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 1-2 дахь тал),

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт ( хавтаст хэргийн 3-6 дахь тал),

-Хохирогч Т.Б-ийн “...2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоонд найзындаа байж байсан. Манай найзын төрсөн дүүгийнх нь хуурай эгчийнх нь төрсөн өдөр гээд манай найзын дүү охин н.О дуудсан. Тэгээд би н.О, н.Б бид гурав хамт төрсөн өдөрт явсан. Тэгээд би найзтайгаа, түүний дүүтэй хамт хуурай эгчийнх нь гэрт очсон. Бид гурвыг н.О-ийн хуурай эгчийн гэрт очиход үл таних хоёр залуу байсан. мөн нэг залуу нь эхнэртэйгээ, нөгөө залуу нь дүүтэйгээ хамт дөрвүүлээ дарс ууж байсан. Тэгээд би найзынхаа дүүг хуурай эгчтэй нь хамт дэлгүүр лүү 2 ширхэг хоёр литрийн савтай Нийслэл пиво, тэгээд ойр зуурын юм авхуулахаар явуулсан. Тэгээд бид нар бүгдээрээ дэлгүүрээс авсан хоёр ширхэг том пивоо уугаад юм ярьж суусан. Дараа нь тэр айлаасаа гараад тэр хавьд ойрхон караоке орж 2 цаг юм ярьж сууж байгаад би нэг залуутай нь гарч тамхи татсан. Тэгээд байж байтал мяраалаг залуу ардаас гарч ирсэн. Тэр залуу гарч ирээд над руу үг хаяад байсан. Ер нь чиний хэрэг байхгүй байна. Бид нар найзуудтайгаа сууж байна. Чиний хэрэг байхгүй, чи одоо явсан нь дээр гэж надад хэлсэн. Тэгээд би хариуд нь түүнд хандаж дүү, найз хоёртойгоо явж байгаа гэж хэлсэн. Буцаж ороод авсан архи пивоо ууж байгаад дахин гадаа гарч тамхи татсан. Тэгээд гадаа байж байтал нөгөө мяраалаг залуу надад үг хэлээд томроод байсан. Тэгэхээр нь би буцаж караоке ороод найзыгаа дуудтал бүгд караокеноос гарч ирсэн. Би найздаа энэ залуу томроод болохгүй байна гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу найзыгаа өмөөрөх шинжтэй байгаад байсан. Тэгээд бид хэд буцаад нөгөө айл руугаа явсан. Манай найзын дүү тэнд будгийн хэрэгслээ үлдээсэн болохоор тэр айл руу явсан. Тэгээд би тэр залуутай муудалцаж, ам зөрсөөр байгаад тэр айлын үүдэнд ирсэн. Тэгээд би н.О-д хандаж “ахын дүү ороод цүнхээ аваад гараад ир” гэж хэлсэн. Манай дүү н.О айлд ороод будагтай цүнхээ аваад гараад ирсэн. Тэгээд надад үг хаяад байсан мяраалаг залуугийн найз нь “хөгшөөн манай найз хутгатай явж байгаа шүү” гэж хэлсэн. Тэр үед нь юм бодолгүй найз болон дүү н.О-г дагуулаад нөгөө айлын хашаанаас гараад явж байсан. Намайг цаашаа хараад явж байх үед миний нурууны зүүн талын ууцны хэсэгт нэг юмаар хүн хатгачих шиг болсон. Тухайн үед би эргэж харахад надтай маргалдаад байсан мяраалаг залуу хутгаар намайг хутгалсан байсан. Тэр залуу хутга бариад зогсож байсан. Тэгтэл манай найз н.Б болон тухайн үед байсан н.Г гэх залуу миний нуруунд цамц тавьж цус тогтоогоод таксинд суугаад эмнэлэг орсон...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 17-21 дэх тал),

-Гэрч С.Г-ийн “...Би н.О ахын гэрт очоод юм ярьж сууж байхад гаднаас үл таних 2 залуу болон 1 эмэгтэй орж ирсэн. Н.О ахынд бид нар байж байгаад гадагшаа гарч 21 дүгээр хороололд байдаг О-д нэртэй караоке орж тэндээ пиво ууцгаасан. Бид нар караокеноос гараад н.О ахын гэр лүү очсон. Тэнд н.Б болон Ц.Г гэх залуучууд хоорондоо маргалдаад байсан. н.Б гэх залуу н.О ахын хашааны хаалгаар гарах үед Ц.Г гэх залуу н.Б-ийн ардаас хутга барьж гарч ирээд хутгалах гээд байхаар нь би болиулсан чинь зөрж гараад н.Б-ийн нурууны хэсэгт Ц.Г нэг удаа хутгалсан. Тэр үед нь би н.Б-ийг гудамжинд хэвтүүлээд подволкоор цусыг нь дараад такси бариад Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж яаралтай тусламж авсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 24-25 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10073 дугаартай “...Т.Б-ийн биед ууцны зүүн хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 31-32 дахь тал),     

-Шүүгдэгч Ц.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. үйлдсэн хэрэг дээрээ маргаж байгаа зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 61-62 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Архи ууснаас болж хүн гэмтээсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөн хэргийн бодит байдлыг тогтоож, эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байв.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Г нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10073 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Г-ы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Т.Б-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Ц.Г нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй, харилцааны улмаас болж маргалдан улмаар хохирогч Т.Б-ийн эрүүл мэндэд нь “ууцны зүүн хэсэгт шарх гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Г-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Т.Б нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Ц.Г-д энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдаж, хохирогч Т.Б эмчилгээний талаарх хууль ёсны баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Ц.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ...” гэв.

Шүүгдэгч: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ц.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 42-52 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүхээс шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах гурван сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад байлгаж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоолоо.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт нь 14.5 см, бариулын хэсгийн урт нь 12 см, шар эрээн бариултай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй. 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.***овгийн Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ыг 3 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад байлгаж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай. 

4.Зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн, эсхүл биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Г-д сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт нь 14.5 см, бариулын хэсгийн урт нь 12 см, шар эрээн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА