Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/926

 

 

 

 

 

 

 

 

    2022          12           09                                     2022/ШЦТ/926

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Хулан,

улсын яллагч Т.Баянмөнх,   

шүүгдэгч Э.Ою нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******** овогт ********-ийн Ою-т холбогдох эрүүгийн 2205013552024 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, 4 хүүхдийн хамт ******* аймгийн ***** сумын *-р багийн ******** тоотод оршин суух, 

- урьд Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 511 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ******** овогт ********-ийн Ою, /РД: ********/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ою нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн үед Баянгол дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна “тээврийн хэрэгслийн зам чөлөөлөөгүй” гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэх явцдаа хохирогч Ш.А-ийн эрх чөлөөнд халдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ою  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч Ш.А-ийн:

“... би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 10 цагийн орчим ******дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол эрүүл мэндийн төв буюу ажлынхаа гадаа машинуудыг зохицуулаад байж байтал манай эмнэлгийн түргэн тусламжийн машин хаалгаар орох гээд дуут дохиогоо дугаргаад хашааны гадна зогсож байхаар нь урд талд нь байсан машинуудыг холдуулаад зам чөлөөлж байтал, үл таних эрэгтэй, эмэгтэй хүн манай эмнэлгийн хүчил төрөгчтэй машины жолооч Хүрлээ гэж залуутай маргалдаад байхаар нь очоод болиулах гэтэл тухайн хоёр үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн над руу дайраад уурлаад эхэлсэн бөгөөд улмаар тэр эрэгтэй нь миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон ба тэр эрэгтэй эмнэлгийн орчим байсан нэг ногоон өнгийн шулуун төмөр барьж ирээд намайг цохих гээд байхаар нь хамт явж байсан эгч эмэгтэй нь төмрийг аваад болиулж байгаа юм байна гэтэл тэр эгч эмэгтэй нь миний зүүн гарын тохой, бугуй хэсэг рүү 2-3 удаа цохиод авсан ба тэгээд тэр хүмүүстэй маргалдаж байгаад больсон. Тэр үйл явдлыг Хүрлээ харсан. Тэр хүмүүс хүрлээтэй зогсоолын асуудлаас болоод маргалдсан юм шиг байна лээ би уг нь анх салгаж болиулах гэж очсон боловч тэр хүмүүс над руу дайрч намайг зодсон. ... намайг үл таних 30 гаран насны 170 см орчим өндөртэй эрэгтэй, бор царайтай, саарал өнгийн гадуур хувцастай туранхай хүн байсан, харин нөгөө эмэгтэй 40 гаран насны махлаг бор, 160 см орчим өндөртэй эмэгтэй хүн байсан. ... тэр эрэгтэй нь гараараа миний нүүрэн тус газар 2-3 удаа цохиж зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг учруулсан ба зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг тэр үл таних махлаг эмэгтэй хүн ногоон өнгийн урт шулуун төмрөөр 2-3 удаа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 20-21 дахь тал/,

Гэрч Н.Хү-ийн:

“... би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гадаа түргэний машин дохиогоо ажиллуулаад ирсэн. Тухайн үед миний машины хажууд нэг приус маркийн машин зам хааж зогсож байсан. Тэр машиныг би түргэний машин ирэхээр нь холдуулж түргэний машины жолоочид хандаж та одоо миний машины хажуугаар гарчих зай байна багтаж гарч болно гэж хэлэхэд жолооч миний машиныг холдуул гэж хэлээд байсан. Би эсвэл таны машиныг гаргаж өгөх үү гэж асуухад миний хэлсэн үгийг тоохгүй байж байтал түргэний машины араас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бууж ирж учир зүггүй дайрч намайг цохиж нүдэж эхэлсэн. Тэгтэл хамгаалагч тэр зогсоолыг хариуцан ажилдаг Адъяахүү ирж тэр хоёроос намайг салгах гэхэд эгч нь болох эмэгтэй Адъяахүүг цохиод авсан. Адъяахүү тэр эмэгтэйг түлхэж холдуулахад эрэгтэй нь Адъяахүүг заамдаж авч дайрсан. Адъяахүү тэр залууг боль гэж хэлээд холдуулах гэхэд урдаас нь нөгөө залуу эгчтэйгээ нийлээд дайрч байснаа эгч нь гэх эмэгтэй ногоон өнгийн хашлага төмөр авч А-ийн гар руу цохиж гарыг нь гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

Гэрч С.Ну-ийн:

“... миний бие тухайн өдөр Адъяахүүгээс харуулын үүргээ хүлээж авсан байсан. Тухайн үед би Эрүүл мэндийн төвийн доод талын хаалганы үүдэн дээр зогсож байсан ба харин Адъяахүү нь Эрүүл мэндийн төвийн дээд талын хаалганы үүдэн дээр зогсож байсан юм. Тэр хоёр хаалганы хоорондох зай нь бараг 500 метр болно. Тухайн өдөр өглөө 10-11 цагийн түргэний машин ирсэн байсан зам түгжрээтэй байсан болохоор би гарах хаалгыг чөлөөлж байх үед хүмүүс зодоон гарч байна гэж шуугилдаж эхэлсэн юм. Тэгээд би гайхаад юу болсныг мэдэх зорилгоор А-ийн үүрэг гүйцэтгэж байсан газар луу очиход Адъяахүү нь баруун талын гараа барьсан түргэн тусламжийн тасгийн хаалганы үүдэнд сууж байсан ба нэг эмэгтэй төмөр барьсан явж байхаар нь би уг эмэгтэйн барьж байсан төмрийг нь булааж цагдаа нар ирэх үед тэд нарт хүлээлгэж өгсөн болно. Төмөр барьж байсан эмэгтэйн өндөр нь миний бодлоор 1 метр 50 см, бор царайтай махлагдуу халзан толгойтой, саарал өнгийн цамц, цэнхэр өнгийн өмд өмссөн байсан. Харин хажууд нь явж байсан дүү нь гэдэг залуу 1 метр 70 см өндөртэй хар царайтай бор өнгийн ноосон цамц, хар өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн пүүз өмссөн байсан. Ямар ч гэсэн тухайн үед баруун гараа бариад суугаад байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

Гэрч Х.Жа-ийн:

“... тэр үед бол би хамт байгаагүй харин тухайн өдрийн маргааш нь буюу 04 сарын 02-ны өдөр нь эмнэлэг дээр Адъяахүүтэй таарсан чинь нэг талын гараа сойгоод боосон байсан бөгөөд Адъяахүү “өчигдөр эмнэлгийн гадаа зогсоолын асуудлаас болоод хүмүүстэй маргалдсан чинь нэг эмэгтэй гар луу төмрөөр цохиод гэмтээчихсэн гэж хэлсэн” тэр эмэгтэй нь хэл ам хийгээд байгаа гэж яриад байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 90 дахь тал/,

Гэрч Г.Ою-ын:

“...тэр үед Ою эгч уурлаад газраас нөгөө ногоон төмрийг аваад нөгөө улаан куртиктэй залууг өөрөө цохь цохь гээд гараад өгөөд байсан бөгөөд Ою эгч тэр улаан куртиктэй залуугийн гар хэсэг рүү цохиод авсан бөгөөд хэдэн удаа цохисон гэдгийг хараагүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 145 дахь тал/,

Гэрч Р.Да-ийн:

“...явах гэж байтал улаан өнгийн эмнэлгийн хувцастай намхан залуу гараа барьж хүрч ирээд Ба- эмчид үзүүлээд байсан бөгөөд Ба- эмч наад гараа үзүүл, хугарсан эсвэл гэмтсэн байна шүү гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 147 дахь тал/,

Гэрч Ба-ийн:

“...өвчтөнөө хүлээлгэж оруулж өгөөд гарч иртэл улаан өнгийн эмнэлгийн куртиктэй залуу над дээр хүрч ирээд гараа үзүүлсэн бөгөөд ил хугарал гаранд нь байхгүй байсан тул сойлт хийж өгөөд дараагийн дуудлагадаа явсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 149-150 дахь тал/,

Хүний биед үзлэг хийсэн тухай “... Ш.А-ийн биед харагдах байдлаар зүүн талын шанаа бага зэрэг хавдсан, зүүн гарын тохой хэсэг хавдаж боосон байдалтай байх бөгөөд биед толгой болон зүүн гар янгинаж өвдөх зовиуртай байна гэж хариулж байв...” гэсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,

Шинжээч эмч Ц.Бадралын:

“... Зүүн нүдний зовхи, хацрын цус өлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүснэ” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 42 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дугаар сарын 04-ний өдрийн 5231 дугаартай:

“...Ш.А-ийн биед зүүн нүдний зовхи, хацар, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр гаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 36-37 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Э.Ою нь хохирогч Ш.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Э.Ою  нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Оюийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Ою  нь:

2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн үед Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна “тээврийн хэрэгслийн зам чөлөөлөөгүй” гэх шалтгаанаар хэрүүл, маргаан үүсгэх явцдаа хохирогч Ш.А-ийн эрх чөлөөнд халдан, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ш.А, гэрч Н.Хү, С.Ну, А.Жа-, Г.Ою-, Р.ДДа-, Б.Ба- нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  Э.Ою нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Ою-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч Ш.Адъяахүү нь шүүгдэгч Э.Ою-ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Э.Ою-тэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Э.Ою нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын 2 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Ою нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 282 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Э.Ою-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Э.Ою-ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205013552024 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг ногоон өнгийн төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Ою нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт ********-ийн Ою-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ою-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ою-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ою нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг ногоон өнгийн төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Ою нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Ою-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ою-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ