| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2018/03938/И |
| Дугаар | 184/ШШ2019/00696 |
| Огноо | 2019-03-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2019/00696
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК -д холбогдох
тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, гэрч Ш.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.О миний бие М ХХК-д 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сүүний технологийн инженер-ээр ажиллаж эхэлсэн бөгөөд миний нэг сарын цалин 650,000 төгрөгөөр тогтоогдсон. 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр уг албан тушаалд Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-д заагдсанаар гэрээний нэг хувийг ажилтан надад өгөөгүй болно. Ж.О миний бие өөрийн томилогдсон албан тушаалд хичээнгүй ажиллаж байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр намайг Цехийн мастер болгоно гэж үйлдвэрийн дарга Х хэлсэн. Цехийн мастер гэсэн албан тушаалд очвол цалин 100,000 төгрөгөөр буурах төдийгүй Хөдөлмөрийн тухай хуулийн тогтоомж зөрчих болохыг Үйлдвэрийн дарга Х-д миний бие хэлсэн. Гэтэл удирдах албан тушаалтны үг сөрлөө гэж 2018 оны 10 дугаар сарын 25-ны өглөөнөөс миний ажил үүргийг гүйцэтгүүлээгүй. Хэрэв манай байгууллага Хөдөлмөрийн хууль тогтоомжийг ягштал баримталдаг бол тус хуулийн 40.5-д заагдсанаар 1 сарын өмнө надад мэдэгдэл хүргүүлэх, өөр албан тушаалд томилох бол өмнөх ажилд авсан тушаалыг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээг цуцалж, дахин шинээр тушаал гаргаж, Цехийн мастер гэсэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээг дахин байгуулах байсан. М ХХК ажил үүргийг маань гүйцэтгүүлэхгүй байсаар 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 298 тоот захирлын тушаал гаргаж, Цехийн мастер гэсэн албан тушаалаас чөлөөлж, ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсныг үл зөвшөөрч байна. Ж.О миний бие М ХХК-д Сүүний технологийн инженер-ээр ажилд ороод ажлаас халагдахдаа Цехийн мастер гэсэн албан тушаалтайгаар чөлөөлөгдөж байгаагаа огт ойлгохгүй байгаа болно. Мөн уг тушаалаа эх хувиар нь биш хуулбар хувь өгч байгаа нь иргэн хүний хөдөлмөрлөх эрх хэрхэн зөрчигдсөн болохыг нотолно. Иймд сахилгын шийтгэл ногдуулах тухай 298 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.О нь М ХХК-д Сүүний технологичоор 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажилд орсон. Ажилд томилогдсон үеэсээ эхлэн ажил үүргийн хуваарийн дагуу ажлаа хийж байсан ч 2018 оны 8 дугаар сараас эхлэн сүү бэлтгэн нийлүүлэгч айлуудаас харилцааны соёлгүй, хүмүүстэй муухай харьцдаг гэсэн гомдол ирсэн. Гомдлыг шалгасны эцэст Ж.О-д компанийн дотоод журамд заасны дагуу 2018 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн захирлын 190 дугаар тушаалаар цалингийн арга хэмжээ авч сануулсан. Арга хэмжээ авсан тушаалыг танилцуулах үед Ж.О нь тушаалыг хүлээж авалгүй удирдах албан тушаалтнуудтай муудалцаж ажлаа орхиж явсан. Маргааш өглөө нь ажилдаа ирж дахин ийм алдаа дутагдал гаргахгүй гэрээт хугацаандаа ажилламаар байна гэж амлалт өгч ажилдаа орсон. 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эрүүл мэндийн шалтгаанаар сүүнд явах боломжгүй гэсэн учраас үйлдвэрт ажиллуулахаар тохирч ажиллуулсан. Ж.О-д 2018 оны 9 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд шалтгаангүй ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх шалтгаанаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тушаал бууруулж аарц ааруулын цехийн мастер болгохоор шийдвэрлэснийг танилцуулсан. Шийдвэрийг сонсоод хүлээн зөвшөөрөхгүй, мастераар ажиллах боломжгүй гэдгээ хэлж ажлаа орхин гарч дахин ажилдаа ирээгүй. Иймд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 285 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарган ажлаас чөлөөлсөн. Иймд компанийн зүгээс гаргасан тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.О /цаашид нэхэмжлэгч, ажилтан гэх/ нь хариуцагч М ХХК /цаашид хариуцагч, ажил олгогч гэх/-д холбогдуулан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Уг маргаан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн байх бөгөөд тус хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.О нь М ХХК-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 285 дугаар тушаалд 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд гомдол гаргасан нь хуульд заасан хугацааны дотор байна.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг ажил олгогч 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллуулаагүй, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар сахилгын шийтгэл ногдуулан ажлаас халсан нь үндэслэлгүй, сахилгын зөрчил гаргаагүй гэжээ.
Хариуцагч татгалзлын үндэслэлийг ажилтан харилцааны доголдол гаргаж ажил цалгардуулж, удирдлагаас өгсөн үүрэг биелүүлээгүй тул М ХХК-ийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 190 дүгээр тушаалаар цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, ажлын байранд, ажлын цагаар бусдыг хэл амаар доромжилсон, 2018 оны 9 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд шалтгаангүй ажил тасалсан тул захирлын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулж, ажилд шилжүүлэн томилох тухай 285 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалыг буруулж цехийн мастерын ажилд шилжүүлэн томилсон, уг тушаалыг гарснаас хойш ажлаа орхин явсан тул 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 298 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэжээ.
М ХХК болон Ж.О нарын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ШС01/20 тоот Хөдөлмөрийн гэрээгээр Ж.О нь сүүний технологичийн ажлын байранд, сарын 650,000 төгрөгийн цалин авахаар харилцан тохиролцжээ. Мөн М ХХК-ийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай 93 дугаар тушаалаар Ж.О-г сүүний технологичоор авч ажиллуулах талаар тусгажээ. /хх-34-36, 76/
М ХХК-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулж, ажилд шилжүүлэн томилох тухай 285 дугаар тушаал /цаашид 285 дугаар тушаал гэх/-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т заасныг үндэслэн Компанийн дотоод журмын 10.1.6 дахь заалт, 10.1.9-д заасан ажлын байранд, ажлын цагаар бусдыг хэл амаар доромжилсон, ажлаас хожимдох зөрчил гаргасан тул Ж.О-д Сануулах сахилгын шийтгэл ногдуулж, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Цехийн мастер-аар шилжүүлэн томилсугай гэжээ. /хх-77/
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаа үүснэ. Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн нэг болох ажлын байрыг өөрчлөхдөө гэрээг анх байгуулсан хэлбэрээр буюу талууд харилцан тохиролцож бичгээр байгуулдаг. Бусад тохиолдолд буюу ажил олгогчийн шийдвэрээр ажил үүргийг өөрчлөн, өөр ажилд шилжүүлэх нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай ойлголтод хамаарна. Энэ үндэслэлээр хариуцагч байгууллагын 285 дугаар тушаалаар ажилтныг өөр ажилд шилжүүлснийг ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосонтой адилтган үзнэ. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр баримталсан хуулийн зохицуулалт нь шийдвэрт дурдсан үйл баримттай тохирч гэмээ нь хууль зүйн дагуу болно.
М ХХК-ийн захирлын 285 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасныг баримталсан нь сануулах сахилгын шийтгэл ногдуулсанд хамаарах зохицуулалт болохоос ажилтныг ажлаас чөлөөлөхөд хамаарахгүй байна. Мөн 285 дугаар тушаалд ажлын байранд, ажлын цагаар бусдыг хэл амаар доромжилсон, ажлаас хожимдох гэх боловч ажилтан ийнхүү зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Зүй нь ажилтан хэзээ, хаана, ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүй гарган хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөх ямар хэм хэмжээг зөрчиж, энэ нь хэрхэн тогтоогдсон тухай баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөх байжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
М ХХК-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 298 тоот тушаал /цаашид 298 дугаар тушаал гэх/-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн дотоод журмын 7.8-д заасныг тус тус үндэслэн цехийн мастер Ж.О нь компанийн дотоод журмын 10.1.1, 10.1.6-д заасан ажлын хариуцлага алдаж, шалтгаангүйгээр ажил тасалсан тул 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулсугай гэжээ. /хх-18/
Ж.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 285 дугаар тушаал үндэслэлгүй тул түүнийг цехийн мастерийн ажлаас чөлөөлсөн 298 дугаар тушаал мөн адил хууль зүйн үндэслэлгүй байх үр дагаврыг үүсгэнэ. Ажилтныг цехийн мастерийн ажил үүргийг гүйцэтгүүлэх хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байхад түүнд уг ажил үүргийг гүйцэтгэхийг шаардах, улмаар ажлаас чөлөөлөх боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлдэгч Ж.О-г М ХХК-д сүүний технологич албан тушаалд эргүүлэн тогтоох нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно. Нэхэмжлэгчийг сүүний технологичийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа 650,000 төгрөгийн цалин хөлс авдаг байсан тухай хариуцагч маргаагүй. Нэг сарын цалин хөлсийг ажлын 21.2 өдөрт хуваахад нэг өдрийн цалин хөлс нь 30,232 болох бөгөөд үүнийг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүх хуралдаан болсон өдрийг хүртэлх хугацаанд тооцон 2,841,860 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Ажилтныг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу ажил олгогч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олгогдож буй цалин хөлснөөс суутган нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийх үүргийг хүлээнэ.
Хариуцагч тал компанийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Сахилгын шийтгэл ноогдуулах тухай 190 дүгээр тушаалаар Ж.О-гийн нэг сарын цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж маргах боловч ажилтныг ажлаас чөлөөлсөн 285, 298 дугаар тушаалд сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэл заагаагүй тул 190 дүгээр тушаал нь ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тогтооход ач холбогдолгүй гэж үзсэн болохыг тэмдэглэв.
Нэхэмжлэгчийн тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох гэх шаардлага нь ажилд эргүүлэн тогтоолгох шаардлага бөгөөд тушаалыг хүчингүй болгуулах нь түүний үндэслэл хэмээн авч үзсэн болно. Ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэн ажилтныг ажилд эргүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх тушаалыг хүчингүй болгох шаардлага байхгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Ж.О-г сүүний технологичийн ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2,841,860 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Ж.О-д олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг М ХХК-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдан, хариуцагчаас 200,819 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН