Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0327

 

 

Б.О*******ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.О*******

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын дарга

Гуравдагч этгээд Н.И

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Д*******ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны мал тооллогын бүртгэл нь хууль бус тул хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 09 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.О*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*******

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 159/2023/0002/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.О*******аас Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Б.Д*******ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны мал тооллогын бүртгэл нь хууль бус тул хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр:

“Статистикийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 5 дугаар зүйлийн 5.3, 7 дугаар зүйлийн 7.1.в-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн Б.Д*******ын нэр дээрх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэл нь хууль бус байх тул хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүх 2017 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Захирагчийн албанд Нийгэм, эдийн засгийн асуудал хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан С.Г******* гэж хүний гэрчийн мэдүүлэг болох "...2017 онд Мандал суманд малын шүлхий өвчин гарсан байсан... шүлхий өвчин гарсантай холбоотойгоор биечлэн тооллого хийгээгүй, Манай сум 600 гаруй малчин өрхтэй, цаг хугацаатай жилдээ хаагдах болоод үлдэгдлийг харж байгаад, ойролцоо тоогоор тавьсан, Б.Д*******ын мал урьд оных 5, 6 байсан байх, нэг төл гэж тооцоод 7 болсныг нэмэх баланс дээр тавиад, улмаар 13 гэж механик алдаа гаргасан юм шиг байна, ..." гэсэн мэдүүлгийг шууд үнэн зөв гэж үнэлэн, мал тооллогыг биечлэн хийгээгүй тул мал тооллогын бүртгэлийг хүчингүй болгох ёстой гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

Гэрч С.Г*******ын мэдүүлэг үнэн зөв эсэх болон хэрэгт ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй бөгөөд үнэн зөв эсэхийг бусад нотлох баримтаар нотлох үүргээ анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй.Тодруулбал,

  1. Гэрч С.Г******* нь яг тодорхой хариулахгүй, тэгж санагдаж байна, олон жил өнгөрсөн сайн санахгүй байна, А дансыг харвал юм санаж магадгүй, тооллогын баримт ирээгүй гэж санагдаж байна гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн,
  2. Сумын Засаг даргын захирамжаар баталсан мал тооллого зохион байгуулах ажлын хэсэгт С.Г******* орсон эсэх тодорхойгүй нэр нь байхгүй,
  3. Мал тооллого зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдээс гэрчийн мэдүүлэг аваагүй,
  4. Сумын Засаг даргын захирамжид мал тооллогыг зохион байгуулахтай холбоотой шатахууны зардлыг төсөвлөсөн байсан тул төсвийн зарцуулалтын талаарх баримтыг нотлох баримтаар гаргуулаагүй мөртлөө шууд гэрчийн мэдүүлгийг эргэлзээгүй үнэн зөв гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл юм.

Түүнчлэн гэрч С.Г*******ын мэдүүлгээс Сэлэнгэ аймгийн Мандал сум 2017 онд мал тооллогыг бүхэлд нь буюу 600 гаруй малчин өрхийн мал тооллогыг биечлэн тоолохгүйгээр зохион байгуулсан байхад, яагаад ганцхан нас барсан Б.Д******* гэж хүний мал тооллогын бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, сумын мал тооллого бүхэлдээ буюу бүх малчин өрхийн мал тооллогыг биечлэн зохион байгуулаагүй нь үнэхээр үнэн бол нэг айлын мал тооллогыг хууль бус гэж үзээд бусад малчин өрхийн тооллогын бүртгэлийг хууль зөрчөөгүй гэж үзэх боломжгүй юм.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын мал тооллогын 2017 оны мэдээ дүн хүчин төгөлдөр бөгөөд Улсын мал тооллогын статистикийн мэдээлэлд багтаж, нийтэд мэдээлэгдэн зарлагдсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын 2017 оны мал тооллогын дүн, статистикийн мэдээлэл хүчин төгөлдөр байгаа тул тухайн статистикийн мэдээллийн нэг хэсэг болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын мал тооллогын дүн, түүний дотор иргэн Б.Д*******ын мал тооллогын дүн мэдээг хүчингүй болгох боломжгүй.

3.2.Нэхэмжлэгч Б.О******* нь “2017 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумынхаа Хэрх 4-р багтаа малаа тоолуулаагүй бөгөөд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багт жилийн эцсийн мал тооллогод хамрагдсан” гэж тайлбарладаг. Гэтэл Б.О*******ыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2017 оны жилийн эцсийн мал тооллогод хамрагдан, 30 үхэр, 13 ямаа тоолуулсан гэсэн баримт хэрэгт авагдсан. Харин хэрэгт нотлох баримтаар авагдсан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн Засаг даргын тодорхойлолтоор Б.О******* нь өөрийн 30 үхрийг тоолуулсан тухай дурдсан.

Эндээс нэхэмжлэгч Б.О******* нь 2017 оны жилийн эцсийн мал тооллогод Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт хамрагдсан уу, эсхүл Хушаат сумын Мөнхтолгой багт хамрагдсан уу гэдэг нь ойлгомжгүй, дээр нь зөвхөн өөрийнхөө 30 үхрийг Хушаат суманд тоолуулсан уу, харин малыг нь маллаж байсан ах Б.Д*******ын үхэр болон өөрийнхөө ямааг Мандал сумын Хэрх багтаа тоолуулсан уу гэдэг нь тодорхойгүй нь харагдана. Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсээс Б.О******* нь Мандал суманд малаа тоолуулсан уу, Хушаат суманд мал тоолуулсан уу гэдгийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах байсан ч шүүх нотлох баримт цуглуулах үүргээ гүйцэтгээгүй.

3.3.Шүүх нэхэмжлэгч тухайн асуудлаар буюу 2017 оны Б.Д*******ын мал тооллогын бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн асуудлыг үл харгалзан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Хэрэгт авагдсан баримтаас нэхэмжлэгч Б.О******* нь гуравдагч этгээд Б.Иийг өөрт нь холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхэд "газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх болон 13 толгой үхэр гаргуулах" иргэний нэхэмжлэл гаргаж, тухайн иргэний маргааныг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор 2022 оны 12 дугаар сард захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тодорхой харагдана.

Тодруулбал Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхэд 2020 оны 4 дүгээр сард Б.Иийн нэхэмжлэлтэй, Б.О******* нарт холбогдох "газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх болон 13 толгой үхэр гаргуулах" иргэний хэрэг анхан шатны журмаар шийдвэрлэгдсэн байдаг. Тэрхүү иргэний хэрэгт талийгаач Б.Д*******ын 13 толгой үхэр 2017 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт тоолуулсан тухай багийн Засаг даргын тодорхойлолт, тухайн тооллогын дүнг үндэслэн олгосон өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг нь нотлох баримтаар авагдсан байсан талаарх нотлох баримт захиргааны хэрэгт байгаа болно.

Өөрөөр хэлбэл Б.О******* нь Б.Д*******ыг 2017 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт 13 үхэр тоолуулсан тухай баримтыг 2020 оны 4 дүгээр сар гэхэд л мэдэж байсан бөгөөд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн.

Гэтэл эрхээ зөрчигдсөнийг 2020 оны 4 дүгээр сарын байдлаар мэдэж байсан нь тодорхой байхад 2022 оны 12 дугаар сард нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзээгүй нь хууль бус юм.

Хэргийн 12 дахь талд байх тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж, хугацаа тогтоох тухай” 244 дугаартай захирамжийн Тодорхойлох нь хэсэгт "...Иймд нэхэмжлэл гаргагч Б.О*******т нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулах, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй талаар тайлбар, баримтаа ирүүлэх, хариуцагчаа зөв тодорхойлох боломж олгон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах 14 хоногийн хугацаа тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ..." гэж дүгнэсэн байдаг.

Гэвч нэхэмжлэгч шүүгчийн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж, хугацаа тогтоох тухай захирамжид заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй талаар тайлбар баримтыг шүүхэд огт ирүүлээгүй байдаг. Эндээс нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснийг бэлхнээ харж дүгнэж болно.

3.4.Б.Д*******ын 13 толгой үхэр 2017 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт тоолуулсан тухай тооллогын бүртгэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Нэхэмжлэгч Б.О******* нь Б.Д*******ын 13 толгой үхэр 2017 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт тоолуулсан тухай тооллогын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан зорилго нь өөр хэрэгт буюу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд буй Б.Иийн нэхэмжлэлтэй. Б.О******* нарт холбогдох "газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх болон 13 толгой үхэр гаргуулах" иргэний хэрэгт авагдсан нэг нотлох баримтыг үгүйсгэх, хүчингүй болгуулахад оршиж байгаа болно.

Өөрөөр хэлбэл иргэний хэргийн шүүх Б.Д*******ын 13 толгой үхэр 2017 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт тоолуулсан тухай тооллогын бүртгэлийг үндэслэн Б.О******* надаас гаргуулахаар шийдвэр гаргаж болзошгүй гэж тооцоолон хүчингүй болгуулах нэхэмжлэлийг захиргааны шүүхэд гаргасан. Иргэний хэргийн шүүх зөвхөн тухайн нотлох баримтыг үндэслэн ирээдүйд Б.О*******аас 13 үхэр гаргуулах уу, үгүй юу гэдгийг хэн ч тогтоох боломжгүй бөгөөд шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрээ гаргадаг хуультай.

Тэрнээс аливаа иргэний маргаан үүссэнтэй холбоотойгоор цуглуулсан нотлох баримтыг үгүйсгэхийн тулд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч Б.О******* нь талийгаач ах Б.Д*******ын хууль ёсны өв залгамжлагчид талийгаачийн хөрөнгийг өгөхгүй гэж маргахдаа л төрсөн ахынхаа мал тооллогыг хууль бус байсан байна гэж гэнэт шүүхэд хандсан байдаг.

Талийгаач Б.Д******* 2018 оны 5 дугаар сард нас барсан байдаг бөгөөд нас барах үед хэдэн үхэртэй, тэр үхэр нь хаана, хэнд байгаа эсэхийг ганцхан 2017 оны мал тооллогын дүнг үндэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд өөр бусад нотолгооны хэрэгслээр тогтооно.

3.5.Шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж, хугацаа тогтоох тухай” 244 дугаартай захирамжийн Тодорхойлох нь хэсэгт "…Иймд нэхэмжлэл гаргагч Б.О*******т хариуцагчаа зөв тодорхойлох боломж олгон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах 14 хоногийн хугацаа тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ…" гэж зааснаас болон Статистикийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд "Багийн Засаг дарга мал тооллого, бүртгэл явуулах, албан ёсны мэдээллийг дээд шатны Засаг дарга гаргаж өгөх" зааснаас тус тус үзэхэд сумын Засаг даргын Тамгын газар мал тооллогыг зохион байгуулах, бүртгэл явуулах захиргааны байгууллага биш байна.

Тийм ч учраас хэрэгт мал тооллогын дүн, бүртгэлийн талаар багийн Засаг даргын тодорхойлолт байгаа бөгөөд сумын Засаг даргын Тамгын газраас мал тооллого, бүртгэлтэй холбоотой ямар ч эрх зүйн акт гаргаагүй байдаг. Маргаж буй захиргааны актыг сумын Засаг даргын Тамгын газар гаргаагүй тул хариуцагчийг буруу тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй байна.

3.6. Шүүгч шүүх хуралдааныг нээж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90.2-т заасны дагуу хамгийн эхлээд хэргийн оролцогч нэг бүртэй нэг бүрчлэн танилцаж, төлөөлөх бүрэн эрхийг шалгах үүрэгтэй.

Гэвч шүүгч хурлын өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон гээд итгэмжлэлээ шүүхэд ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О******* гэж өөрийгөө танилцуулсан хүнийг ямар ч биеийн байцаалт байхгүй байхад /иргэний үнэмлэх, и-монголиа лавлагаа зэрэг огт авч ирээгүй/ гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э******* надаас хариуцагчийн төлөөлөгч бичиг баримтгүй ирсэн юм байна, энэ дээр маргаан санал байгаа юу гэж асуусан ба миний бие шүүгчээ энэ хүн анх удаа шүүх дээр өнөөдөр ирж байна, би энэ хүнийг танихгүй Л.О******* гэж хүн мөн эсэхийг мэдэх боломжгүй гэж хариу хэлсэн.

Гэтэл шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгахгүйгээр шүүх хуралдааныг хийж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Л.О******* гэж хүн мөн эсэх, төлөөлөх бүрэн эрхтэй этгээд мөн эсэхийг холбогдох баримтаар шалган тогтоогүй мөртлөө Л.О******* гэж шүүх хуралдаанд оролцсон эмэгтэй хүний шүүх хуралдаан дээр гаргасан "...мал тооллогын бүртгэл хууль бус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна…" гэсэн тайлбарыг үнэлэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгосон.

Хариуцагчийг төлөөлөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хариуцагчаас итгэмжлэл, зөвшөөрөл олгогдсон этгээд гаргах, дээр нь итгэмжлэгдсэн төлөөлөгч хувийн ашиг сонирхлоор бус нийтийн ашиг сонирхлын үүднээс гаргах зэрэг олон хууль зүйн үр дагавар үүсгэдэг. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн эсэх нь тодорхойгүй хүн шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, хүлээн зөвшөөрч тайлбар гаргасныг шүүх хариуцагчийн тайлбар, байр суурь гэж үзсэн нь захиргааны процессын хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

3.7.Хариуцагч Мандал сумын Засаг даргын Тамгын газар нь 7 жилийн өмнө, өөрсдийн зохион байгуулсан мал тооллогын дүн бүртгэлийг хууль бус, хүчингүй болгох шаардлагын дэмжиж хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргаж байгаа нь төрийн албаны зарчимд үл нийцэх, талийгаач болсон хүний, улсын мал тооллогын дүнд нэгэнт орж зарлагдаж хүчин төгөлдөр болсон малын тооллогын бүртгэлийг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулах ноцтой үйлдэл юм.

Мандал сум 2017 онд мал тооллогыг шүлхий өвчний улмаас биечлэн зохион байгуулаагүй юм бол яагаад ганцхан хүний тооллогыг сугалан хууль бус болохыг хүлээн зөвшөөрч байгаа нь хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хүн хувийн ашиг сонирхлоор нийтийн албанд төлөөллийг хэрэгжүүлсэн ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл юм.

Учир нь шүлхий өвчний улмаас сум бүхэлдээ тооллогыг биечлэн зохион байгуулсан тооллого хүчинтэй гэх тайлбар гаргаж, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх байтал танил тал, нэг нутаг гэх хандлагаар Б.О*******ын нэхэмжлэлийн шаардлагыг шууд хүлээн зөвшөөрч, Мандал сум 2017 онд мал тооллогыг хууль бусаар зохион байгуулсан юм, тэгэхээр одоо хүчингүй болгохыг дэмжиж байна гэсэн ямар ч хариуцлагагүй тайлбарыг шүүх хуралдаанд гарган оролцсон. Мал тооллогыг зохион байгуулах эрх бүхий этгээдийн аль 2017 онд зохион байгуулсан, тухайн үед нь болон дараа жилийн мал тооллогын дүн бүртгэл дээр Б.О******* нь ямар ч гомдол санал гаргаж байгаагүй мал тооллогын бүртгэлийг 7 жилийн дараа хүчингүй болгож, талийгаач Б.Д*******ийг 2017 онд ямар ч мал тоолуулсан бүртгэлгүй болгож хохироох нь хууль дээдлэх зарчим, шударга ёсонд үл нийцнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

1.Иргэн Б.О*******аас нэхэмжлэлийн шаардлагаа “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны мал тооллогын бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

Гэтэл энэхүү хэргийн гуравдагч этгээд болох Д.Иээс одоогийн нэхэмжлэгч Б.О******* болон иргэн Б.Ч*******г нарт холбогдуулж …13 толгой үхэр гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 214 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт “…Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Б.Д******* нь 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор үхэр 13 толгой тоологдсон…” гэж, уг шийдвэрийг эс зөвшөөрч Д.О******* давж заалдах гомдолдоо “…2017 онд Мандал суманд шүлхий өвчин гарч онц байдал зарласан байсан учраас малын тооллого хийхдээ нэг бүрчлэн үзэлгүйгээр утсаар тоо авсан. Энэ үед тооллогын комисс Б.Д*******ын нэр дээр 2016 оны жилийн эцсээр байсан 7 үхэр, шилжих ирсэн 6 үхэр гэж бичээд 13 үхэр болгочихсон байх юм. Гэтэл Д.И худлаа баримт гарган ирж надаас 13 үхэр нэхээд байна…” гэснээс гадна Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 49 дүгээр магадлалд “…нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2017 онд өвлүүлэгч 13 толгой үхэр тоолуулсан тухай багийн Засаг даргын тодорхойлолт болон мал тоолсон тухай А данс хэрэгт авагдсан байна…” гэж дүгнэсэн байгаагаас тус тус үзэхэд нэхэмжлэгч Б.О******* нь одоогийн хүчингүй болгуулахыг хүссэн 2017 оны мал тооллогын бүртгэлийг энэхүү иргэний маргаанд хариуцагчаар оролцох үедээ мэдсэн гэж үзэхээр байна.

Гэтэл ийнхүү мэдсэнээс хойш чухам ямар шалтгаанаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар хандсан болох, өөрөөр хэлбэл хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн эсэх, магадгүй хэтэрсэн байх тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 244 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоохдоо “…2017 оны бүртгэлийг хэзээ, хэрхэн мэдсэн талаар холбогдох тайлбар, баримтыг ирүүлэх…” шаардлагатай болохыг дурдсан атлаа 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн, гэвч гуравдагч этгээдээс нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн талаарх тайлбар, холбогдох үндэслэл, нотлох баримтыг гаргасан, мөн энэ талаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгасан атлаа нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасан “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн” гэсэнд хамаарахаар байна.

2.Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг, тухайлбал Б.Д*******ын  тооллогын бүртгэлийг хүчингүй болгосноор ямар зөрчигдсөн эрх нь хэрхэн сэргэхийг тодруулах шаардлагатай.

Учир нь Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч Л.Тгийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн Өмчлөх эрхийн гэрчилгээнд Б.Д******* 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нас барсан тул түүний төрсөн хүүхэд болох Д.Идэрт өмчлүүлэгчийн өмчлөлд байсан 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор тоологдсон 13 толгой үхрийг өвлүүлэхээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, дээр дурдсан иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлалд энэхүү өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Б.О*******ыг шаардах эрхтэй гэж дүгнэсэн ч Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 701 дүгээр тогтоолд анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэр, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “…13 толгой үхэр байгаа эсэх талаар маргаан үүссэн байхад зөвхөн тооллогын баримтыг үнэлээд, хэдэн тооны үхэр байгаа, хэдийг нь авсан, …хүүхдүүдээ үхэр өгсөн, портерын засварт 2 үхэр авсан, идшиндээ үхэр авсан гэх тайлбараа хариуцагч ямар баримтаар нотолж байгааг тодруулах, энэ талаар талууд мэтгэлцэх, маргааны бодит үндэслэлийг тогтоох шаардлагатай… хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй…” гэж дүгнэснээс үзэхэд иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нотлох, одоогийн хүчингүй болгуулахыг хүссэн мал тооллогын бүртгэл нь иргэний маргааныг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт биш байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э******* давж заалдах гомдолдоо “…талийгаач Б.Д******* 2018 оны 5 дугаар сард нас барсан бөгөөд нас барах үед хэдэн үхэртэй, тэр үхэр нь хаана, хэнд байгаа эсэхийг ганцхан 2017 оны мал тооллогын дүнг үндэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд өөр бусад нотолгооны хэрэгслээр тогтооно…” гэснийг ч дурдах нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэлд “…2016 оны мал тооллогоор ах Б.Д*******ийн нэр дээр 7 толгой үхэр бүртгэгдсэн, гэтэл 2017 оны мал тооллогоор өмнөх оны 7 үхэр дээр нэмж 6 үхэр шилжиж ирсэн гэж алдаатай тоолон нийт 13 толгой үхэр гэж бүртгэсэн байна. …2017 онд Б.Д*******ийн нэр дээр шилжиж ирсэн гэх 6 үхэр нь хаанаас, хэзээ шилжиж ирсэн нь тодорхойгүй, үндэслэлгүй байгаа болно…” гэснээс үзэхэд ч Б.Дагвадоржийн нэр дээр 2017 онд одоогийн тайлбарласанчилан 1 тугалтай үхэр байсныг 13 гэж буруу тоолсон гэж, эсхүл 2017 онд 6 шилжиж ирсэн гэснийг эс зөвшөөрч байна уу, магадгүй бүр Б.Д*******ийн нэр дээр мөн онд огт мал тоологдоогүй гэж маргаад байна уу, эдгээрийн алин болохыг тодруулах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү бүрэн тодруулаагүйгээс хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг хангалттай цуглуулсан гэж үзэхээргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.   

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                            ШҮҮГЧ                                                       З.ГАНЗОРИГ

 

                              ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ

 

                            ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН