Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 128

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням, улсын яллагч А.Оюунгэрэл, хохирогч Б.Дуламхорол, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ууганбат, тэдний өмгөөлөгч З.Ариунжаргал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0236), шүүгдэгч А.Бямбагэрэл, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1054) нарыг оролцуулан,

Тээврийн прокурорын газраас Бор толгой овогт Алтантуяагийн Бямбагэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 2016 2400 0559 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бор толгой овогт Алтантуяагийн Бямбагэрэл, Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайхан овоо суманд 1994 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Гэмтэл согог судлалын үндэсний төвд туслах сувилагч ажилтай, ам бүл 2, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 34 дүгээр гудамж, 903 тоотод оршин суух хаягтай, зл94050608 регистрийн дугаартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар: (яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар)

Шүүгдэгч А.Бямбагэрэл нь 2016 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамжинд Шевролет Круйз загварын 68-49 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-509 тоот хашаа болон дотор нь байсан монгол гэрийг мөргөж шууд зардлаар 1.113.824 төгрөгийн хохирол учруулж, оршин суугч Б.Дуламхорол, У.Мөнхсоёл нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч А.Бямбагэрэл: 2016 оны 5 дугаар сарын 31-ний орой гэрээсээ гараад аавынх руугаа явж байгаад, бензиний шар гэрэл асаад буцаж гэр рүүгээ явж байхад урдуур хар юм гүйгээд, би сандарсандаа осол гаргасан. Би 2016 онд жолоочийн үнэмлэх авсан. Хэрэг гарах үед жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь миний өмчлөлийнх бөгөөд түүнийг нэг сар гаруй хугацаанд жолоодож байна. Би хэрэг гарах үед хохирогчийн хашаа болон гэрийг харсан боловч сандарсандаа тоормосоо бус, андуурч хаазаа гишгэсэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу гэв.

Хохирогч Б.Дуламхорол: 2016 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө 12 цаг 30 минут өнгөрч байх үед охиноо унтуулчихаад газраар ор зассан байсан. Манай нөхөр Ууганбат, Пүрэвдорж хоёр зурагт үзээд сууж байсан. Би унтахаар дөнгөж зүүрмэглэж байтал машин хаазлах хүчтэй чимээ гараад, яах ийхийн зуургүй хашаа, гэр мөргөөд ороод ирсэн. Машинаас нэг хүн гүйгээд явсан харанхуй байсан болохоор би тэр машинаас буусан хүнийг эрэгтэй хүн байж магадгүй гэж бодсон юм. Бямбагэрэл нь манай дээд талын хамар хашааны айлын хүн байсан. Ослын дараа ухаан алдаад, гэмтлийн эмнэлэгт сэргэсэн. “Охин яасан юм бэ” гэж асуухад охины хөл хугарсан гэж хэлсэн. Би гэмтлийн эмнэлэгт 15 хоног хэвтэж хагалгаанд орсон. Эмнэлгээс 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гарахад Бямбагэрэл, Бямбадулам гэх эгчтэйгээ цуг ирсэн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэх боломжгүй байсан болохоор эмнэлгээс гармагцаа эмэгтэйчүүдийн эмнэлэг орох шаардлагатай болсон. Бямбагэрэл таньдаг эмч байдаг гээд нэг эмч дээр хамт очсон. Эмэгтэйчүүдийн эмч “таны ураг гэмтсэн, эхэс нь доошилсон байна. Та үр хүүхэдгүй биш үр хүүхэдтэй, тиймээс урагаа авахуулах шаардлагатай байна” гэж хэлсэн. Тухайн үед Бямбагэрэл, эгчтэйгээ цуг явж байсан бөгөөд түүнээс хойш алга болсон. Түүнээс хойш Бямбагэрэлийн утас руу залгахад авахгүй, надтай уулзахаа больсон. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн Толгойтын өрхийн эмнэлэгт очиж өрхийн эмчид үзүүлсэн, эмч миний өвчний түүх бүх баримтыг үзээд хүүхдээ төрүүлэх боломжгүй гээд 13 дугаар маягт хийж өгсөн. 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хоёрдугаар төрөхөд очиж эмчтэй уулзаж үр хөндөлт хийлгэсэн. Хэрэг гарах үед би хоёр сар гарантай жирэмсэн байсан боловч жирэмсний хяналтад ороогүй байсан. Эмнэлэгт байх үед шүүгдэгч Бямбагэрэл эмчилгээний зардлыг тухайн үед нь өгч байсан. Зарим зардлаа өөрийн зүгээс гаргасан. Өөрийн болон хүүхдийнхээ эмчилгээний зардал, эд хөрөнгийн хохирол, дутуу авсан цалин зэрэг нийт 16.240.800 төгрөг нэхэмжилж байна гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ууганбат: 2016 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө 12 цаг 30 минутын үед гэртээ байж байхад машин хаазлах чимээ гарсан бөгөөд гэнэт гэр рүү машин ороод ирсэн. Гэр харанхуй болсон. Би зуухны орчмоос босож ирсэн. Гэр дотроо эхнэр, охин хоёроо хайсан боловч олоогүй. Гэрээс гарсан чинь манай дүү хүүхдийг хадам ахынх руу аваад орсон байсан. Эхнэрээ хайгаад машин доогуур харахад эхнэр маань доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Би “энэ машиныг холдуулаач” гэж тэр хавьд байсан хүмүүст хэлээд машиныг хамтран холдуулж, эхнэрээ гаргаж авсан. Тэгээд түргэн тусламж ирээд бид гэмтлийн эмнэлэг рүү явсан. Манай охины хөл хугарсан бөгөөд одоо хазгар, доголон болсон байгаа. Цаашид охиноо гадаадад эмчлүүлэх шаардлагатай байгаа бөгөөд энэ талаар одоогоор баримтгүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Миний хувьд энэ хэргийн улмаас охиноо асарч байсан тул өнгөрсөн зургаан сарын хугацаанд ажлаа хийж чадаагүй, чөлөөтэй байсан. Иймд энэ хугацааны цалингаа нэхэмжилж байна. Энэ нэхэмжлэл нь эхнэр Дуламхоролын мэдүүлсэн үнийн дүнд багтсан байгаа гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримт:

Хохирогч Б.Дуламхоролын өгсөн: 2016 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00 цагийн үед гэртээ унтах гээд хэвтэж байхад автомашин хүчтэй хаазлах чимээ гараад яах ийхийн зуургүй хашаа мөргөөд удалгүй манай гэрийн зүүн хойд талаас мөргөөд ороод ирсэн. Тэгээд гэр нураад гадаа харанхуй болоод явчихсан тэгсэн би мөргөсөн машины доогуур орчихсон зүүн талаараа хараад хэвтээд машины хойд хэсэг рүү толгойгоо харуулаад хэвтэж байсан. Тэгээд би нөхөр хүүхдээ дуудсан чинь хариу өгөхгүй байсан. Харин хүүхэд уйлаад байсан. Тэгээд нөгөө машины баруун хойд хэсгээр хашаа дагаад ертөнцийн зүгээр зүүн хойд зүг рүү нэг эрэгтэй хүн хурдан хурдан алхаад яваад өгөхөөр нь жолоочийг машинаасаа буугаад явчихлаа гэж бодоод ухаан алдаад унасан байсан. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Миний биеийн бүх хэсэг зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа мөн өгзөг, гуя нуруу хэсгээр түлэгдсэн байгаа. Би тэр хүнийг машинаас бууж байхыг хараагүй. Жолооч эмэгтэй охин бид хоёрыг эмнэлэгт хэвтэж байхад эмчилгээний боолт болон бусад эм тариа авч өгч байсан, нарийн сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тооно, унь, багана, 5 хана авч өгсөн байгаа. Гомдолтой байна... гэх мэдүүлэг (хх-ийн 62 дугаар хуудас),

...Жолоочийг эрэгтэй эмэгтэй хүн гэдгийг нь сайн хараагүй ээ, ухаан балартсан байсан болохоор сайн мэдэхгүй байна. Маргааш нөгөөдөр нь би ухаан санаа гайгүй болоод эрэгтэй хүн байсан байж магадгүй гэж бодоод байсан юм. Одоо бол сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 63 дугаар хуудас),

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ууганбатын өгсөн: 2016 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00 цагийн үед би гэртээ зүүн талын орны толгой хэсэгт сууж байхад гадаа нэг машин өндөр хаазтай явж байгаад түс гээд нэг юм мөргөх шиг болоод яах ийхийн зуургүй манай гэрийн зүүн хойд талаас мөргөөд ороод ирсэн. Тэгээд нэг мэдсэн юманд дарагдчихсан зуух тэр хавьд хэвтэж байхаар нь босоод хартал гэр тас харанхуй юу ч харагдахгүй байхаар нь гэрээс гараад харсан чинь хүмүүс ирчихсэн байсан. Тэр юун хүмүүс хаанаас ирсэн, хэн хэн байсныг мэдэхгүй байна. Тэгсэн эхнэрийн төрсөн дүү Шинэ-Од надаас эхнэрийг асуухад нь би охиныг олоод эхнэрийг олоогүй юм байна гэж бодоод мөргөсөн машины доогуур харсан чинь машины доогуур буюу машины хамар хэсгийн доод талд хөндлөн хэвтэж байсан. Яг ямар байрлалтай хэвтэж байсныг санахгүй байна. Тэгээд би энэ машиныг холдуулаач ээ гэсэн чинь тэр хавьд байсан хүмүүс нийлж байгаад тэр машиныг хойш нь ухраасан. Мөргөсөн машин нь манай гэрийг цааш нь түлхээд буйран дээр гараад ирчихсэн доор нь манай эхнэр хэвтэж байсан. Манай охиныг нэг эрэгтэй хүн аваад зогсож байхад нь эхнэрийн дүү Шинэ-Од аваад хажуу айл руу оруулсан гэсэн. Миний биед одоохондоо гэмтэл байхгүй. Охин Мөнхсоёлын биед зүүн хөлний дунд чөмөгний дээд хэсгээр хугарсан, нүүрний зүүн тал нь шалбарч хөхөрсөн байгаа. Гомдолтой байна... гэх мэдүүлэг (хх-ийн 69 дүгээр хуудас),

Гэрч А.Бямбадуламын өгсөн: ...Тэгээд нэлээн удсаны дараа маш хүчтэй дуу чимээ гарахаар нь юу болж байгаа юм бол гэж бодоод байж байтал манай хашаанд байдаг миний төрсөн дүү Бямбадэлгэр нөхөртэйгээ хашгираад ороод ирсэн. Тэгэхээр нь яасан бэ гэсэн чинь цаад Бямбагэрэл чинь айл мөргөчихсөн байна ш дээ гэхээр нь би сандраад гараад ирсэн чинь Бямбагэрэл гэр рүүгээ алхаад хашааны буланд би хүн алчихлаа гээд зогсож байхаар нь би нөгөө айлын хашаа руу яваад орсон чинь нөгөө айлын гэх хүмүүс гараад ирчихсэн байж байсан. Тэгснээ хүүхэд хаана байна гээд юм ухаж байгаад хүүхдээ татаад гаргаад ирсэн. Тэгээд нэг хүн эгч байхгүй байна ш дээ гээд гэрийнхээ баахан юмыг нааш цааш болгоод ухаад байсан чинь машин доор урд хэсэгт нь дугуйнд тулаад хөндлөн хэвтэж байсан. Осол болдог өдөр манай дүү Бямбагэрэл яах аргагүй жолоогоо бариад гэрээсээ гарсан юм. Бямбагэрэлийн баруун гарын дээд хэсэг зүсэгдсэн, цус гарсан байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 101 дүгээр хуудас),

Гэрч А.Бямбадэлгэрийн өгсөн: Би 2016 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө гэртээ байж байхад гадаа маш хүчтэй чимээ гарахаар нь юу болов гээд гараад ирсэн чинь өөдөөс Бямбагэрэл гүйгээд ирж байхаар нь “чи чинь яачихваа” гэсэн чинь “би осол хийчихлээ, би ер нь үхчихье” гээд байхаар нь дүүгээ явуулахгүй байж байгаад эгч Бямбадуламын гэрт нь орж хэлсэн чинь эгч ирээд нөгөө айл руу явсан. Бямбагэрэл тухайн үед манай гэрийн урдхан талд сууж байсан. Ослын талаар юу ч мэдэхгүй байна гээд маш их айчихсан үхнэ гээд байсан. Тэгэхээр нь би хажууд нь сууж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 103 дугаар хуудас),

Гэрч Б.Шинэ-Одын өгсөн: Би 2016 оны 6 дугаар сарын 01-ний шөнө 01 цагийн үед Хатанбаатар ахын гэрт байж байхад машины өндөр хаазлах чимээ гарснаа түс тас болоод явчихсан юм. Тэгээд байж байтал хойд талд Ууганбат ахын гэрт байсан Пүүжээ буюу Пүрэвдорж орж ирээд Ууганбат ахын гэрийг нэг машин ирээд мөргөчихлөө гэхээр нь би гараад очсон чинь Ууганбат ах гэрийнхээ гадаа гараад ирчихсэн эхнэр хүүхэд хоёроо хайгаад гэрийнхээ урд зогсож байсан. Тэгэхээр нь дүү Мөнхсоёлыг хайгаад гэрийнх нь доогуур үзэж байхад нэг залуу тэвэрчихсэн охин энд байна гэхээр нь тэр залуугаас дүүгээ аваад Хатанбаатар ахын гэрт нь оруулчихаад буцаж гарч ирэхэд нэлээн олон хүмүүс ирчихсэн байхаар нь энэ машины жолооч хаана байна гэсэн чинь нэг тайрмал үстэй эгч миний дүү тайван бай энэ машины жолооч нь гэрт байгаа саяхан жолоо төгссөн залуу байгаа гэж хэлсэн. Тэгээд би эгчийгээ хайгаад Дуламхоролоо гээд хашгирсан чинь хариу өгөхгүй байсан. Тэгээд Ууганбат ах энд машин доор байна ш дээ гэсэн. Яг ямар байрлалтай хэвтэж байсныг би сайн хараагүй. Ямар ч байсан машин доороос гаргахад хамаг хувцас нь тос, масло болчихсон нүүр нь хавдчихсан, ухаангүй гарч ирсэн. Машины жолооч ямар хүн байсныг хараагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 105 дугаар хуудас),

Гэрч Б.Алтангэрэлийн өгсөн: Тэгээд цаг орой болчихсон унтах гээд хэвтэж байхад гадаа түс тас гэсэн чимээ гарахаар нь би гэрээсээ түрүүлээд гарсан чинь гадаа юм байхгүй байхаар нь хашаанаас гараад ирсэн чинь доод айлын хашааг хамаад гэрийнх нь араас Бямбагэрэл машинаараа мөргөчихсөн, өөрөө миний өөдөөс гүйгээд ирсэн. Маш их сандарчихсан Аагий ахаа би осол хийчихлээ гээд уйлаад байхаар нь манай эхнэр түүнийг авч яваад тайвшруулсан. Тэгээд би осол болсон айлд очиход тэр хавиар баахан хүмүүс юу болов гээд бужигналдаж байсан. Нэг харсан чинь эмэгтэй хүн охиныг нь тэвэрчихсэн зогсож байсан. Тэгсэн нэг нь “эгч байхгүй байна ш дээ” гэж байгаад машин доор байна гээд олоод Бямбагэрэлийн машиныг өргөөд хойшоо түлхэж байгаад эхнэрийг нь гаргаж авсан... гэх мэдүүлэг (хх-ийн 107 дугаар хуудас),

Гэрч Э.Эрдэнэчимэгийн өгсөн (Хүрээ амаржих газрын эмч): Тухайн үед Б.Дуламхорол маш хүнд байдалтай гэмтлийн эмнэлгээс ирсэн. Ирэхдээ гэмтлийн эмнэлгээс бичигтэй ирсэн. Тэр бичигт дараагийн эмчилгээг хийх шаардлагатай байна. Ургийн асуудлыг шийдэж байж дараагийн эмчилгээнд явах, түлэгдэлттэй гэсэн бичиг байсан. Тэгээд би эмчилгээ хариуцсан орлогч дарга Цэцэгээ эмчид танилцуулаад ургийг тээх боломжгүй гээд мэс ажилбар хийсэн. Ураг нь 2 сар 26 хоногтой байсан. Цаашид тээх боломжгүй байсан. Гол нь эхийн бие эрүүл байх ёстой. Дээр нь маш их эм бэлдмэл хэрэглэсэн учраас ураг гажиг төрөх боломжтой. Мэс ажилбар хийх үед Дуламхоролын биеийн байдал хүнд байсан хөлөө хөдөлгөж чадахгүй хүндрэлтэй мэс ажилбар болж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 109-110 дугаар хуудас),

Насанд хүрээгүй гэрч Х.Пүрэвдоржийн өгсөн: Тэр өдөр орой хоолоо идээд зурагт үзээд сууж байхад 00 цагийн үед гадаа түс тас гэх чимээ гарсан. Юу болов гээд хэлэхийн завдалгүй машин гэр мөргөөд ороод ирсэн. Тэгээд тог тасраад харанхуй болсон. Тэгээд гэрээс гараад урд талд байдаг Хадаа ахын гэр рүү гүйж байгаад эргээд хартал нэг машин манай гэрийг мөргөсөн байхаар нь тэр чигээрээ гүйгээд Хадаа ахын гэрт ороод Шинэ-Од эгчийг дуудсан. Намайг тоглоод байна гэж бодоод тоохгүй байхаар нь дахин хэлсэн чинь гэрээс гараад мөргүүлсэн гэр рүү гүйсэн. Эхлээд гэр дотроос Мөнхсоёлыг хэн нь мэдэхгүй гаргаад авсан байсан. Тэгээд сүүлд нь Шинэ-Од эгч Думаа хаана байна гээд хашгирч байгаад нөгөө мөргөсөн машин доогуур байна. Наад сэгээ холдуул гээд Хадаа ах хэлж байсан. Тэгээд машин доороос Думаа эгчийг гаргаж авсан гэх мэдүүлэг (хх-113 дугаар хуудас),

Вендо хөрөнгийн үнэлгээний газрын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-509 тоотод байсан монгол гэр болон түүн доторх эд хогшлийн хохирлын үнэлгээний тайлан (хх-ийн 74-82 дугаар хуудас),

Үнэлэгдэх хөрөнгийн нэр

Чанар байдлын коэффициент

Нөлөөллийн итгэлцүүр

Эцсийн үнэ

1

Гэрийн хана (солих 3 ширхэг)

23.8

0.45

215 000

2

Гэрийн унь (солих 4 ширхэг)

11.4

0.8

22 400

3

Гэрийн тооно (солих)

23.8

0.45

142 000

4

Гэрийн багана (засах)

23.8

0.25

32 000

5

Гэрийн бүрээс (солих)

11.4

0.6

68 000

6

Гал тогооны тавилга (засах)

31.4

0.23

27 800

7

Зуух (засах)

31.4

0.23

28 000

8

Мөлхөө тавилга (солих)

11.4

0.6

248 000

9

Зурагт (солих)

31.4

0.23

139 200

10

Тольтой шүүгээ (солих)

23.3

0.16

87 400

11

MNBC агаарын сувгийн станц (солих)

31.4

0.23

78 000

12

Ус буцалгагч (солих)

31.4

0.23

26 000

13

Шууд зардал

1 113 800

14

Бусад жижиг ахуйн хэрэгсэл (солих)

 

 

65 000

15

Бусад жижиг ахуйн хэрэгсэл (засах)

 

 

32 000

16

Тээврийн зардал

 

 

35 000

17

Барьж буулгах ажлын хөлс

 

 

30 000

18

Нийт үнийн дүн:

1 275 800

 

Вендо хөрөнгийн үнэлгээний газрын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-509 тоот хашааны хохирлын үнэлгээний тайлан (хх-ийн 89-96 дугаар хуудас),

 

Үнэлэгдэх хөрөнгийн нэр

Чанар байдлын тодорхойлолт

Шаардлагатай тайлбар

Материалын зардал

Эцсийн үнэ

1

Банз (16 ширхэг)

2 см банз

солих

16 000

 

2

Дай мод (1ширхэг)

шинэ

солих

3 000

 

3

Шон (1 ширхэг)

шинэ

солих

5 000

 

4

Шууд зардал

 

 

 

24 000

5

2 хүн цаг

1 цаг

Ажлын хөлс

30 000

 

6

Нийт үнийн дүн:

54 000 ₮

 

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8068 дугаартай: Ууганбатын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт (хх-ийн 116 дугаар хуудас),

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8069 дугаартай: Пүрэвдоржийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт (хх-ийн 118 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 7725 дугаартай: Мөнхсоёлын биед тархи доргилт, зулайн хуйх, чамархайн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 121 дүгээр хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 7724 дугаартай: Б.Дуламхоролын биед тархи доргилт, зүүн өгзөг, нурууны 5-6 хувийг хамарсан 3а.б зэргийн түлэгдэл, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацрын зулгаралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 123 дугаар хуудас),

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн: Би 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж байгаа Б.Дуламхоролыг очиж үзэхэд Б.Дуламхоролын гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д заасан шаардлага хангаагүй байсан учир хүндэвтэр зэргийн гэмтэлтэй гэж гаргасан. 3.1.17-д заасан нь биеийн нийт гадаргуугийн 15 хувиас дээш талбайг хамарсан. 3б бүлгийн түлэгдэлт нь хүнд зэрэгт хамаардаг юм. Арьс нөхөх мэс заслын эмчилгээ нь гэмтлийн зэрэгт хамаардаггүй. Гэмтлийн зэрэг тогтоохдоо амь насанд аюултай гэмтэл, амь дэнссэн байдал, гэмтлээс үүссэн үлдэц уршиг, ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр буюу 35-100 хувь тогтонги алдагдсан зэрэг зүйлүүдийг хамаарч тогтоодог юм. Нэг үгээр хэлэх юм бол мэс засал хийсэн нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй, өөрчлөлт орохгүй гэсэн үг... гэх мэдүүлэг (хх-111-112 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1055 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: Б.Дуламхоролын биед тархи доргилт, зүүн өгзөг, нурууны 5-6 хувийг хамарсан 3-ийн А,Б зэргийн түлэгдэл, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацрын зулгаралт, язарсан шарх бүхий гэмтлүүд учирчээ. Уг гэмтэл нь мохоо болон өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 7724 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Дуламхорол нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр жирэмсний 10-11 долоо хоногтой байхдаа үр хөндөлт хийлгэсэн нь зам тээврийн осолтой шалтгаант холбоогүй болно гэх дүгнэлт (хх-ийн 131 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1236 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: Б.Дуламхоролын биед тархи доргилт, зүүн өгзөг, нурууны 5-6 хувийг хамарсан 3-ийн А,Б зэргийн түлэгдэл, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацрын зулгаралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо болон өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Урьд гаргасан 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1055 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Дуламхорол нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 10-11 недельтэй жирэмсэн бөгөөд эмчилгээний улмаас үр хөндөлт хийлгэсэн байна. Б.Дуламхорол нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 10-11 недельтэй жирэмсэн, эмчилгээний улмаас үр хөндөлт хийлгэсэн учир гэмтлийн зэрэг тогтоохгүй гэх дүгнэлт (хх-ийн 136 дугаар хуудас),

Техникийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 110 дугаартай: Шевролет Круйз загварын 68-49 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Бямбагэрэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдын хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Осол хэрэг гарахад нөлөөлсөн бусад зүйл болон хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэх дүгнэлт (хх-ийн 125 дугаар хуудас),

А.Бямбагэрэлийн сэжигтнээр өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 00 цагийн үед би өөрийн эзэмшлийн Шевролет Круйз загварын 68-49 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод эгч Бямбадуламын гэрт орох гээд Сонгинохайрхан дүүргийн нутаг Тахилтын 6 дугаар гудамжинд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байсан. Тэгээд юу болсныг санахгүй байна нэг мэдсэн зүүн гарын сарвуу хэсгээс цус гарчихсан гадаа хүмүүс хашгиралдаад байхаар нь гараад харсан чинь гэр мөргөчихсөн байсан. Тэр үед яг юу болоод байгааг сайн мэдэхгүй байсан. Манай бага дүү хажууд ирчихсэн тэврээд зогсож байсан. Эгчийн гэрийн хажууд байсан учраас гадаа түс тас гэсэн чимээ гарахаар нь эгч гэрээсээ гараад ирсэн чинь би айлын гэр мөргөчихсөн зогсож байхаар нь над дээр ирсэн гэсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед урдуур нэг хар юм гүйгээд явчих шиг болсон тэгээд сандрахдаа хаазаа гишгэсэн юм шиг байна лээ. Би машинаа өөрөө жолоодож явсан. Надтай хамт ямар ч эрэгтэй хүн байгаагүй. Хохирогчид гэрийн мод 1.000.000 төгрөг, эмчилгээний зардалд 1.730.000 төгрөг өгсөн байгаа... гэх мэдүүлэг (хх-ийн 144 дүгээр хуудас),

А.Бямбагэрэлийн яллагдачаар өгсөн: Тэгээд гудамж руугаа орох гээд замаас дээшээ өгсөж байхад урдуур нэг хар юм орж ирсэн. Тэгээд би юу болсноо мэдэхгүй байна. Миний машин буруу талдаа жолооны хүрдтэй юм. Би маш их айсан болохоор машиныхаа баруун талаар буугаад шууд гэр рүү гүйсэн. Тэгсэн өөдөөс манай том эгч, дунд эгч болон түүний нөхөр, миний төрсөн дүү нар өөдөөс гараад ирсэн. Миний мөргөсөн айл манай гэр хоёрын хооронд ойролцоогоор 50 орчим метр байгаа байх. Би тэр хашаа руу орсноо санаж байна. Харин яах гэж орсноо санахгүй байна. Тэр хашаан дотор бүтэн эргээд гарахдаа гэр мөргөсөн байх гэж бодож байна... гэх мэдүүлэг (хх-ийн 158 дугаар хуудас), 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 42 дугаар хуудас), зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал (хх-ийн 43 дугаар хуудас), гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 45-46 дугаар хуудас), хохирлын баримт (хх-ийн 12-36 дугаар хуудас), гэрч Э.Эрдэнэчимэгийг байцаасан тэмдэглэл (хх-ийн 109 дүгээр хуудас), шүүгдэгч А.Бямбагэрэлийн хохирол төлсөн баримт (хх-ийн 181 дүгээр хуудас), хохирогч Б.Дуламхоролын үр хөндүүлсэн түүх (хх-ийн 203-206 дугаар хууда), хохирогч Б.Дуламхоролын эход харуулсан баримт (хх-ийн 223 дугаар хуудас),  2 дугаар хавтаст хэргээс  хохирогч Б.Дуламхоролоос гарган өгсөн хохирлын баримт (хх-ийн 38-43 дугаар хуудас), хохирогч Б.Дуламхорол, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ууганбат нараас гарган өгсөн хохирлын баримт (хх-ийн 46-62 дугаар хуудас) зэрэг нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх тэдгээр баримтыг үнэн зөвд тооцож, шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч А.Бямбагэрэл нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болгов.

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтад үндэслэж, харьцуулан дүгнэвэл; Шүүгдэгч А.Бямбагэрэл нь 2016 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамжинд 68-49 УНБ улсын дугаартай Шевролет Круйз загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 буюу “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-509 тоот хашаа болон дотор нь байсан монгол гэрийг мөргөж шууд зардлаар 1.113.824 төгрөгийн хохирол учруулж, оршин суугч Б.Дуламхорол, У.Мөнхсоёл нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Бямбагэрэл, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нар хэргийн үйл баримт болон прокурорын зүйлчлэлтэй маргаагүй бөгөөд хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч З.Ариунжаргал өмгөөлөл явуулахдаа: “Хохирогч Б.Дуламхорол нь энэ хэргийн улмаас үр зулбасан тул түүний биед хүнд гэмтэл учирсан гэж үзнэ. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4. дэх хэсгийг баримтлан шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан агуулгаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах бөгөөд шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлэх эрхтэй хэмээн хуульчилсан тул өмгөөлөгч З.Ариунжаргалын саналыг хүлээн авах боломжгүй юм.

Түүнчлэн хохирогч Б.Дуламхоролын бие махбодод учирсан гэмтлийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэг, гурав, таван шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 7724 дугаартай, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1055 дугаартай, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1236 дугаартай нийт гурван дүгнэлтээр саналын зөрүүгүй дүгнэсэн бөгөөд эдгээр дүгнэлтийг няцаан үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Хавтаст хэргийн 203-аас 205 дугаар хуудсанд авагдсан хохирогч Б.Дуламхоролын үр хөндүүлсэн өвчний түүхийг гурав, таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан, найман шинжээч шинжлэн судалсан нь дүгнэлтээс харагдах бөгөөд хохирогчийн үр хөндүүлсэн нь энэ гэмт хэрэгтэй холбоогүй болохыг тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэснийг үндэслэл бүхий гэж үзнэ. Мөн шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүгүй байх тул дахин шинжилгээ хийлгэх үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Хүрээ амаржих газрын эмч Э.Эрдэнэчимэг нь гэмтлийн зэрэг тогтоох тусгай мэдлэг, чадвар, туршлага бүхий шинжээч биш бөгөөд түүний үр хөндсөн мэс ажилбар буюу эмчилгээнийхээ талаар өгсөн гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг няцаахгүй.

Иймд энэ хэргийн хувьд хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн хийсэн, хохирогчийн хүсэлтийн дагуу хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан, хэргийн бүрдэл хангагдсан, прокурорын зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл; Шүүгдэгч А.Бямбагэрэлийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч А.Бямбагэрэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1. дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн тул эрүүгийн 2016 2400 0559 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бямбагэрэлийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд нь хохирогч, насанд хүрээгүй хохирогч нарыг Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байх үед худалдан авч өгсөн гэх эмчилгээний зүйлс, эм, тарианы баримт байна. Харин эдгээр нь хэрэг бүртгэлтийн үед хохирогчоос гаргаж өгсөн, хавтаст хэрэгт авагдсан 1.952.299 төгрөгийн эмчилгээний баримттай давхцахгүй буюу тус тус даа бүрдүүлсэн баримт байх тул хохирогчийн гаргасан баримтын дүн өөрчлөгдөөгүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан гэр болон түүний доторх эд хогшлийн хохирлыг тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний газраас тогтоосон үнээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч А.Бямбагэрэлийн зүгээс хохирогчийн хашааг янзлуулсан, гэрийн мод авч өгсөн байх тул дээрх албан ёсны үнэлгээнээс эд хөрөнгийн нэрээр хасаж тооцлоо.

Тооцоолол: Монгол гэр болон түүн доторх эд хогшлийн үнэлгээний нийт дүн болох 1.275.800 төгрөгөөс гэрийн хана (солих 3 ширхэг), гэрийн унь (солих 4 ширхэг), гэрийн тооно (солих), гэрийн багана (засах) бүхий эд зүйлсийн үнэ болох 411.400 төгрөгийг хасаж, үлдсэн 864.400 төгрөгийн хохирлыг гаргуулав. Харин нурсан хашааны үнэлгээний нийт дүн 54.000 төгрөг бөгөөд шүүгдэгчийн зүгээс хашааг засварлуулж өгсөн байх тул энэ хохирлыг төлөгдсөн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийг дараах байдлаар хангалаа. Үүнд: Эмчилгээний зардал 1.952.299 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 12.000 төгрөг, шатахууны зардалд 414.700 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хөлс 80.000 төгрөг, гэрийн эд хогшил 864.400 төгрөг буюу нийт 3.323.399 (гурван сая гурван зуун хорин гурван мянга гурван зуун ерэн ес) төгрөгийг шүүгдэгч А.Бямбагэрэлээс гаргуулж, хохирогч Б.Дуламхорол, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ууганбат нарт олгох нь зүйтэй байна.

Хохирогч Б.Дуламхорол, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ууганбат нар нь өнгөрсөн зургаан сарын хугацааны дутуу авсан цалингаа нэхэмжилсэн боловч тэд ажилд орсон тушаал, хөдөлмөрийн гэрээний баталгаат хуулбараа шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд тэдний нийгмийн даатгалын хуулбар нь хуулийн шаардлага хангахгүй байх тул энэ нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх бололцоогүй байв. Тодруулбал, шүүх дутуу авсан цалинтай холбоотой гэм хорын нэхэмжлэлийг зөвхөн албан газрын тодорхойлолтоор шийдвэрлэхгүй.

Иймд хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар дутуу авсан цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтын шаардлага хангахуйц баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдав.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Бямбагэрэлийн эзэмшлийн 68-49 УНБ улсын дугаартай Шевролет Круйз загварын тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн, шүүгдэгч А.Бямбагэрэл нь цагдан хоригдоогүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүйг тус тус тогтоолд дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 68-49 УНБ улсын дугаартай Шевролет Круйз загварын тээврийн хэрэгслийг нэхэмжлэлийг хангуулах зорилгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 1010037 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч А.Бямбагэрэлд буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгч А.Бямбагэрэлийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн хэдий ч шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох, эсхүл давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелүүлэх хүртэл түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Бор толгой овогт Алтантуяагийн Бямбагэрэлийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2. дахь хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн 2016 2400 0559 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бямбагэрэлийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Энэ хэрэгт А.Бямбагэрэлийн эзэмшлийн 68-49 УНБ улсын дугаартай Шевролет Круйз загварын тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Бямбагэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, гэм хорыг бүрэн барагдуулаагүйг тус тус дурдсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1. дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Бямбагэрэлээс 3.323.399 (гурван сая гурван зуун хорин гурван мянга гурван зуун ерэн ес) төгрөг гаргуулан хохирогч Б.Дуламхорол, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ууганбат нар (Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-509А тоот, РД: дэ85121302, ух90011671, утас:95883107)-т олгож, хохирогч, хууль ёсны төлөөлөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон дутуу авсан цалин хөлсөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 68-49 УНБ улсын дугаартай Шевролет Круйз загварын тээврийн хэрэгслийг нэхэмжлэл хангуулах зорилгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 1010037 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч А.Бямбагэрэлд буцаан олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Бямбагэрэлд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ                            Б.БАТАА