Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2019/00693

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т. ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.У-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 11,066,380.95 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Н.Б, хариуцагч Д.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.А, хамтран зээлдэгч Д.У нар 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банкнаас дугаар №15/92 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Гэрээнд эхний зээлийн үлдэгдэл 5,619,537 төгрөг, нэмэлт зээл 4,000,000 төгрөг, нийт 9,619,537 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Үндсэн зээлдэгч О.А, хамтран зээлдэгч Д.У нар нь 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс зээлийн хүүг гэрээний дагуу төлөх гэрээний үүргээ зөрчсөн. Улмаар 2016 оны 6 дугаар сараас зээлээ төлөлгүй алга болсон тул 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2016/01098 дугаар шийдвэр гарч эрэн сурвалжлах ажиллагаа эхэлсэн. Шийдвэрийн дагуу үндсэн зээлдэгч О.А нас барсан нь баримтаар тогтоогдсон. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 6,734,372.56 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3,757,924.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 571,083.56 төгрөг, нотариатын зардал 3,000 төгрөг, нийт 11,066,380.95 төгрөгийг тэмдэгтийн хураамж 192,012,09 төгрөгийн хамт О.А нас барсан тул хамтран зээлдэгч Д.У-с гаргуулж Т ХХК-д олгуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т ХХК-н зүгээс гаргасан 11,066,380 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би дээрхи мөнгийг зээлийн гэрээний дагуу аваагүй. Нөхөр О.А нь 2014 оноос хойш бидэнтэй хамт амьдраагүй Сэлэнгэ аймагт тусдаа амьдрах болсон. Биднээс тусдаа амьдарч байхдаа Т ХХК-с зээл авч сургалтын төлбөрөө төлнө гэж ярьж байсан. Ийнхүү 2016 онд О.А нь Т ХХК-с зээл авах гэсэн юм, надад хамтран зээлдэгч хэрэгтэй байна, намайг гарын үсэг зураад хамтран зээлдэгчээр ороод өг гэж гуйсан учир зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Би уг зээлээс нэг ч төгрөг аваагүй. Мөн нөхөр О.А нь 2016 оны 12 сарын 05-ны өдөр зуурдаар нас барсан. Т ХХК нь нөхөр О.А-г нас барснаас хойш нэг ч удаа чи зээл төлөх ёстой гэж хэлж шаардаагүй. Би оршин суугаа хаягаа өөрчилсөн зүйл байхгүй. Одоогоор 2 хүүхдийн хамт нийтийн байр түрээсэлж амьдардаг. Сарын орлого бага амьжиргаанд хүрэлцдэггүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК нь Д.У-д холбогдуулан зээлийн төлбөр 6,734,372.56 төгрөг, хүү 3,757,924.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 571,083.56 төгрөг, нотариатын зардал 3,000 төгрөг, нийт 11,066,380.95 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлийг үндсэн зээлдэгч О.А нас барсан тул Д.У-с хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд гаргуулна гэжээ. Нэхэмжлэлд шаардлагын хэмжээг 11,258,393.04 төгрөг гэсэн нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,012.92 төгрөгийг оруулсан байх тул хасаж тооцсон болно.

Хариуцагч шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлийг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч авч хэрэглээгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Т ХХК нь О.А, хариуцагч Д.У нартай 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 14/2/260 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч 7,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаагаар зээлдүүлж, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-41/

Талууд мөн 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 15/92 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийг нэмж, нийт 9,619,537 төгрөгийг зээлдүүлэхээр өмнө байгуулсан гэрээтэй адил нөхцөлөөр харилцан тохиролцсон байна. /хх-5-6/

Дээр дурдсан хоёр гэрээгээр О.А-г зээлдэгч буюу барьцаалуулагч гэж, Д.У-г хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлсон байна. О.А, хариуцагч Д.У нар гэрлэгчид байсан бөгөөд О.А 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нас баржээ. /хх-7/

Хариуцагч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан үйл баримт, зээлийг буцаан төлсөн хэмжээ, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг баримтаар үгүйсгээгүй бөгөөд эдгээр нь хэрэгт авагдсан Барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-5-13/

Хариуцагч Д.У-г хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид байхаар, 242.2-т хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүсэхээр заажээ.

Нэхэмжлэгч нь Д.У-г Барьцаат зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тул зээлийн үүргийг хамтран хүлээхээр гэрээгээр тохирсон хэмээн үндэслэж байна. Барьцаат зээлийн гэрээний 2.2.2-т Банк зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлдэгчийн 104800646109 тоот харилцах данснаас үндсэн зээл, хүү, тооцогдсон бол нэмэгдүүлсэн хүү /цаашид зээлийн төлбөр гэх/-г төлүүлэх ба тухайн дансанд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байхгүй тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснуудаас зээлийн төлбөрийг үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлнэ., 2.4.5-д Зээлдэгч нь цалингийн орлогоо барьцаалж зээл авсан бөгөөд энэхүү гэрээний 2.2.1-т заасан зээл буцаан төлөх хуваарьт хугацаа болохоос өмнө зээлдэгчийн дансанд орж ирсэн цалингийн орлогоос тухайн сард төлөх зээл болон хүүний дүнтэй тэнцэх хэмжээгээр барилт хийж, зээл төлөх хуваарьт өдөр болоход зээлийн төлбөрт суутгаж авахыг үүгээр хүлээн зөвшөөрч байна. гэж тохирчээ. Энэхүү тохиролцооноос үзэхэд гэрээнд зээлдэгч буюу барьцаалуулагч гэж тодорхойлогдсон О.А нь анхны үүрэг гүйцэтгэгч байх бөгөөд хариуцагч Д.У нь зээлдэгчтэй ижил түвшний үүрэг хүлээгээгүй байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтлөх, 2 дахь хэсэгт зээлийн хувийн хэрэг нь зээл олгохыг хүссэн өргөдөл, зээлийн гэрээ, зээлийн ашиглалт шалгасан материал, зээлдэгчийн орлогын талаарх мэдээлэл зэрэг бүрдүүлбэртэй байхыг шаардсан. Хариуцагч Д.У-г О.А-н нэгэн адил зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч мөн болохыг тодорхойлох дээр дурдсан баримт хэрэгт авагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул шаардах эрхийн үндэслэл үгүйсгэгдэнэ.

Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.У-д холбогдох 11,066,380.95 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.У-д холбогдох 11,066,380.95 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191,246.92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН