Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1465

 

2022         11          29                                   2022/ШЦТ/1465

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Ж.Отгончимэг,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.11.22-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Сонгино суманд 1991 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “М” ХХК-д барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Дгийн 0-000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**000000/ Сартуул овогт Эын Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуутын 3-01 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Нын толгой хэсэгт гараараа болон сандлаар 2-3 удаа цохих зэргээр зодсоны улмаас түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Б.Нын: “2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоончулуутын 3-01 тоот гэртээ унтаж байсан чинь хамтран амьдрагч ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Намайг гэрээс зайл гээд хөөгөөд баруун гараараа миний толгойн хэсэгт 2-3 удаа цохисон, мөн хуванцар сандлаар толгой хэсэгт 2 удаа цохисон. Тэр үед манай 6 настай, 2 настай 2 хүүхэд уйлсан чинь хамтран амьдрагч ******* гэрэл асаасан. Тэгсэн миний толгойноос цус гараад байсан. Миний толгой хагарсан байсан. Намайг өмнө зодож цохиж байгаагүй. Ер нь ингэдэггүй юм манай нөхөр ар гэр хүүхэддээ халамжтай. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Энэ хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг /х.х-7-8/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14134 дугаартай “Б.Нын биед дагз, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-12-13/

- Яллагдагч *******ын “Манай эхнэр бид хоёр 8-9 жил хамт амьдарч байна, дундаасаа 2 хүүхэдтэй, гэр бүлийн баталгаа байхгүй. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрийнхээ хажуу талын Стар нэртэй караоке 21 цагаас 23 цаг хүртэл 4 шил пиво уучихаад гэртээ харьсан тэгсэн эхнэр надад хандан “чи ажил хийгээд байх юм. Мөнгө төгрөг хайччихдаг юм. Мөнгө олбол уугаад байх юм”  гэхээр уур хүрээд гэрт байсан хүүхдийн хуванцар сандлаар эхнэрийнхээ толгойн ар дагз хэсэгт 1 удаа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөнгө төгрөгөөс үүдэлтэй хэрүүл маргаан болоод уурандаа гэрт байсан сандлаар эхнэрийн толгой руу цохиод ар дагзан дээр хагалсан. Болсон хэргээ санаж байгаа. Би эхнэртэйгээ хэрүүл маргаан хийгээд байдаггүй, өмнө ингэж цагдаагийн байгууллагаар явж байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг /х.х-19/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуутын 3-01 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Нтай маргалдаж улмаар толгойн хэсэгт гараараа болон сандлаар 2-3 удаа цохиж түүний бие махбодид “дагз, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан хохирогч Б.Нын мэдүүлэг /х.х-7-8/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14134 дугаартай дүгнэлт /х.х-12-13/, яллагдагч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын энэхүү үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан “бие махбодын хүчирхийлэл”-д хамаарах үйлдэл байх боловч хохирогч Б.Наас асуумж байдлаар бөглөсөн Аюулын зэргийн үнэлгээгээр /х.х-33-35/ тэдний гэр бүл дэх хүчирхийллийн зэрэг “0” үнэлгээтэй тогтоогдсон, мөн урьд тэдний гэр бүлд хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл ирүүлж байгаагүй болох нь Цагдаагийн газрын дуудлага, мэдээллийн лавлагаагаар /х.х-36-37/ тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ******* нь ахуйн шинжтэй маргаанаас үүдэлтэйгээр, гэнэт үүссэн шууд санаатайгаар Б.Нын эрх эрх, чөлөөнд хүч хэрэглэн халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байх тул *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Нд шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй” гэх тайлбарыг гаргаж иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. иймд өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-30/

Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Б.Н нь “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан /х.х-40/ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Эын Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сартуул овогт Эын Цт 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******т оногдуулсан 650000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Н нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ