Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/913

 

 

 

 

 

 

 

 

 2022            07             08                                   2022/ШЦТ/913

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

улсын яллагч Г.Лхагвасүрэн,  

шүүгдэгч М.Ч нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :     

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. 6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Чад холбогдох эрүүгийн ***  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн. ****өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ***мэргэжилтэй, “***” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн **** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ****/рд:н***/.

     Холбогдсон хэргийн талаар:  

     Шүүгдэгч М.Ч нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “худал хэлж, хүүхэд уруу татсан” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч М.Ч зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :    

          

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч М.Ч нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “худал хэлж, хүүхэд уруу татсан” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч М.Ч зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :                 

- насанд хүрээгүй хохирогч М.Чийн...2022.04.17-ны шөнийн 23 цагийн орчим Авто сургуулийн автобусны буудал дээр бууцгаахад ..шөнийн захын утас засварын найзтайгаа уулзаадахъя гээд явж ороход нь гадаа нь хүлээсэн. Тэгээд гарч ирэхдээ "манай эгч энэ хавиар намайг хайж явсан байна, танайд очоод хоночихъё" гэхэд нь зөвшөөрөөд Авто сургуулийн авто буудлын орчимд зам дагуу манай гэр рүү алхаж байхад "манай эгч машинтай хойноос ирж байна, хол яваад байж бай" гэхээр нь буцаж эргээд алхаад явж байсан чинь нэг үл таних ах ирээд хоолойноос базаж байгаад баруун талын чих рүү "золбин гөлөг минь, хүүхэд дагуулж явлаа" гээд 2-3 удаа алгадаад яваад өгсөн. Одоо миний баруун талын чих хагарчихсан байна...."гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар  хуудас/,   

- гэрч "...2022.04.17-ны өдөр 21-р хорооллын караокед байж байхад найз ** ирээд сагсны хойд шийд орчхоод ирье гээд байхаар нь би хамт явсан, тэнд очоод байж байтал ** дээр хоёр үл таних ах ирсэн бөгөөд тэд нар "хамт халтуурт явж байгаад гэр рүү чинь хүргээд өгий гэхээр нь бид хоёр машинд суугаад хотын төвөөр явсан, явж байгаад ** бид хоёрыг 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр буулгаж үлдээгээд явсан ба бид хоёр алхаад явж байсан чинь миний төрсөн эгчийн нөхөр ** машинтайгаа ирээд зогссон. ** цаашаа гүйгээд зугтахад ** ах очоод алгадчихсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,  

- шинжээчийн дүгнэлт : М.Чийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

- шүүгдэгч М.Чын "...манай эхнэрийн дүү гэртээ ирэлгүй 7 хоног алга болчхоод би хайгаад явж байхад 2022.04.17-ны өдөр найзуудаас нь хэнтэй хамт явааг нь асуухад **тэй холбогдсон. Тэгэхэд ** эхлээд "хажууд байна" гэж, дараа нь "байхгүй, такси бариад явчихсан" гээд нааш, цааш нь явуулаад байсан. Дахиж найзуудаас нь хаана байгаа талаар асуулгахад Авто сургуулийн автобусны буудал өнгөрөөд явж байна гэхээр нь явж очиход ** намайг хараад зугтаахаар нь би хойноос нь барьж аваад уурандаа чих рүү нь алгадсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.      

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн

эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.

2.3. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх тул тус хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа дахин хийлгэх үндэслэлгүй гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч М.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.      

 

3. Хохирол, хор уршиг:      

   

Хохирогч нь гэмт хэргийн улмаас эмчилгээний зардал төлбөр баримтаар 164.200 төгрөг нэхэмжилсэн байх /хх-35-38/ тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар олгох үндэслэлтэй ба гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлыг талаарх баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:    

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, түүний хөрөнгө болон ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-19, 29-34, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чад 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал  

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч М.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч М.Чыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Чад оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чад оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч **162.400 /нэг зуун жаран хоёр мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч **. буюу түүний хууль ёсны төлөөлөгч _нарт олгосугай.

6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч М.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР