Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
Хэргийн индекс | 187/2022/0630/Э |
Дугаар | 2022/ШЦТ/743 |
Огноо | 2022-11-09 |
Зүйл хэсэг | 11.4.1., 17.8.1., |
Улсын яллагч | О.Доржмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/743
2022 11 09 2022/ШЦТ/743
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч О.Доржмаа,
хохирогч ***,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч А.Кадирбек нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210007050847 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:
Яллагдагч *** нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 120 мянгатын автомашины уулзварт тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогч ***тай маргаан үүсгэж, улмаар түүний жолоодон явсан “Тоёота Харриэр” маркийн автомашины толийг сууриар нь хугалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээн 350,000 төгрөгийн хохирол учруулсан,
-улмаар хохирогч ***ын нүүрэн тус газарт цохих, газарт унагаах байдлаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь зүүн долоовор хурууны алганы шивнүүрийн хугарал, доод уруулын няцарсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:
Шүүгдэгч ***ээс: Тухайн үед эгч над руу залгаад нагац эгчийн хүү бурхан болсон гэж хэлсэн. Миний сэтгэл санаа тогтворгүй яарч явж байхад “Харриэр” загварын машинд байсан хоёр эмэгтэй ард талын цонхоо нээгээд хараалын үгээр доромжилж казах юм байна гээд байхаар нь би машины толийг нь хугалсан. гэсэн;
Хохирогч ***аас: 2022 оны 02 дугаар сарын дунд үед гэж санаж байна, эхнэр бид хоёр гэрээсээ гараад найзыгаа авсан. Тухайн өдрийн орой 21-22 цагийн үед Хан-Уул дүүргийн 120 мянгатын тэмээтэй хөшөөний гэрлэн дохион дээр гэрэл асахыг хүлээгээд зогсож байсан. Бид гурав фейсбүүкээс бичлэг үзээд хоорондоо инээлдэж байсан. Эмэгтэй хүмүүсийн дуу чанга мөн цонх онгорхой байсан болохоор замын хажуугаар явж байсан нэг залуу хүн доромжиллоо гээд уурласан. Би тамхи татаж байсан болохоор цонх онгорхой байсан. Би тухайн залууд чиний талаар ярьсан зүйлгүй, мөрөөрөө явдаг замаараа явцгаая гэсэн. Гэрэл солигдоод хөдлөх гэтэл машины толь хугалсан. Би буугаад яаж байгаа юм бэ гээд хараалын үг хэлэхэд та нарын толгойгоор пирамид тахина гэхэд нь би заамдаад, эхнэрийг цагдаа дууд гэж хэлсэн. Цагдаа ирэх хооронд учир зүггүй гараа савчаад нүдээд байсан. Би толгойг нь уургалаад авахад ухаан алдах гээд байхаар нь гараа суллахад намайг газар нуруугаар унагаасан. Замын цагдаа нар ирээд гаваас нь суллахад эхнэр лүү бас өшиглөж, цохисон.” гэсэн тус тус мэдүүлгийг гаргасан болно.
Хоёр. Эрүүгийн 2210007050847 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8 дахь тал),
2. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр орой 21 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүрэг дэх 120 мянгатын гэрлэн дохио дээр ногоон гэрлэн дохио асахыг хүлээгээд зогсож байтал үл таних нэг залуу миний машин дээр ирээд хүн доромжиллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамайг доромжилсон зүйл байхгүй гэж хэлчхээд урд машин хөдлөхөөр явах гэтэл уг залуу машины толийг өшиглөж хугалсан. Тэгэхээр нь би буугаад уг залууг барьж аваад цагдаа дуудтал уг залуу над руу үсчээд дайраад байсан. Тэгэхээр нь цагдаа иртэл босгоод байж байя гэж бодоод гараараа доош нь дараад байж байтал намайг доороос нь өргөж аваад газар унагааж шидсэн. Тэр үед миний зүүн гарын долоовор хурууны савхан яс хугарчихсан байсан. Тэгээд зөрж эдгэрээд дахин хагалгаанд орж янзлуулсан. Би уг залууг цохиж зодоогүй. Уг залуу эхнэрийн цээж рүү өшиглөх үед би уг залуу руу дайрч нэг өшиглөсөн. Гэтэл залууг оноогүй замын цагдааг өшиглөчихсөн. Хагалгаа 470,000 төгрөг болсон. Кальци болон эм 100,000 гаруй төгрөг болсон. Машины толь 450,000 төгрөгөөр солиулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
3. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...Би нөхөр болон найзын хамтаар машиндаа гэрлэн дохио дээр тамхи татаад машиныхаа цонхыг онгойлгочихсон, инээгээд байж байтал хажуугаар нэг залуу явж байснаа үхсэнээ доромжлоод байгаа юм бэ пизданууд минь гэж хэлээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь ...чамайг доромжилсон зүйл байхгүй, хоорондоо юм яриад инээж байна гэж хэлтэл уг залуу машины хойд хаалга онгойлгох гээд дайраад байсан. Тэгэхээр нь наана чинь эмэгтэй хүн сууж яваа гэж хэлсэн. Тэр үед урд машин хөдлөөд явах гэтэл уг залуу машины баруун талын толийг хөлөөрөө өшиглөж хугалсан. Манай нөхөр машинаасаа буугаад яаж байгаа юм бэ гэж хэлтэл өөдөөс нь маргалдаад сагсалзаад байсан. Тэгээд намайг цагдаа дууд гэж хэлээд, би цагдаа дуудаад хүлээж байх хооронд нөхөр тухайн залууг хүзүүнээс нь боож доош тонгойлгоод байж байхаар нь наад залуугаа тавь гэж хэлсэн. Манай нөхөр гараа тавих гэтэл уг залуу доороос нь өргөж аваад шидээд газар унагаасан. Тэр үед цагдаа ирсэн. Мөн уг залуу цагдаа руу дайрч уурласан, нөхөр лүү дахин дайрсан. Тэгэхээр нь болиоч гэж хэлтэл намайг бэлхүүс хэсэг рүү хөлөөрөө жийсэн. Тэгээд бид нар цагдаа дээр бөөндөө ирсэн. ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №3522 дугаартай хүний биед хийгдсэн:
-Н.Ууганбаярт зүүн долоовор хурууны алганы шивнүүрийн хугарал, доод уруулын няцарсан шарх тогтоогдоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, цохих үйлдлээр үүсгэгдэнэ.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоов.
-Дээрх гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн байна.
-Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
5. “Дамно” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн № ХУ1-22-672 дугаартай “Toyota Harrier” маркийн автомашины толийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 02 сарын зах зээлийн үнэлгээгээр 350,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 36-37 дэх тал),
6. Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 120 мянгатын дөрвөн замын уулзварт гэр лүүгээ явж байтал тухайн үед машинууд түгжрээд явж байсан. Тоёота харриэр маркийн тээврийн хэрэгсэл замын зах хэсэгт аяархан явж байгаад цонхоо нээгээд дотор нь сууж байсан жолооч болон арын суудалд сууж байсан хоёр эмэгтэй над руу хараад пизда гэж хэлээд хэл амаар доромжилсон. Амандаа тамхи зуучихсан байдалтай, пээдийгээд намайг ямар ч шалтгаангүйгээр хараагаад байхаар нь би уурандаа гүйж очоод машиных нь баруун талын толийг нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед хохирогч бууж ирээд намайг заамдаж аваад надтай зууралдахаар нь би түүнийг хэд хэдэн удаа газар унагаасан. Над руу удаа дараа дайраад байхаар нь аман тус газар нь гараараа нэг удаа хүчтэй цохиж авахад түүний уруулаас цус гарах шиг болсон. Би гэм буруу дээр маргаан байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал),
7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: ***ий иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө нэр дээр нь бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 65 дахь тал) болон бусад бичгийн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч ***ий үйлдсэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн, улмаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч нь 1,500,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримтаа гаргаж өгөөгүй, 350,000 төгрөгийн эвдрэлийн талаар шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг хохирогч баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай.” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбекээс “шүүгдэгч *** гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, маргах зүйлгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыг төлж барагдуулсан. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа.” гэсэн тус тус дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч ***ий холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт явганаар 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож явахдаа “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон зөвшөөрөгдсөн гэрэл дохиог хүлээн замын хөдөлгөөнд оролцож байсан хохирогч ***ыг үг хэлээр доромжиллоо гэж маргаан үүсгэж, улмаар түүний автомашины толийг сууриар нь хугалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, 350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,
-Мөн хохирогч ***ыг машинаасаа бууж ирэн машины толь хагаллаа гэж хэлэхэд нүүрэн тус газарт нь цохих, газарт унагаах байдлаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь зүүн долоовор хурууны алганы шивнүүрийн хугарал, доод уруулын няцарсан шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8 дахь тал),
-Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өгсөн ... би чамайг доромжилсон зүйл байхгүй гэж хэлчхээд урд машин хөдлөхөөр явах гэтэл уг залуу машины толийг өшиглөж хугалсан. ...би буугаад уг залууг барьж аваад цагдаа дуудтал уг залуу над руу үсчээд дайраад байсан. ...намайг доороос нь өргөж аваад газар унагааж шидсэн. Тэр үед миний зүүн гарын долоовор хурууны савхан яс хугарчихсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
-Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...машиныхаа цонхыг онгойлгочихсон, инээгээд байж байтал хажуугаар нэг залуу явж байснаа үхсэнээ доромжлоод байгаа юм бэ ...гэж хэлээд хүрээд ирсэн. ...чамайг доромжилсон зүйл байхгүй ...гэж хэлсэн. ...уг залуу машины баруун талын толийг хөлөөрөө өшиглөж хугалсан. ...Манай нөхөр гараа тавих гэтэл уг залуу доороос нь өргөж аваад шидээд газар унагаасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3522 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
-“Дамно” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн № ХУ1-22-672 дугаартай “Toyota Harrier” маркийн автомашины толийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 36-37 дэх тал),
- Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол гэм буруугийн санаатай хэлбэр болох талаар хуульчилсан.
Хууль зүйн ойлголтоор гэмт үйлдлийн улмаас бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “гэмтээх” гэж ойлгох бөгөөд тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтой байдаг.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нь хохирогчийн жолоодон явсан автомашины толийг гэмтээсэн ба эвдэрсэн эд хөрөнгийн гэмтлийг хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-аас 350,000 төгрөгөөр тогтоосон, уг хохирол, шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгссөнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч ***ий гэмтээсэн эд хөрөнгийн үнийг хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр 350,000 төгрөгөөр тогтоосон нь хуульд заасан бага хэмжээ буюу 300,000 төгрөгөөс дээш хэмжээнд хамаарч байх тул шүүгдэгчийн үйлдэл бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлж хуульчилжээ.
Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой буюу шүүгдэгчийн үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул дээрх зүйл, хэсгийг журамлах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг доромжилсон үг хэллэг хэлж инээсэн гэх шалтгаанаар маргаан үүсгэснээс гэмт хэрэг гарсан байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Прокурор яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгтээ хэргийн агуулгыг жинхэнэ байдлаас зөрүүтэй дүгнэж ирүүлсэн, өөрөөр хэлбэл шүүгдэгч явганаар замын хөдөлгөөнд оролцож явсныг тээврийн хэрэгсэлтэй явсан мэтээр бичиж агуулгын зөрчилтэй ирүүлснийг шүүх зөвтгөсөн бөгөөд цаашид анхаарах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно., 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох ба хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”,
-505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах ...сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, гэж тус тус хуульчилжээ.
“Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас хохирогч ***т эд хөрөнгийн болон бие, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан.
Дамно ХХК хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Toyota Harrier” автомашины толийг 350,000 төгрөгөөр үнийг тогтоосон байх ба шүүгдэгчээс Хаан банканд эзэмшдэг данснаас хохирогчид 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн талаар банкны баримт ирүүлсэн тул эд хөрөнгөд учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна.
Харин хохирогчоос эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой хор уршгийн зардал нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, цаашид дахин хагалгаанд орох талаар мэдүүлсэн тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
1/Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч ***ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүх тооцсон.
2/Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч ***ий үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,600,000 төгрөгөөр тогтоох саналтай. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тодорхой хугацаа тогтоох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ий 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийт 20 хоног цагдан хоригдсон хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан ялаас хасаж, 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбекээс шүүгдэгч *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаанаас эхэлж өөрийн гэм буруугаа хүлээсэн зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, эдлэх ялыг нэмж нэгтгэн 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 20 хоногийг арван таван нэгжээр тооцож, эдлэх ялаас хасаж тооцож, 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгож өгнө үү. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
3/Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгчийн санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу амьжиргааны түвшнээс доогуур буюу эмзэг бүлгийн өрхийн гишүүн, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрүүгийн хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс оргон зайлж, эрэн сурвалжлагдаж цагдан хоригдсон буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 720 цагийн хугацаагаар тогтоов.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ий 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 20 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 160 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.
3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, ялын төрөл, хэмжээг 720 (долоон зуун хорь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ий 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 20 (хорь) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 160 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 560 (таван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *** гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл бичвэл шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН