Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2019/00055/И |
Дугаар | 115 |
Огноо | 2019-03-01 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 115
2019 оны 03 сарын 01 өдөр | Дугаар 153/ШШ2019/00115 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Ховд сум, Улаанбураа багт оршин суух, ... дугаарын регистртэй, Н овогт С-айн Тий хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 153/2019/00055/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Т нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дуустал хоньчноор, 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хонь, ямаа маллаж ажилласан. Миний бие 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 25-ныг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дуустал, 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан байх үеийн зарим жилийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Ховд аймгийн засаг даргын тамгийн газрын Архивийн тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу тухайн үеийн бригадын 70-р данс байхгүй болно.
Иймд С.Т намайг Ховд аймгийн Ховд сумын тариалан нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дуустал хоньчноор, 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хонь, ямаа маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч С.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг дуустал, 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.Т нь 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг дуустал, 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр бригадын 1984-1990 оны 70 дугаар дансны хуулбарууд,
- Хүсэлт гаргагчийн А0704037 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1613000442 дугаартай ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон баталгаажилтын хуудас,
- Хүсэлт гаргагчийн 560 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Хүсэлт гаргагчийн Б-331969 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 401813 дугаартай цэргийн батлахын нотариатаар баталгаажуулсан хуулбар,
Гэрч Т.Дөненбайн “...С.Т нь 1977 оноос 1980 оны 6 дугаар сар хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Улаанбураа багт малчнаар ажиллаж байсан. 1980 оны 6 дугаар сараас цэрэгт явсан. 1983 оны 6 дугаар сард цэргийн алба хааж ирээд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар 1990 оныг дуустал ажилласан ... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Х.Камелханы “...С.Т нь 1977 оноос 1980 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Улаанбураа багт малчнаар ажиллаж байсан. 1980 онд цэрэгт яваад 1983 онд халагдаж ирсэн. Цэргээс халагдаж Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар зах зээлийн нийгэм гартал ажилласан. С.Т бол өөрөө Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт харъяалалтай боловч Улаанбураа баг бол тариалангийн газар нутаг тул мал маллах боломжгүй, иймд Баруун салаа багт мал малладаг байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Тийг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Найман овогт Салхынбайн Тийг 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг дуустал, 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар С.Тий улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ